Хүүхдийн бие махбодын шийтгэл
2015 оны 4 сарын 30
Хүүхдийн бие махбодын шийтгэл
“Хүнийг цохих буруу- хүүхэд ч гэсэн хүн шүү дээ"

“Хүүхэд ч гэсэн хүний эрх эдлэгч бөгөөд бие махбодын шийтгэл бол тэдний хүний нэр төр, биеийн болон сэтгэл санааны халдашгүй байдлыг хүндэтгэх хүүхдийн эрхийн үндсэн зөрчил гэдгийг олон нийт сайтар мэддэг болжээ.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19 дүгээр зүйлд эцэг эх болон бусдын халамжид байгаа хүүхдийг “биеийн болон сэтгэл санааны хүчирхийллийн бүх хэлбэрээс хамгаалахыг” конвенцийн Гишүүн Улсуудаас шаарддаг. Хувь хүмүүсийн хоорондын хүчирхийллийн бусад хэлбэртэй адилгүй, хүүхдийн бие махбодийн шийтгэлийг олон улс орнуудад хуулийн дагуу зөвшөөрсөн явдал нь хуулийн дагуу тэгш хамгаалагдах түгээмэл эрхтэй зөрчилддөг.

Хүүхдийг цохих нь бие махбодын болон сэтгэл зүйд хор хөнөөлтэй, бүр амь насанд хүрэх аюултай үйлдэл. Судалгаагаар бие махбодын шийтгэлийг хүүхэд насны болон хожмын амьдралын хүчирхийлсэн хандлага, үйлдлийг хөгжүүлдэг ноцтой хүчин зүйл хэмээн тодорхойлсон байна. Энэ нь хүүхдийн эерэг хөгжил, хүмүүжлийн эерэг хэлбэрийг боогдуулах, эсвэл саад болдог. Хүмүүжлийн эерэг, хүчирхийлсэн бус хэлбэрийг хөхиүлэн дэмжсэнээр эцэг эхэд боломж олгож, гэр бүлийн хэт их ачааллыг бууруулдаг. Гэсэн ч дэлхийн ихэнх улс орнуудад гэр бүлийн орчин дахь бие махбодын шийтгэл хууль ёсны үзэгдэл мэт оршиж, олон сургууль, байгууллагуудад бие махбодын шийтгэлийг хүмүүжлийн хүлээн зөвшөөрсөн хэлбэр, эрүүгийн институтуудын дунд зохих ял шийтгэл мэт тооцсоор байна.

Одоо дэлхий дахины бие махбодын шийтгэлийг нийгмийн болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрсөн байдлыг арилгахад чиглэсэн шуурхай арга хэмжээ авах цаг болсон гэдэгт бид итгэж байна. Зарим улс орон хэдийнэ гэр бүлийн орчныг хамруулан, бие махбодийн хүчирхийллийн бүх хэлбэрийг хуулиар хоригложээ. Энэ салбар дахь эрх зүйн шинэчлэлийн гол зорилго нь эцэг эхийг шийтгэх явдлыг ихэсгэх бус, харин тэдгээрийн хандлагыг өөрчилж, гэр бүлийн эерэг харилцааг хөхиүлэн дэмжихэд чиглэнэ. Олон улс орнууд сургууль, бусад байгууллагуудаас бие махбодын шийтгэлийг зайлуулснаар эерэг дүн гарчээ. Үндсэн хуулийн болон дээд шүүхүүд бие махбодийн шийтгэлийг буруушаасан шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн бид хүүхдийн бие махбодын шийтгэлийг эсэргүүцсэн өөрийн байр суурийг зарлан тунхаглах, бие махбодын шийтгэлийг арилгах хугацаа заахыг засгийн газруудад уриалж байна. Энэ нь эрх зүйн шинэчлэлийн хамт хүүхдийг оролцуулан, орон нутгийн бүх салбарыг оролцуулсан олон нийтийн боловсролыг нэг дор шаарддаг.”
Дэлхий дахины санаачлага нь НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ХЭДКГ, тус газрын дарга, Хүүхдийн эрхийн хорооны гишүүд, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенцийн бүлэг” ТББ-ын дэмжлэг авдаг.

БИЕ МАХБОДЫН ШИЙТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Бие махбодын буюу биеийн шийтгэл бол хүүхдийг гараар цохих, эсвэл саваадах, ороолгох, өөр зүйлээр цохих, өшиглөх, сэгсрэх, шидэх, самардах, маажих, чимхэх, хазах, үсийг зулгаах, ая тухгүй байдалд байлгахаар хүчлэх, түгжих, хүлэх, түлэх, шалзлах, хүчээр залгиулах (жишээлбэл, амыг нь савангаар угаах) зэрэг өвчин шаналал, биеийг тавгүйтүүлэх зорилгоор үйлдэгдэх биеийн хүчээр үзүүлж буй аливаа шийтгэлийг хэлнэ.

Биеийн хүчийг шууд ашигладаггүй хүүхдийн шийтгэлийн хор хохиролтой, гутаан доромжилсон бусад хэлбэрүүд бий. Бие махбодын шийтгэл, хүүхдэд хандах хандлагыг өөрчилснөөр шийтгэлийн бусад хэлбэрийг хориглоно.
Хүүхдийг цохих, эсвэл гутаан доромжлох эрхтэй гэж бодсон насанд хүрэгчдийг өөрчлөх нь хүүхдийн үндсэн хүний эрхийг ойлгох чухал ач холбогдолтой. Хүүхэд насанд болон хожмын амьдралд үзүүлэх бие махбодын шийтгэлийн биеийн, сэтгэл зүйн хор хөнөөлтэй нөлөө, хүчирхийллийн бусад хэлбэрийг хөгжүүлэх харилцан холбоог судалснаар тус туршлагыг буруушаах, устгах баталгааг нэмэгдүүлэх болно. Судлаачид “Энэ бол нийгэм дэх хүчирхийллийн бүх хэлбэрийг бууруулах гол стратеги" хэмээн тооцож байна.

БИЕ МАХБОДЫН ШИЙТГЭЛ – ХҮҮХДИЙН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ХЭСЭГ
Дэлхий дахины ихэнх улс орнуудад нярай ялгалгүй олон хүүхдүүд өөрийн гэртээ бие махбодын шийтгэлд өртөх явдал үргэлжилсээр байх ба их хэмжээгээр ноцтой гэмтэх, эсвэл амь нас хохирсоор байна. Олон улс орнуудад багш нар сурагчдыг саваа, эсвэл тэлээгээр цохихыг зөвшөөрсөн ба орон сууц, ажлын байранд хүүхдэд бие махбодын шийтгэлийг ашиглаж байна. 50 гаруй улс оронд хүүхэд, залуусыг шүүхээс ташуурдах, эсвэл ороолгох шийдвэр гарч, бие махбодын шийтгэлийг эрүүгийн институтуудад ашиглаж байна.

Бие махбодын шийтгэлийг устгах гол стратеги бол хүүхэд, эцэг эх, багш, бусад хүмүүстэй ярилцлага хийх судалгааны аргаар бие махбодын шийтгэлийг улам ил тод болгох ажээ. Дэлхий дахины санаачлага нь бие махбодын шийтгэлийн тархалт, хууль ёсны байдлын дүр зургийг бий болгохыг зорьдог.

БИЕ МАХБОДЫН ШИЙТГЭЛ БА ХҮНИЙ ЭРХ
Бие махбодын шийтгэл хүний нэр төр, бие махбодын халдашгүй байдлыг хүндлэх суурь эрхийг зөрчдөг. Эцэг эх, багш, халамжлагч нарын хүчирхийллийг өршөөсөн, тусгайлан хамгаалсан зүйл заалтыг хууль тогтоомжид тусгаж өгсөнөөр хуулийн өмнө эрх тэгш хамгаалагдах эрхийг зөрчиж байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19 дүгээр зүйлд зааснаар Гишүүн Улс эцэг, эх, бусад этгээдийн халамжид байх хугацаанд “бие махбодын, эсвэл оюун санааны хүчирхийллийн бүх хэлбэрээс” хүүхдийг хамгаалахыг шаарддаг. 1989 – 1999 оны хооронд НҮБ–ын Гэрээний байгууллага болох Хүүхдийн эрхийн хорооны зүгээс бие махбодын шийтгэл тус конвенцитой зөрчилдөж байгааг тогтмол мэдэгдэж байлаа. Хороо нь бүх тивийн 120 гаруй улсуудад гэр бүлийн хүрээг ч хамарсан бие махбодын бүх шийтгэлийг устгах, гэр бүл, сургууль, бусад байгууллагуудад хүчирхийллийн бус, эерэг хүмүүжлийг хөхиүлэн дэмжихийг зөвлөсөн байна.

Хороо 2000, 2001 оны хүүхдийн хүчирхийллийн эсрэг өдрөөр хуралдсан хоёр Ерөнхий Зөвлөгөөнөөс баталсан зөвлөмж дэх асуудлыг онцлон тэмдэглэсэн бөгөөд гэр бүл, сургууль дахь хүчирхийллийн тухай зөвлөлдөж, хороо дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

“...шаардлагатай асуудалд, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зүйл заалтын дагуу Улс орнууд өөрийн хууль тогтоомжид гэр бүлийн, сургуулийн, сахилга батын хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглох зорилгоор хууль тогтоох, хүчингүй болгох ёстой...”

Боловсролын зорилгын тухай Хорооны ерөнхий тайлбар
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын (боловсролын зорилгын) тухай 2001 оны 2 дугаар сард баталсан анхны Ерөнхий тайлбартаа Хүүхдийн эрхийн хорооны зүгээс сургуулийн бие махбодын шийтгэл нь конвенцитой зөрчилдөж буйг онцолж:

“... Хүүхэд сургуулийн хаалгыг алхан орсны хариуд өөрийн хүний эрхийг алдаж болохгүй. Жишээлбэл, хүүхдийн төрөлхийн нэр төрийг хүндэтгэх замаар конвенцийн 12.1 дэх заалтын дагуу хүүхэд өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, сургуулийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ханган боловсролыг олгох ёстой. Конвенцийн 28.2 дахь заалтын дагуу сахилга батын талаар тодорхой хязгаарыг хүндлэх замаар боловсролыг олгох, сургуульд хүчирхийлэлгүй байдлыг хөхиүлэн дэмжих ёстой. Хорооны зүгээс хийсэн хяналт шалгалтын дүнд бие махбодын шийтгэлийг хэрэглэх нь хүүхдийн төрөлхийн нэр төр, сургуулийн сахилга батыг хүндэтгэдэггүй болохыг дахин мэдэгджээ.”

Бусад хүний эрхийн гэрээн байгууллагууд төрөл бүрийн баримт бичигт хүүхдийн бие махбодын шийтгэлийг буруушаасан аж. Тодруулбал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо 1999 онд “Сурч боловсрох эрх” – ийн тухай Ерөнхий тайлбартаа:

“Хорооны үзэж байгаагаар бие махбодын шийтгэл нь хүний нэр төр хэмээх Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хоёр Пактын оршил хэсэгт сахин хамгаалсан олон улсын хүний эрхийн эрх зүйн суурь чиглүүлэгч зарчимтай зөрчилдөж байна. Сургуулийн сахилга батын бусад зүйлд орох олон нийтийн өмнө гутаан доромжлох зэрэг үзэгдэл хүний нэр төртэй зөрчилдөж болзошгүй...”

Бие махбодын шийтгэл нь хүмүүжлийн маш үр нөлөөгүй хэлбэр. Судалгаагаар хүүхдийг өдөөх, сурах эрмэлзлийг ховорхон төрүүлдэг ба юу хийх ёстой байсан, сайн зүйл хийсний төлөө хэрхэх талаар ямар ч ойлголт төрүүлдэггүй. Эцэг эх, багш, бусад этгээд байнга бие махбодын шийтгэлийг сахилга бат муу хүүхдүүдэд давтан хэрэглэх боловч үр нөлөөгүй байна. Эрх зүйн шинэчлэл болон зохих олон нийтийн боловсролоор дамжуулан, хүүхдийн бие махбодын шийтгэлийг арилгасан улс орнуудад цадиггүй хүүхдийн тоо ихсэж, сургууль, гэр бүлд хагарал үүссэн нотлох баримт гараагүй бөгөөд хүүхдийг цохихгүй байснаар тэнгэр нураад ирэхгүй билээ.

Бие махбодын шийтгэл нь хүүхдийг эцэг эх, багшаа хүндэтгэхээс илүү тэднээс айх айдсыг бий болгодог. Бид хүүхдээ хүч хэрэглэх замаар аливаа асуудал, зөрчлийг шийддэг хүнийг “хүндэлж” сургахыг хүсэж байна гэж үү?

Хүүхдийн эрхийн тухай конвенцид эцэг эхийн эрхийн тухай ойлголтыг “эцэг эхийн хариуцлага” гэсэн ойлголтод хүүхдийн эрхийг хамгаалах хариуцлагын хамт багтаажээ. Хүүхдийг эцэг эхийн өмчлөлийн зүйлс мэт хүмүүс хүлээн зөвшөөрснөөр хүүхдийн эрхийг баталгаажуулах нь баталгаагүй тулгасан хэрэг болно. Учир нь хүүхэд бол бусад хүмүүсийн нэгэн адил хүний эрхийн стандартын хамгаалалтад байх хувь этгээд хэмээн тогтоосон билээ. Хүний эрхийг ямарваа нэгэн айлын дотор эдлэхгүй гэж ойлгож болохгүй. Эхнэрээ зодох зэрэг хувь хүмүүсийн хоорондын гэр бүлийн хүчирхийллийн бусад хэлбэрүүдийг нийгэм хяналтад авахыг зорин, нийгэмд хууль бус үйлдэлд тооцдог. Харин хүүхэд – хамгийн жижиг, хамгийн эмзэг хүмүүсийг хамгаалалтад авахгүй орхих нь маш буруу.

”Хэрцгийгээр зодох болон эцэг эх, эсвэл багшийн удирдлаган дор бие махбодын шийтгэл онооход маш том ялгаа бий. Бие махбодын шийтгэл бол аюулгүй, бага зэрэг өвтгөдөг учраас хэрцгий хүчирхийлэл гэж хэлж болохгүй. Үүнийг яагаад хууль бус гэж үзэх вэ?”

Хүүхэд зөвхөн бие махбодын шийтгэлээр зогсохгүй доромжилсон, хүнлэг бус шийтгэл оноох бүх хэлбэрээс хамгаалагдах ёстой бөгөөд эцэг эх, бусад асрагч, багш нар хүүхдэд шийтгэл оногдуулахаас өөр сонголтын талаар заавар өгөх хэрэгтэй. Нэн тэргүүнд, шийтгэлийн нэг хэлбэрийг нөгөө хэлбэрээс солих биш, харин насанд хүрсэн этгээд болон хүүхдийн хоорондын харилцааны нэг хэсэг болсон шийтгэлийн оронд эерэг хүмүүжлийг төлөвшүүлэх хэрэгтэй. “Сайн” хүмүүжил бол насанд хүрсэн хүний үлгэр жишээ, эерэг зан төлвөөс үлгэр дуурайл авсан хувь хүний хүмүүжил бөгөөд хүүхдийн хүсэл мөрөөдөл, тэдгээрийн хөгжих чадварын бодит илрэл болохоос гадна магтаал, нөхөрсөг харилцаа, харилцан хүндлэлийг бий болгодог.
Сургууль нь сурагчидтай харилцах дотоод ажлын журам, сахилгын тогтолцоог боловсруулах ёстой. Хувь хүний хүмүүжилд насанд хүрсэн хүмүүс дур зоргоороо зохиосон дүрэм журам, албадсан заалт дэмжлэг үзүүлдэггүй.

ХҮҮХДИЙН БИЕ МАХБОДЫН ШИЙТГЭЛИЙГ ХАЛАХ ДАЯН ДЭЛХИЙН САНААЧЛАГА
2001 оноос эхэлсэн Даян дэлхийн санаачлага нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн агуулгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдийн тэгш хүний эрхийг эдлүүлэн, цохиулах, доромжлуулах явдлаас хамгаалахыг зорьдог.

ДАЯН ДЭЛХИЙН САНААЧЛАГЫН ЗОРИЛГО НЬ:
• Хүүхдийг асран халамжлах хүчирхийллийн бус арга замыг хөхиүлэн дэмжихээр мэдээлэл, боловсролын аяныг өрнүүлэх;
• Бие махбодын шийтгэлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн агентлаг, хувь хүмүүс, олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагын хүчтэй холбоог бий болгох;
• Эрх зүйн байдлыг тодорхойлсноор хүүхдийн бие махбодын шийтгэлийг ил тод болгож, хүүхдийн дуу хоолойг сонсох боломжийг баталгаажуулах;
• Бие махбодын шийтгэлийг хамруулсан хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглох, олон нийтийн боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэхээр дэс дараатайгаар засгийн газруудыг ухуулан ятгах;
• Шинэчлэл хийж буй тухайн улсад техник туслалцааг үзүүлэх.

ДАЯН ДЭЛХИЙН САНААЧЛАГАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХОД ТА ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ:
Засгийн газар, олон улсын болон үндэсний агентлаг, ТББ, хүний эрхийн институт, хувь хүн Даян дэлхийн санаачлагын зорилгыг хөхиүлэн дэмжиж болно:
• Бие махбодын шийтгэлийн эрх зүйн байдал, түүний өргөжүүлэх явдалд хувь нэмэр оруулах;
• Шинэчлэх зорилгоор парламентын гишүүдийг ухуулан ятгахад Даян дэлхийн санаачлагын давуу талыг тодорхойлох;
• Шинэ дэмжигчдийг элсүүлэх, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд тухайн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдтэй харилцаа холбоо тогтоох;
• Хүчирхийллийн бус, эерэг хүүхдийн хүмүүжил, боловсрол олгох хөтөлбөр, туршлагын жишээг илгээх;
• Бие махбодын шийтгэлийг халах явдлыг дэмжсэн чухал ач холбогдолтой хурал, арга хэмжээнд оролцох;
• Сургалт, семинар зэрэг олон улсын, бүс нутгийн, үндэсний арга хэмжээг дэмжих.

Даян дэлхийн санаачлагын вебсайтаас (www.endcorporalpunishment.org) та бие махбодын шийтгэлийг устгах тухай орон нутгийн болон үндэсний хэмжээний аянг хөгжүүлэх талаар зөвлөгөөг авч болно.
Холбоо тогтоохыг хүсвэл: info@endcorporalpunishment.org
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ