Го.Бадарч: Би алдаагаа зөв гэхгүй. Би хүн юм чинь С.Баярцогт гишүүнээс уучлал гуйчихаж болно
2015 оны 3 сарын 23
Го.Бадарч: Би алдаагаа зөв гэхгүй. Би хүн юм чинь С.Баярцогт гишүүнээс уучлал гуйчихаж болно
 Го.Бадарч гэж энэ найруулагчийг манай уншигчид сайн мэднэ. Тэр хэт илэн далангүй зангаараа л энэ амьдралтай нанчилдаж яваа хүн. Түүний илэн далангүйн цаана гэнэн цайлган ч, гөжүүд адайр нь ч бий. Үлдсэнийг нь уншигч та өөрөө тэмтэр дээ. Ингээд сэтгүүлч Б.Ганчимэг найруулагч Го.Бадарчтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Хоёулаа нэлээн хэдэн жилийн өмнө ярилцаж байлаа. Тэр ярилцлагаа “Төгсөөгүй” гэж гарчиглаж байснаа санаж байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ.

 -Ёстой харвасан сум шиг өнгөрөх юм. Уулзаагүй удсан байна.

-Хоёулаа нэг тогооны улс, ярилцлагаа салбарынхаа асуудлаар эхлэе. Манай салбарыг амтай болгон л шүүмжилдэг боллоо. Цахим ертөнцөөс гадна ер хаа сайгүй л сэтгүүл зүй болохоо байлаа. Монголын бүх муухай зүйл ерөөсөө сэтгүүл зүйгээс болсон л гэх шинжтэй. Заримдаа эгдүү хүрч дотроо өмөөрөх, заримдаа үнэхээр ч манай салбарын нэр хүнд унаад байна уу даа гэсэн эмзэглэл төрөх. Танд ер нь юу мэдрэгдэж байх юм?

-Санал нэг байна. Яахав ээ, сэтгүүлчдийг муулж байна. Одоо чинь ер нь ярьдаг болгон улстөрч, дуулдаг болгон дуучин болчихсон шүү дээ. Ийм үед хүмүүс бүхий л юмыг хараар хардаг болчихдог юм байна. Миний бодлоор хорвоод хамгийн амархан юм бол хүүхэд хийх, хүний өө сэвийг шүүмжлэх хоёр. Хүнээс яриа авч үзээгүй байж телевиз, сонины ярилцлагыг үзэж, уншаад шүүмжлэх амархан л даа. Гэвч өнөөдөр сэтгүүлчид маань яг ямар байдалд амьдарч байна вэ гэж хэн харсан юм бэ. Бодит байдлыг сэтгүүлч бүсгүйн нөхөр мэднэ. Сэтгүүлч, уран бүтээлч нөхөртэй бүсгүй л мэднэ. Сэтгүүлч яаж шаналж, зовж хүнээ олж ярилцлага хийдэг, яаж ухаж гаргадаг. Хэлүүлье гэснээ гаргаж чадаагүй бол хэрхэн яаж зовж шаналдгийг уншигч, үзэгчид мэдэхгүй. Би шүүмжлэлийг шууд үгүйсгээд байгаа юм биш шүү. Алдаа мэдээж бидэнд бий. Гэхдээ л манай масс жижиг юмыг том болгож харахдаа сайн. Хүний хүсээгүйг олж харчихаад үнэн болгож, аягүй том дэвэргэж ярьдаг. Сэтгүүл зүйд алдаа бий. Алдаж байгаа сэтгүүлчид бий. Үгүйсгэхгүй. Гэхдээ ийм байдалд хүргэсэн нь хэн юм бэ. Энэ үе үеийн төр засаг. Энэ бохир улс төр шүү дээ.

-Саяхныг хүртэл хэвлэл мэдээллийн салбар төрийн мэдэлд л байсан. Үүнийг манайхан мартсан бололтой.

-Өнөөдөр хамгийн үнэтэй дамск, хамгийн нимгэн, үстэй, гүвдрүүтэй бэлгэвч ямар үнэтэй байгаа вэ. Хүн учраас тэр бүхнийг хэрэглэх эрх сэтгүүлчид бий. Хүн шиг халаасан дахь мөнгөөрөө гэртээ ханатлаа цувдай аваад очих цалингүй сэтгүүлчид хаалтын гэрээнд орж байгаа нь үнэн. Дахиад хэлчихье. Үе үеийн төр засаг өөрөө сэтгүүл зүйг ийм болгосон шүү.

-Мэдээж сэтгүүл зүй цав цагаан биш. Гэхдээ хамгийн бүтэхээ байчихсан салбар биш. Өнөөдрийн Монголд хамгийн дор орчихсон салбар олон бий шүү дээ.

-Санал нэг байна. Яг энэ өнцгөөс бол би өмөөрнө. Гэхдээ би яг мэргэжлийн сэтгүүлч биш шүү дээ. Ард түмэн намайг ад үзээд дээд боловсрол эзэмшүүлээгүй. Гэвч би дээд боловсролтой юм шиг хүнтэй ярьж суугаад эх орныхоо өнцөг булан бүрт хүрч чадаж байгаагаараа бахархдаг. Хүмүүс надтай ярих дуртай байдаг. Би өөрөө задгай ярьдаг хүмүүст дуртай. Үүгээрээ би сэтгүүл зүй өөрөө асар нарийн хүнд салбар гэдгийг л хэлэх гээд байна. Хүмүүс их амархан юм бодоод байдаг. Ялангуяа 1990-ээд оны, ардчилал гарч ирснээс хойш төрсөн хүүхдүүд. Өнөөдөр Д.Амбасэлмаа гуайгаар хичээл заалгачихаад сэтгүүлч болоогүй хүүхэд хэд байдаг гэж бодож байна вэ. Төрийн бодлого алдагдсан учраас өнөөдөр ийм олон чанаргүй сэтгүүлчид гарч ирээд байна. Хуучин энэ бүх юм чинь бодлоготой байсан юм, сонин, телевиз нь ч цөөн байж.

-Сургалт нь ч өөр байсан уу?

-Мэдээж. Одоо сургалт бол чанаргүй. 1967 оны конспектоор хичээл заахаар ямар сэтгүүлч гарах вэ. Хүрч ирээд сэтгүүлч гэдэг нэрнийхээ дор ажиллаж амьдарч чадахгүй байна шүү дээ. Ажилд орохоор ирсэн хүүхдүүдээс сонин юм сонсоно шүү дээ. Би тэгээд хэлдэг юм. Чиний элгэндээ тэвэрдэг хавтас, энгэртээ зүүдэг тэмдэг баталгаа биш шүү. Сургуульд дөрвөн жилийн хугацаанд зургаан сая төгрөг өгсний чинь л баталгаа. Наадахиа ээж, аавдаа аваачиж өг. Манай телевизэд чиний авьяас, чадвар л хэрэгтэй гэж хэлдэг. Одооны хүүхдүүд их сонин. Орж ирээд л шууд цалин ярьдаг. Бидний үед тийм байгаагүй. Телевизэд орох гэж би гурван сар гүйсэн.Телевиз өндөр босготой, өнөөдрийнх шиг байгаагүй юм.Таны хэлсэнчлэн сэтгүүл зүйд алдаа байгаа. Гэхдээ бүр уначихсан салбар биш. Монголын эрүүл мэндийн салбарыг хар, эмнэлгүүдийг хар. Сэтгүүл зүй эдэн шиг болчихсон байна уу, болоогүй. Нэг талаар сэтгүүлчдэд өөрсдөө шүүмжлүүлчихсэн хүмүүс муулаад, хар болгож яриад байгаа юм. Нөгөөтэйгүүр монголчууд овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг. Зарим нэгэн увайгүй сэтгүүлчид бидний дунд байхгүй биш байна.Тэдний уршгийг бүгдийнх болгож харах явдал ч бас бий. Нэг үхрийн эврийг цохиход мянган үхрийн эвэр доргидогтой адил.

-Таны амьдралынхаа алтан үеийг шингээсэн газар бол яах аргагүй Монголын үндэсний телевиз. МҮОНРТ-ийн талаар амтай болгон л ярьж байна. Өөрсдөө ч гадагшаа их ярих юм. Дарга нь ажлаас халахад гүйж гараад л ярилцлага өгөх юм. Улс төрд очоод ховлох юм. Уг нь яв гэвэл явж, ир гэвэл ирдэг л ертөнц шүү дээ. Зарим нь энэ телевизийг живж байгаа хөлөг онгоцтой ч зүйрлэх юм. Та олон жил дотор нь байсан хүн. Энэ байшингийн амьдралыг ер нь яаж хардаг вэ?

-Би их харамсдаг. Энэ нийгэм хүмүүсийг албан тушаал, авлигад шунамтгай болгочихож. Ц.Оюундарь сайн сэтгүүлч.
Муу гэхгүй. Гэхдээ сая Ц.Оюундарь сэтгэлийн дуудлагаар ирсэн үү гэвэл үгүй. Сэтгэлд нь сэтгэлийн дуудлага байсан бол яагаад ч анх явах учиргүй л байсан хүүхэд байхгүй юу.

-Намын дуудлагаар явчи­хаад, намын даалгавараар л ирж байна уу даа?

-Булзах аргагүй үнэн нь энэ. Хаашаа ч буцахгүй. Гэхдээ Ц.Оюундарь МҮОНРТ-ийг босгож чадна. Чадвар нь тэр хүнд байгаа. Ц.Оюундарьтай хамт миний хайрлаж, биширч шүтэж явдаг Сэмүүн Баяраа ирсэн гэж дуулсан.Сэмүүн Баяраа уран бүтээл талаас нь босгочихно. Ц.Оюундарь бодлого талаас нь бариад явбал болно гэж харж байгаа.

-Сэтгүүлч хүний амбиц дарга руу чиглэдэггүй. Гэхдээ манайхан тэр зүг рүү их алхах болж гэж хардаг.

 -Одооны залуус дарга болох хачин дуртай болчихожээ. Хэрэгт орвол ч орог. Би бодож явдгаа л хэлье. Төр өөрөө тэдэнд дарга болбол юм иддэг, орлого ашиг олдог гэж зааж өгөөд байна. Түүнээс биш сэтгүүлчид уран бүтээл хийе гэж асч шатаж явдаг болохоос уудлая, уутлая гэж шатдаггүй. Тэгж л байвал тэр хүмүүс өөрөө уран бүтээлчид биш. Би Ц.Оюундарийг хэлж байгаа юм биш. Дээрээс шидсэн дарга нар нь цаана нь байна. Телевизэд сэтгүүлч, хөтлөгч хийж, дээшээ доошоо явж байгаад эргээд телевизэд даргаар ирэхээр яах юм бэ. Дарга хийнэ гэдэг авьяастай хүний хийх ажил. Удирдах чадвартай байх хэрэгтэй. Түүнээс биш, хавийн амьтныг хар яр гээд өөрийнхөө хүссэнээр юмыг өөрчлөөд байж болохгүй. Би Доржзодовын Энхтуяад итгэл муутай байгаа. Энэ бол миний л бодол шүү. Уучлаарай, Д.Энхтуяад дарга хийх чадвар байхгүй.

-Явж явж телевиз чинь царайлаг, хөөрхөн хүүхнүүдийн зүтгэдэг газар болчихсон юм биш үү?

-Тийм л болчихоод байгаа юм. Америк, Герман, Оросын телевизийг хар. Хөгшчүүд аваад л яваад байна. Хөгшчүүд ч гэж дээ. Ид насныхан. Ухаан чадал жагссан үеийнхэн. Манайд хүмүүсээ яг ид үед нь тэтгэвэр гээд хөөгөөд гаргачихдаг.

-Гоё мөнгөн сортой, тулхтай, бөөн нэр хүндийн эзэн болсон улсууд л сууж байхаас манайх шиг 90х60х90-ийн харьцаатай моделиуд нэг их үзэгдэхгүй шүү.

-Улс төрийг нэг жоохон охин гарч ирээд ярихад хэнд ч хүрэхгүй. Жишээ нь ТV9-ийн “Анализ” гээд нэг хөтөлбөр байх юм. Нэг л биш ээ. Гэтэл олон улсын тоймч Ш.Гантулга ярихаар арай өөр байгаа биз. Зовлонтой юм бол түүнд бий. Шүлсээ татаж исгэрч ярьдаг. Хувь хүний рефлексийг засъя гээд ч засч болохгүй л дээ. Телевиз бол нийлмэл урлаг. Би хичээл заагаад байгаа юм биш.Телевиз бол багийн ажил. Энэ их ажлыг найруулагч удирдаж авч явдаг юм. Сонинд эрхлэгч, телевизэд найруулагч хаан байдаг. Найруулагч ажиллахгүй байна. Өнөөдөр Монголд найруулагч туйлын цөөхөн болчихсон.

-Эцсийн эцэст найруулагч хэнээр уншуулах, ямар сэтгүүлчээр сурвалжлуулах, ямар зураглаач явуулахаа шийддэг биз дээ?

-Тийм байсан. Би телевизэд ажиллаж байхдаа яагаад Ёолкоор цөөхөн уншуулдаг, Нарантуяа, Чимгээ, Бямбаагаар уншуулдаг байсан бэ гэвэл тэдний хоолой тэр нэвтрүүлгийг уншихад таардаг учраас. Мундагт нь биш шүү. Манай Гүрээд уянгын юм туйлын таалагддаг. Дүрсийг нь харуулаад л ямар ч текстгүй байхад өөрөө уншчихдаг. Ингээд бодохоор манай Монголд бас нэг том алдаа байна. Хөгшчүүдийгээ ад үзээд байдаг юм. Акулууд мундаг шүү дээ. Акулуудаас л юм сурч авна. Харин энэ Монгол HD телевиз дориун бодлогоор яваад байна. Өндөр цалин амлаад манай Чимгээг авсан байна лээ. Зөв байхгүй юу. Ер нь бол телевизийн нэвтрүүлгийн халуун гол тогооны ахлах тогооч нь найруулагч байдаг юм. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр би дэлгэцээр гараад л байгаа. Долоо хоногийн дөрөвт нь би гарч байна, сүүлдээ ичиж байна. Нэг дэх өдөр “Илэн далангүй яриа”, хоёр, гурав, дөрөв дэх өдөр “Ярилцах танхим”. Арай хэтэрхий ажиллаж байна шүү дээ.

-Боловсон хүчний гачаалд орчихоод байна даа?

-Тэгсэн. Нөгөөтэйгүүр таны хэлсэн үнэн. 90:60:90 гэдэг шалгууртай болсон, телевизүүд. Хүний бэлдээд өгсөн юмыг уншдаг хөтлөгч байж болно. Нэг талаар нэвтрүүлгээ худалдах арга л даа. Тэр сайхан охин, тэр гоё хүүхнийг харах гэж үзэгч хүлээдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ арын нэвтрүүлэг нь тэр өндөр гоё хүүхэн шигээ сайн байх ёстой шүү дээ.

-Уран бүтээлийн том байгууллагыг уран бүтээлийн жаргал зовлон мэдэхгүй хэдэн хүн удирдаад суучих юм. Том эрх мэдэл нь тэр “үндэсний зөвлөл”-д байх шиг байгаа юм?

-Миний хувьд анхных нь зөвлөлийг мэднэ. Манай дарга, олны дунд “уруул” гэж алдаршсан Баасанжавын Ганболд байсан юм. Б.Ганболд дарга байхад би анхных нь зөвлөлийн хурлыг тараагаад хаячихсан хүн л дээ. Зөвлөл байгуулагдтал Г.Пүрэвбат лам, бас нэг хүүхэн ирлээ. Тэр хүүхэн нь итали гутлын дэлгүүрийн захирал. Тэгээд би, Г.Пүрэвбат лам бунхан нураахыг заах уу, бурхан бүтээхийг заах уу.Энэ хүн зөвлөлд ямар хэрэгтэй юм бэ. Бас энэ хүүхний зардаг гутлыг манай уран бүтээлчид өмсөх гэж байгаа юм уу, өөрөөр ямар хэрэгтэй юм гээд хэлчихсэн. Муу хүн, муухай юм яриад хурлыг ингээд тараачихсан юм даг. Удаа ч үгүй телевизээс гарсан даа.

-Сая та Н.Наранбаатарыг огцруулдаг зөвлөлийн хурлыг харав уу?

-Харсан. Манайхан эрх мэдэл гэдэг юмыг жинхэнэ утгаар нь буруу ашигладгийн бас нэг жишээ. Нэгдүгээр сарын 02 амралтын өдөр байсан. Амралтын өдөр хурал хийгээд л, амралтын өдөр он сар тавиад өргөдөл өгдөг нь ч Н.Наранбаатарын буруу. Орчин үеэр дунд хуруу, дээхэн үед оросууд салаавч өгдөг шиг хуралд орохгүй байж болох л байсан байхгүй. Би Со (Б.Сосорбарам) гавьяатыг таньж, мэддэг гээд долгинож байгаа юм биш. Зөвлөлийн хурал дээр шатаж хашгирсан нь тэр хүний буруу биш. Гагцхүү ойлголцол гэдэг юм байдгийг мартаад бид алдаад байх юм.

-Аль ч байгууллагад хэрүүл маргаан байж л байдаг. Тэрийг олон нийтэд цацсаныг л таашаахгүй байгаа юм?

-Цацъя гэж цацсан байлгүй дээ. Өрсөлдөгч нарынхаа алдааг харуулах гэж.

-Танаас архитай холбоотой юм асуух гэсэн юм. Уран бүтээлчид хөөрүү, дэврүүн улс. Хааяа нэг хөөрч дэврэх цаг хэн хэнд маань л ирдэг. Ингэхэд радио телеивиз маань тийм айхтар архины үүр болчихсон юм уу. Таныг ажиллаж байхад ямар байсан бэ?

-Намайг байхад ч архины асуудал байсан. Хаашаа ч нууж болохгүй явдал л даа. Пальтог нь архинд угаачихсан юм шиг улсууд ч байсныг үгүйсгэхгүй. Харин манай Б.Ганболд дарга очоод ёстой үгүй хийсэн. Надаас хойш яасныг би мэдэхгүй.

-Архи уусан хүнийг гавла гэж Б.Ганболд дарга хэлсэн гэж ярихыг сонссон юм байна.Мөн ч харгис хэрэг шүү?

-Энэ урлагт чинь харгислал, диктатур байж хөгждөг юм. Хагас цэргийн зохион байгуулалттай. Гэтэл дээдчүүд нь уугаад байхад доодчууд нь ууж болохгүй гэж болохгүй л дээ. Дээрээ хувааж идэж уугаад байгаагүй бол ийм алдаа гараа ч уу, үгүй ч үү. УИХ-ын дарга хүртэл ярихыг бодоход байдал хүндэрсэн юм байна л даа. Та бид хоёрын дээр үеийн тэр ярилцлага дээр хүртэл байгаа шүү дээ. Нөгөө алдарт “Алмас”-ыг гавлачихсан байсан. Та өөрөө нүдээрээ харсан ш дээ. Манай Б.Ганболд захирал телевизийн архидалттай ширүүн тэмцсэн.

-Тэр том сэтгүүлчийг тэгээд гайхчихсан зогсож байхыг харах сонин байж билээ?

-Манайд дарга дагаж далдаганасан, нам дагаж навсганасан улсууд томроод байдаг болчихсон. Түүнээс биш бичсэн юмаа хэд дахиж уншаад, засаад бэргэж байж найруулагчид үзүүлдэг байсан. Одоо бичих биш шиддэг болчихоод байна. Дээр үед энэ муу хэдэн хурууг хонхойтол сууж бичдэг байж дээ. Тэгээд л уруулаад буцна.

-Та нарын үед хөдөө их явдаг байсан. Харин одоо танил талгүй, дорой нь хөдөө хөөгддөг. Танил талтай нь ордонд л сурвалжилдаг болсон юм шиг харагддаг. Та П.Алтанцэцэг шиг тексттэй сэтгүүлч байхгүй гэж хэлж байж билээ.

-Саяхан би нэг сайхан нэвтрүүлэг үзлээ. Найруулагч нь С.Эрдэнэбилэг, текстийг нь ахиад л П.Алтай бичсэн байсан. Монтажны жаахан алдаа байсан л даа. Гэхдээ юм хийж байгаа хүнд алдаа гаралгүй яахав. Ялангуяа үндэсний телевиз цагт шахагдана шүү дээ. Бас Ш.Гүрбазарын тухай нэвтрүүлэг их сайн болсон байсан. Текстийг нь бас л П.Алтанцэцэг бичсэн байна лээ. Одоо Амбалааг залгамжилж байгаа нь ганц П.Алтанцэцэг. Хуучин Золоо бид хоёр хөдөө явах гээд л мөнгө машин нь олдоггүй, бүгдээрээ тэгж булаацалдаж ажил хийдэг байсан юм. Би сая телевизийн 47 жилийн ойн нэвтрүүлэгт оролцож байтал нэг жаахан банди намайг дайрчих гээд шүргэн алдаад гүйгээд байх юм. Би ямар муухай ааштай билээ дээ. Барьж аваад таньж байна уу намайг гэсэн үгүй гэж байна. Хулгайчийг чирч студиэс гаргаж ирээд.Тэр коридорт нь миний нэг муу зураг байдаг юм. Харж байна уу гэсэн харж байна гэж байна. Унш даа л гэлээ. Го Пи Мин овогтой Бадарч Соёлын гавьяат зүтгэлтэн гэж байна гэхээр нь одоо мэдэв үү гэсэн мэдлээ л гэж байна. Нэг амбаардаж өгөөд явуулсан. Үнэхээр даруулгагүй болчихсон. Би чинь өөрөө өөр орчинд бойжсон хүн. Одоо ч телевизэд таних хүн цөөн болсон байна лээ, дандаа залуучууд.

-Театр, телевиз хоёрт найруулагч хаан байдаг. Харин одоо телевизэд хаан байхаасаа өнгөрсөн шиг байгаа юм?

-Найруулагчийг тоохоо байчихсан байхгүй юу, телевизэд. Бод доо, найруулагч Б.Ганчимэгийг хараад, дэлгэцийн зүүн буланд барья. Баруун буланд нь “Оpen door” гэдгийг тавьчихья гэнэ. Дүрсийн илэрхийлэл гэдэг чинь энэ. “Open door”-ийн эрхлэгч нь гэдгийг яриад эхлэхээр үзэгч мэднэ шүү дээ. Өнөөдөр Драмын театрт Н.Сувд гуай, Ч.Найдандорж, Б.Баатар, Н.Наранбаатар, Ч.Түвшин гээд хэдэн сайн найруулагч байгаа учраас драмын урлаг сайн байна. Харин телевизийн тоо нь ихэдчихээд чанар нь муудчихсан. Хуучин бид ганцхан ОРТ телевизийг үздэг байлаа. Сүүлдээ үндэсний телевиз үздэг боллоо. Одоо 60-70 телевиз гарч байна. Мэдээг нь үз. Го.Бадарч үхлээ. Бүх телевизээр Го.Бадарч үхлээ л гэнэ. Яагаад мэдээг өөр өнцгөөс харж, хийж болдоггүй юм бэ. -Ядахдаа доторхи хэл нь арай өөр байж болмоор.

-Тэгээд интернэтээс мэдээ авч тавиад байх юм. Ямар ажил гэх вэ дээ. Олон хүн үздэг гээд “Монгол коммент”-ийг сайхан нэвтрүүлэг гээд бүр “Алтан шонхор” хүртэл хүртээчихсэн байна лээ.

-Тэгсэн үү?

-Тэгсэн ш дээ. Нэг их хэлэмгий нөхөр л тэнд сууж байдаг. Би үнэхээр их харамсдаг. Та ойлгооч, телевизийн урлаг унаж байгаа. Гайгүй мэддэг чаддагийг нь улс төр аваад явчихдаг. Манай Ц.Оюундарь муу хүн биш. Хүн нь ч, мэдлэг мэргэжил, ур чадвар нь ч сайн. Овоо юм хийж байтал нам аваад л явсан.

-Би Монгол телевизэд ярилцлаганд орж байсан. Найруулагчийн роль үнэхээр байдаггүй юм байна лээ?

-Таны оролцсон нэвтрүүлгийг үзсэн. Жишээ нь, сайн найруулагч бол Ш.Гүрбазарын цамцны дээрээсээ дөрөв дэх товч тайлагдсан байна. Товчлоод өг гээд зогсооно. Гурван камер байгаа ш дээ. Найруулагч дөрөв таван монётор харж шаналдаг. Түүнээс биш Ш.Гүрбазар, Б.Ганчимэг хоёрт найруулагч юу заах вэ дээ. Харах юмаа харж, үүргээ биелүүлэх л ёстой. Яаж баяжуулахаа л бодсон байх ёстой шүү дээ.

-Ингэхэд МҮОНТ-ийн зураглаачдын ур чадвар хэр вэ?

-Одоо юу болсныг мэдэхгүй. Миний үед гайгүй л байсан.

-Ингэхэд таны шавь хэн байна вэ?

-Хамгийн сүүлд Эрдэнэчулуун гээд нэг хүүхэд үлдсэн дээ. Одоо тэр маань над шиг хүн загнадаг болсон уу, яасан мэдэхгүй. Анх над дээр туслахаар ирээд би ассент найруулагч болгож өгөөд л явсан. 2009 оноос хойш тэдэнтэй зууралдахгүй байгаа. Хүн намайг тоохгүй байхад би очоод яахав дээ. Угаасаа би цагаан гэх юм уу нэг тийм хүн л дээ. Хүнд гомдохоороо хэлээд гомдлоо тайлчихдаг. Намайг урьдаггүй энэ тэр гэж баахан чалчиж чалчсан чинь намайг 47 жилийн ойн нэвтрүүлэгтээ урьсан. Ярьсан хэлснээс маань их л танасан байна лээ.

-Сургуулийн хаалгыг аяархан хаагаад гарлаа гэдэг шиг та телевизийн хаалгыг аяархан хаагаад гарсан. Одоо бол арилжааны олон теливизтэй болж. Та нэг хоёрт нь хүч хөдөлмөрөө шингээлээ. “Одон” телевизийн нэрийн хуудас гэж таныг харж байсан. Арилжааны телевизүүдэд болж байгаа юм бас болохгүй байгаа юм юу байна вэ?

- Би ТМ-д танайд ажиллая гэж гуйгаад очсон. Захирал нь гайхаад байхаар нь “би нээрээ танайд ажиллая” гэсэн. Би тэднийхийг үнэн босгосон. “Одон” телевиз бол Кёкүшюзан Батбаяр, гавьяат Т.Баясгалан хоёрынх. Би бүх хүчээ өгсөн. Кёкүшюзан Баясгалан хоёр намайг одоо ингээд өмнө чинь зүүн талаа чирээд ч болов ирж байгаад хувь нэмрээ оруулсан. Тэнд би өвдөөд тэд тусалсан. Хүнийхээ хувьд муугүй залуус. Би ч сэтгэлээсээ ажилласан. Өөрсдөө мэдэж байгаа. Би Монголын үндэсний олон нийтийн телевизээс их юм сурсандаа баярладаг. Би миний тархинд үлдсэн хөрөнгөөр бахархдаг. Шуудхан хэлэхэд телевизэд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна. Харин сүүлийн үед зарим телевиз их зөв ажиллаж байна. Акулуудыг ажиллуулж байна. Чадахгүй долоон хүнд тав таван зуун мянган төгрөг өгч гурван сая 500 мянгыг гарзадсан нь дээр үү. Ганц чаддаг хүн авчраад дөрвөн сэтгүүлч бэлдсэн нь дээр үү гэдгийг одооны залуус ойлгож эхэлж байх шиг байна.

-Та улс төр, баримтат кино, хөрөг гээд олон төрөл рүү хувирч ажилласан. Ер нь энэ спорт урлаг, аналитик нэвтрүүлгүүдээс хамгийн их хүч шавхдаг нь аль төрөл вэ?

-Баримтат уран сайхны нэвтрүүлэг. Б.Ганчимэг сэтгүүлчийг заавал сониныг нь үзүүлээд, сонин дээр бичсэн нийтлэлээр нь дүрсжүүлэх шаардлага байхгүй. Сэтгэх хэрэгтэй. Энэ хүний дотор ямар эмэгтэй байдгийг нь нээх ёстой. Гэр орондоо байж байхдаа ямар юм. Хүмүүстэй уулзаж байхдаа ямархуу арга барилтай хүн юм гээд, эх хүнийхээ хувьд хэн юм гээд олон талд судалгаагаар баяжуулж, гол нь сэтгэж хийх ёстой байхгүй юу. Сэтгэлгээний урлаг. Одоо энэ ажиллагаанууд байхгүй болсон. Урсгаад л, хүч гаргаагүй хулхи нэвтрүүлгийн оронцогнуудаар дэлгэц дүүрч байна.

-Хэвлэл мэдээллийн салбар төрийн мэдлээс гарчихсан. Нэгэнт төрийн мэдлээс гарчихсан байгууллага юм чинь өөрөө өөрсдийгөө шилгээж, цэвэрлэж, цэгцэлж авах нь бидний үүрэг байх. Ажаад байхад манай салбарт ямар ч дарга сонгон шалгаруулалтгүй тавигддаг болчихлоо. Таны хэлдгээр улс төрийн гар орж ирээд л шийдэж байдаг хэвээрээ байна.

-Үнэн. Юу үнэн, энэ үнэн. Манайхан маш хайнга, хэнэггүй ч улс юм.

-Удахгүй манай сэтгүүлч­дийн том хурал болж удирдлагаа солих гэнэ. Сахилга батгүй, зарчимгүй болоод байгаа үед сэтгүүл зүйн байгууллагын маань толгой аятайхан хүн байгаасай гэж бодох юм. Яагаад дандаа хор найруулга, холион хутгаанаар манай дарга нар сонгогддог юм бол?

-Яагаад яагаад гэдгийн хариулт надад ганцхан үг л байна. Буруу өсчихсөн хүүхэд хэзээ ч ээж, аавыгаа амар тайван байлгадаггүй. Бас бяруу болоогүй байж бух болно ч гэж ярьдаг. Манайд буруу ардчилал хөгжчихсөн. Ардчиллын үнэ цэн чинь энэ биш. Хариуцлага шүү дээ. Бид чинь ардчилал гэдэг юмыг мэдэхгүй байж байгаад ардчилалд орчихсон. Явж явж хэсэг бүлэг хүмүүсийн өмч болчихлоо, өнөөх ардчилал нь. Тэр хүмүүстэй найз нөхөд л бол хэн ч дарга болж болно. Аав нь мундаг сэтгүүлч, ээж нь мундаг байсан байж болно. Үг байдаг даа. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднээ гэж. Одоо арав худалддаг болсон шүү дээ. Тухайн хүн сайн, мундаг чадалтай байж болно. Хамгийн гол нь тэр хүний нөхөр дарга болох ёсгүй л байхгүй юу. Ялангуяа улс төрд оролцож, нам дагаж навсганаж явдаг хулгайчууд дарга болохоороо намын талд л үйлчилдэг юм шүү дээ. Та энэ хулгайчууд гэдэг үгийг битгий хасаарай. Өөрөөр хэлэх үг олдохгүй байна. Хуйвалдаж дарга болж аваад л улс төртэй наймаа хийж давхидаг. Сэтгүүл зүйг зарж иддэг. Муу хэлэгдэж, хараалгадаг нь өнөө сэтгүүлчид болж үлддэг.

-Та ер нь сэтгүүлчдийн их хуралд сууж үзсэн үү?

-Үгүй чиш. Би ахиад нэг юм хэлье. Дарга сонгох гэдэг дарга нарын л ажил болсон шүү дээ. Дарга дагаж далдагнадаг, нам дагаж навсганадаг хулгайчууд л дарга болдог болсон цаг. Үгүй дээ гэхэд мөрийн хөтөлбөр дотроо “Би, Дэнжийн мянгын гэр хорооолод амьдардаг хоёр бүсгүйг байртай болгож өгнө” гээд тусгачихсан байхад болж байна. Манай сэтгүүлчдийн нийгмийн асуудал ямар байгаа билээ дээ. Тийм ч юм байхгүй. Нэг нь яваад, нөгөө нь болж л гэдэг. Тайлангаа ч тавихгүй.

-Хэцүү шийдэх асуудал байх юм. Хамгийн наад зах нь эрүү үүссэн сэтгүүлчид байна. Би ч бас байцаагдаад л байж байгаа. Харамсалтай нь манай сэтгүүлчдийн холбоо сэтгүүлчдийнхээ төлөө явдаггүй. Ийм болохоор нь энэ холбооноос гардаг ч юм билүү гэж бодох юм.

-Таныг би гар гэж хэлэх гэж байна. Танд хэрэггүй шүү дээ. Тийм газар данстай яваад яах юм. Уншигчид чинь байна. Та бичиж байна. Гүйцээ.

-“Хар цагаан” гэж таны нэрийн хуудас болсон заазуур шиг нэвтрүүлэг байсан. Одоо хийхэд хэцүү болоод байна уу?

-Ах чинь болж өгвөл чам шиг цагдаа, тагнуулд дуудагдчихгүй явах юмсан л гэж бодож байна. Би үр хүүхдээ бодож байна. Би шударга байж үзсээн, үзсэн. Архины тухай нэвтүүлэг 36 цувралыг Г.Золжаргал бид хоёр хийсэн. Ямар амжилтад хүрсэн бэ. Ямар ч амжилтад хүрээгүй. Архидалт хэвээрээ, архины үйлдвэрийн эзэд улам гаараад байж л байна.

-Долоон сарын нэгний цувралаас хойш үзэгчдийг огшоосон “Хар цагаан” жаахан суув уу даа гэж би хардаг.

-Үнээн үнэн.

 -Гэхдээ цаг зуурын улс төрийн дарамт байхаас таныг мохооно гэдэг хэцүү шүү дээ.

-Гэхдээ яахав ээ, хийгээд л явж байна.

-Ингэхэд телевизэд насаараа зүтгэсэн улс чинь ядаж нэг студитэй тэтгэвэрт гардаг юм байна. Та юутай гарав?

 -Би юу ч үгүй гарсан. Студитэй болъё ч гэж мэрийгээгүй. Тэгээд л нэг юм хийчихээд телевизүүдийг цацаад өгөөч гэж царайчилж явж би чадахгүй. Тэгснээс мөрөөрөө явсан нь дээр. Сая би бас нэг айхтар хүнтэй хамт ажиллалаа. Тэр сошиал ертөнц гэдэг юмаар Л.Мөнхбаясгалан бид хоёрыг баахан л бичсэн юм гэсэн. Би тоох ч үгүй. Л.Мөнхбаясгалан ажилдаа маш айхтар ханддаг. Хатуу ч хүн биш. Маш зөөлөн хүн. Би зарим чанаруудыг нь үнэхээр хүндэтгэсэн шүү.

-Сонины хүн өөр л дөө.

-Их өөр.

-“100 чухал сэдэв” гэж Херо интертайментийн хийж байгаа нэг төслийг тойрсон яриа их байх юм. Та төмөр замын сэдвээр хийсэн нэг нэвтрүүлэгт нь оролцсон байсан. Үнэнийг хэлэхэд би таныг дэмий юманд оролцлоо доо гэж харсан. Сэдэв нь таны сонирхлыг татсан юм уу?

-Миний орсон нь сэдвэндээ ч бас биш юм аа. Манай уран бүтээлчид их ойворгон хөөрүү улс шүү дээ. Л.Баатар намайг таниас өөр хүн чадахгүй гээд байхаар нь нээрээ л тийм юм байх гээд орчихгүй юу. Тэгээд нэвтрүүлэг хийгдээд 70 хувьд очиж байхад л би мэдэрсэн. Өөрийнхөө сэтгэлийнхээ угаас дараа нь би Л.Баатарт хуурай агсам тавьсан. Намайг уудаггүйг чи мэднэ дээ.Л.Баатараа чи очиж очиж надаар энийг хийлгээд байхдаа яахав дээ гэж. Мань хүн зүгээр зүгээр л гэсэн. Миний зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг өнөөдрийн Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шууд хэлсэн. Хэний бодлогыг хэнээр сурталчлуулаад байгаа юм бэ гэж. Би шууд өөр дээрээ татаж намайг хэлж байна гэж ойлгосон. Аргагүй хэлэх ёстой. Би Ерөнхийлөгчид гомдоогүй. Би энэ нэвтрүүлэгт оролцож байхдаа нэвтрүүлэг 70 хувь дээрээ явж байхад ойлгосон гэж хэлсэн. Тэгээд яахав дээ, сүүлийн 30 хувьд нь гэдэн хөдлөөд, би угаасаа зөрүүд хүн л дээ. Нэгэнт гараа дүрчихсэн юм чинь нэг мөр тохойгоо дүрчихье гээд л дуусгасан.

-Хэлсэн зүйлсийнхээ хувьд танд дотоод эргэлзээ байна уу. Нэлээд хэдэн хүнийг нэр зааж хэлсэн шүү дээ. Таньж мэддэг хүн бий юу, тэр дотор. Таны сэтгэл одоо өвддөг үү?

 -Байлгүй яадаг юм бэ. Ойворгон байх ямар хэцүү байдаг юм бэ л гэж хэлье. Тэр нэвтрүүлэг зургаан сарын 20-нд гарчихдаг юм. Наадам өнгөрөөд найман сарын дундуур ордны баруун урд буланд Ч.Сайханбилэгтай тааралдахгүй юу. Тэгсэн Ч.Сайханбилэг Баагий ах юу байна гэж байна. Юмгүй л гэсэн. Та манай С.Баярцогтыг яаж байгаа юм бэ гэсэн. Уг нь ухаантай боловсролтой хүн бол уучлаарай гэх байсан. Би тэгээгүй, өөрийгөө зөвтгөөд зөндөө ярьсан. Би тэр нэвтрүүлгийн урд Х.Баттулга гишүүнээс уучлалт гуйж байгаа биз дээ. Хүн алддаг юм. Би алдаагаа зөв гэхгүй. Би хүн юм чинь С.Баярцогт гишүүнээс уучлал гуйчихаж болно. Би дахиж энэ сэдвийг хөндөж яримааргүй байна. Энэ сэтгэл дотроо би өөрөө асар их эмзэглэж яваа шүү дээ. Миний хүү, миний охиныг хүн тэгэх юм бол ямар санагдах юм бэ. Хүн алдаагаа их л орой ухаардаг юм байна лээ. Гэхдээ хийчихсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Намайг хутга тулгаад дарамтлаад хэлүүлчихсэн биш.

-Хүмүүс их мөнгө аваад ярьчихлаа гэж яриад байсан. Би бол тэр нэвтрүүлэгт орлоо гэж хэн ч хэзээ ч мөнгө төлөхгүй гэдгийг маш сайн мэдэж байна. Ямар ч мөнгө байхгүй л дээ.

-Өгөөгүй. Ямар ч мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Одоо үг олдож байх шиг байна. Би нэг л үг хэлье. Миний ярьсныг битгий нэмээрэй, бас битгий хасаарай. Би хэлсэн үгнээсээ буцахгүй. Ганц хүсэх юм байна. Намайг амьдад минь С.Баярцогттой нэг уулзуулчих. Би С.Баярцогтын өмнө сөгдөхгүй. Гэхдээ хүнийхээ хувьд 70 шахаж яваа өвгөн би, тэр ирээдүй нь гэрэлтэж байгаа залуутай ингэж явах ямар шаардлага байгаа юм бэ. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр. Тэгээд өнөөдөр яасан юм бэ. Өнөөдөр нарийн цариг тавьж л орхисон шүү дээ. Шийдвэр нь гарчихсан биз дээ.

- Таны хийсэн нэг кино концерт сэтгэлд явдаг юм. Блюз дуучны концерт. Тэрний тэр доторх л сонгосон дүр, зураг авсан орчин, сонгосон дуунууд үнэхээр гоё. Бид нарын багад Оросын том дуучдын кино концерт гэж их гардаг байсан. Тэрийг л санагдуулсан даа. Хийцийн хувьд өө байхгүй. Та одоо тийм юмнуудаа хийгээч. Сая А.Загдсүрэн гуайн тухай баримтат хөрөг нэвтрүүлэг гарлаа. Үнэхээр тэр залуус сайн хийжээ. Баримтат киноны, хөрөг нэвтрүүлгийн урлаг ерөнхийдөө багануудгүй болоод иржээ. Тэгэхээр та тэр Х.Уртнасан гуайн тухай, Сараа, Ариунаагийн, Харангын Лхагваа зэрэг хүмүүсийнхийг хийгээч. Б.Мягмарсүрэн бол блюзээр гаажтай дуучин. Та түүнийг бол сайн хийсэн.

-Таны яриад байгаа чинь “Буйдхан газрын блюз джаз” гэдэг кино концерт л доо. Хүнд чинь нэг бяр амтагдах үе байдаг юм. Би Б.Ганчимэгийн тухай хийж чадна даа гэсэн л хүнээ би барьж авдаг. Би “Төгсөөгүй...” гэж нэвтрүүлэг хийсэн. Таны надтэй хийсэн ярилцлагаа нэрлэсэн нэрийг би ямар ч зөвшөөрөлгүйгээр өөрөө авчихсан юм. Яагаад гэвэл Б.Ганчимэгийн гаргаад байгаа санаа энгийн хүн уншихад яриа төгсөөгүй гэсэн санаа байгаа мөртлөө уран бүтээл төгсдөггүй юмаа гэсэн санаа. Тэрийг мэдрээд би тэр гарчгийг чинь шууд аваад “Төгсөөгүй...” гэж нэвтрүүлэг хийж байгаа. Энэ нэвтрүүлгийг 9 жил хийж байна. 30 минутын нэвтрүүлэг. Би сая хийлч Дэлгэрцэцэгийн тухай хийсэн. Саяын таны нэр дурдсан улсаас миний сонирхож явдаг хүн Харангын Лхагваа байна. Яагаад Лхагва хар нүдний шилтэйгээ тамхиа татангаа надтай дууны тухай ярьж брлохгүй гэж. Та сайхан санаа өглөө. За, ингээд өндөрлөе. “Нээлттэй хаалга”-аар орж ирэх боломж олгосонд баярлалаа. Хүн эрүүл байвал юунд ч хүрнэ, биеэ сайн бодоорой. Нөгөөтэйгүүр энэ заваан улс төртэй битгий хутгалдаарай. Би бол хол. Ярилцлага хийж байгаа хүмүүстээ ч хэлдэг. Улс төр ярихгүй шүү гэж. Тэгээд ярьж байгаад л халтираад орчихдог юм. Уран бүтээлийн гэрэл гэгээтэй сэдвээр бид хоёр яриагаа дуусгаж байгаа нь надад сайхан байна. Би хийвэл нээрээ л том уран бүтээлчдийг л барьж авна. Түүнээс би гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гэдэг хямдхан урлаг ярихгүй. Намсрайноров микро автобусан дотор богино өмдтэй л явж байдаг юм уу. Тэгээд л хүүхэн бүхэн гэзгээ барьчихаад сэрлийг нь хөдөлгөөд байдаг хэрэг үү. Нээрээ дэндүү гажиг дуунууд хийх юм аа.

-Та битгий инээд хүргээд бай л даа.

-Үнэн шүү дээ. Би итгэлийг чинь эвдэхгүй ээ, Ганчимэг сэтгүүлч ээ. Хийх гэсэн юм их бий. Х.Уртнасан гуай бол надад ахдаж байна. Манай дуурь уначихсан шүү дээ. Ядаж энэ СУИС-ийг төгсөж байгаа сайн дурын уран сайханчдыг багасгаасай. Дуурьт очоод дуулах чадалтай хоолойтой дуучин цөөн гарч байна шүү дээ. Ингээд л амнаасаа болдог хүн шүү. За, “Open door” сониныхонд амжилт хүсье. Намайг урьсанд баярлалаа.

-Танд ч амжилт, сайн сайхныг хүсье.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ