Я.Булган: “Анима” бол миний үйлийн үр
2015 оны 3 сарын 6
Я.Булган: “Анима” бол миний үйлийн үр
Авч чадахгүй зүйлдээ бүү хоргод
Бүтээж чадахгүй зүйлдээ бүү харамс
Өнгөрч буй цагтаа бүү шанал
Өөрчлөгдөж буй амьдралаа бүү зогсоо... Энэ бол хэн нэгэн яруу найрагчийн бичсэн шүлэг биш, харин амьдралын “хөшиг”-ийг өөрийнхөөрөө нээгч, омголон бардам зураач бүсгүйн тэрлэсэн мөртүүд. Монголын дүрслэх урлагийн ноён оргилуудын нэг, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн сүүлчийн зургаа амилуулаад орхисон уран бийр өдгөө түүний гарт байна. Тиймээс эрхэм уншигч таныг дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн ерөнхий захирал, зураач Я.Булганы амьдрал, үзэл бодлын ертөнцөд урья.


-“Цав цагаан дэвсгэрийг улаан цусаар будахсан...”. Таны бичсэн энэ мөртийг интернэтээс уншлаа. Сэрэл, мэдрэхүй тань дээд цэгтээ хүрсэн, нэг тийм хурц агшинд та ингэж шүлэглэсэн болов уу?

-Зүрх сэтгэлд минь элдэв янзын хурц өнцөгтүүд бий болсон үед би дөрвөн мөрт шүлэг бичдэг. Магадгүй, үүнд урлагийн амьдрал, орчин ихээхэн нөлөөлдөг байх. Учир нь аливаа бүтээл тархи амарч, зүрх сэтгэл “унтах”-ын цагт төрдөггүй. Тиймээс баяр баясгалан, уйтгар гуниг, шаналлаа цаасан дээр буулгадаг. Тэдгээр мөртөөсөө санаа авч зургаа зурдаг юм.

-Хүмүүс баяр баясгалантай мөчийг их гэгээлэг, урам зориг дүүрэн үгсээр илэрхийлэх нь олонтаа. Харин танаас огт өөр “үнэр” мэдрэгддэг?

-Тийм ээ, миний төсөөлөл их өвөрмөц. Таны уншсан “Цав цагаан дэвсгэрийг улаан цусаараа будахсан” гэдэг мөрт бол Булган гэдэг хүний баяр баясгалангийн илэрхийлэл. Гэхдээ би зохиолч, яруу найрагч биш шүү дээ. Зураач бүсгүйн тэрслүү бодол л цаасан дээр буудаг хэрэг. Өөрөөр хэлбэл, “Цусаараа будахсан” гэдэг нь “Би амьдарч байна” гэсэн утгатай. Харин “Цагаан дэвсгэр” нь ариун нандин зүйлсийн бэлгэдэл. Энэ бүхнийг нэгтгэн хэлбэл, цагаан дэвсгэр дээрх улаан цус нь хорвоо дэлхий дээр миний татсан зураас юм болов уу. Амьд оршихуйгаа би ингэж л дүрсэлсэн.

-Саглагар моддоор хүрээлүүлсэн энэ байшингийн үүдэнд гоёмсог атлаа хуучин, бас хоосон сандал байх нь нүдэнд туслаа. Таны хувьд, яг энэ сандал шиг эзгүйрсэн, ганцаардсан сэтгэлийн угаас надтай ярилцаж байна уу, аль эсвэл уйдах ч завгүй сууна уу?

-Хүмүүний амьдрал дунд би огт ганцаарддаггүй. Гэр бүл, найз нөхөд, шавь нар маань намайг халуун дулаан хайраар ивээдэг. Харин сэтгэлийн гүн дэх ганцаардлыг би өөрөө өөртөө бий болгодог юм. Энэ тухай тайлбарлахад хэцүү л дээ. Гэхдээ уран бүтээлч хүнд ганцаардсан сэтгэлийн мэдрэмж заавал байх ёстой. Тэр тусмаа зүрх сэтгэлээ гунигаар дүүргэж, шаналж, шархалж, шархдаж, харамсч, гуниглаж үзсэн хүний нүдийг та сайн ажиглаарай. Эрээнтэй, бараантай хорвоогийн явдал харцных нь цаана нуугдаж хоцорсон байдаг.      

-Тэгэхээр ганцаардал гэдэг нь зураач Я.Булганы тухайд таашаал юм уу, “өвчин” юм уу?


-Хэн нэгэн намайг судалбал “өвчин” ч байж мэднэ. Гэвч би ганцаардлыг “Шаналал” гэж боддоггүй. Учир нь энэ бүхнийг мэдрэхгүйгээр зургаа зурж чадахгүй шүү дээ. Ер нь хүн болгон өөрийн сонгосон замтай, бас бурхнаас хайрласан жамтай. Миний хувьд, зовлон, шаналлыг мэдэрч өсөөгүй. Оюунлаг сайхан гэр бүлд элэг бүтэн, аз жаргалтай амьдарсаар ирсэн. Гэлээ гээд өвс ургахаас эхлээд орчлонгийн амьдрал сонирхлыг минь ихээхэн татдаг учраас шүлэг, зураг хоёроор дотоод ертөнцөө илэрхийлдэг.

-Таны бүтээлүүдийг хараад “Хүүхдүүдийг ингэж зурж болно гэж үү дээ” хэмээн гайхмаар, бүр цочирдмоор...

-Яагаад?

-Зураач нар хүүхдүүдийг нүд нь гэрэлтэж, хацар нь улаа бутарсан, аз жаргалын бэлгэдэл мэтээр голдуу дүрсэлдэг шүү дээ. Харин таны бүтээлүүдэд тэр хөөрхөн хүүхдүүдийн нүд маш гунигтай, нүүрнийх нь атираанд зовлон, гуниг, цөхрөл гүн шингэсэн байх юм. Яг л зовлонгийн өмнө өвдөг сөхөрсөн хөгшин хүн шиг?

-“Чонон хүүхдүүд” маань л даа. Нэг ёсондоо амьдралд хийсэн маш том ажиглалт юм. Жирийн хүмүүс, тэр дундаа зовлон үзээгүй нь тэднийг мэдэхгүй. Хэдийгээр би тийм амьдрал дунд өсч хүмүүжээгүй ч өнчрөл, хагацал, өвчинд шаналсан хүүхдүүдтэй хүйгээрээ холбогдоогүй юм гэхэд сэтгэлээрээ холбогдсон. Гэвч дандаа ийм сэдвээр уран бүтээлээ туурвиж байсан уу гэвэл, үгүй. Миний уран бүтээл үр хөврөлөөс эхэлсэн. Хүн ер нь ямар сонин амьтан бэ, үр хөврөлөөс хүн болтлоо ямар үе шатыг туулдаг юм бэ гэсэн философийг хүүхдээр төлөөлүүлсэн юм. Хэрэв та ажигласан бол хүүхэд эхээс төрөхдөө улаа бутарсан, нүд нь гэрэлтсэн төрхтэйгөөр төрдөггүй шүү дээ. Нэг тийм сул дорой, бүхнээс энэрэн хамгаалмаар, хайрлахын дээдээр хайрламаар байдаг. Харамсалтай нь 1990-ээд онд амьдрал ямар байв. Түүхэн тэр зурвас үед зарим хүүхэд ямар хүнд ачааг үүрсэн билээ. Энэ бүхнийг би зураач хүний нүдээр харж, орхигдох ёсгүй сэдэв учраас бийр, будгаар амилуулсан хэрэг. Даогийн зарчмаар яривал, гэрэл гэгээ, харанхуй хоёр зэрэгцэн оршдог. Та “Хүүхдүүдийг хөгшин хүн шиг зуржээ” гэлээ. Тэгвэл тэд яагаад томчууд шиг худал хэлж, хулгай хийж, хүмүүсээс үргэж байна вэ. Энэ л өтөлсөн, хөгширсөн сэтгэлгээг нь илэрхийлдэг. Би алдаж эндсэн олон хүүхэдтэй уулзаж байсан. Яг үнэндээ тэд амьдрах гэж хэтэрхий ядарсан юм болов уу гэж бодож байна. Тиймээс би траншейны хүүхдийг булцайсан цагаан хацартайгаар зурвал ёстой худлаа болно. Надад тэр хүүхдүүд хар багаасаа хал үзчихсэн, нүдний харц нь догширсон, яг чонын бэлтрэгнүүдийг санагдуулсан. “Чонон хүүхдүүд” бүтээлүүдээ ийм л учир шалтгаантайгаар туурвиж, 2008 онд үзэсгэлэн гаргасан юм. Өөр нэгэн зүйлийг хэлэхэд, хамгийн хийморьтой, бэлгэдэлтэй амьтан бол чоно. Гэтэл бэлтрэгнүүдийг нь устгаад байвал чоно яадаг билээ. “Чонон хүүхдүүд”-ийг зурахдаа би тэр тухай төсөөлж, харьцуулж зурсан.

-Ингэхэд та багадаа харанхуй өрөөнөөс айдаг байсан уу. Эсрэгээрээ огт айхгүй, тэр харанхуйн дунд юу байгааг олж харахыг хүсдэг байв уу?

-Сонин асуулт байна. Би харанхуйгаас огт айдаггүй охин байсан. Одоо ч мөн адил. Айдаг зүйл надад олон бий. Айх, айхдаа их хачин юмнаас айдаг атлаа харанхуйгаас л айдаггүй. Тэр ч бүү хэл багадаа харанхуй ойн дундуур ганцаараа явдаг байсан. Бүр зориуд шүү. Ерөөс харанхуй гэдэг бол нэг өдрийн нөгөө тал нь. Түнэр харанхуй дунд ямар нэгэн нууц байдагт би итгэдэг.

-Тэрхүү нууцыг та мэдэрсэн үү?

-Тийм ээ, мэдэрсэн. Гэхдээ нүдээр хараагүй. Яагаад ч юм бэ харанхуйд бүх зүйл өөр болдог юм билээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр юмс мөн чанартаа ордог. Их сонирхолтой. Тухайлбал, мод байна. Өдрийн цагт би “Нов ногоон модон дунд алхаж явна” гэж төсөөлдөг. Гэтэл харанхуйд мод мод биш болж, мөн чанараа олдгийг анзаарсан. Мэнэнгийн талд та очиж үзсэн үү. Дорнодын энэ их тал сансар огторгуйтай асар ойр. Учир нь тал хээр, тэнгэр хоёр хоёулаа хязгааргүй. Зааг хязгаар байхгүй ийм ертөнц хүнд сонин мэдрэмж төрүүлнэ. Тиймээс би хар өнгийг их гоё өнгө гэж боддог. Ер нь хүрэн, бор, хар өнгөнд сэтгэлийн маш баялаг ньюансууд бий.               

-Дээрх асуултыг асуусан минь их өөр шалтгаантай. Та “Уран бүтээлээ үр хөврөлөөс эхэлсэн” гэлээ. Арай “Хүн яаж үүсдэг юм бол. Хаанаас хэрхэн төрдөг юм бэ” гэх бага насны сониуч бодлоо хожим ийн дүрсэлсэн юм биш биз?

-Хүүхэд ахуй насандаа үр хөврөлийн тухай мэдлэгээс их хол байсан. Би ном их уншдаг охин байлаа. Хамгийн сонирхолтой нь тэр үед үр хөврөл гэхээсээ илүү сүнсний талаар бодож эхэлсэн.

-Яг хэзээ вэ?

-Арваннайман настайдаа. Тэмдэглэлийн дэвтэртээ ч сүнсний талаар бичиж үлдээсэн. Социализмын үед бид бурхан, буг чөтгөр, сүнс байдаг гэдэгт итгэдэггүй байлаа. Өвөө маань багадаа лам байсан учраас бидэнд тарни зааж өгсөн. Түүнийг нь уншина. Гэхдээ л бурхан, буг чөтгөрийн тухай огт төсөөлдөггүй байв. Хэдий хориотой сэдэв байсан ч “Хүн үхлийн дараа яадаг вэ. Үйлийн үр гэж байдаг уу. Ер нь хүн там, диваажинд очдог юм уу” гэхмэтчилэн тархи толгойгоо гашилгахуйц асуултуудыг өвөөгөөсөө асууж л байлаа. Ингээд 20 настайдаа И.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багшаасаа Бардын номыг авч сонирхон уншсан. Чухам энэ үед “Үйлийн үр гэж байдаг юм байна” гэсэн ойлголт төрж, үр хөврөлийг гүн ухаан, бэлгэдэл талаас нь зурж эхэлсэн дээ.

-Нийслэлийн зүүн талд орших орос сүмд индианчууд амьдарч байгаа мэт хийсвэр бодол төрж байна. “Анима” сургуулийн оюутнууд индиан имижтэй төдийгүй захирал нь өрөөнийхөө хойморт индианчуудын хөргийг залсан байх юм. Яагаад тэр билээ?

-Багадаа ойгоор их зугаалдаг байсан тухайгаа танд ярьсан шүү дээ. Энэ нь миний буурай ээж, ээж, эгчийн хүмүүжил байх. Яагаад гэвэл, би тэдэнтэйгээ ойд зугаалж, жимс түүдэг байсан. Тиймээс онгон байгальд их татагддаг. Мод, ойгүй байж чадахгүй. Одоо ч гэсэн зургийн хэрэгслээ үүрээд ойгоор ганцаараа зугаалдаг. Ерөөсөө хүнтэй биш, ойтой баймаар санагддаг юм. Бага балчир насандаа би өөрийгөө зоригт анчин бүсгүй мэт төсөөлдөг байлаа. Надад зөвхөн индианчуудын түүх, домог биш, Европын сонгодог бүтээлүүд, зохиолч Жуль Верн, Фенимор Купер, Майн Ридийн бичсэн номнуудыг уншдаг байсан минь их нөлөөлсөн. Ингээд л гэзгээ задгай тавьчихаад ойгоор зоригтой алхдаг байв. Гэвч цаанаасаа тийм тавилантай байсан уу, аль эсвэл зөн совин уу, би индианчуудтай танилцаж эхэлсэн. Тэр бүү хэл испани хэл үзэж, гадаадад зорчихдоо тэдэнтэй ярьж хөөрч, Өмнөд, Хойд Америкийн түүхийг судалж, индиан стилийн хувцас оёж өмсдөг болсон юм. Тэгээд ч индианчууд бидний нэгэн адил нүүдэлчид. Сонирхлыг маань хамгийн их татсан зүйл гэвэл энэ. Миний өвөө надад нүүдлийн соёл иргэншлийн талаар сонирхолтой түүх ярьж өгдөг байлаа. Ер нь нүүдэлчдийн амьдрал ер бусын сайхан. Хамгийн гоё нь тэд сэтгэлийн эрх чөлөөтэй хүмүүс. Онцолж хэлэхэд, би шавь нараа зориуд ийм имижтэй болгоогүй. Үс бол эр хүний хийморь. Дэлхийн түүхээс харахад, эрчүүд нь дандаа урт үстэй байсан. Харин “Анима”-ийнхан яагаад ч юм бэ багш, шавьгүй урт үстэй болцгоосон нь сургуулийн маань бараг имиж гэсэн үг. Индиан бүжгийн “Eagle dance” хамтлагийнхан Монголд ирэхэд уулзаад би “Сургуульдаа ийм хамтлагтай болъё” гэж шийдсэн. Тэрхүү хамтлагаа “Апачи” гэж нэрлэн “Нарны бүжиг” хэмээх бүжгийг тайзнаа тавьсан ч амжилттай болоогүй. Ажлын өрөөний ханан дээрх хоёр зургийн тухайд, шавь маань надад дурсгал болгон зурж өгсөн юм.    

Өвөө маань “Би гаднаа нам, дотроо лам хүн” гэдэг байсан

-Та бол Монгол түмний хайртай зураач Ү.Ядамсүрэн гуайн үргэлжлэл. Тиймээс өвөө болон буурай ээж Люнагийнхаа талаар сонирхолтой түүх ярьж өгнө үү?

-Би хоёр ээжтэй. Нэг нь миний залуу ээж, харин нөгөө нь буурай ээж маань юм. Хэдий тэнгэрт хальсан ч буурай ээж минь надтай ямагт хамт байдаг. Буурай ээжийн жинхэнэ нэр нь Ликанида Андреевна. Харин урт нэртэй болохоор зураач нар Люна гэж авгайлдаг болсон байх. Миний хоёр ээж бидэнд хорвоогийн хамаг сайхан зүйлсийг өгсөн, бас их хатуу гараар хүмүүжүүлсэн. Гэхдээ хүмүүс бие биедээ хайртай байх ямар байдаг вэ гэдгийг би өвөө, буурай ээж хоёроосоо мэдэрсэн дээ. Заримдаа боддог юм. “Энэ хоёр шиг маань нэг нэгнээ ингэж хайрладаг хүмүүс байдаг болов уу” гэж. Ер нь зөвхөн сэтгэлээрээ биш, хийж байгаа үйлээрээ нэгдэхээр хайрын сайхан холбоо үүсдэг юм байна. Өвөө, буурай ээж хоёр маань хэн хэндээ түшиг болохуйц хайраар дүүрэн орчинд биднийг өсгөсөн. Уран бүтээлээрээ нийлж нэгдэн нэгэн амийг үүсгэнэ гэдэг тийм амар биш. Гэтэл өвөө, буурай ээж хоёр гар нийлэн уйгагүй ажилладаг байсан. Ямар ч уур уцаар байхгүй, бие биендээ их хүндэтгэлтэй ханддаг байж билээ. Буурай ээж өвөөгөөс 14 насаар дүү байв. Миний өвөө ная гарсан хойноо “Буурай ээж нь алтан гартай хүн шүү” гээд гарыг нь илж байсныг тод санадаг юм. Буурай ээж өвөөд Орос болон бусад орны сонгодог зохиолуудыг ярьж өгдөг байсан бол өвөө уншсан судар номнуудаасаа ярина. Одоо бодоход, манай гэрт их гэгээн хайрын орчин бүрддэг байжээ. Өвөө, буурай ээж хоёрынхоо ярьдаг үлгэр, сургааль, зохиолуудыг сонсдог байсандаа би өөрийгөө “Их азтай” гэж боддог. Хэдийгээр буурай ээж маань орос хүн байсан ч бидний хувьд монгол хүн. Яагаад гэвэл, өвөөд бүр ууссан төдийгүй насан эцэслэтлээ монголоор ярьж, монгол дээлнээс ч бас салаагүй. Тэр ч байтугай монгол зээгт наамал, хатгамлыг үгээр хэлэмгүй гайхамшигтай урлаж, үр, ач нараа монгол ёс заншилд сургасан.

-Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуай М.Суриковын нэрэмжит Дүрслэх урлагийн сургуулийн анхны монгол оюутан. Тэр үед Люна гуайтай танилцсан уу?


-Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн учраас өвөө маань сургуулиа төгсч чадаагүй. Харин буурай ээж Монголд төрсөн. Аав, ээж нь Оросоос цагаачилж ирсэн хүмүүс байсан гэдэг. Би том болсон хойноо буурай ээжээс өвөөтэй хэрхэн танилцсан талаар сонирхон асуудаг байсан л даа. Гэхдээ надад нэг их дэлгэрэнгүй ярьж өгөөгүй. Ямар ч байсан “Өвөөтэй нь 17 настайдаа анх учирсан. Тухайн үед хайр сэтгэлээ илэрхийлэхэд нь зөвшөөрөөгүй ч дараа жил ирэхэд нь би баадантай хувцсаа бэлтгэчихсэн байсан” гэж ярьсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс биш бүр нарийн түүхийг нь мэдэхгүй.

-Уучлаарай, энэ зөвхөн миний бодол шүү. Өвөө тань билэг авьяас төгөлдөр зураач байсан төдийгүй улс төрийн хүрээнд багагүй нөлөөтэй байсан болов уу. Учир нь Ү.Ядамсүрэн гуай их хэлмэгдүүлэлтийн үед маршал Х.Чойбалсанд Өвөрхангай аймаг дахь түүхэн дурсгалт зарим газрыг хамгаалж үлдэхийг санал болгож, тэр нь ч ёсоор болсон тухай уншиж байсан санагдана. Та энэ тухай хэр сайн мэдэх вэ?

-Огт сонсож байгаагүй түүх байна. Харин буурай ээж бидэнд тиймэрхүү зүйл ярьж байсан удаатай. Өвөөгийн маань бидэнд хэлсэн нэг сонин үг байдаг юм. “Өвөө нь гаднаа нам, дотроо лам шүү дээ” гэж. Энэ үгийнх нь утга учрыг одоо л их сайн ойлгож байна. Үнэхээр ч Монголын түүх, соёлын хосгүй нандин дурсгалыг гаднаа намын гишүүн мэт байж, тэр хүрээлэл дунд ямар нэгэн байр суурь эзэлж гэмээнэ хадгалж, хамгаалж үлдэх учиртайг миний өвөө их сайн мэдэж байж дээ. Хэрэв “Би лам” хэмээн ил тод зарласан бол хэлмэгдэх байсан. Тэгэхээр тийм цөвүүн цагт аливаад их ухаалаг хандаж байсан нь харагддаг юм. Тухайн үед өвөөг маань хүмүүс “Маршалын зураач” гэдэг байв. Өвөөгөө амьд байсан бол асуумаар л санагддаг. “Та яагаад Д.Сүхбаатарын хөрөг зургийг зурсан юм бэ. Тэр хүнийг ихэд хүндэлдэг байв уу, эсвэл өөр зорилго байсан уу” гэж. Нэгэн удаа өвөө “Энэ миний үйлийн үр. Миний охин зөв сэтгэлгээтэй амьдраарай” хэмээн захисныг санаж байна.  
 
-Тухайн үед Ү.Ядамсүрэн гуайг олны газар явахад эргэж хардаггүй хүн байдаггүй байсан гэдэг. Үнэхээр ч тухайн үеийн сэхээтэн, монгол эрийн ховорхон сайхан дүр төрхийг хөрөг зургуудаас нь харж болно. Уран нарийн хийцтэй дээл, малгайг нь буурай ээж тань оёж өгдөг байв уу?

-Буурай ээж “Миний багш бол та нарын өвөө. Би бүх зүйлийг өвөөгөөс нь сурсан. Хэрэв урлагийн чиглэлээр суралцсан бол бүр ихийг хийж чадах байв” гэдэг байсан. Ямар ч байсан өвөө загварыг нь гаргаж, буурай ээж өнгө донжийг нь тааруулдаг байлаа. Өвөө маань хуучны зээгт наамлуудын талаар материал их цуглуулна. Буурай ээж тэдгээрийг үзэж зээгт наамал, зүү ороохыг сурсан. Ер нь миний буурайд хийж чаддаггүй зүйл байгаагүй. Монгол малгайн сампинг маш зөв зангидна. Мэдээж хэрэг, өвөө маань угсаатны зүй талаас нь зааж зөвлөдөг байсан.

-Өвөө тань Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нартай хэр ойр дотно байсан бол?
 
-Тэр тухай бүүр түүрхэн санаж байна. Өвөө хүмүүстэй “Ц.Дамдинсүрэнгийн бие муудлаа. Б.Ренчин тийм гоё зүйлийн талаар хэллээ” гэж ярилцдаг байсан. Тухайн үед манайхаар нэр нөлөө бүхий хүмүүс, лам нар их ирдэг байв. Нэг зүйлийг хэлэхэд, өвөө маань хөрөг зураг зурахдаа тухайн хүнийг олон талаас нь судалдаг байсан. Хүүхдүүддээ ч энэ тухай чухалчлан захидаг байлаа. Миний хувьд, өвөө, буурай ээж хоёрынхоо хөргийг зурна гэж боддог. Гэвч би өвөөгөө костюм, зангиатайгаар хэзээ ч төсөөлдөггүй. Харин хуучин цагийн ихэс дээдсийн сонгодог дүр төрхөөр нь сэтгэлдээ зурдаг.

-Ү.Ядамсүрэн гуай үр, ач нартаа “Шоргоолжны үүрэн дээр битгий гишгэ. Цэцэг гэдэг бяцхан амьтныг вааранд хийхийн тулд битгий тасал” гэж захидаг байсан гэдэг. Өөр ямар дурсамж байна вэ. Өвөөгөө бидэнд үгээр “зурж” өгнө үү?

-Өвөө маань биднийг хайраар ер дутаагаагүй. Хайр энэрлийг нь би одоо ч мэдрэх шиг болдог. Гэхдээ өөрөөр орлох зүйл байхгүй учраас тэр их хайраар дутдаг. Миний хувьд, өвөөдөө дөрөв дэх охин нь болон үрчлэгдэж “Ядамсүрэнгийн Булган” гэгдэх болсон. Өвөө орой бүр бидний толгойг зөөлөн илж үнэрлэдэг байв. Нэг ёсондоо хүн болгоныг адисладаг байсан. Энэ нь даалгавартаа дарагдсан, үймүүлсэн бидэнд даруулга болдог байлаа. Гэвч уурлаж байхыг нь би 21 нас хүртлээ хамт байхдаа огт хараагүй. Хэдийгээр өвөө минь тусдаа урлангүй, гэртээ зураг зурдаг байсан ч үр, ач нартаа “Та нар цаашаа холд” гэж уцаарлаж байгаагүй юм. “Ээ дээ, өвөө нь юм хийж байна шүү дээ” гэж аядуу намуухнаар хэлдэг байсан. Ямартай ч би арван настайдаа өвөөг бүхэл бүтэн цамын цомог зурж байхад нь өвөр дээр нь сууж эрхэлдэг байлаа. Өвөөдөө эрхэлчихээд хичээлээ хийж, зургаа зурахад урамтай санагддаг байсан л даа.

-Тийм ээ, цам гэдэг томоохон өв соёлыг Ү.Ядамсүрэн гуай бидэнд өвлүүлэн үлдээсэн. Хүмүүс түүний бүтээлүүдээс санаа авч, хувцас, хэрэгслийг нь урлаж байна шүү дээ.


-“Хаант Монгол Улсын Их Хүрээ цам” гэж бүрэн хэмжээний бүтээл нь бий. Хэлмэгдүүлэлтийн дараа цамыг ийнхүү зурсан монгол зураач өөр байдаггүй. Харамсалтай нь бүтээсэн эзнийх нь нэрийг дурдахгүйгээр ашиглах явдал байна. Тухайн үед өвөө маань ихэд харамсангуй ярьж байсан. “Хүрээ цамыг Монголд тавья” гэхэд “Хөрөнгө мөнгө байхгүй” гэдэг. Уг нь Гандан дээр цамын бүжиг бүжиглүүлбэл үгүй мөн гоё оо” гэж. Үнэхээр ч өвөөгийн төсөөлж байсанчлан цамыг жинхэнэ утгаар нь тавих боломж бүрдээгүй л дээ. Учир нь цамын хувцас, хэрэгслийг дээр үед зааны яс, шүр, гоёмсог торгоор урладаг байсан.

-Хэлмэгдүүлэлтийн хар шуурга өвөөг тань дайрч байсан болов уу. Тэр үед баруунд сургууль төгссөн зохиолч, яруу найрагчид, ер нь урлагийн зарим гэр бүл энэ дайрлагад өртсөн байдаг шүү дээ?


-“Өвөө нь Чингисийн хөргийг зурснаас болж зугтах болсон шүү дээ” гэж надад дурсаж байсан. Тухайн үед ”Таныг хэлмэгдүүлэх нь байна шүү” гэх нууц мэдээлэл ирэхэд өвөө маань Самарканд хот руу явсан тохиолдол бий. Хэдийгээр “Шашин сурталчилж болохгүй” гэх мэт үзэл суртлын хориг тавьдаг байсан ч өвөө маань түүнийг угсаатны зүйн талаас нь их эвтэйхэн тайлбарладаг байлаа. Харин үдэш гэртээ байхдаа эртний судар болон маань мэгзмээ уншина.

-Ү.Ядамсүрэн гуай Чингис хааны хөргийг анх 1943 онд зурсан бол дараагийнхыг нь 1962 онд зуржээ. Үзэл суртлын өндөр хана хэрмийг давна гэдэг их л хэцүү байсан байх даа?


-Өвөө надад “Чингис хааны хөргийг зураад би цаазлуулах шахсан” хэмээн наргиа болгон хэлж байсан. Учир мэдэхгүй охиндоо тоглож ч хэлсэн байж болох л доо. Гэвч хожим ээжээс тэр тухай асуухад “Хэлмэгдсэн” гэж байлаа. Өвөөгийн маань бүтээл болох “Талын баатрууд” гэдэг зурагт Чингис хааныг дүрсэлсэн байдаг. Үзэл суртлын хориг саад ихтэй тэр цагт кодолж, ихэд нууцалж зурсан нь тэр байх. Би Яны “Чингис хаан” гэдэг номыг уншчихаад “Өвөө, Чингис хаан их харгис хүн байж, тийм ээ” гэхэд “Үгүй дээ, охин минь. Чингис хаан их тэнгэрлэг хүн байсан” гэж хариулсан юм.

-“Маршалын зураач” хэмээн нэрлэгдэж байснаас үзэхэд, Х.Чойбалсан гуайтай их ойр дотно байжээ?

-Ойр дотно байсан гэхээсээ илүү ямар нэгэн бодлого байсан юм болов уу. Намайг өсвөр насны охин байхад өвөө “Х.Чойбалсан их харгис явсан. Томоохон язгууртнууд, лам нарыг устгасан. Өвөө нь энэ тухай хамаагүй ярьж болохгүй” гэсэн удаатай. Бас маршал Х.Чойбалсанг өмөөрч “Яг үнэндээ маршалд түүнээс өөр арга байгаагүй. Тэр бүхнийг гүйцэтгэхгүй бол Х.Чойбалсан өөрөө хэлмэгдэх байсан” хэмээн дурсч байсан.

-Мэдээж хэрэг, Ү.Ядамсүрэн гуайн авьяас билэг, эрдэм боловсролын эх ундарга нь түүний аав, ээж байсан байх. Та тэдний талаар хэр сайн мэдэх вэ?


-Өвөөг бага байхад аав нь нас барсан. Харин өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс нь лам багш Чойдаш, Үржин нар байлаа. Өвөөгийн маань өвөг эцэг нь сийлбэр хийдэг, гарын ур дүйтэй хүн байсан гэдэг.

-Өөр нэгэн эрхмийн талаар энд ярихгүй өнгөрөхийн аргагүй. Таны ах, Төрийн шагналт Я.Үржнээ гуай бол бас л Монгол түмний хүндэтгэн дурсдаг зураач. Харахад их этгээд, чөлөөт сэтгэлгээтэй хүн байсан мэт санагддаг?


-Ах бид хоёр их ойр дотно байсан. Манай сургуульд олон жил багшилж, Монголын дүрслэх урлагийн залгамж халааг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Багадаа би Үржнээ ахын хуруунуудыг хараад биширдэг байлаа. Мойнийсон тэр хуруунууд надад хамгийн сайхан хуруу мэт санагддаг байв. Зөвхөн тэр хуруунууд ч биш, ватум цаасан дээр зураас огт салгахгүйгээр татаж байгаа нь намайг бишрүүлдэг байсан. Ах маань надад маш үнэтэй зөвлөгөө өгнө. Бас мэдлэг, боловсрол, уран бүтээлдээ хандаж буй хандлага, уйгагүй хөдөлмөрч занг нь хүндэтгэн дурсахгүй байхын аргагүй. Хэдийгээр заримдаа орос, монголоор хольж ярин янз, янзын хэлээр дуулах ч Монголоо гэсэн эрхэм чанар харагддаг байлаа. Үржнээ ах шинэ жилээр монгол малгай, улаан дээл өмсөөд гэрт орж ирж бэлгээ өгөхөд би “Өвлийн өвгөн гэж байдаг юм байна” гэдэгт бүрэн итгэдэг байсан. Том болсон хойноо ч тэгж боддог байв.

-Таны ах ардчилсан хувьсгалыг уухайлан дэмжсэн уран бүтээлчдийн нэг. Ардчилсан хувьсгалын удирдагчид болон партизануудтай авахуулсан гэрэл зураг ч бий. Нийгмийн тэр өөрчлөлтийг зураач хүний хувьд юу гэж дүгнэдэг байсан бол?


-Би ахыгаа “Улаан хувьсгалч байсан” гэж хэлэхгүй. Тэр хүн зураач л байлаа. Тиймээс тухайн үед нийгэм ямар байсан, түүнийг бүтээлүүдээрээ мөнхжүүлсэн юм. Гэхдээ ах маань нам бус байв уу гэвэл, бас үгүй. Үржнээ ах Монголын үндэсний дэвшлийн намын анхны гишүүдийн нэг. Энэ намын гишүүний №3 дугаартай батлахтай байсан санагдана. Тэр ч атугай Үржнээ ах, Да.Ганболд, Д.Сүхбаатарын гуч хүү Д.Сүх-Эрдэнэ гурав ардчилсан хувьсгалын үеэр гурвуулаа монгол дээлтэй, монгол гэрт хөөрөг зөрүүлэн элдвийг хуучлахдаа оросоор ярьж байсан тухай хошин яриа байдаг юм. Ер нь түүх түүхээрээ л үлдэг. Харамсалтай нь манайхан тархи оюунаа гашилган байж үлдээсэн түүхийг үгүй болгоод байна. Ахын минь уран бүтээлүүд болох зураг, хөөмлүүдийг устгаж болохгүй. Учир нь энэ бол муу ч, сайн ч түүх. Миний хувьд, санахгүй ч байж болох. Үржнээ ах бидэнд хувьсгалын талаар ярьдаггүй байсан л даа. Харин дуу, хөгжим, зураг, ер нь урлагийн тухай л ярьдаг байсан. Үүнээс гадна ном их уншина. Шөнийн цагаар урландаа өнжинө. Ерөөс шөнө сууж ажиллах нь бидний хэв маяг юм уу даа. Би ч ялгаагүй, шөнө л зургаа зурдаг. Магадгүй, өдөр, шөнөгүй ажилласан нь ахын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байх. Өөрөө ч хэлдэг байсан. “Би их ядардаг” гэж. Гэхдээ ах маань дүрслэх урлагаас өөр зүйлийг сонгож, өөрөөр амьдарч чадаагүй.        

-Зайсан толгойн хөшөөт цогцолбор, хуучнаар Лениний музейн доторхи зураг, чимэглэлүүд гэхмэтчилэн дурдвал Я.Үржнээ гуайн бүтээсэн зүйлсийг мэдэхгүй хүн бараг үгүй. Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит сангийн тэргүүний хувьд та өвөө, ах хоёрынхоо дурсгалыг мөнхжүүлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Туяа эгч маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараахан би энэ ажлыг хүлээж авсан. “Анима” сургууль болон урлагийн салбарт тодорхой ажлуудыг чадах чинээгээрээ зохион байгуулж байна. Тухайлбал, Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит уралдаануудыг уламжлал болгон явуулдаг. Ирэх жил өвөөгийн маань мэндэлсний 110 жилийн ой тохионо. Тиймээс уран бүтээлийнх нь найман цомгийг шинэчилж гаргах бодолтой байгаа. Миний өвөө монгол зургийн аргаар бүтээлүүдээ туурвидаг байсан. Хувийн архивт нь 18-19 дүгээр зууны үеийн монгол зурагнууд ч байлаа. Өвөө маань бидэнд эх түүх, угсаатны зүйг сайтар судлахыг захидаг байв. Багадаа би түүнд “Өвгөн хуурч” их гоё зураг юм аа” гэж хэлэхэд “Миний хүү, монгол хүн ийм л байдаг юм” гэсэн удаатай. Зарим судлаач “Б.Ренчин гуай “Өвгөн хуурч”-ийг зурахыг Ү.Ядамсүрэнд зөвлөсөн гэнэ билээ” гэж бичдэг. Энэ нь тэдний таамаглал ч байж болох юм. Гэхдээ өвөө бидэнд лав тэгж хэлж байгаагүй.     

-Сургуулиа яагаад “Анима” гэж нэрлэсэн юм бэ. Индианчуудтай холбоотой үг мөн үү?


-Латин хэлнээс орчуулбал “Сүнс, сэтгэл” гэсэн үг л дээ. Үнэндээ манай сургууль сайхан сэтгэлийн сургууль болсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ихээхэн донсолгоонт замыг бид тууллаа. Харин яагаад тэсч үлдсэн бэ гэвэл, зүрх сэтгэлээ гээгээгүйд хамаг учир байгаа юм. Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” сургуулийн багш нар маань их сайхан сэтгэлтэй. Тэд шавь нарынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг. Учир нь манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд бий. “Анима” бол миний үйлийн үр. Энэ сургуульгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй.

-Өнгөрсөн онд та “Цөвүүн цаг 99” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон. Ойрын үед үзэсгэлэн гаргах уу?

-Би өөрийгөө олны өмнө байн байн гаргаад байх дургүй. Үзэсгэлэнгээ дөрвөн жилд нэг удаа л гаргадаг. Дараагийн дөрөв дэх жил нь миний 50 насны ойтой давхцаж байгаа. Тэр үед би Монголын алдагдаж буй уламжлалыг гүн ухааны бэлгэдэлтэй хослуулсан бүтээлүүд бүхий үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. 

 
-Ярилцсанд баярлалаа. Урлан бүтээх их үйлст тань амжилт хүсье!



С.Тулга

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ