Д.Цогтбаатар: Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр улс төрд нисч тоглодог
2015 оны 2 сарын 12
 Д.Цогтбаатар: Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр улс төрд нисч тоглодог
Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа. Албаа өгөөд нэг хэсэгтээ чимээгүй байсан тэрбээр хэд хоногийн өмнө аавынхаа тухай “Эсэргүү А.Дашнамжил” номыг баринтаглаж, аавтайгаа нэгэн цагт хэлмэгдэж явсан болон үр садад нь бас Монголын түүхэнд үнэнийг өгүүлсэн үнэтэй бэлэг өвлүүлсэн. Бидний ярилцлага нэгэн үе Монголын сэхээтэн хэмээн хүндлүүлж явсан түүний аав хэрхэн хэлмэгдсэн, өөрийнх нь улс төрд буюу Ардчилсан намтай нэр холбогдсон түүх, хамгийн сүүлд гэхэд Төрийн өмчийн хороо гэх их айлыг удирдаж байхдаа хэнд таалагдаагүйгээс болж ажлаасаа халагдсан гээд олон сэдвээр өрнөсөн юм.


Аав дээр Ю.Цэдэнбал дарга өөрөө ирж байлаа

-Та аавдаа зориулж “Эсэргүү А.Дашнамжил” ном бүтээсэн. Энэ номыг баринтаглах санаа хэзээ төрсөн бэ?


-Хүн аав, ээжийгээ амьд байхад энэ тухай огт боддоггүй юм билээ. Ээж минь өнгөрч, аав бурхны оронд заларсан тэр үеэс туулж өнгөрүүлсэн амьдралаар нь ном хийх санаа төрсөн. 1960-аад онд эсэргүү нэр зүүж явсан миний аав, эсэргүүний хүүхэд гэж цоллуулж явсан бага насыг эгч бид хоёр дэндүү сайн мэднэ. Тиймээс тэр бүхнээ эмхтгэж энэ номыг бүтээсэн. Манай гэр бүлийн туулж өнгөрүүлсэн амьдрал Монголын зүүн хязгаарт амьдардаг олон айлын зөвхөн нэгнийх нь түүх. Манай өвөг дээдэс, аав минь Дорнод аймгийн Булган сумын харьяат. Өвөг дээдсийнхээ 200 гаруй жилийн түүхийг би мэднэ. Ээж минь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Ээжийн аав Лувсан гэж гавж лам байлаа. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Орост цөлөгдөж, Хар далайн эрэгт нас барсан харамсалтай түүхтэй хүн. Тиймээс ээж маань эсэргүүний хүүхэд гэж хэлүүлэхээс эмээж ааваараа биш өвөөгөөрөө, Намжилын Тогтох гэж овоглож ирсэн. Ээжийн ах Н.Гунгаажав гэж хүн байлаа. Тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтэн, олон ч аймгийн дарга хийж байсан сэхээтэн. “Алтангадас” одонгоор гурав, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор хоёр бас гадаад, дотоодын олон шагнал авсан. Аав, ээж хоёр Дорнод аймагт гэр бүл болоход Н.Гунгаажав ах аймгийн дарга байсан юм билээ. Аавын ажлын намтар ч арвин. Аймгийн “Дөл” сонинд ажилладаг байж. Тэгж байхад нь аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга Төмөр гэдэг хүн номын сан байгуулах даалгавар өгч дараа нь эвлэлийн ажилтан болсон. Харин ээж маань их авьяастай. Аймгийн Хөгжимт драмын театрын 32 уран бүтээлчийн нэг анхны жүжигчин байсан.

-Аав тань “Намын эсрэг бүлэг” буюу намын эсрэг бүлэглэсэн гэх зохиомол улс төрийн хэргийн таван толгойлогчийн нэг нь бай­­­сан гэдэг. Яг юунаас болж хэлмэгдсэн юм бэ?

-Монголын түүхийг аваад үзэхэд үе үеийн сэхээтнүүд тодорхой цаг үед төрсөн байдаг. 1911 оны үед 1880-1890-ээд онд төрсөн тайж ноёд гээд тухайн үеийн сэхээтнүүд хэлмэгдсэн байдаг. 1930-1937 онд болсон хэлмэгдүүлэлтэд мөн л тэр үеийн сэхээтнүүд өртсөн. Дараагийн хэлмэгдүүлэлтийн он цаг буюу 1960-1970 оны үед хэлмэгдсэн хүмүүс бас л сэхээтнүүд. Тэдний нэг нь миний аав. Эвлэлийн байгууллагад ажиллаж байгаад 1961 онд ОХУ-д Коммунист намын дээд сургууль төгссөн. Тэр үеийн залуус нийгэмд болохгүй байгаа зүйлийг шүүмжилж байсан. Тэдний дунд зохион байгуулалттайгаар мэдээлэгч нарыг ажиллуулж байсан гэдэг. Энэ тухай Т.Гэндэн гуай “3000 хүний амь” номонд 50 мянган мэдээлэгч байсан гэдэг тоо байдаг. Тухайн үед өнөөх мэдээлэгч нар нь “Болохгүй зүйл байвал ярь. Засч залруулна” гэж хамаг зүйлийг нь яриул­чихаад дараа нь гэмт хэрэгтэн болгосон байдаг юм. 1964 онд ааваас гадна Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Б.Нямбуу, ээжийн ах Н.Гунгаажав гэсэн таван хүнийг дээрх бүлгийг толгойлсон хэмээн яллаж, цөллөгт явуулсан. Түүнийхээ дараа хэвлэл мэдээллээр “Намын эсрэг бүлгийг бут ниргэлээ” гээд улс даяар зарлаж, сурталчилж үзэл суртлын томоохон компанит ажлыг эхлүүлсэн байдаг. -“Намын эсрэг бүлэг”-ийнхэн яг юу ярь­сан болоод өөрсдийгөө ч, гэр бүлээ ч цөллөгт явуулсан юм бол? -Аавын бичиж байсныг уншихад нийгэмд болохгүй байгаа зүйлийг хэлж байсан. Хотод хүүхдийн хувцас, сүү хо­вор байна, такси цөөн байна. Оросын хуучирсан техник технологийг оруулж ирж байгааг шүүмжилсэн. Барууныхыг оруулж ирэх боломж байгааг хэлж байсан. Энэ шүүмжлэл тухайн үеийн удирдагч нарт таа­лаг­даагүй. Тиймээс өөрсдөө бүлэглэж Ц.Лоохууз болон аав тэргүүтэй таван хүнийг улс төрийн гэмт хэрэгтэн болгосон юм. Тухайн үед аав Намын Төв Хороонд үзэл суртлын хэлтсийн ажилтан, зааварлагч байсан шүү дээ.

-Том алба хашиж байж. Аавыг тань хамгийн хэцүү газарт цөлсөн гэдэг байх аа?


 -Тийм. Тэр хүмүүсийг цөллөгт явуулах үед аав хамгийн залуу нь, 37 настай байсан. Хамгийн хүнд ялыг нь аав, нагац ах Н.Гунгаажав хоёр авсан байдаг. Аавыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Давсны артельд нормчин болгосон. Харин ахыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын загасны үйлдвэрт загасчингаар цөлсөн. Ц.Лоохууз гуайг Өвөрхангай аймагт хоньчин. Б.Нямбуу гуайг Дорнодын Эрээнцавд үхэрчин, Б.Сурмаажав гуайг Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд гээд. Тэр хүмүүс тухайн заасан нутаг дэвсгэрээс гарах эрхгүй, байнгын хяналт дор. Тэр ч бүү хэл байнга тагнадаг. Тэр дунд нь найз нөхөд нь хүртэл байсан гэдэг. Одоо миний санаанд тэр үеийн зарим дурсамж тод байдаг юм.

-Санаанд хамгийн тод үлдсэн дурсамжаа­саа яриач?

-Аав дээр Ю.Цэдэнбал дарга өөрөө ирж байлаа, 1966 онд. Тэгэхэд аав бид хоёр давсны нууран дээр ажиллаж байсан юм. Аав давсаа шуудайлаад би найман настай жаахан хүү савнынх нь амсрыг барьчихсан зогсч байв. Тэр үед сөөнгө дуутай, бүдүүн эрэгтэй хүн ирээд “За Дашнамжил сайн байна уу, аж амьдрал ямар байна? гэж асуухад аав “Сайн” гэж хэлээд хэсэг зогссоноо “Ард түмний дунд ажиллаж, амьдарч болж байна” гэсэн. Дараа нь мэдэхэд тэр хүн Ю.Цэдэнбал дарга байсан юм билээ. Бодвол зорьж ирж аавтай уулзсан байх. Тэгээд аавыг “Намайг өршөө. Би буруутай” гэж хэлээд гуйна гэж бодсон болов уу. Гэвч аав тэгээгүй.

-Тэнд танайх хэдэн жил болсон бэ?


-Таван жил. Их хэцүү он цаг байсан. Тэнд байхад Хөвсгөл аймаг руу цөллөгдсөн Н.Гунгаажав ах маань нас барсан. Ах сахарын өвчтэй маш хүнд байхад дарга нар нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй. Хот руу эмчилгээнд явахыг зөвшөөрөөгүй. Өнгөрснийх нь дараа аав, ээжийн хэн хэн нь гуйгаад явж чадаагүй. Гэтэл удалгүй өвөөгийн бие муу байна гэсэн цахилгаан ирсэн. Гэвч аавыг явуулаагүй. Харин нас барсных нь дараа очихыг зөвшөөрсөн. Аав өвөөг оршуулж ирчихээд өргөдөл бичсэн. Тэгэхдээ намайг авраач гэж биш харин “Төрсөн нутагт минь ойр байлгаж өгөөч” гэдэг байлаа. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлье. Өмнөговийн иргэд аавд их сайн, маш сайн тусалдаг байсан. Тэгээд л 1969 онд манай гэр бүлийг хамгийн сүүлийн цөллөгийн газар болох Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу явуулсан даа. Тэнд манайх 20-иод жил амьдарсан.

-Аав тань тэнд юу хийж байсан бэ?


-Мужаан, төмөрчин гээд олон ажил хийсэн. Сүүлд тэтгэвэрт гарахаас өмнө Автобаазын дарга болсон. Манай гэр бүлийг хугацаагүй цөлсөн. Ийм жишээ манайхаас өөр дэлхийн хаана ч байдаггүй юм билээ. Манайхан их харгис байсан байгаа биз. Ер нь хүн аав, ээжийгээ үргэлж амьд байх юм шиг санадаг. Баян байна гэдэг аав, ээжтэйгээ байхыг хэлдэг байх. Ээж маань тэнгэрийн оронд очиход ч гэсэн би ухаан саруул байхад нь уулзаад зөндөө олон зүйл ярьж чадаагүйдээ одоо ч харамсдаг. -Та ээжийгээ бурхан болох үед хаана байсан бэ? -Цэргийн байгууллагад ажиллаж байсан. Ээж 1988 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд нас барсан. Тухайн үед “Ээж чинь муу байна” гэсэн цахилгаан ирсэн. Гэвч дарга нар чөлөө өгөөгүй. Гурван удаа ирсэн. Хамгийн сүүлийн цахилгааныг аваад би ажлаа шууд хаяад явсан. “Ямар шийтгэл байна. Тэрийг нь би хүлээнэ. Төрсөн ээжийгээ ийм байхад би очих ёстой” гээд явсан. Онгоцоор Сүхбаатар аймагт, цаашаа шуудангийн машин дээр суугаад очсон. Өвлийн тисгэм хүйтэнд Газ-53 дээр дан шинельтэйгээ суучихсан, сэтгэл минь ээж рүүгээ яарч байсан болохоор даарахыг ч мэдэхгүй байсан биз. Намайг очиход ээж хагас ухаантай байсан. Хүү нь ирлээ гэхэд “Аан за” гэсэн. Би тэр шөнө ээжийгээ сахиж хоносон ч үүрээр бурхан болсон. Ямар ч байсан би ээжтэйгээ уулзаж чадсан. Гэхдээ аминчилж ярьж чадаагүйдээ одоо ч харамсдаг.


Миний ааваас Ерөнхийлөгчөөс эхлээд зөвлөгөө авдаг байсан


-Аав тань ардчиллын төлөө их явсан. Өнөөдрийн энэ нийгмийг байгуулахад гар бие оролцсон хүмүүсийн нэг гэвэл яах аргагүй таны аав. Одоо тэр үеийг эргээд дурсахад?

-Ардчиллын төлөө их явсан. Энэ намын лидерүүд аавын минь сургамжаар, үгээр, зөвлөгөөгөөр явж ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж, хотын дарга Э.Бат-Үүл, Да.Ганболд, С.Батчулуун. С.Эрдэнэ гээд бүгд л аавын үгийг сонсдог, түүнийг дагадаг байсан.

-Таныг улс төрд ороход, Ардчилсан намын гишүүн болоход аав тань нөлөөлсөн гэж ойлгож болох уу?

 -Яг энэ намд орсон учир шалтгаан гэвэл миний амьдрал намайг хөтөлсөн гэж би хэлнэ. Би тэр хүнд амьдралыг туулсан учраас дарга хүнийг үзэн ядаж өссөн. Дарга хүн аавыг минь, гэр бүлийг минь ийм болгосон гэсэн бодол тархинд шингэчихсэн байсан. Амьдрал өөрөө ардчилал руу явуулсан. Ардчилсан холбооны, Ардчилсан намын жирийн гишүүнээс бүх зүйл минь эхэлсэн. Анх энд тэнд Ардчилсан холбоо үүсэхэд би очиж жирийн дэмжигч гишүүн нь болж байлаа.

-Ааваас тань зөвлөгөө авч явсан тэр хүмүүстэй одоо та уулздаг уу. Одоо бүгд томор­чихсон, төрийн толгойд байна шүү дээ?

-Манай удмынхны цусанд байдаг нэг зүйл бол хүнд долигнох, бялдуучлах гэдгийг мэдэхгүй. Надад тэднийг зорьж очиж уулзах шаардлага байхгүй. Хүмүүст хэлбэл сонин сонсогдох байх. Жишээ нь, аав хэдий нэр хүндтэйгээр энэ намд зүтгэж байсан ч нэг ч удаа миний хүүг дэмжээрэй гэж хэлж байгаагүй. Би тэгж ярьж явсангүй. Тэр хүмүүс бүгдээрээ намайг сайн мэддэг, дэмждэг. Ерөнхийлөгч ч тэр, хотын дарга ч тэр.

-Дэмжлэг гэдэг нь яаж?

-Хэн нэгнийг дэмжинэ гэдэг албан тушаалд тавихын нэр биш. Цогоог дарга болго гэсэн үг биш. Харин намайг юу хийж байгаа, ямар ажил амжуулж буйг хараад сэтгэлээрээ урам өгөхийг, шударга зарчимтай байхыг минь дэмжиж байгааг хэлж буй юм. Жишээ нь, би ТӨХ-ны дарга бо­лоод төрийн өмчийг хамгаалах, хэмнэхээр олон ажил эхлүүлэхэд бүгд дэмжсэн. Намайг дуудаад чи сайн байна гэж хэлээгүй ч хэвлэлээр “Энэ байгууллагын ажил дээшилж байна” гэж хэлж бай­­сан. Аавыг нас барахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирж байсан.

-Гэхдээ нэг талаар тийм байж болох ч нөгөө талаар үгүй шүү дээ. Жишээ нь, тэр хүмүүс үнэхээр таныг дэмждэг байсан юм бол, ТӨХ-ны ажил сайн байна гэж хэлдэг байсан юм бол Д.Цогтбаатар гэдэг хүнийг энэ суудлаас буулгахад хэн нь ч юу ч хэлээгүй юм?

-Энэ ажлаа хийж байхад олон журмын нөхөр, Ерөн­хийлөгчөөс эхлээд дэмжиж байсан. Харин зарим хүнд би таалагдаагүй, тиймээс намайг дэмжээгүй.

Албан тушаал өгч байна гэдэг Н.Алтанхуяг бус нам итгээд тавьж байна гэсэн үг

-Та яг хэнд таалагдаагүй юм. Таныг унагах шалтгаан нь юу байсан юм?

-Би Н.Алтанхуягийг хувь хүн талаас нь маш сайн мэднэ. Би энд нэг зүйлийг хэлэх нь зөв байх. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргад бид хамтдаа нэр дэвшиж байлаа. 2000 оны үед шүү дээ. Тухайн үед таван нам нэгдэж, дүрэм нь шинэчлэгдсэн. Би МоАХ гаралтай харин Н.Алтанхуяг Соцдек угшилтай. Тэр үед би МҮАН-аас, МоАН-аас Сайнбилэг харин Соцдек-ээс Н.Алтанхуяг өрсөлдөөд гурвуулаа дүүргийн намын даргад өрсөлдөхөөр гарч ирсэн. Бид гурвын хувьд хэн хэн нь улс төрийн тогоонд чанагдчихсан, туршлагатай. Тухайн үед намууд нэгдсэн учраас дотроо ойлголцохгүй зүйл ч гарч байсан. Хэнийг дэвшүүлэх, дэвшүүлэхгүй вэ гээд. Бид гурав өрсөлдөхөд Н.Алтанхуяг бид хоёрын дундаас Сайнбилэг гарах гээд байсан. Тэгэхэд Ардчилсан намын нэр хүнд унасан байсан. 1996 онд манай нам ялсан ч боловсон хүч­ний бодлого дээр ч, төрийн ажлын зангарга дээр ч бас маш олон хүнийг ажлаас халсан гээд алдаа гаргасан байсан. Үүнд ард түмэн дургүйцээд л... 2000 онд манай намын нэр хүнд шалдаа буучихсан байсан юм шүү дээ. Иймээс намын анхан болон дунд шатны нэр хүндийг өсгөх хүмүүсийг урд нь УИХ, Засгийн газрын гишүүн байсан нөхөд гэж би хувьдаа харсан. Энэ ойлголт бусдад маань ч байсан байх. Ингээд би улс төрийнхөө хувьд Н.Алтанхуягийг дэмжсэн.

-Та түүнд би чамайг дэмжинэ гэж шууд хэлсэн үү?

-Бүр өмнө нь бид энэ асуудлаар санал солил­цож байсан. Намын нэр хүндийг өсгөхийн тулд ингэвэл зүгээр гээд санаа оноогоо ярьсан. Гэтэл яг санал хураалт болж бид гурав гараад иртэл Н.Алтанхуяг алга болчихсон. Гэрлүүгээ явчихсан гэсэн. Тэгэхэд нь би араас нь утасдаад “Бид нарт намын ирээдүй чухал байна. Хэн нэг нь дарга болж, амбиц хөөх биш манай намын цаашдын үйл хэрэг чухал. Ардчиллын төлөө энэ олон жил хамт зүтгэсэн хүмүүс бид учраас үнэт зүйлээ хамгаалах ёстой. Үүний тулд нэг лидерийг гаргана. Чи УИХ-ын гишүүн, Засгийн газарт ажиллаж байсан. Тиймээс би чамайг дэмжиж байна. Би нэрээ татлаа” гэсэн. Н.Алтанхуяг ч тэр дороо ирж, анхны асуулга дээр би “Намын ирээдүй чухал учраас нэрээ татаж байна” гэдгээ хэлсэн. Намайг дэмждэг бүх хүн Н.Алтанхуягийн төлөө гараа өргөсөн. Гаргаж ирсэн. Тэгэхэд тэр дотор нэг яриа гарсан нь Д.Цогтбаатарыг дэд дарга болго гэсэн. Бүх гишүүн үүнийг дэмжсэн. Гэтэл Н.Алтанхуяг 60 хувийн саналаар ялж гарч ир­чихээд Н.Гантөмөрийг дэд дарга болгосон. Тухайн үед заалнаас эсэргүүцэн бөөн юм болж байлаа.

-Та хоёр сайн ойлголцоогүй байсан юм биш үү. Н.Алтанхуяг дарга яагаад танд тэгж хандсан юм бол?

-Мэдэхгүй. Би ч дарга болно гээгүй. Энэ бол тэр хүний асуудал. Би Н.Алтанхуягийг хувь хүн талаас нь шүүмжилдэггүй. Хувь хүний хувьд тэр сайн хүн. Ямар талдаа сайн гэвэл хүмүүсийг хооронд нь ойлголцуулах, харилцаа холбоотой байлгах, бие биенийгээ дэмжих, нэг хэсэг хүнийг удирдаад явахдаа сайн. Тэр талаас нь харвал дэмжих хэрэгтэй. Харин улстөрчийнх нь хувьд, явуулж байгаа зарим бодлогыг нь дэмждэггүй ээ. Үүнийг шууд хэлдэг. Магадгүй тэр талаасаа намайг намын удирдах түвшинд байлгах ёсгүй хүн гэж хардаг байхыг үгүйсгэхгүй. Иймээс зарим талаараа дэмждэггүй болов уу.

 -Гэхдээ таныг ТӨХ-ны дарга болгосон хүн Н.Алтанхуяг биз дээ?

 -Тийм.

-Тэгэхээр таны тусыг мартаагүй гэсэн үг юм болов уу. Ер нь танд дарамт шахалт үзүүлж байсан юм уу. Жишээ нь ТӨХ-ны даргаар ажиллаж байхад чинь?

 -Н.Алтанхуяг намайг дэмждэг үү гэвэл тийм. Үүнийг үгүйсгэхгүй. Харин ямар талаар дэмждэг вэ гэдгийг тэр хүн өөрөө хэлэх байх. Ер нь албан тушаалд тавьж байна гэдэг дэмжлэг мөн үү биш үү гэдгийг цаг хугацаа, амьдрал харуулна. Би хуучин Улаанбаатар хотын Ус суваг ашиглалтын газрын дэд даргаар ажиллаж байсан. Надад аж ахуй, өмч удирдаж байсан туршлага бий. Улс төрийн хүрээнд ч ялгаагүй. Өөрийнхөө хэмжээнд туршлагатай. Хаана ч, аль ч салбарт очсон ажиллаж чадна. Гэхдээ миний хувьд нэг ч удирдлага дээрээ очоод “Намайг тэр албан тушаалд тавиад өг” гэж гуйж байгаагүй. Н.Алтанхуягч үүнийг хэлнэ. Тэнд намайг орлогч даргаар ажиллаж байхад мань хүн өөрөө надад санал тавьж Сангийн яамны Тамгын газрын дарга болгосон. Тэнд бид хамтарч ажилласан. 2004 онд Ардчилсан намынхан хэрхэн яаж хамтарч ажилладгийг тэнд харуулж чадсан. Пүрэвсүрэн, Галсан гээд. Сангийн яам Монголын супер яам. Хүмүүсийн ур чадварыг аваад үзсэн ч, улс төр ордоггүй гэдгийг нь бодсон ч тэр. Өөрөөр хэлбэл, улс орны ажлыг мэдье гэвэл энэ яамнаас харж болно. Тэнд маш сайхан хамт олон үнэхээр сайн ажилласан, олон ч зүйл хийсэн. -Тэнд тийм сайхан баг хамтарч ажиллаж байсан юм бол яагаад та хаяад гарсан юм? -Албан тушаалд хүмүүс тавиад байна гэдэг чинь Н.Алтанхуяг бус нам итгэж байна гэсэн үг. Нам буруу хүнээ тавибал өөрчилнө, сайн хүн байвал ажиллуулна. Харамсалтай нь, манай нам боловсон хүчний энэ бодлого дээр алдаа гаргасан. Одоо ч тэр. Сайн хүмүүсээ шагнаад чадваргүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Одоо энэ зарчим эсрэгээрээ явж байна.

-Магадгүй тэр чадваргүй гээд байгаа хүмүүс дарга нарынхаа үгэнд сайн ордог байж болно шүү дээ. Харин та үгэнд нь орохгүй болохоор халаа сэлгээнд хамгийн түрүүнд өртдөг байх?

-Миний хоч эсэргүүний хүүхэд. Сургуульд байхдаа ч, ажил дээр гараад ч тэр би хэлэх үгээ шууд хэлдэг. Цусанд минь байдаг зан юм уу даа. Энэ зан миний ойр дотныхон манай хүүхдүүдэд бас байна. Миний охин Сангийн яаманд ажил­ла­даг. ШУТИС-д сурч байхдаа багш нараа шүүмжлэхээр оюутнууд нь тохиролцсон байсан. Тэгээд шүүмжилж эхлэхэд охин минь ганцаараа босоод баахан ярьсан байгаа юм. Гэтэл бусад нь юу ч хэлээгүй гэж байгаа /инээв/. Тэгээд хохирсон гэдэг. Манай том хүү бас тийм. Сургууль дээр хүүхдүүд мөнгө дээрэмдээд, түүнийг нь эцэг, эхийн хурал дээр хэлээд бас буруутан болсон. Ийм явдал манайхны амьдралд байнга тохиолддог.

-Та Сангийн яамнаас гарсан шалтгаанаа хэлсэнгүй?


-Надад нэг зан байдаг. Аав минь төр нийгмийн төлөө зүтгэсэн. Хэлмэгдсэн. Түүнээс болж өөрийн амьдрал, хань ижил үр хүүхэд нь хүнд нөхцөлд өссөн. Үүндээ ч аав бидний өмнөөс гэмшдэг. Хааяа “Ааваасаа болоод ингэсэн юм” гэж хэлж байсан. Гэхдээ нэг хоёр удаа. Ийм амьдрал туулсан учраас надад нэг бодол байдаг. Улс төрд ийм олон жил болсон юм чинь УИХ-д ороод тэнд болохгүй байгаа зүйлийг шүүмжилж засах юмсан гэсэн бодол. Яагаад гэвэл УИХ цус ойртсон. Тиймээс 2008 онд төрийн албанаас анх удаа татгалзаж буйгаа зарлаад ажлаа өгсөн. Түүний дараа энэ асуудал хуульчлагдсан. Миний дараа Да.Ганболд, Лу.Болд өгч байв. Энэ бол улс төрийн маш том соёл. Одоо сайд дарга нарыг хараад л байгаа. Салбарт нь ямар нэг зүйл болохгүй байгаа бол ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Тийм соёлтой байх хэрэгтэй. Гэтэл тэгэхгүй юм. Энэ соёлын эхлэлийг би тавьсан ч үргэлжлүүлэх аавын хүү өнөөдрийг хүртэл гараагүй байна.

-Нэг зүйлийг сонирхож асуумаар санагдлаа. Таныг ТӨХ-ны даргаар ажиллаж байхад Н.Алтанхуяг өөрийн хүнийг ав гэж тулгасан гэх яриа байдаг. Энэ үнэн юм уу?

-Тэгсэн. Гэхдээ шахалт, тулгалт гэх нь хаашаа юм. Бид нэг намын хүмүүс. Намын дарга өөрийн тавьсан хүндээ тэг ингэ гэж хэлж л таарна шүү дээ. За тийм хүнийг ажилд ав гэдэг ч юм уу. -Тэгвэл таны хувьд тийм хүн байна уу? -Миний хувьд гэвэл ардчиллын төлөө анхнаас нь явсан, хохирсон хүмүүсийг ажилд авсан. Хотод ч хөдөө орон нутагт ч байгаа. Би жинхэнэ партизануудаа ажилд тавьсан. Би үүнийгээ хэнээс ч нуухгүй. Гэвч энэ үйлдэл минь манай намын зарим лидерт таалагдаагүй. Зөвхөн өөрийнхөө хамаатан садан, найз нөхөд, нутгийн хүнээ тавь гэсэн. ТӨХ-нд гэж яривал мэргэжилтнээр авсан хүнийг Газрын дарга болго гэсэн. Тавьсан. Гэтэл тэрнээс болсон юм уу яасан. Би агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтад тэнцсэн ч намайг жинхлээгүй. АТГ-аас бичиг ирсэн. Төрийн албаны зөвлөлөөс тогтоол нь ирсэн. Гэхдээ энэ бол жижиг асуудал нь шүү.

 -Таныг яагаад жинхлээгүй юм?

 -Мэдэхгүй өөрөө ярих байлгүй. Тэрийг хувь хүн Н.Алтануягаас асуу.

-Том асуудал бий гэлээ. Тэр нь юу юм?

-Тэр нь эрх зүйн асуудал. Засгийн газрын 2-3 ч тогтоол байдаг. Тухайлбал, 100 дугаар тогтоолд “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн эзэмшлийг “Эрдэнэс МГЛ”-д өг гэсэн. “Эрдэнэс МГЛ” гэж алдагдалтай ажиллаад байгаа компани шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, надад тохиолдсон хамгийн буруу шийдвэр энэ байсан. Энэ Засгийн газар ажил хийх гэж оролдсон уу гэвэл тийм, үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ингэж оролдохдоо Н.Алтанхуяг хэтэрхий жижиг зүйл рүү орсон. Багш хүний хүүхэд болгонтой ажилладаг хоббитой нь холбоотой юм уу, мэдэхгүй. Уг нь Ерөнхий сайд зангаргатай байх ёстой. Гэтэл юм юм руу давхиж ороод л... Би хэлсэн. Олон Улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдах асуудлыг Засгийн газрын тогтоолоор биелүүлэхгүй гэсэн. Магадгүй миний оронд өөр хүүхэлдэй байсан бол за гээд хийх байсан байх. Буруу байсан учраас би түүнийг нь дэмжээгүй. Миний энэ шийдвэр түүнийг аварсан. Хэдийгээр тухайн үед энэ тогтоолыг биелүүлэхгүй байна гэж Засгийн газрын гишүүд дайрч байсан ч дараа нь аварсан байхгүй юу.

-Тан руу яаж дайрсан гэж?


-Над руу гэхээсээ илүү ТӨХ-руу. Татан буулгана. Энэ газрыг байлгахгүй гээд. Дараа нь би хэд хэдэн удаа ярилцлага өгч, тайлбарлаж байж гайгүй болгосон. Гэтэл дараагийн Засгийн газрын тэргүүнээр Ч.Сайнбилэг томилогдонгуутаа хамгийн түрүүнд ТӨХ-г байхгүй болгоно гэсэн. ТӨХ Засгийн газарт ямар гай тарьсан болоод тэд ингээд байгааг мэдэхгүй юм.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт улс төрд нисч тоглодог

-Уучлаарай, Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болмогцоо таныг шууд халсан. Та хоёр ер нь ямар харилцаатай байсан юм бэ. Уг нь та хоёр нэг нам, нэг зорилгын төлөө зүтгэж байгаа биз дээ?

 -Тэр хүн бид хоёрын хооронд юу ч байхгүй. Яахав залуу боловсон хүчин гэдэг талаас нь хэн хүнгүй дэмждэг. Бид нарт нэг зүйл байдаг. Тэр нь мань мэт нь намдаа, доод талдаа масстай. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрт тийм юм байхгүй. Тэр хоёр улс төрийн дээгүүр нисч тоглодог хүмүүс. Хэн нэг даргатай яриад албан тушаал хөөцөлдөөд байдаг. Чадвартай үгүй нь бол цаг хугацаа харуулна биз. Жишээ нь, шинэчлэлийн ч, шийдлийн Засгийн газар ч тэр анхны шийдвэрээ гаргахдаа миний асуудлыг хөндөж байсан. Н.Алтанхуяг надад хүнээр “Цогоо чи байж бай. Чиний асуудлыг шийднэ” гэж хэлүүлж байв. Гэвч тэгээгүй. Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болох үеэр тэр хүн бас л “Чи хүлээж бай. Ч.Сайханбилэгийн анхны томилгоо чи байх болно” гэсэн. Гэтэл бас байхгүй. Ингээд л худал яриад явсан. Намайг тавихгүй байсан бол тэрийгээ шууд хэлчих ёстой. Яг үнэндээ Ч.Сайханбилэгийн гаргасан анхны шийдвэр маш сонин. Тэрбээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар өмнө ажиллаж байгаад халагдсан, МАН-ын гишүүн Ш.Солонгыг тавьсан. Тэд хоорондоо ямар учир холбоотойг мэдэхгүй юм. Уг нь бид нэг нам. Баг болоод бие биеэ дэмжээд ажлаа ургашлуулах байтал тэр хүнийг дэмжсэн. Гэтэл дэмжсэн хүн гарч ирээд шууд Ардчилсан намын гишүүдийг зайлуулж эхэлсэн.

-Та тэр хүнийг хэр сайн мэдэх вэ?


-Сайн мэдэхгүй. Нөхрийг нь бас Ж.Солонго гээд “Кино үйлдвэр” ТӨК-ийн захирал. Би тэр Солонгын аавыг сайн мэднэ. Жамбаа гуай 1964 онд манай аавтай хамт хэлмэгдсэн. Эргэж очдог байсан болохоор жаргал зовлонг нь сайн мэднэ.Тэр хоёр Солонгоос илүү аав, ээжийг нь илүү танина. Би дотроо тэр хүмүүсийг дэмжинэ гэж боддог байсан. “Кино үйлдвэр”-ийн асуудлаар маш олон гомдол надад ирсэн. Бүр маш их шүү. Тэгэхэд нь би тэднийг аль болох ойлголцуулж, хамт байлгах бодлогыг барьсан. Ж.Солонгод ч наад хүмүүстэйгээ ойлголц гэж хэлж байсан.

-Магадгүй тэнд асуудлын гол байгаа юм биш үү?


-Мэдэхгүй. Тэд өөрсдөө хэлэх биз.

-Ч.Сайханбилэг Ш.Солонго даргыг ажилд эргүүлэн тавихдаа би өмнөх Засгийн газрын алдааг засч байна гэсэн?

 -Алдааг зассаныг нь мэдэхгүй юм. Ямар ч алдаа байсан юм. Одоо бол тэр хүн өс санаад байгаа юм шиг л авирлаж байна. Н.Алтанхуягт өс санаад байгаа юм уу, Ардчилсан намд юм уу мэдэхгүй.

-Танд аль нь гэж бодож байна вэ?


-Ардчилсан намд. Манай намын гишүүдийг бүгдийг халлаа.


Засгийн газрыг Ш.Солонго толгойлоод байгаа юм биш үү

 

-Шийдлийн Засгийн газрын тэргүүний гаргасан анхны шийдвэрүүдийн нэг нь маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр нь, төрийн өмчийн нэлээд олон байрыг хүүхдийн эмнэлэг болгоно гэсэн яриа байлаа. Та тухайн үед ТӨХ-г удирдаж байсны хувьд ямар бодолтой байв?

-Би тэр хүнийг нэг зүйл дээр тогтвортой байгаасай гэж бодсон. Тэр нь юу гэвэл Аялал жуулчлалын яамыг хүүхдийн эмнэлэг болгоно гэдэг явдал. Гэтэл энд тэнд үсчээд, Зам тээврийн яам, “Мон сам”, Шүүхийн зөвлөл, “Авто импекс” гээд их олон зүйл рүү явсан. Би түүнд санаагаа хэлсэн. Гэтэл яасан юм. Намайг оролцуулалгүйгээр ТӨХ-ны Бүртгэл, ашиглалт хяналтын газрын дарга О.Сэр-Од, Тамгын газрын дарга Ц.Одмаа ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонго нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулсан. Тэгэхнээ О.Сэр-Од нь Ш.Солонготой гэр бүлээрээ нөгөөх нь багш шавиараа холбоотой юм уу даа. Тэр хүмүүс ТӨХ-нд болж байгаа бүх зүйлийг ЗГХЭГ-т мэдээлдэг байсан. Сүүлдээ ТӨХ-г хэн удирдаад байгааг би ойлгохоо байсан. Би хэнийг ч оруулахгүй, ажлаа хэвийн явуулахыг хүссэн. Гэтэл сүүлдээ Засгийн газрын бүтэц жигдрээгүй, сайд нар томилогдоогүй учраас гээд өмч хөдлөлийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Ш.Солонго гэдэг хүн шүү дээ. Яг үнэндээ тэгэхэд би Засгийн газрыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг удирдаад байна уу, Ш.Солонго гэж эмэгтэй толгойлоод байгаа юу гэдгийг ойлгоогүй, ойлгохоо байсан. Тэр шийдвэр нь ч байгаа. Төрийн ажил тасралтгүй явах ёстой гэдэг дээр тэр хамгийн буруу шийдвэр. ТӨХ-ны 100 гаруй асуудал шийдэх ёстой байсан ч зогссон.

-Та энэ тухай Ч.Сайханбилэг даргад хэлээгүй юм уу?

-Хэлсэн. Гэвч тоогоогүй.

-Та томилгооны асуудлаа хэлсэн үү?


-Ш.Солонго мэдэж байгаа гэсэн. Тэгээд намайг өөрөө ороод уулз гэсэн. Би ороод “Ерөнхий сайд надад хэллээ, миний томилгоо хэзээ орох юм бэ” гэтэл “За тэгж байгаад шийднэ” гэсэн. С.Баярцогт бид хоёр Сангийн яаманд ажиллаж байсан. Тэр утгаараа намайг ойлгох байх гэтэл Ш.Солонго, Ц.Одмаа, О.Сэр-Одын үгэнд итгэчихсэн юм уу миний эсрэг ажиллаад байсан.

-Тэд яаж ажилласан юм?

-Тэр Д.Цогтбаатарын оруулсан бүх хүнийг ажлаас нь чөлөөл, гаргасан шийдвэрүүдийг нь эргэж хар гээд. Энэ тухай яаж мэдсэн гэвэл Шинжлэх ухааны салбарынхан бужигнасан. Тэгэхэд энэ хүмүүсийн ард Д.Цогтбаатар гэж хүн гэдгийг С.Баярцогт Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн байгаа юм. Хамгийн сүүлд би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзахад тэр хүн өөрөө надад тэгсэн. -Танд их л дургүйцэж дээ?

-Би өмнөх дарга нарын асуудлаар нэг ч удаа яриа өгч байгаагүй. Ажлаасаа халагдсаны хувьд гэвэл би өөрөөсөө болсон. Харин тэд намайг гүтгэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намайг хамтарч ажиллаагүй гэж ярьсан. С.Баярцогт Шинжлэх ухааны салбарынхны ард тэр хүн байгаа гэж гүтгэсэн. Ерөнхий сайд “С.Баярцогт чамайг тэгж байна гэж хэлсэн” юм чинь үнэн байж таарна. Би тийм хүмүүст гүтгүүлэхгүй. Тийм аавын хүү ч биш.

-Та ажлаас чөлөөлөгдсөнөө яаж мэдсэн юм бэ?


 -Би ханиад хүрээд эмнэлгээр явж байсан. Гэтэл туслах утасдаад “Дарга аа таныг өөрчилсөн юм шиг байна. Ажлаа 10:00 цагт хүлээлгэж өг гэж байна” гэсэн. Би тэр шийдвэрийг цочирдож хүлээж аваагүй. Төрийн ажил тасралтгүй явах ёстой учраас ирж ажлаа өгсөн. Хамгийн сонирхолтой нь намайг очиход манай өрөөг лацадсан байсан. 1937, 1960 оны хэлмэгдүүлэлтийн үе юм уу. Би ойлгоогүй. Хэн лацадсныг шалгах, олох хэрэгтэй.

-Таныг өрөөндөө том юм нуусан гэж бодсон юм болов уу?


-Мэдэхгүй.

-Та халагдсан үндэслэлээ Ч.Сайханбилэг сайдаас асуусан уу?

-Би таньтай уулзаж болох уу гэсэн мессеж бичсэн. Тэгэхэд туслахаараа “Ирээд уулзаадах” гэж хэлүүлсэн. Би уулзаад ярьсан. ТӨХ-нд микро болон макро түвшинд ийм ажил хийсэн. Микро түвшинд гэвэл энэ байгууллагад дотроо ойлголцохгүй, архиддаг, хов их байсныг болиулсан. Бүх ажлаа цахим хуудаст байршуулж, мэдээллийг ил тод болгосон. Ажлын бүтээмж өссөн. Макро түвшинд гэвэл төрийн өмчийн хувьчлал болон алдагдалгүй ажиллах тогтолцоог бий болгосон. Нийт алдагдал 63 тэрбум байсныг 15 хувиар бууруулсан гэдгээ хэлсэн.

-Таны үгийг яаж хүлээн авав?

-Аан за л гэсэн. Тэгснээ та намайг дэмжихгүй байсан учраас таныг халсан гэсэн.

-Та яаж дэмжээгүй юм?

-Би асуусан. Тэгсэн хүүхдийн эмнэлгийн ажил удаашралтай байна гэсэн. Тэгэхээр нь “Явж явж миний ярьсан нотлогдлоо. Та нар хэдэн хүний үгээр ажиллаад байна. Ш.Солонго, С.Баярцогт, ТӨХ-ноос Ц.Одмаа, Төмөрбаатар гэсэн хүмүүсийн үгээр” гэж. Гэтэл тэр хүмүүсээр ажлын хэсэг байгуулаад өөрөө хүүхдийн эмнэлэг байгуулах ажлыг удирдуулсан ч миний хэлснээр болж, нөгөө байрууд нь эмнэлэг болгох боломжгүй гээд гараад ирлээ шүү дээ. Уг нь би түүнийг дэмжсэн. Хамгийн сүүлд Ерөнхий сайдтай уулзахдаа Г.Шийлэгдамба сайд бид хэд яриад САЖЯ-ны байрыг дуудлага худалдаанд оруулж түр хороогоор эмнэлэг барих нь зөв гэсэн. Маргааш нь бүх бичиг баримтаа бүрдүүлээд явуулсан. Гэтэл нөгөө хүмүүс нь таг зогсчихсон. Би энэ тухайгаа хэлсэн. Өмнөөс “Хамгийн сүүлийн ТӨХ-ны хурлыг хийх хэрэггүй гэж танд хэлсэн. Та хийсэн биз дээ” гэсэн. Тийм юм ярьж болохгүй биз дээ. Тэр хүн юу яриад байна аа.

-Таныг дагасан нэг шүүмжлэл бол 2014 онд хувьчлах обьектуудын жагсаалтыг батлуулж чадаагүй гэсэн яриа. Тэр яагаад удааширсан юм бэ?


-Ч.Сайханбилэг сайдын үгэнд наад санаа чинь байсан. Өмч хувьчлал удаашраад байна гэж. Уг нь 2014 оны зургадугаар сард 22 компанийг хувьчилна гээд Засгийн газрын тогтоол гарсан. УИХ-д өргөн барьсан. Гэтэл үүнийг шийдлийн Засгийн газрынхан өөрсдөө болиулчихсан.

 -Сая энэ онд хувьчлах компанийн жагсаалтуудын нэрийг зарлалаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би сайн мэдэхгүй байна. Ер нь тэгээд бүгдийг дуудлага худалдаагаар явуулна гэхээсээ илүү төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах нь зөв. Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллах ёсгүй.

-Та түүний эхлэлийг тавьсан. Одоо шинэ дарга яах бол?


-Би ийм үе шаттай байвал болно гэж гаргаж тавьсан. Шинэ дарга яахыг мэдэхгүй. Өмнө нь хорин хэдэн жил энэ байгууллагад ажилласан хүн. Би тэр хүнийг сайн мэдэхгүй. Одоо болтол хийж буй ажлаа ярихгүй байгааг бодоход их л зүйл төлөвлөж байгаа болов уу. Гэхдээ завгүй байгаа юм болов уу гэж бодсон хүн миний ажилд авсан хүмүүсийг халсан байна билээ.

-Тэр чинь бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм биш үү?

-Өөрчлөөд байх зүйл байгаагүй. Миний үед бүгдийг нь хийчихсэн. Хоёр гурван хүн гэрээгээр ажиллаж байсан байх. Харин ч орлогч даргагүй байна гэсэн байхад нэг газрын даргыг чөлөөлж байгаад тэр хүнийг тавьчихсан. Тэр нь юун өөрчлөлт байгаа юм. Ордны хуйвалдаан байхгүй юу.

-Та Ц.Нанзаддорж даргыг хэр сайн мэдэх вэ?


-Сайн мэдэхгүй. Харин Ц.Нанзаддорж өөрөө хууль бусаар халагдсан гэж шүүхээр явж байгаад сүүлдээ энэ ажилд орохгүй гээд гар хөлийн үсэг зурсан хүн гэдгийг сайн мэдэж байна.

-Яагаад?

 -Өөрөө бас бусад нь түүнийг тайлбарлах байх. Хоёр дахь шатны шүүхээр өөрөө заргалдахгүй гэсэн шүүхийн шийдвэртэй. Энэ албан тушаалд очихгүй гэсэн.

-ТӨХ гэж маш том ашиг сонирхол нуугддаг газар уу?

-Магадгүй.

-Та одоо яах бодолтой байна вэ. Танай намынхан таныг халсныг юу гэж хүлээж авч байна?

-Би хуулийн дагуу, Намын дүрмийн дагуу явна. Намынхан Д.Цогтбаатарын гэхээсээ илүү нам нь төрөө удирдаж байж намынхаа гишүүдийг өөрчлөөд буй нь Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийн буруу гэж байсан. Энэ асуудал намын бүлэг дээр яригдсан гэж дуулдсан.

 -Харин та юу гэж бодож байна?


-Манай нам боловсон хүчний бодлого дээр маш том алдаа гаргасан. Монгол Улс төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй. Ер нь ч тэгээд төрд гарч байгаа хүмүүсийг хар хайрцагны бодлогоор удам угсаа, хийж байсан ажлыг нь хардаг байх хэрэгтэй. УИХ-д олон жил суусан гэдэг энэ сэтгэхгүйг авч хаях хэрэгтэй. Улс төрийн аргаар хэн нэг залуу дарга болгохоор улс нийгэмд дандаа гай болдгийг МАН-ын жишээ харуулсан шүү дээ. Олон залууг даргын, дэд сайдын суудал руу пуужиндаад алдсан. Яг тийм байдалд манай нам орж байна. Хэлтсийн дарга болж чадахгүй хүн Төрийн нарийн, сайд болно гэж юу байсан юм. Зарим хүн олон жил УИХ-д сонгогдсоноороо бахархдаг. Гэтэл тэр тусмаа тухайн хүн улс төрийн муу сайныг мэддэг болчихсон, элдэв хуйвалдаанд орох нь элбэг байна биз дээ. Үүнд цус сэлбэх хэрэгтэй. Тодорхой хүмүүсээ төрийн хар хайрцагны бодлогоор бэлдэх хэрэгтэй. Хийсвэр сэтгэхүйтэй хүмүүс юм юм руу үсчээд төрийг самраад байна. Анх машин жолоодож байгаа хүн яадаг билээ. Юм юм руу ороод осол гаргаад явдаг биз дээ. Төрийг удирдана гэдэг машин жолоодохтой адил. Төрд тулахтай хүмүүс үгүйлэгдэж эхэллээ. Улс төрд нас хамаагүй. Тэнд хүн удах тусам шахсан баяслаг шиг болдог.

-Та одоо ямар ажил хийж байна. Юу хийхээр төлөвлөж байна вэ?


-Би Монголын улс төрийн хэлмэгдсдийн холбооны тэргүүн бас Монголын хүний эрхийг хамаалдаг ТББ-ыг толгойлдог. Би улс төрийн үйл ажлаа хэзээ ч орхихгүй. Манай гэр бүл улс төрийн золиос болсон учраас би насан туршдаа явна.



Улстөрийн тойм сонин  Л.Оюунгэрэл

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ