Монгол цемент
2015 оны 3 сарын 31
Монгол цемент
1. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн үзүүлэх үүрэг нөлөө аль эрт улаан шугамаа давжээ. Үүний нэг тод жишээ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон бусад нөхдийн хамт Дорноговь аймгийн нутагт явсан аян замын тэмдэглэлээ сөхөхөд харагдана.

Бидний аян зам бага хугацаанд багтсан хэдий ч чамгүй ихийг үзсэнийг дурдах юун. Ер нь 25 жилийн өмнө зүүдэнд ч багтахааргүй бүтээн байгуулалтыг Монгол хүн өрнүүлж байна. Бидний явсан зам мөрөөр үзсэн харсан бүхнээ нэгэн дор бичих боломжгүйн улмаас таслан сийрүүлэх нь зөв гэж үзлээ. Энэ удаа говьд зөвхөн цементийн үйлдвэрлэл хэрхэн босч буйг л уншигч олондоо хүргэхийг хүслээ. Тиймээс ч замын тэмдэглэлийнхээ нэрийг “Монгол цемент” гэж нэрлэв.

-Дажгүй нэр байгаа биз?!
-Нэр нь яах вэ?
Цаад проблем нь том юм. Өнөөдөр барилгын салбарт 70 гаруй мянган хүн ажиллаж байна. Тэр ч утгаараа энэ бол чухлаас чухал асуудал юм. Барилгын салбарын үндсэн түүхий эд болох цементийн 30-40 хувийг хангахуйц үйлдвэрийг МАК компани босгож байна. Монгол Улс нэг сая хүн амтай байхад 500-600 мянган тонн цемент хэрэглэж байжээ. Хүн ам нь хоёр сая байхад нэг сая орчим тонн болов. Өнөөдөр дор хаяж 2.5 сая тонн цемент жилд хэрэглэх хэмжээний бүтээн байгуулалт Монголд явагдаж байна. Хямралын гэж яригдаж байгаа энэ үед шүү дээ.

2. Өнөө ба ирээдүйг ярихын тулд өнгөрснөө сөхвөл үнэн дүр зураг гарах байх. Өнгөрсөн зууны 40, 50 онд Улаанбаатар хотын дөмөгхөн байшин барилгыг хуруу дараад тоолчихдог байсныг түүхийн шарласан хуудас хэлж өгнө. Кино зургаас ч харагддаг. Энэ ч бас аргагүй. Феодалын хамжлагат ёсыг халаад удаагүй, дайн байлдааны түгшүүр холдоогүй үе. Харин 60, 70, 80-аад он бол Монгол Улсын Их бүтээн байгуулалтын он жилүүд байсан. Бас түүх хэлээд өгнө. Атрын аян, Их бүтээн байгуулалт, Их барилга гэсэн нэр томьёо гарч ирсэн үе. Энэ үе хүний амьдралын нэг үетэй ч дүйцэхгүй саяхан мэт санагдавч эргэн харвал басхүү холджээ. Их бүтээн байгуулалт гэдэг ойлголтын хамгийн чухал хэсэг нь Их барилга гэдэг ойлголт. Энэ ойлголт өнөөдөр ч адил хэрэг. Ингэхээр бидний урьд үе тухайн цаг үедээ биднээс доргүй байсан нэг гэрч нь их бүтээн байгуулалтыг бүтээхийн тулд цемент хэрэгтэй гэдгийг тооцож 1968 онд Дархан хотод цементийн үйлдвэрийг анх байгуулсан. Энэ бол та бидний сайн мэдэх өнөөгийн “Эрэл”-цементийн эхлэл юм. Тухайн цаг үед манай улсын хүн ам дөнгөж нэг сая гаруй байсан. Хүн амынх нь дийлэнх нь эсгий гэртээ амьдарч байлаа. 1970-аад оны дунд үеэс 3,4 дүгээр хороолол, 3,4 дүгээр дулааны цахилгаан станц, төв эмнэлэг, үйлдвэр завод гээд бүх юм өрнөсөнг уншигч Та мэдэж байгаа. Энэ үед Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Тодруулахад, Хөтөлийн “Алтан гадас” одонт цементийн үйлдвэр.

Харж байна уу?! Уншигч Та! Энэ үйлдвэрт 2013 онд одон өгснийг бодоход улс орны амьдралд ямар чухал үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Өнөөдөр ч бүтээн байгуулалтын үед хувийн хэвшлийн хамт олны нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг төрөөс хөхиүлэн дэмжих нь нэн чухал юм. Тэр нь дотоодын зах зээлээ хамгаалах, хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хөхүүлэн дэмжих гэх мэт урт жагсаалт гарна. Миний бодлоор, хувийн үйлдвэр заводыг одон тэмдгээр шагнасан ч болохгүй юмгүй. Тэр нь хамт олны бахархал болж чадах юм бол шүү дээ. За, ингээд Хөтөл-цемент рүүгээ оръё.

 ЗХУ-ын зураг төсөл, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр. Тэр цагийн технологийн баримжаагаар нойтон аргаар жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан. Одоо хуурай аргаар 1 сая тонн цемент үйлдвэрлэх болжээ. Энэ бас дэвшил юм. 1990-ээд онд дампуурахна уу? Яах нь вэ? гэгдэж байсныг бодоход нойтноос хуурай руу, хямралаас амжилт руу явж байна. Одоо 900 гаруй хүний ажил, амьдралыг аваад явж байна. Энэ бол Монголчуудын амжилт.

Миний бие Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байлаа. 2006-2008 онд. Ганц ойлгосон юм бас байна аа. Монгол Улс барилгажъя, хөгжье, тэлье гэвэл нэгд цементээ хараат байдлаас гаргах. Тэр үед барилгажилтын ид “буум” явж байв. 40 мянгыг барина. 30 мянгыг барина гэж байсан үе. Барилга ч овоо л бослоо. Цемент байдаггүй. Төмөр зам ачааллаа дийлэхгүй. Манайхан хавар хийх ажлаа намар бодох нь ховор. Миний ой санамжид байгаагаар тэр үед "Хөтөл цемент шохой”-н Улаанбаатар хот дахь төлөөлөгч Г.Болд: “Манай хүчин чадал хаанаа ч хүрэхгүй байна. Эрээнээс өдөрт 50-60 вагон зөвхөн цемент ачиж байна” гэж байв. Ийм л байсан. Хөтөлийн цемент нэг сая ч биш түүний талд л хүрч байсан юм. Иймд бүх барилгын компани горхи шиг ганц төмөр замаараа татлага, түрлэг хэрүүлтэй хэлцээтэй хийж байв.

Тэр цаг дор БХБЯ-н дээр сайд Ж.Наранцацралттай Дорноговьд нэг сая тонны үйлдвэр баригдах талаар санамж бичигт МАК компанийн хамт олон санамж бичиг зурж байсан. Хувийн компани евростандартын ийм үйлдвэр барьчихна гэдэг яамны ажилтан надад их л хол сонсдож байв. Өнөөдөр Монгол хүний Их бүтээн байгуулалтад эргэлзэх хэрэггүй болжээ гэдгийг МАК компанийн цементийн үйлдвэрийн барилга, байгууламжийг хараад хэн ч бодохоор болжээ. Яагаад гэвэл энэ үйлдвэр өнөөдөр ашиглалтад орох нь ердөө л хоногоор тоолон хүлээгдэж байгаа билээ. Энэ бол Монголчууд бидний өөрсдөө хийж буй нэг том бүтээн байгуулалт юм. Одоо Хөтөлийн цементээс Хөх цавын цемент рүү оръё.

3. Хөх цавын цемент. МАК-ын энэ үйлдвэр ашиглалтад орж гэмээ нь хоногт 3000 тонн клинкер. Жилд 900000 тонн, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэж гаргах нь байна. Даланжаргалан сумын нутагт байрлах энэ үйлдвэр нь Чойроос 60-хан км зайд оршдог. Дани улсын технологи, үйлдвэрлэлийн арга барилаар ажиллах үйлдвэр юм.

Энд экологийн асуудал гүүд үү? Гүүд гэсэн үг. Өөрөөр хэлбэл байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл евростандартыг хангасан гэсэн үг. Ер нь энгийн логикоор бодоход цементийг гаднаас авна гэдэг нүүрс импортлохтой бараг нэг ойлголт юм. Худлаа гэж үү? Харъя л даа. Цемент юунаас бүтдэг вэ? Жишээ нь Хөх цавын цемент гарахад жилд шохойн чулуу 1,2 сая тонн орно. Тэгвэл Хөх цав маань өөрөө шохойн чулуун орон. Гөлтгөнө орно. Дундговь, Дорноговийн нутагт байна. Шохойн чулуундаа хамгийн ойрхон байгаа эрдэс. Шавар, элс бол Монголд “бука” байх аа? Дорноговьд байтугай бүх 22 аймагт хангалттай. Нүүрс говьд хангалттай. Нүүрс Хөөтийн уурхайгаас Таван толгой хүртэл хангалттай. Хөөг хэрэв нүүрс гэж үзвэл бид нүүрсэн дээр гишгэж явна. Цул нүүрстөрөгч.Үнс. Өнөө 3,4 дүгээр станцын хашаагаар дүүрэн үнс. Төмрийн хүдэр орно. Бид чинь үүнийг “бука”-гаар нь экспортлож чадна. Авдаг хүн нь байвал шүү дээ. Иймд цементээрээ өөрсдийгөө хангана гэдэг Монгол хүний бараг нэг номерын чадах ажил байх ёстой. -Ингээд Монгол хүн цемент хийж чадах уу?! -Чадна. Орчин үеийн техник технологийн асуудал орчин үеийн үйлдвэрийн амин чухал асуудал болдог билээ. Хөх цавын үйлдвэрийн тоног төхөөрөмж Герман, Бельги, Дани, Итали, Турк, Энэтхэг, Хятад, Польш, АНУ, Испани. Голлох тоног төхөөрөмж нь Данийн FLSmidth компани. Энэ компани Дэлхийн уул уурхайн олборлох, баяжуулах, цементийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэх компани. Технологийн хөгжил дэвшлийг боловсруулдаг компани. Дэлхийн 15 оронд 125 компани нэгтгэсэн ёстой өнөө Үндэстэн дамжсан компани. Интернет хэлээд өгнө. Жишээлье. Дэлхийн цементийг хятад цемент ба бусад гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл хятад аргаар хийдэг цемент гэж байна. FLSmidth бол бусад гэдэгт орно. Евростандарт. Хятадаас бусад гэдэг 50 хувийн хагасыг FLSmidth хийдэг байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн нийт цементийн 25 хувийг хийдэг компанийн технологи ямар байх нь ойлгомжтой. Ингээд Монголд ФЛСмидт технологи нутагшихна. Энэ төсөл 300 сая долларын өртөгтэй. Гэтэл бид цементээ өөрсдөө бүрэн хийчихдэг бол жилд 240 сая ам.долларын валютын гадагш урсгал зогсоно. Уг төсөл амжилттай хэрэгжиж гэмээ нь улс, орон нутгийн төсөвт жилд 43 тэрбум, II ээлж нь ашиглалтад орсноор бүр 85 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан төсөөлөл байна. Энэ бол шууд утгын олз. Улс орны хөгжил дэвшилд оруулах тус нэмэр гэвэл хүн амыг орон сууцаар хангах, ажлын байр нэмэгдүүлэх, цаашилбал нисэх онгоцны буудал, хурдны авто зам, шинэ төмөр зам, цахилгаан станц гээд түмэн ажлын түлхэц болох хувь заяа хүлээж байна. Бүр цаашилбал Улаанбаатар метро,

Аж үйлдвэрийн парк зэргийг бүтээн босгоход цемент мөн хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Өнөөгийн байдлаар 2013 онд Хөх цавын цементийн үйлдвэрийг дагаад төмөр замын овоо өртөөнөөс төслийн талбай хүртэл 1.9 км орчим төмөр замыг тавьжээ. 680.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй юм байна. Чойр, Сайн-шандын авто замтай холбогдсон байна. 4. Уг төсөл нийгмийн хариуцлагаа үүрч яваа төсөл гэдэг нь бодитоор харагдана. Очоод үзвэл шүү дээ. Дорноговийн Даланжаргалан суманд 90 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өгсөн байна. Тус аймгийн дөрвөн сумын сурагч, оюутнуудаас сургалтын тэтгэлэгт хамруулан гадаад дотоодын сургуульд сургадаг байна. Зөвхөн цементийн үйлдвэрт 350 хүн, шохойн чулуу, гөлтөгний үйлдвэрт 200 хүн ажиллах юм. Шууд утгаараа 550 хүн ажиллах бөгөөд энэ нь 550 гэр бүлд ач тусаа өгнө гэсэн үг. Цаашдаа 700 хүрэх төлөвтэй. Энэ үйлдвэрийг дагаад тухайн орчинд хэдэн зуун бизнес бий болно. Хүнсний ногоо цагаагаас эхлээд ажлын хувцас хунар хийх гээд явж өгнө.

Орон нутгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ч энэ талын чиглэсэн боловсон хүчин бэлтгэдэг болно. Монголчууд том төсөл эргүүлж байна. Монгол хүн монгол хүндээ хайртай. Монголын төр ч монгол бүтээн байгуулалтдаа хайртай байх ёстой. Хайртай ч байгаа. Эцэст нь, энэ аялалд оролцуулж энэхүү замын тэмдэглэл хийх бололцоо олгосон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МАК-ын газрын дарга Б.Энхмандах, Ю.Хэрлэнбаяр, Б.Ганбат нарт тусгайлан баярлаж талархснаа илэрхийлье.

 Монголдоо бүтээцгээе!

Монгол цемент
Монгол цемент
Монгол цемент
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив