АН-ын фракцуудын дараалал
2012 оны 6 сарын 5
Энэ зууны эхэн үеийн хамгийн эмзэг шүүмжлэл МАН шинэчлэгдэх үү, үгүй юу гэсэн халуун сэдвийн дор өрнөснийг бид мэднэ. Тухайн үед Ө.Энх­­түвшингээр ахлуулсан “Уламжлал шинэчлэл-Ард­чилал шударга ёс” жигүүр байгуулагдан, “МАН өдөллөө, жигүүрлэлээ” гэсэн агуулгатай нийтлэл болон мэдээлэл өдөр тутмын сонины “дуусдаггүй яриа” болон өрнөж байв.

Улс тө­рийн анхны хүчин болон бай­гуулагдаж, бүтэн зууны турш гэж хэлэхэд ч болох хугацаагаар төр барьсан энэ намд итгэдгийнхээ хэрээр ард түмэн МАН шинэчлэгдэх нь улс орны хувь заяаны асуудал гэдгийг олж харсан хэрэг. Тиймээс ч МАН-ын шинэчлэл зөвхөн энэ намд хамаатай төдий­гүй, улс орны асуудал болон хүрээгээ тэлсэн гэж хэлж болно. Хэдэн аравны турш унаж босон, уруудаж өгссөн замыг ард түмэнтэйгээ хамт туулсан МАН энэ намыг үүсгэн байгуулсан Д.Бодоо, С.Данзан нарын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх чиг шугамыг ямарч хүнд нөхцөлд, гадны ямарч томоохон дарамтын дор мөрдсөөр ирсэн нь гайхамшиг байсан гэдгийг онцлох нь зөв болов уу.

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг цаг үеийн зүй ёсны үзэгдэл хэмээн хүлээн зөвшөөрч, ардчилалд тэмүүлсэн залуусын хүсэл зорилгыг ойлгон буулт хийснээрээ улс төрийн том шийдвэр гаргасан МАН-ын өмнө шинэчлэл хэмээх шинэ босго тулж ирсэн нь энэ юм.

Ийнхүү МАН-д шинэчлэл эхлэв. Үзэл бодлын, агуулгын, цаг үеийн шинэчлэл чимээгүйхэн бас даруухан өрнөсөн. Дахин нэгэн арван буюу нэгэн үе өнгөрөхөд МАН улс төрийн хүчний хувьд хэрхэн шинэчлэгдсэнээ 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ жагсаалтаар дэлгэн харууллаа. Чухам анхны нэрээ сэргээж, үзэл бодлоо шинэчлэх их ажлын ард гарсныхаа дараа Ө.Энхтүвшин “Жигүүр үүргээ гүйцэтгэлээ” гэж тодхон зарласан нь учиртай. Үнэнийг хэлэхэд 10 гаруй жил үргэлжилсэн шинэчлэлийн үр дүнг өнөөдөр бид харж байна. МАН-ын нэр дэвшигчдийн дунд эрч хүчтэй, өндөр боловсролтой залуучууд 20.3 хувийг эзлэн орж иржээ.

Тодруулбал 35 хүртэлх насны залуу нэр дэвшигч зургаа, 36-40 насныхан 17 байгаа юм. Бас нэг онцлох мэдээ гэвэл улс төрд хөл тавин, анх удаа нэр дэвшиж буй 34 хүн буй. МАН уугуул нэрээ сэргээснээс хойш 60 гаруй мянган гишүүн шинээр элссэн гэсэн мэдээ байдаг. Шинэ давалгаа болсон тэдний төлөөлөл УИХ-ын сонгуульд ийнхүү жолоо өргөж буй нь бахархууштай алхам гэдгийг онцлоё. Шинэ үеийг шинэ үеийнхэн бүтээнэ. Энэ утгаараа 30-40 насныхан ачаа даах ээлж ирснийг МАН 2012 оны сонгуулиар зарлаж буй нь энэ. МАН-ын үзэл бодол, хандлага шинэчлэгдсэнийг эндээс харж болохоос гадна, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ бүтэц, бүрэлдэхүүнд улс төрийн бодлогоор хандсан нь харагдана. Тиймээс ч залуус, эмэгтэйчүүд, дунд насныхан, ахмад туршлагатай үеийнхэн гэхчлэн нас, хүйс, нийгмийн давхарга бүрийн төлөөлөл багтжээ.

Харин АН-ын нэр дэвшигчдийн жагсаалтаас улс төрийн хүчинд зайлшгүй байх ёстой бодлого харагдахгүй байгаа нь сонин. Тодруулж хэлбэл, фракцуудын дараалал ээлжлэх байдлаар АН-ын энэхүү жагсаалт үргэлжилж байна. “Алтангадас”, “Шонхор”, “Мөнхтэнгэр”, “МоАХ”, “МҮДН” гэсэн дарааллаар, үечлэх байдлаар нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг гаргасан нь улс төр судлаачдын урмыг хугалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Улс төрийн бодлого эл жагсаалтаас үнэртэхгүй байгаагийн  дээр өр төлөх, ээлжлэх, фракцуудынхаа амыг хаах байдлаар төлөөс болгон нэр дэвшигчдээ сонгосон байдал анзаарагдаж буй нь нууц биш.

Нөгөө талаар 20 жилийн турш хуримтлуулсан улс төрийн туршлагадаа түшиглэхээс илүүтэй Монголдоо толгой цохьдог тэрбумтнуудын хүчинд найдсан байдал нь АН-ын бодлогыг хэлтийлгэж байна. Сонгуулийн сургаар АН-д “дайрч орж ирсэн” тэрбумтнууд эдүгээ энэ намд харьяалагддаг, туг далбаа нь болж ирсэн туршлагатай улстөрчдийн хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү сөрөг хэв маяг болоод байгаа нь үнэн юм. Үүнээс гадна насны ойлголтын хувьд АН-ынхан МАН-аас хол хоцорсон нь анзаарахгүй байх аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байна. МАН-ын хувьд 1980 оны Л.Оюун-Эрдэнийн үеийнхнийг залуус хэмээн тооцож буй бол АН-д 1970-аад оны төлөөлөл болох А.Мөнхбат ч багтаж чадсангүй.

АН-ынхан залуу үеэ Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, С.Отгонбат нараар төлөөлүүлэн харж буй бол энэ нь МАН-ын хувьд дундаас дээш насны ангилалд багтаж байгааг бодолцох нь зөв байх. Тодруулж хэлбэл, АН-д 1960-аад оныхон залуу үед тооцогдож буй бол МАН-д 1980-аад оныхон туг өргөхөөр орж ирлээ. Энгийн жишээ дурдъя. АН-ын Ч.Сайханбилэг “Найрамдал” зуслангийн “Оч” бүлгийн багш хийж байхад МАН-ын Я.Содбаатар есдүгээр ангийн сурагч байхдаа амрахаар очиж байсан тухай хаа нэгтээгээс уншсан санагдана. АН-ын Р.Амаржаргал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Цэргийн ерөнхий сонсогч байхад курсын багш нь байсан гээд бодохоор энэ хоёр намын дунд бүтэн үеийн зөрүү гарч байна. Шуудхан хэлэхэд АН шинэчлэлийн хувьд МАН-аас бүтэн үеэр хоцорч явна. ХХ зууны эхэн үед МАН-ыг шинэчлэгдэхийг хүсч, шахан шаардаж байсан ард түмэн эдүгээ АН-д энэ шаардлагыг тавих цаг иржээ.

Нэгэн үеийн зөрүү гэдэг асар том ойлголт. Хөгжилд хандах хандлага, эрч хүч, тэмүүлэл, дэлхий ертөнцийг үзэх үзэл, тэр ч байтугай боловсролын хэмжихэд хэцүү ялгааг эндээс харж болно. Шинэ нийгмийг хуучин үеийнхэн бүтээхгүй гэдгийг өнгөрсөн он жилүүд бидэнд хангалттай ойлгуулсан.

Өөр өнцгөөс харах юм бол 1970-аад оныхны мөрөөдөж байгаагүйг 1980, 1990-ээд оны залуус сэтгэлдээ багтааж чаддаг болсон цаг үе биднийг угтаж байна. 1990-ээд оны залуус НҮБ-ын дарга болохыг хүсэн өндийж, 16-тайдаа ерөнхий боловсролын сургууль төгсөн, “Харвард” зэрэг нэр хүндтэй сургуулиудад 100 хувь тэтгэлгээр суралцах эрх халаасалж чадаж байна. Гэтэл 1960-аад оныхны хувьд Харвард хүрч болшгүй оргил байлаа.

Энэ мэтээр үеийн ялгаа, цаг хугацааны хэмжүүр, хөгжлийн хурдыг улс төрийн бодлогодоо шингээж чадаагүй нам цаашдаа хол хоцорно, гээгдэж үлдэнэ гэдгийг ч тооцоолох цаг болжээ. Харин АН тэгж чадсангүй. Үүний нөгөө талд МАН-ын залуу нэр дэвшигчид урам зориг төрүүлж, ахмад үеийнхэн нь итгэл авчирч, ид дунд насныхан нь хийж бүтээх эрмэлзэлд дуудаж буйг хэлэхийг хүсч байна.

Тун удахгүй их улс төрд 1990-ээд оныхон, дэлхийн дээвэрт тэмүүлж чадсан шинэ цагийнхан орж ирэхийг дохиолсон МАН-д талархахгүй байх аргагүй. Дэлхийн банкийг удирдаж чадна хэмээн мөрөөдөж чаддаг, НҮБ-ыг тархи оюундаа багтааж мэддэг, Нью-Йоркийн Wall Street-д даналзаж чадах монгол залуусыг улс төрийн шинэ бодлогоор угтах нь нам хүчнүүдийн тулах цэг байх учиртай.

Р.ЭМҮЖИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...