Это: Граффитчин бүтээл бүрээ олон нийтэд үзүүлж, шүүмжлүүлдэг
2015 оны 4 сарын 24
Это: Граффитчин бүтээл бүрээ олон нийтэд үзүүлж, шүүмжлүүлдэг
Сүүлийн жилүүдэд хотын гудамж талбайд граффитчдын бүтээл дэлгэрэх боллоо. Тэд бүгд өөрийн онцлогтой. Граффитчид хэзээ ч хотын шинэ бүтээн байгуулалтад гар дүрдэггүй. Харин ч өнгө алдсан, хуучирсан барилгын ханан дээр зураг зурдаг юм. Ийм нэгэн онцлогтой чөлөөт уран бүтээлчийг энэ удаагийн дугаарт онцоллоо. Түүнийг Н.Оргил гэдэг. Харин найзууд нь түүнийг Это хэмээн дууддаг аж.

-Өнгө, өнцөг, үсгийн өрөлт. Граффитийн энэ зүйлүүд хүний анхаарлыг эрхгүй татдаг. Харин та хэдий үеэс энэ зүйлд татагдсан бэ?

-Арван жилд байхаасаа л зураг зурах дуртай хүүхэд байв. Харин граффитаар2008 оноос зурах болсон. Намайг найзууд маань Это гэж дууддаг. Оросоор“энэ” гэсэн үг. Ер нь Н.Оргил гэхээсээ Это нэрээр хүмүүс илүү таних байх. Би 2012 онд граффитийн бүлэг байгуулсан. Бүлэгт граффитийн талаарх мэдлэгтэй хүмүүс нэгдсэнэрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, граффитийн урлагийн хувьд ахисан төвшний хүмүүс нэгдсэн гэсэн үг. Граффитийг хүмүүс урлагийн төрөл гэж хүлээн зөвшөөрөөгүй ч сүүлийн жилүүдэд илүү сонирхох болжээ. Граффитид насны хязгаар байхгүй. Бидний бүтээлийг настай хүн ч хараад “Ямар гоё болсон юм бэ” гэдэг.

-Граффитчдыг чөлөөт уран бүтээлчид гэж нэрлэх байх. Чөлөөт уран бүтээлчид мөнгө санхүүгээ хэрхэн зохицуулдаг юм бол?

-Гадаадын граффитчид сайхан амьдардаг. Хэнээс ч эмээдэггүй. Гэтэл Монголд тэгж амьдрах боломжгүй. Гадаадад хүн граффитийг нууцаар зурсан ч сайхан амьдрах боломжтой. Учир нь тэдний бүтээлийн үнэ цэнийг мэддэг хүмүүс байдаг. Харин Монголд энэ төрлийн урлаг хөгжиж байгаа болохоор бие даан уран бүтээлээ хийгээд амьдрах нөхцөл хараахан бүрдээгүй байна. Тиймээс граффитчид зургаа зурахын зэрэгцээ заавал давхар ажил эрхэлдэг юм.

-Граффитчин болгон өөрийн гэсэн онцлогтой юу. Тухайлбал, Этогийн бүтээлийг хараад хүн шууд таних уу?

-Ер нь граффитчин бүр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ сүүлийн үед хүмүүс намайг мэдэхээ больсон байх. Учир нь би ямар нэгэн хэлбэрт баригдалгүй өөрийгөө хөгжүүлэхийн тулд янз бүрийн шинэ зүйл туршиж байна. Граффит дотроо 13 хэв шинж агуулсан төрөлтэй байдаг. Насаараа нэг хэв шинжтэй зураг зурсан хүн байдаг. Миний мэргэжил дизайнер. Тиймээс граффитийг орчин үеийн хэв шинжтэй нь холбох гэж үздэг юм. Граффитчид зураачдаас хол байдаг. Учир нь зураачид зургийг хэрхэн зурах талаар номын дуу сонсдог. Харин бид гудамжинд граффит зурах явцдаа өөрсдийгөө хөгжүүлдэг. Үүнээс болоод ч тэрүү тэдэнтэй өнгө, орон зайн хувьд санал нийлдэггүй. Бас зураач хүн насаараа зурсан бүтээлээ нэг галерейд үзэсгэлэн гаргаад өнгөрдөг. Харин граффитчин бүтээл бүрээ олон нийтэд үзүүлж, шүүмжлүүлдэг. Тэгэхээр би граффитч дыг зураачдаас илүү хүмүүс, үзэгчидтэй харилцдаг гэж боддог.

-Сүүлийн үед байгууллагууд залууст хандан хийж байгаа зүйлдээ граффитийг ашиглах болжээ. Үүнийг дагаад граффит хөгжих боломжтой юу?

-Залуусын дунд чөлөөт бүжгийн тэмцээн, экстрим спорт одооноос л хөгжиж байна. Гадаадад янз бүрийн наадам болдог. Түүнийг дагаж энэ урлаг хөгждөг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголд граффитийн олон улсын хэмжээний хоёр томоохон фестиваль боллоо. Хамгийн сүүлд Солонгос, Австрали, Сингапур зэрэг зургаан орны граффитчин манай улсад ирж, 40 мянгатын барилгууд дээр бүтээлээ зурж, соёлын солилцоо хийсэн. Тэд бидэнд “Та нар битгий яар. Монголд граффитийн урлаг дөнгөж хөгжиж байна” гэдэг. Гэхдээ л бид граффитийг хөгжүүлж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдмөөр байна. Удахгүй тавдугаар сард манай улсад томоохон бүжгийн тэмцээн болно. Тэмцээнд чөлөөт бүжгийн дэлхийн аваргууд ирнэ гэсэн. Тэр үеэр нь биднийг урьж зураг зуруулахаар болсон.

-Будгаа гадаадаас захиж авчруулдаг уу?

-Чанартай будгийг захиж авчруулдаг. Гэхдээ шүршдэг будаг учраас тэсэрч дэлбэрэх аюултай гээд тэр болгон тээвэрлүүлдэггүй юм. Гадаадад явж байгаад сайн шүршдэг будаг авахаар метронд ч суух эрхгүй болдог. Тиймээс ихэвчлэн тээврийн компаниудаар дамжуулж авдаг.

-Монголын граффитчдаас гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн хүн бий юү?

-Граффитийн урлагаас стрийт арт илүү хөгжсөн. Манайхаас Австралид Теско гээд залуу бий. Граффитчид мэддэг дэлхийг тойрсон тэмцээн зохион байгуулдаг. Энэ тэмцээнд дэлхийн томоохон уран бүтээлчид ордог юм. Түүнд Теско оролцоод ялсан учраас нэлээд байр суурьтай болсон. Одоо тэр Австралид өөрийн гэсэн үзэсгэлэн, студитэй болсон.

-Зураг зурах газраа хэрхэн сонгодог вэ?

-Бид шинээр барьсан барилгууд дээр зурдаггүй. Харин олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад байдаг хуучирсан барилгууд дээр зураг зурдаг. Ер нь ямар нэгэн зүйлийг будна гэдэг насыг нь нэмж байгаа хэрэг юм. Бид зургаа муу будгаар зурдаггүй. Будгийн чанартай гэсэн болгоныг ашигладаг учраас харин ч хуучин байшингийн халцарсан будаг, өнгө үзэмжийг сэргээж, насжилтыг нь тодорхой хугацаагаар нэмдэг гэж ойлгодог.

-Энд тэнд хамаагүй зурахыг хориглодог байх?

-Нэг их хориглодоггүй. Граффит зурдаг хүмүүст дагаж мөрдөх ямар ч хууль байдаггүй. Тиймээс бидэнд зориулж хууль гаргана гэсэн. Энэ нь зөв. Бид зураг зурахдаа юунаас ч айдаггүй. Зураг зурж байхад цагдаа нар барьж байсан тохиолдол байхгүй. Харин хамгаалалттай газрын хажууханд зураг зурж байгаад цагдаа нарт баригдсан тохиолдол бий.

-Өнгөрсөн жил нийслэлийн хэдэн газар 3D зураг зурсан. Түүнийг хүмүүс ч их сайхнаар хүлээж авсан. Та бүхэн холбогдох байгууллагуудтай нь хамтарч нийслэлд өнгө нэмэх олон сайхан3D зураг зурж болдоггүй юм уу?

-Өмнө нь зурж байсан. Гэхдээ бидний зурсан зураг хэмжээний хувьд арай багадаад байгаа юм. Тиймээс хэрвээ тийм зураг зурахаар бол гудамжаар нь харагдахуйц том хэмжээтэй зурах хэрэгтэй. Тэгвэл илүү даацтай гоё харагдана.

Эх сурвалж http://www.info.mn
Это: Граффитчин бүтээл бүрээ олон нийтэд үзүүлж, шүүмжлүүлдэг
Это: Граффитчин бүтээл бүрээ олон нийтэд үзүүлж, шүүмжлүүлдэг
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ