“Цаст уулын цагаан арслан”-гуудын цаг нь болсоор байна
2012 оны 6 сарын 4
“Цаст уулын цагаан арслан”-гуудын цаг нь болсоор байна
Эртний Мисирийн их хаадын өлгий нутаг энэ амралтын өдрүүдээр “сүүлчийн дарангуйлагч”-аа дарж авах шүүх хурлыг гүйцэлдүүлэв. Египетчүүд  хаандаа зориулж цац суварга босгодог бол харин сүүлчийн “фараон”-доо дүүжлүүр бэлтгэх нь холгүй байсан юм. Тэдний ойлгож байгаагаар Хосни Мубарак бол энэ улсын сүүлчийн дарангуйлагч. Тэр 1981-2011 он хүртэл 30 жилийн турш Африкийн хамгийн нөлөө бүхий орны төрийн тэргүүний сэнтийд ээлж халаагүй заларч байсан нэгэн.

Арабын ертөнцийн жаягаар эрх мэдлийн энэ суудлаа хүү Гамельдаа өвлүүлэхээр санаархаж байсан ч 2011 оны хоёрдугаар сард  болсон хувьсгал түүний хамаг төлөвлөгөөг нурааж орхисон билээ. Эзэд эрх мэдлээ алдахаар гэмт хэрэгтэн болдог нь хаа газрын жаяг юм уу даа. Тэр яг л ийм жишгээр  ялаа хүлээж байсан билээ. Харин энэ удаа дүүжлүүрийн тавцан түүнээс холуур өнгөрлөө. Эдүгээ 84 настай, зүрх судас, хорт хавдраар өвчлөөд байгаа Хосни  Мубаракт бүх насаар нь хорих ял оноолоо. Нэг талаасаа хэдий насалж, хэдэн жил ял эдлэв гэж дээ гэж санагдмаар.

Монгол сэтгэхүйгээр бол эрэг нэг нурж, эр нэг эндсэн нь энэ байх.
Түүнд гавьяа ч бий, гай ч бас байж таарна. 1981 оны аравдугаар сард өмнөх Ерөнхийлөгч Анвар Садат исламын суурь үзэлтнүүдийн гарт амь үрэгдэв. Үүний дараа улс орны удирдлага дэд ерөнхийлөгч байсан  Хосни Мубаракийн гарт шилжиж иржээ. Тэр Ерөнхийлөгч болонгуутаа тус улсад онц байдал тогтоосон бөгөөд хачирхалтай нь энэ шийдвэр одоо хүртэл 30 гаруй жил цуцлагдаагүй хэвээр байгаа юм. Исламын суурь үзэлтнүүдтэй Хосни хатуу тэмцэл явуулж ирсэн бөгөөд үүнийх нь хариуд тэд 1982 онд цаазаар авах эчнээ ял ногдуулж байжээ.  Тэр Ерөнхийлөгчөөр ажилласан 30 жилийн хугацаандаа амь насанд нь занал хийлсэн зургаан удаагийн халдлагад өртөж байсан баримт байдаг.

Хосни төрийн эрхэнд гараад хээл хахууль, авлигатай хатуу тэмцэл явуулсан бөгөөд өмнөх Ерөнхийлөгч Анвар Садатын хамсаатан, ойрын хүмүүс,  төрийн өндөр албаны түшмэлүүдийг  энэ хэргийн улмаас шүүхэд шилжүүлж байжээ. Гэвч он цагийн уртад анхны энэ эрчим саарч сатаарсан бололтой. Эдүгээ Египет орны тулгамдсан асуудлын нэг нь мөнөөх авлига хээл хахууль хэвээрээ байна. Бас ажилгүйдэл энэ улсын толгойны өвчний нэг. Тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 169 орноос 101 дүгээр байрт бичигдэж байна.

Их Британийн Ерөнхий сайд асан М.Тетчерт түүний зөвлөхүүд “Мубарак бол нөхөрсөг, хөгжилтэй хүн”  хэмээн тодорхойлж байсан бол “Оюун ухааны хувьд онцгой ялгараад байх юмгүй, харин өрсөлдөгч нартаа өршөөлгүй хүн”  гэж онцолсон байх юм.

Эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй орнуудын нэг нь Египет. Энэ бол яаж ч бодсон түүний эрх барьж байсан он жилүүдийн ололт.  Мубаракийн үед тус улсын ДНБ-ий  үйлдвэрлэл хоёр дахин өссөн.
Тэр эрх барьж байсан он жилүүддээ Ойрхи Дорнодын лидер улстөрчдийн нэг болж чадсан бөгөөд  Африкийн нэгдлийн байгууллагын тэргүүнээр хоёр ч удаа сонгогдож байв. Мубарак Арабын ертөнц болон Европ, социалист лагерийн орнуудаас салж хөндийрсөн, хөрш орнуудтайгаа байнгын будлиан самуунтай Египет орныг хүлээж авсан ч улс орноо олон улсын түвшинд гаргаж, нэр хүндийг нь өсгөж чадсан нэгэн.
1991 онд Кувейтийг чөлөөлөх “Цөлийн шуурга”  ажиллагааг дэмжиж, бие бүрэлдэхүүнээ илгээж байсан улсын нэг нь Египет. Энэ мэт бодлого, алхмаараа тэр “улаан, цагаан” алинд ч нүүр тал алдаагүй нэгэн бөгөөд Египет бол АНУ болон Барууныхны хувьд Ойрхи Дорнод дахь гол хамсаатан, түшиг тулгуур  нь хэвээр байна.

Харин 2010 оны хавар эхэлсэн Арабын хувьсгал энэ орныг тойрсонгүй.  “Фараон”-уудын эх оронд хувьсгал харьцангуй тайван, богино хугацаанд үргэлжилсэн ч хүний амь нас үрэгдсэн. Тайван жагсагчид руу буудах тушаал өгсөн хэмээх ялд буруутгагдаад байгаа экс Ерөнхийлөгч ийн бүх насаараа хоригдох ялаар шийтгүүллээ. Энэ сарын 2-ны өдөр болсон шүүх хурлын дараа түүнийг нисдэг тэргээр шууд Каир хотын Торагийн шоронгийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт авчирчээ. Тэр хоёр цагийн турш нисдэг тэрэгнээс гарахгүй хэмээн  “зөрүүдэлсэн”  гэнэ. Түүнийг сэтгэл зүйн гүн  хямралд орсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Ийн Арабын ерөнцийн бас нэг “цаст уулын цагаан арслан”-гийн цаг нь боллоо. Ерөнхийлөгчөөс шууд шоронгийн хоригдол болсон түүний амьдралын сүүлчийн буудал нь өргөст торны цаана байх бололтой.
Хосни Мубаракийн талаар зарим нэг сонирхолтой баримтаас дурдвал: Тэр амьд ахуйдаа хөшөөгөө босгуулсан цөөхөн хүний нэг. Гэхдээ эх орондоо бус. 2007 онд Азербайжаны Хырдалан хотод Хосни Мубаракийн хөшөөг босгосон ч 2011 оны зургадугаар сарын 8-ны шөнө энэ хөшөөг зайлуулжээ.
Хосни Мубаракийн хөрөнгийн хэмжээг 70 тэрбум ам.доллар хэмээн тогтоосон бөгөөд энэ нь Египетийн гадаад өрийн хэмжээнээс бараг хоёр дахин их ажээ.

П.БУЛГАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ