Х.Булгантуяа: Хаврын чуулган эхлэхээс өмнө томоохон групп болж, орон нутагт ажиллана
2015 оны 2 сарын 25
Х.Булгантуяа:  Хаврын чуулган эхлэхээс өмнө томоохон групп болж, орон нутагт ажиллана
МАН-ын намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяатай ярилцлаа

-Модон хонь жил гараад удаагүй байна. Улс төрийн ууган хүчний удирдах ажилтны хувьд энэ жилийн өнгийг хэрхэн харж байна. Улс төрийн намуудын хувьд сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа их хариуцлагатай жил байх болов уу?


 -Бичин жилд манай улсын хамгийн томд тооцогдох УИХ- ын сонгууль болно. Хонь жилийн хувьд энэ сонгуулийн бэлтгэлийг хангах хариуцлагатай жил байх нь гарцаагүй. Мөн энэ жил МАН-ын үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиох юм. Бид энэ ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ бол бидний хувьд бас нэг томоохон ажлын нэг болж таарна. Морин жилийн төгсгөлд бид хамтарсан Засгийн газарт орсон. Өөрөөр хэлбэл, МАН Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө юу хийж чаддагаа харуулах жил гэж энэ жилийг тодорхойлж болох юм. 2016 он буюу бичин жил гарахад бид аль хэдийнэ сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлсэн байх ёстой учраас хонь жилийн хувьд нэлээд их ажил өрнөсөн завгүй жил байх болов уу гэж бодож байна л даа.

-Намрын чуулган завсарлаад удаагүй байна. Энэ удаагийн чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ. Зарим гишүүн “Нэг Ерөнхий сайд нь буцаж, нөгөөг нь томилсон гээд бас л бужигнаантай чуулган болж өнгөрлөө” гэж дүгнэж байна. Улс төрийг анхааралтай ажигладаг хүний хувьд намрын чуулганы үр дүнг хэрхэн тодорхойлох вэ?

-Ер нь бидний зүгээс харахад бас л хийх ёстой олон ажлыг хойш нь тавилаа. Намрын чуулганы хугацаанд ердөө нэг л асуудлыг шийдэхийн тулд нийт таван удаа завсарлага авсан байх жишээтэй. Ер нь тэгээд ихэвчлэн өнөөх л сандал суудлын асуудлаа ярилаа шүү дээ. Намрын чуулганы хамгийн том ажил нь төсөв хэлэлцэх байдаг. Гэтэл төсвөө арай гэж хэлэлцэж батлаад хэрэгжүүлж эхлээгүй байтал дахиад өнөөх төсвийнхөө тодотголыг яриад эхэлсэн. Энэ нь он дамжин яригдсаныг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. 2015 он гарсны дараа төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Тэгэхээр намрын чуулганы гол ажлыг дутуу дулимаг хийжээ гэж хэлж болохоор байгаа юм. Үүнтэй зэрэгцээд АН- ын ҮЗХ хуралдах гээд, дотоодын үймээнтэй цаг үе байсан. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголтой холбоотой асуудалд эрх баригч нам өөрсдөө ихээхэн хариуцлага муутай оролцсон гэсэн үг. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах талаар яриад, шинэ бүтэц өргөн барьсан. Гэтэл тухайн үед төсвийг өргөн барьсан. Нэг үгээр бол, төсөвтэйгөө уялдаагүй бүтцийг Засгийн газрын тэргүүн нь оруулж ирсэн байх жишээтэй. Гэтэл эдгээр асуудлаас болоод маш их цаг алдсан. Ерөнхийдөө намрын чуулган бидний харж хүлээж байсан шиг үр дүнтэй байсангүй юү дээ гэж харж байна.

-Зарим асуудлыг цэгцэлсэнгүй гэж та харж байгаа байх нь ээ?

-УИХ-ын чуулган сар гаруйн хугацаагаар завсарлачихна. Уг нь хаврын их ажил ундрахаас өмнө цэгцлэх ажил их байлаа гэж харж байна. Тухайлбал, Гацуурт болон Тавантолгойн ордыг яах юм, ямар байдлаар ашиглах юм. Цаашлаад Эдийн засгийн өршөөлийн хуулийн дагуу үнэхээр аж ахуйн нэгжүүдийг аврахаар байгаа юм уу үгүй юү. Хэрвээ үнэхээр аварна гэж үзэж байгаа бол тэр өршөөлд нь чухам ямар компани, аж ахуйн нэгж хамаарах юм гэх мэтчилэн нэлээд олон асуудлаа цэгцэлчихээд хаврын энэ их ажилтайгаа золгох байсан юм болов уу. Манай улсын хувьд ялангуяа уул уурхай, барилга гэх мэт салбарынхан л монголын эдийн засгийг хөдөлгөгч томоохон хүч болдог шүү дээ. Тийм учраас дээр дурдсан томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ хэрхэхийг амьсгаа даран хүлээж байсан болов уу гэж бодож байна. Энэ томоохон төсөл хөтөлбөрүүд үнэхээр хөдлөх гээд байгаа юм уу үгүй юү, эдгээр төсөл дээр Монгол Улсын байр суурь ямар байгаа юм бэ гэдгийг ч гадаадын хөрөнгө оруулагчид харж байсан шүү дээ. Ирэх дөрөвдүгээр сар хүртэл эдгээр том төслөө хөдөлгөхгүй, УИХ нь бодлогоо гаргаж чадахгүй байна гэдэг бол энэ ондоо багтаж хэрэгжих боломжгүй болж байна л гэсэн. Цаашлаад 2016 он бол сонгуулийн жил байна. Магадгүй бас л томоохон төслүүд маань хөдөлж, хэрэгжиж эхлэх нь эргэлзээтэй болчих юм шиг харагдаад байгаа юм. Намрын чуулганы хугацаанд эдгээр асуудлаа шийдэхгүй, байсхийгээд буюу олон удаа завсарлага авч цаг хугацаа алдсанаас болоод өнөөдөр Монгол Улсын хувь заяа бас л нэг жилээр хойш тавигдлаа л гэж бодож байна.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг Засгийн газраас баталлаа. Энэ төлөвлөгөөг танай намын бүлгээс боловсруулаад өргөн барилаа гэж байсан. Тэгэхээр танайхаас гаргасан саналууд энэ төлөвлөгөөнд хэр туссан бэ?

 -Бидний зүгээс энэ хамтарсан Засгийн газарт ороход МАН, АН хоёр нийлээд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дун- дын төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг байр суурьтай байсан. Үүний дагуу өргөн барьсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг нэлээд ярвигтай баталлаа л даа. Өөрөөр хэлбэл, АН-ын зүгээс өмнөх Засгийн газрын үед боловсруулсан “ЭЗЭН 100” хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэдэг зүйлийг нэлээд ярилаа шүү дээ. Гэтэл хэрэгжиж чадаагүй, үр дүнгээ өгөөгүй, цаашлаад энэ хөтөлбөрийг боловсруулахад ч гэсэн бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг нэлээд сандруу боловсруулсан хөтөлбөр шүү дээ. Түүнчлэн “ЭЗЭН 100” хөтөлбөр өөрөө унасан Засгийн газрын хуучин хөтөлбөр учраас үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан. Нэг үгээр бол, энэ хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэснээрээ АН-ынхан дутуу дулимаг хандсаны эцэст “Энэ хөтөлбөр болохгүй юм байна” гээд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг дэмжиж батлууллаа. Үүнд МАН-ын зүгээс санал болгосон нэлээд хэдэн хөтөлбөр багтсан байгаа. Одоо энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь л хамгийн чухал байна.

-Тэгэхээр та баталсан хууль, тогтоомж хэрэгжилтийг тааруу байна үзэж байгаа хэрэг үү?

-Бид бодлого, хууль, төслийг боловсруулж гаргаж ирэхдээ маш сайн. Гэтэл эцсийн дүндээ өнөөхөө хэрэгжүүлэх нь чухал байдаг. Ямар нэгэн төсөл хөтөлбөр,төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой яам, агентлагууд нь одоо хүртэл томилгоо нь дуусаагүй, хөл толгойгоо олоогүй байх жишээтэй. Энэ мэтээр цэгцэрч амжаагүй байтал УИХ-ын чуулган завсарлачихлаа, хаврын их ажил өрнөөд эхэлчихлээ шүү дээ. Гэхдээ бидэнд наадам хүртэл хугацаа бий. Харин наадмын дараа зуны дэлгэр цаг гэдэг утгаараа олон нийт маань амралтын байдалтай болчихдог. Нэг ёсондоо, намар есөөс арванхоёрдугаар сарын хооронд л гол ажил өрнөж байна шүү дээ.

 -Энэ жилийн сар шинийн битүүний өдөр УИХ-аар хэд хэдэн чухал хуулийн төслийг баталж, заримд нь нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэж яаруу сандруу хууль бөөндсөнийг зарим гишүүний зүгээс “Бушуу туулай борвиндоо баастай гэгч болохвий” гэж анхааруулж байгаа харагдсан.


-Би ч гэсэн ийм байр суурьтай байна. Ер нь битүүний өдрийн нэгдсэн чуулганаар нэлээд олон асуудлыг оруулж, батлахаар ярьж байсан. Харин МАН-ын бүлгээс үүн дээр “Бид зарим асуудлыг нухацтай харах ёстой” гэдэг байр суурь баримталсан. Ер нь тооноос чанар илүү чухал шүү дээ. Дараа нь намар, хаврын чуулганаар төдий хэмжээний хууль баталлаа” гэж нийтэд зарлах нь угтаа чухал биш. Баталсан хуулийнхаа тоогоор бол өнөөдөр Монгол Улсын хөгжил их л дээд зэрэгт хүрчихсэн байх боллоо шүү дээ. Тэгэхээр үнэхээр өөрчлөлт оруулж, хэрэгтэй хууль баталъя гэж байгаа юм бол өнөөдрийн нөхцөл байдлыг мэдэрсэн, ард түмэн аж ахуйн нэгжүүдийнхээ өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг сайжруулсан хуулийн төслүүдийг батлах ёстой юм. Харамсалтай нь яриад байгаа өнөөх олон тооны хуулийнх нь хамгийн чухлууд нь, ард түмний амьдралд хамгийн хүчтэйгээр тусдагууд нь УИХ- ын чуулганы хамгийн сүүлийн өдөр, санд мэнд, олон нийт хэвлэл мэдээллийнхний нүднээс далдуурхан батлагдаж байх юм. Үнэндээ олон нийтийн нүдэн дээр хамгийн ил тодоор ярьж хэлэлцээд батлах ёстой чухал хуулиуд далдуур батлагдчихлаа. Үүнийг ч олон нийт ярьж байна. Ер нь олон нийтийн анхаарал өөр зүйлд хандсан үед чухал асуудлуудаа оруулаад олны нүд, чихнээс далдуур баталдаг зүйл олон гардаг. Тэр дундаа цагаан сар, наадам гэх мэт үндэсний хэмжээний томоохон баяраар ийм зүйл цөөнгүй болдог болж. Өмнө нь ч гэсэн намрын чуулганы хаалтын үеэр ч мөн энэ асуудал яригдаж л байсан. Түүнчлэн Эдийн засгийн өршөөлийн тухай хууль дээр бид нэлээд нухацтай ярьж, бодолцож байж гаргах хэрэгтэй байгаа юм. Тэр бүү хэл, өмч хувьчлалын асууд- лыг ч мөн энд ярьж байсан. Харин энэ асуудалд МАН-ын бүлгийн зүгээс “Үүнд нухацтай хандах ёстой, саяхан төсвөө баталчихаад бараг сар хүрэхгүйн хугацаанд тодотгохгүй бол болохгүй нь гээд сууж байгаатай адилхан зүйл болчихвий” гэж үзсэн. Эдийн засгийн өршөөлийн хууль бол маш том хууль. Гэтэл бид энэ том хуулийг баталж гаргачихаад дахиад “Уучлаарай, өөрчлөх хэрэгтэй байна” гэж болохгүй шүү дээ. Угаасаа нэгэнт баталсан хуулийг дахиж өөрчлөх боломж ч байхгүй шүү дээ.

-Намын зүгээс бүлгийн гишүүдээ чуулганы завсарлагаанаар хэрхэн ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?


-Өнөөдрийн байдлаар манай намын бүлгийн хэд хэдэн гишүүн тойрогтоо ажиллаж байна. Ер нь манай бүлгийн гишүүдийн хувьд нэгдсэн чуулгандаа их хариуцлагатай суудаг учраас тойргийнхоо гишүүд тэй тэр бүр уулзах цаг хомс байдаг. Хаврын чуулган эхлээд их ажил ундрах учраас бид хаврын чуулган эхлэхээс өмнө аймаг, орон нутгаар томоохон групп болж ажиллахаар төлөвлөж байна. МАН-ын зүгээс өнгөрсөн намрын чуулганы дараагаар аймаг, орон нутгуудаар явж,УИХ-ын гишүүд хэдэн бүсэд хуваагдаж, орон нутагтаа хүрч ажилласан байгаа. Өнгөрсөн намраас бид “Ардын нам ард түмэнтэйгээ хамт” гэдэг аян эхлүүлээд 330 сумандаа хүрч ажиллах аяныг өрнүүлээд явж байгаа. Энэ ажлын хүрээнд бид УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагааныг ашиглаад хөдөө орон нутагт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг ажиллуулах төлөвлөөтэйгөөр ажлаа эхлүүлээд байна.

М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ