Хятад руу мах экспортлох компаниудын нэрс тодорлоо
2015 оны 4 сарын 16
Хятад руу мах экспортлох компаниудын нэрс тодорлоо
ХХААЯ-наас БНХАУ-руу мах экспортлох зөвшөөрөл олгосон талаар  тус яамны Хүнсний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Баярмаагаас тодрууллаа.

- ОХУ руу 7 компани мах экспортлохоор болсон. Харин БНХАУ  руу хичнээн компанид мах экспортлох зөвшөөрөл олгов?

- Зөвшөөрөл өгөхгүй байгаагаас болж аж ахуйн нэгжүүд мах гадагш нь гаргаж чадахгүй байсан. Бэлтгэсэн махны нөөц байгаа учраас  зөвшөөрөл олгох  боломжтой гэж үзсэн. Монгол Улс  54 сая малтай. Өнгөрсөн жилийн байдлаар 10.3 сая мал нядалж мах бэлтгэсэн. Энэ жилийн хувьд 11.8 сая мал нядалсан. Тиймээс хүн амын хэрэгцээг бүрэн хангаж  экспортонд гаргах нөөц бий. Түүнчлэн дулааны аргаар болон түүхийгээр хөлдөөсөн гулууз махыг гадагш нь гаргах хүсэлтийг аж ахуйн нэгжүүд манай яаманд байнга өгдөг. Мөн хоёр хөрш болон Евро Азийн холбооны улсууд манайхаас  мах, махан бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтээ удаа дараа ирүүлж байна. Энэ бүх үндэслэлийг харгалзан үзээд Хятад руу мах экспортлох зөвшөөрлийг нийт 5 компанид олголоо. Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр, хонины мах, мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” гэсэн хоёр компанид өглөө. Үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”,  “Дархан меат фүүд” гэсэн 4 компанид олгосон. Адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” адууны хөлдүү гулууз мах экспортлох боломж боллоо.

 -Гадагш нь мах, махан бүтээгдэхүүн экспортлоход маш өндөр шаардлага тавьдаг. Дээрх компаниуд нөгөө талаас тавьж буй шаардлагыг хэр хангаж байгаа вэ?

- Хятадын талаас ажлын хэсэг, экспертүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ирж боловсруулах болон мал нядлах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж дүн шинжилгээ өгсөн. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортлох боломжтой гэдгийг  Хятадын Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газрын  гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас бидэнд мэдэгдсэн. Мөн хорио цээрийн хоригийн зааварчилгаа өгсөн. ISO стандартуудын шаардлага хангасан байх ёстой. Малын маханд антибиотик эмийн үлдэгдэл байх ёсгүй. Чанарын удирдлагын тогтолцоог бүрэн хангасан, малын гарал үүсэл бүртгэлжүүлэлттэй байх гэсэн шаардлага тавьж байгаа. Зөвшөөрөл авсан үйлдвэрүүдэд МХЕГ-тай хамтран бид  эдгээр шаардлагуудыг хангуулахад хяналт тавина.  Мөн манай яам Хятадын Элчин сайдын яамтай хамтран БНХАУ-ын махны үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулах амталгаат үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болсон. Энэ үзэсгэлэнд  махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 14 үйлдвэр оролцоно.

-Хичнээн тонн мах экспортлох квот өгсөн бэ?

- 64.5 мянган тонн мах гаргах квоттой.  Эхний ээлжинд 5 мянга орчим тонн мах гаргана. Мах бэлтгэлийн ажил улирлын чанартай учраас намрын нядалгааны үеэр үлдсэн бүтээгдэхүүнийг экспортлох журмын дагуу квот олгоно. Энэ үеэр мах гаргана гэсэн төлөвлөгөөтэй аж ахуйн нэгжүүд бидэнд хандаж болно.

-Ямар үнээр мах экспортлох вэ. Үнийн судалгаа хийсэн үү?

-Үнийг зөвшөөрөл авсан компаниуд нөгөө талтай тохирно. БНХАУ-ын Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хорооноос  гаргасан тайлангаас үзвэл  хонины махны хэрэглээний  нэг хүнд ногдох хэмжээ нь 2002 онд 2.47 кг, 2010 онд 3,01 кг 2015 онд 3.23 кг болсон байна. Хонины махны импорт  нь 2011 онд 82.7 мянган тонн 2012 онд 123.7 мянган тонн 2013 онд 254.0  мянган тонн болж өссөн мэдээлэл бий. Түүнчлэн хятадад үхрийн махны үнэ нэг кг нь 63 юань болсон нь өмнөх оноос 18.5 хувиар, хонины махны үнэ нэг кг нь 66.14 юанийн ханштай байна.  Хонины мах  өмнөх оноос 14.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

 Б.Заяа

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ