Тавантолгойг үнэд орсон цагт хувьцааг арилжих эрхийг нээнэ гэсэн Н.Алтанхуягийн амлалтыг хэрэгжүүлье
2015 оны 1 сарын 31
Тавантолгойг үнэд орсон цагт хувьцааг арилжих эрхийг нээнэ гэсэн Н.Алтанхуягийн амлалтыг хэрэгжүүлье
2013 оны тавдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд /тэр үеийн/ Н.Алтанхуяг "Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилагдсан. Энэ хувьцааг одоо худалдан борлууллаа гэхэд сая төгрөг хүрэхгүй. Иймд цаг хугацааны хувьд хүлээлт үүснэ. Харин Тавантолгойг үнэд орсон цагт хувьцааг арилжих эрхийг нээх нь зөв гэж үзсэн. Компаниудын худалдан авсан хувьцаанаас 29 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ мөнгө Төрийн өмчийн хорооны дансанд байршиж байгаа" гэсэн мэдээллийн өгч байсан юм. Тэгэхээр Ерөнхий сайд байхдаа өгсөн амлалтаа УИХ-ын танхимын ширээний араас ажил хэрэг болгох үүрэг нь Н.Алтанхуяг гишүүнд бий.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд ч 1072 хувьцааг амилуулах ёстой гэдгээ өчигдөр илэрхийллээ. Тус бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын 39, 57 дугаар тогтоолд Тавантолгой ордыг ард иргэддээ ил тод, үр ашигтай байдлаар шийдэх зарчмыг тусгасан. Энэ дагуу хэлэлцээрүүд хийгдэж байсан ч харамсалтай нь зогссон. Хамтарсан Засгийн газрын үед Хүний хөгжил сангаас ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь буюу 1.5 сая төгрөгийг бэлнээр болон хувьцаа хэлбэрээр олгоё гэж шийдсэн. Энэ хүрээнд иргэн бүрт Тавантолгой ордын 1072 хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Хүний хөгжил сангийн дэвтэрт энэ хувьцаа бичигдсэн боловч өнөөг хүртэл үхмэл хөрөнгө байдалтай байна. Иймд МАН-ын бүлэг эхний ээлжинд ард иргэддээ үр өгөөжтэй байх талаас нь асуудлыг ярья, хоёрдугаарт, үндэсний компаниудаа дэмжье, монголын төрд ямар өгөөжтэй байх вэ гэдэг талаас анхааръя гэдэгт санал нэгдсэн" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт ирэх ёстой хувьцааг амь оруулахаа сануулсан. Тиймээс Н.Алтанхуягийн “Тавантолгойг үнэд орсон цагт хувьцааг арилжих эрхийг нээнэ” гэсэн амлалтыг АН-ынхан МАН-тайгаа хамтаар хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл, тэд сонгуулийн амлалтдаа иргэн бүрт бэлэн мөнгө олгоно гээд хэлчихсэн учир үүнээсээ буцах эрх байхгүй.

Нөгөөтэйгүүр Тавантолгой үнэд орох эрх нь бүрдэж байна. Засгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалт зарлаж, Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консерциумыг тодорхой журам, шалгуурын дагуу тодруулсан. Иймээс хөдөлгөөнд орж эхэлсэн Тавантолгойтой зэрэгцээ  1072 хувьцааг амилуулах, иргэд үр ашгаа хүртэх боломж бололцоог бүрдүүлэх нь зайлшгүй болж байна даа. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив