Купрум гэдэг бол “си” шүү!
2015 оны 5 сарын 13
Купрум гэдэг бол “си” шүү!
1. Монголд хүний ой тойнд багтамгүй “Cи Мо” олдож гэнэ ээ. 250 жилийн нөөцтэй юм байх. Яст мэлхий л 300 насалдаг гэсэн. Одоо өнөөдөр амьдарч байгаа амьд организмаас тэр их “Си”-ийн нөөц дуусахыг харах амьтан бол яст мэлхий. Дэлхийд 11-д орох том үйлдвэр баригдах гэнэ гээд.

Ийм сүртэй яриаг 38 жилийн өмнө сонсож байлаа. Энэ бол Эрдэнэтийн овооны тухай яриа. Миний бие тэр үед химийн хичээл бүү хэл “Түмэн бодис”-оо үзээгүй жаалхан бацкаан байсан хэрэг.  Гэхдээ бичиг үсэг танигдсан нэгэн явлаа. Тийм учраас купрум буюу зэсийг “Си” гэж уншиж байлаа. Уг нь Cu-купрум буюу зэс юм байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн бэлгэ  тэмдэгт “Cu Mo” хадаатай байдаг. Купрум, Молибден гэсний товчоон.Одоо эрхбиш бичиг үсэг тайлагдсан төдийгүй химийн элемент “тайлагдсан” учир Си-гээ танина. Си Зиньпин даргыг таньдаг шиг танина. Яагаад гэвэл Ли Пэн  гуайн (Ерөнхий сайд асан) төгссөн Москвагийн энергетикийн их сургуулийг химийн технологийн чиглэлээр төгссөний учир. Мөнгөлөг цагаан өнгөтэй металл байгаа. Ган бэхжүүлэхэд Мо орно. Чийдэнгийн шилний доторхи гэрэл дамжуулахад Мо орно. Японууд аль диван цагийн XI зуунаас самуурай сэлмээ хийхэд хүртэл Мо-г ашиглаж байжээ. Купрум буюу зэсийг манай дурын чавганц ч андахгүй мэднэ дээ. Домбо, данх гээд явж өгнө. За тэгээд Си Мо хоёр монголчуудыг олон жил тэжээлээ. Одоо ч Оюутолгой гээд цаашид ч улам өргөнөөр тэжээх болно. Ийм урт оршил ч юм шиг тайлбар ч юм шиг зүйл бичээд байгаа нь бас учиртай. Саяхан миний бие Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавыг бараадан Дорноговийн нутгаар явсан юм. Говь нутаг уухилж байна. Хаана л бол хаана, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт. Шинэ технологи. Аварга техник. Б.Лхагважав даргаас гадна би МАК компанийн удирдах албаны хүмүүс  Б.Энхмандах, Ю.Хэрлэнбаяр, Б.Ганбат нартай хамт явсан юм. Цаг өөр болж хүмүүс өөр болж. Ажил хэрэгч улсууд Монголд бий болжээ. Би зэсийн элементийн зүраг хараад багын явдлаа санаж: “Си Мо” гэж өөрийн эрхгүй дуу алдтал Ю.Хэрлэнбаяр, Б.Ганбат нар их л гайхширлаа. “Энэ сурвалжлагч нөхөр чинь купрумыг танихгүй байж юу өнгийж яваа юм бол оо?!” гэсэн байртай. Дараа нь: “Би “Түмэн бодис ч үзээгүй байхдаа купрумыг Си гэж уншдаг байсан юм. Миний өөртөө хэлсэн юмор юм аа” гэж хэллээ. Тэд юу гэж хүлээж авсныг бүү мэд. Юмор ч гэсэн хэмжээтэй байдаг ажгуу. Юмороо толгойдоо бодоод нэг тэнэг үг хэлэхээр хүн юу ойлгох ч билээ дээ.

2.
Өнөөдөр бид Оюутолгой, Тавантолгой гээд л амны зугаа болтол нь ярьж байна. Ярих нь буруу биш. Цахилгаан станцыг ажиллуулахад маш олон параметрийг зэрэг авч явдаг шиг улс орныг хөгжүүлэхэд бас л тийм параметрийг зэрэг авч явах ёстой юм байна гэдгийг дээрх дөрвөн нөхдийн ярианаас ойлгов. Үүнийгээ бид эдийн засгаа солонгоруулъя гэж байх шиг. Өнөөдөр хувийн хэвшил төсвийн 85 хувийг бүрдүүлж байна гэдэг. Тэгвэл бид хувийн хэвшлээ дэмжих, туслах, онцгой ач холбогдол өгөх цаг болжээ. Б.Лхагважав: “Өнөөдөр техник технологийн өрсөлдөөн л дэлхийд явж байна. Иймд хамгийн сүүлийн үеийн технологийг хэн нутагшуулна тэр хожно” гэж байв. Сайхан хүмүүстэй урт зам туулахад зугаатай сайхан юм. Балдангийн Энхмандах бол миний эртний найз - ах хүү. Шведэд хүртэл элчин сайд байсан. Юм үзэж, нүд тайлсан эр. “Түмэн бодис”-ын хичээл гэдэг шиг түмэн санаа, идей гаргадаг хүн. Ю.Хэрлэнбаяр, Б.Ганбат нар хуучнаар Орос хэлний багшийн дээд, одоогийн Хүмүүнлэгийн их сургууль төгсөөд дараа нь Санкт-Петербу́ргт геологийн мэргэжил эзэмшсэн хүмүүс аж. Хээр хөдөө чулуу мод үзэхээрээ ихэд анхааралтай харж судлах улс юм. Дараа нь Америк энд тэнд “америк” хэл сурсан болов уу?! Хүсэл эрмэлзэлтэй, хэнээс ч дутахгүй хэл устай чадалтай залуус Монголд өдрөөс өдөрт олширч байна. Энэ бол бидний итгэл найдвар.

3.
38 жилийн өмнө мэдсэн миний “Си Мо”-г өнөөдөр Монголын нэг компани олборлож байна. Монголчууд олборлох нь. “Монголын алт” компани Дорноговь аймгийн Мандах сумын нутагт “Цагаан суварга” хэмээх газар уг төслийг хэрэгжүүлж байна. Энэ бол Монгол хүн бүтээн байгуулагч гэдгээ харуулж байгаа нэг л жишээ юм. Сүүлийн үед Хэвлэл мэдээллийн хэрэгслээр: “Баялаг бүтээгчдээ дэмжье”, “Их бүтээн байгуулалт”, “Монголдоо үйлдвэрлье”, “Монголдоо бүтээцгээе” гэх мэтчилэн сүү шиг ариун  уриалгууд явж байна. Энэ бол талархууштай сайхан, сонсууштай сонсголонтой уриа юм. “Open door” (“Нээлттэй хаалга”) сонины хамт олон ч гэсэн хэнээс дутах вэ гээд энэ урианд автаж байгаа билээ.

30 жилийн өмнө бол энэ төсөөлөгдөхгүй проект. Бид чинь 9 давхар угсармал орон сууцыг 1982 онд л Монгол хүн бие даан угсарч барьж байлаа шүү дээ.Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийнхэн маань жилд 320 мянган тонн зэс, 5000 мянган тонн молибдений баяжмал боловсруулах үйлдвэр барьж байна. 1965 оноос хойш хийгдсэн эрэл үнэлгээний ажил, урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуул хийсэн газар юм. Уншигч Та улсын зардлаар тогтоосон хайгуул дээр л хувийн хэвшил очоод суучихаж гэж эргэлзэж магад. Гэвч факт бол факт. Баримт бол баримт. Энэ бүх зардлыг 1997 онд гарсан Засгийн газрын 234 дүгээр тогтоолын дагуу “Төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, төсөвт нөхөн төлөх тухай журам”-ын аргачлалаар тооцон 714762 ам долларыг улсад төлжээ. Өөрөөр хэлбэл, МАК компани улсын төсвөөс гарсан хөрөнгийг 100 хувь  улсад эргүүлэн тушаасан гэсэн үг.

Энэ хувийнхан чинь бас юм хийгээд хөдлөөд байна. Энэ аварга проектын зэс-молибдений сульфидын хүдрийн нөөц 250,3 сая тонн. 1,6 сая тонн зэс, 66 мянган тонн молибден. 11 тонн алт.

-Овоо байгаа биз?!
Юмыг харьцуулж байж овоо юу, үгүй юу гэдгийг тооцдог. Хурдыг хэмжиж байж мэддэг гэдэг шиг л эд дээ. Жишээ нь Эрдэнэт, Оюутолгой хоёр бол агуу том проект. Эрдэнэт 1,9 тэрбум тонн хүдэр. Энэ нь 6,7 сая тонн зэс, 200 мянган тонн молибден. Тэгвэл Оюутолгой 6,4 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1,8 тонн алт гэж байгаа. Цагаан суварга хүдрийн нөөцөөрөө Эрдэнэтээс 7,5 дахин, Оюутолгойгоос 26,8 дахин бага. Харин ач холбогдлоороо цэвэр Монгол хүний хөлс хүч, оюун ухаан үнэртэх вий. Өөр юу ч биш.

Харьцуулахад,Тракторын дэргэд БелАз гэдэг шиг юм байгаа биз?!. Гэвч “чамлахаар чанга атга” гэдэг дээ. Энэ бол Монголын түмэн хүнд наалдаж үлдэх мөнгө. Монгол хүнд цалин болж очно. Монгол хүнд шагнал урамшуулал болж очно. Монгол хүнд наймаа бизнес болж очно. Монгол хүнд ашиг болж очино. Монголчуудад татвар хуримтлал болж очно. Хамгийн том олз нь материалаг гэхээсээ илүүтэй Монгол хүнд том юмтай ноцолдоод авахад ард нь гардаг л юм байна гэсэн урам зориг, итгэл найдвар болж очно. Эцэстээ Монгол хүн 300 гаруй метрийн гүнээс эрдэнэ олборлож сурах нь байна.

4.
2006 онд Сангийн сайд асан, тэр үед Лондонд Элчин сайдаар сууж байсан Д.Даваасамбуу: “Лондоны металлын бирж дээр дэлхийн бүх металлын 90 гаруй хувь нь борлогдож, зах зээлийн үнэ нь тогтоогддог. Сүүлийн 2-3 жилд зэс, алт, төмөр, нүүрс зэрэг бидний эрх ашиг, сонирхлыг татсан бараануудын үнэ ихээхэн өслөө. Дээр дурдсан бараануудын хэрэгцээ дэлхий даяар түүний дотор Хятадад ихээхэн нэмэгдэж байна. Оюу толгойн ордны лицензийг эзэмшигч Айвенхоу Майнезийн үнэлгээнээс үзэхэд дээрх ордны нөөц дэлхийн хэмжээний томоохон орд юм. Монголын Таван толгойн нүүрсний орд болон бусад орд илэрцүүдийг сонирхох явдал нэмэгдэж байна. Манайд хийгдэхээр зарлагдсан ашигт малтмалын болон татварын хууль, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд орох өөрчлөлтийг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож хүлээн, ажиглаж байна. Монгол түмэн Та бид ч үнэ тариф зах зээлийн энэхүү тааламжтай орчныг хэрхэн үр дүнтэй ашиглахаа тооцоолох нь зөвхөн тулгамдсан асуудал төдийгүй, стратегийн шинжтэй шийдвэр гаргахад хүргэх ул мөртэй билээ... Тухайлбал: Дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 5,0 мянган ам.доллароос дээш, унц алт 600 ам.долларт хүрээд байгаа нь урьд өмнө байгаагүй өндөр төвшин юм” гэж хэлж байлаа. Үүнээс хойш 9 жил боллоо. Эрдэс баялгийн үнэ ч уналаа.
2006 он Монголчуудад эргэж ирнэ. Юу үнэн тэр үнэн. Үүнийг “Ванга”-ддах ч хэрэггүй. 1990 оны эхээр унц алт 300 доллар ч хүрдэггүй байсан үе бий. Минералын үнэ өсч буурсаар явдаг эд ажээ. Харин бид тэвчээртэй, хүлээлттэй байж сурах. Олддог мөнгө дуусдагийг хямралын үе харууллаа. Уг нь хямрал гэдэг “аюул”, “шинэ боломж” гэсэн хоёр ханзнаас бүрддэг юм гэнэ лээ. Аюулыг ч бид амслаа. Одоо шинэ боломжоо хайх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү: “Металлын үнэ өсөхийн цагт уул уурхайн тоног төхөөрөмжийн үнэ хоёроос гурав дахин үнэтэй болдог” гэж нэгэнтээ хэлсэн. Иймд эрдэс, металлын үнэ ханш тааруу байгаа үед ирээдүйн олзондоо бэлтгэж үйлдвэрээ тоноглож, босгож байх нь чухал. Зах зээл гэдэг бол мөнгө олдож байхад хуримтлал бий болгох, мөнгө тааруу олдоход хуримтлалаа ирээдүйн олзондоо бэлтгэж зөв зарцуулах. Энгийнээр нэг ийм л эд юм биш үү?! Иймд Төр засаг өнөөдрийн олзноос гадна ирээдүйн олзоо угтуулан стартегийн чанартай алхамуудаа зоригтой хийж амьдрал үргэлжилнэ гэдгийг тооцож хувийн хэвшлийг баруун солгойгүй дэмжих хэрэгтэй. “Ухаантай хүүхдэд хөрөнгө битгий хайрла! Ухаан муутай хүүхдэд юу ч битгий өг! “ гэж хаанахын ч билээ зүйр цэцэн үг байдаг. Иймд баялаг бүтээгчдээс зээл тусламж бүү харамла гэдэг л бидний гэрэлт ирээдүй юм даа.

5.
Дээр БелАЗ машины тухай би цухас дурдсан. Бас л 38 жилийн өмнө: “Босоо зогсоо хүнээс өндөр дугуйтай машин байдаг гэнэ ээ” гэж ангийн маань хүүхэд гайхшран хэлж байлаа. Энэ бол БелАЗ машин. Тэгвэл одоо босоо зогсоо хоёр хүнээс ч илүү өндөр машиныг Монголчууд эзэмшиж байна. Цагаан суваргад явж байна. Манай говьд тэмээнээс өндөр юмгүй гэж Та бодож байна уу?. Тэгвэл тэмээнээс өндөр машины дугуй байвал яах уу? Аан!
Тэр дугуйг Монгол хүн өнхрүүлж байвал бас яах уу?! Аан!

6.
Үйлдвэржилт гэдэг баригдсан хойноо үр өгөөжөө Монголчуудад өгдөг. Гэхдээ баригдаж байхдаа ч бас өгдөг байна. Жишээ нь, Цагаан суварга проектын үйлдвэрийн цахилгаан хангамжийн ТЭЗҮ-ийг ШУТИС-ийн Эрчим хүчний их сургууль, усан хангамжийн системийн зураг төслийг нь “Монхидроконстракшн” компани гаргасан байна. Бас “МОН”-той компаниуд л сонсогдоно шүү. Монхорус ч гэж байх. Тэгээд л Монголын Багануур энерги, Баясалтөгс, Эрчим корп, Эрчмийн ундраа, Илч хангай, Престиж, Улаанбаатар БУК гээд ус, дулаан, цахилгаан хангамж, барилга байгууламжийн ажлуудыг гүйцэтгэж байна. Энэ бүх байгууллагын цаана хүн байгаа, ажлын байр байгаа. Өнөөдөр Монголын хүн амын 30-аад хувь ядуу байна. 10 хувь ядуу руу шилжих эрсдэлтэй байна. Ийм үед ажлын байр хадгалах нь амин чухал асуудал болж байна. Ажлын байр хадгалахын тулд АЖИЛ байх хэрэгтэй. Ажлыг хөрөнгө оруулагчид л олж чадна. Үүнийг 100 биш гэхэд 90 хувь үндэсний хөрөнгө оруулагчид л хийж чадна. Монголоос өөр Монгол хүндээ хайртай хүн ер нь ертөнцөөс олдохгүй шүү. Жишээ нь, хятад хүн хятадтайгаа ажиллах нь амар шүү дээ. Америк нь америктайгаа, орос нь оростойгоо гээд цааш явна. Тэдний буруу биш. Гэхдээ үндэсний бахархал, үндэстний ашиг сонирхлыг үндсэрхэг үзэлтэй хольж хутгаж болохгүй. Тэгвэл тос дотроосоо өтдөг шиг л юм болно.

Монгол хүн чадаж байна!!! Үүнийг Цагаан суварга проектыг үзээд мань мэт дуу алдан хэлсэн. Ер нь юм үзэж нүд тайлсан барагтай аавын хүү ч уг проектыг үзээд хэлнэ дээ.

26 жилийн өмнө хувь хүн, хувийн компани ийм бүтээн байгуулалтыг хийнэ гэдгийг төсөөлөх нь бүү хэл зүүдлэхэд бэрх байсан биз ээ. Нэгэнт төсөөлөхгүй байгаа юм чинь яаж ч зүүдлэх билээ дээ.

Үндэсний томоохон үйлдвэрийг анх түүчээлэгч нь муу сайнаар хангалттай хэлэгддэг Буянгийн Б.Жаргалсайхан яах аргагүй үнэн билээ. Үүнийг  санахад илүүдэхгүй. Монгол Улсад үйлдвэрүүд хаалгаа барьж байхад тэр үйлдвэр яриад явж байв. Урсгал сөрөгч хүн. Одоо ч тэрбээр шууд болон дам утгаараа мянга мянган хүнийг ажлын байраар хангаад л явж байгаа байх. Хямралын үед урсгал сөрөх нь ирээдүйн ашгийн эхлэл болдог олон тохиолдол бий. Ийм амин чухал үйлсийг өдгөө МАК хийж байна. МАК сум орон нутгийн хөгжилд шууд болон дам утгаараа их дэм болдог аж. Дорноговьчуудад тогтвортой ажлын байраар хангах, шинэ ажлын байр бий болгохыг хүний нөөцийн бодлогоор дэмжин ажиллаж байна. Мэргэжилгүй нөхдийг мэргэжилтэй болгоно.  Ялимгүй хошин мэдрэмжтэй зүйрлэхэд, энэ нь тамхи асаахаас өөрөөр гал асааж үзээгүй нөхрийг гагнуурын оч маналзуулдаг мэргэжилтэн болгоно гэсэн үг. Оюутан, сурагчдыг компанийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан сургаж байна.

Цагаан суваргын зэс-молибдений баяжуулах үйлдвэр нь: техник тоног төхөөрөмжөө худалдан аваад угсарч, туршилт тохируулгаа хийчихжээ. Уулын дэд бүтэц барилга байгууламж, зам талбайн ажил нь хийгдсэн. Энэ “Си” Мо баяжуулах төслийн үр дүнд 1120 хүний ажлын байр шинээр бий болсон байна.
Нэг МАК-ын ажилчин залуутай элдвийг хүүрнэн тамхилж байтал: “2008 оны сонгуулийн дараа болсон долоодугаар сарын нэгний үймээнийг  унтаж байгаад мэдэлгүй өнгөрөөчихсөн байна лээ” гэнэ. “Энэ чинь юу ярих гээд байгаа моньд вэ?” гэсэн шүү юм бодоод,

-Тэглээ гээд яадаг юм? гэхэд,
-Сэрүүн байсан бол тэнд заавал очих байсан. Очоогүйдээ харамсаж ч байсан.
-Ямар зорилготой тийшээ очих юм?
-Хий эргэдэг хүмүүс чинь юу л болно тэнд очдог л байхгүй юу?! гэж асуух анхааруулах хоёрын дундуур хэлж байна нөгөө моньд чинь тэгэхээр нь,
-Одоо чи тэгээд хий эргээд байгаа юм уу? гэтэл,
-Юу гэж дээ. Харин энэ МАК-д ажилд орсноос хойш юун тэр үймээн самуун. Амьдралд ач холбогдолгүй юмыг сонирхохоо больсон гэж хэлж байв.

Харав уу, Уншигч Та! Залуучууд маань ажилтай бол зорилготой ийм л бодол санаатай болох нь байна. Моньд шиг харагдаад байсан нөхөр чинь ажил хийвэл ч бужигнуулаад хаячихмаар хангай шиг сайхан эр харагдлаа. Түүний энэ хүч бяр долоон сарын нэгэнд “эргэлтэд” орсон бол хичнээн цонх хаалга эвдэж, байшин барилга шатаах байсан бол гэж бодохоос нуруу хүйт оргив. Гэтэл энд бүтээн байгуулалтын фронт дээр уул овоо шиг юм бүтээгээд явж байдаг. Юутай завшаан бэ?!
Ямар ч хүн зөв амьдрахыг хүсдэг. Харин тэр бололцоо нь тэгш биш хуваарилагддаг учраас буруу явчих гээд байдаг. Харин баялаг бүтээгчид тэр тэгш бололцоог нэмэгдүүлж чадах, бүр сайн хичээвэл хангаж чадах цорын ганц хүчин юм. Залуу нөхөр маань: “Миний нэрийг сонин дээр гаргачихав аа, ах!” гэж анхааруулаад мэхтэйхэн харж инээснээ каскин малгайгаа донжтойхон духдуулсхийж өмсөөд явж билээ.

Залуучууд ажилтай болж байна.
Дорноговьчууд ажилтай болж байна. Энд ажилтай болох ч бодит ирээдүй харагдаж байна. Үүний тулд чадвараа хөгжүүлэх. Энэ үйлдвэрийн 70 хувь нь оператор ажилтнууд байх юм байна. Тэднийг орон нутгийн иргэдээр бүрдүүлэх бодлоготой гэж МАК-ын Б.Ганбат саяхан телевизээр ярьж байлаа. Тэд өнөөдрийн байдлаар гэхэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээр 260 мэргэжлийн ажилчин захиалгаар бэлтгэж байна. Дотоодод 20, хилийн чанадад 12 инженер техникийн ажилтанг сургалтын хөтөлбөрт хамруулж байна.

1100 тонны түлшний агуулах, барилгын материалын нийлүүлэлт, барилга угсралт хийгдсэн. Мөн 7,2 МВт-ийн дизель станц, цахилгаан хуваарилах систем хийгдсэн. 7,2 МВт гэдэг бол бага тоо биш нэг бүхэл бүтэн аймгийг бараг хангах хүчин чадал юм. Үйлдвэр бүрэн ашиглалтад ороход баяжуулах ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ: жилд 14,6 сая тонн, хоногт 40 мянган тонн байх юм.

Миний бие Оюутолгойн гэр кэмп (гэр тосгон ч гэмээр юм уу), тэдний ажлын байр, үйлдвэр байгууламж, хооллож ундлах орчин зэргийг үзэж харж байсан. Зоогийн газарт нь ч орж үдэлж байв. Тэр цагт манай элсэн говьд хэзээ л бид ийм хоол унд идэж ууж байлаа даа гэж бодож билээ. Цагаан суварга үйлдвэрийн байр байдал ч гэсэн яг тийм асуултыг өөртөө дахин тавих бололцоо өгч байсныг нуух юун. Үнэнийг хэлэхэд нэг амьсгаагаар биччих аргагүй их бүтээн байгуулалт хийгдэж байна. Энэ төслийн хүрээнд 10000 мод, бут хүртэл тарьсан байх болой. Ер нь МАК 2010 оноос хойш нийгмийн хариуцлага ба нийгмийн хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаанд 6,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Дорноговь аймгийн таван сумд МАК  үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Мандах, Сайхандулаан, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл сум. Орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор МАК санг байгуулан тэр нь дээрх таван сумд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Бүр сонирхолтой нь “Ботгонд бонус” нэртэй хөтөлбөр Дорноговийн Мандах, Өмнөговийн Гурвантэс сумуудад хэрэгжүүлж байна.

Тэр хүрээнд Дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээний ботгонд зориулж 10-20 мянган төгрөг өгдөг юм байна. Уншигч Танд зэрвэс харахад хөгийн ч юм шиг санагдаж магадгүй. Цаад утга нь уг нь бол гүнзгий юм. Хоёр бөхт тэмээ цөөрсөөр буй. Хамгаалж хайрлахгүй бол тарвага шиг алга болчиход ч үгүй гэх газаргүй. 10 гаруй жилийн өмнө тэмээн тавхай гэнэт тэнгэрт тулсан үнэд хүрч тэмээ сүрэг ширвэгдэх дөхсөн шүү дээ. 2011 онд зөвхөн Мандах сум 706 ботго бойжуулсан бол 2015 онд 1100 болж нэмэгдсэн байна. Мандах  сумд л гэхэд сумын төв рүү 22 кв-ын эрчим хүчний ЦДАШ, инженерийн байгууламжийн бүрэн шугам сүлжээ бий болгожээ. Мөн шинэ сум төслийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын байр, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн дотуур байр, 160 хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, эмнэлэг гээд ажлууд хийж байна. МАК ямар ч гэсэн Мандах сумд хүүхдэд хайртай, ботгонд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна.

7.
Ер нь энэхүү төслийг босгоход 1,1 тэрбум орчим доллар орох хэрэгтэй гэнэ. Энэ аварга мод ургаж бойжих үнэ. Их үү, бага уу гэдгийг Уншигч Та бэлхнээ харж байна. Одоогоор 340 сая доллар оруулаад байна. Зөвхөн дэд бүтцэд 14 сая доллар оруулжээ. Энэ 14 сая доллар зам болоод гялтайж байна. Цахилгаан  шугам болоод гялалзаж байна. 1990-ээд онд улс орон бүтцийн өөрчлөлтөд орж амьдрал ядуурч байхад Монгол орон хандивлагч орнуудаас 30 сая доллар амлуулаад түүнийгээ авах нь амин чухал үйлс болж байлаа. Тэр цагийн Засгийн газрын тэргүүн шадар сайд Да. Ганболд хандивлагчдын амласан долларыг ТВ-ээр гарахдаа картын бараатай гэдэс нь хоржигносон ард түмэндээ нүүр тахлах үг болгон хэлж байсан цаг саяхан.
Тэгвэл зөвхөн энэ төсөл хөдөлж эхлэхийн цагт жилд 178 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, хураамжаар өгөх нь байна.  Зөвхөн “Си Мо” (Cu, Mo)-гийн нөөцийн төлбөрт л 99,7 тэрбум төгрөг, ашгийн татвар 53,4 тэрбум төгрөг өгөх нь. Ус ашигласны төлбөрт л 13,6 тэрбум төгрөг улсад өгөх нь байна.

Байдал ийм л байна.
Замын тэмдэглэлийн эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавын техник, технологитой холбоотой үгийг дурдсан нь бас учиртай. МАК-ын Цагаан суваргын үйлдвэр нь 130 жилийн түүхтэй 50 гаруй оронд салбартай тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, инженерийн үйлчилгээ үзүүлдэг  дэлхийд тэргүүлэгч FLSmidth компанийн тоног төхөөрөмжөөр ажиллах юм байна. Мөн төслийн болон барилга угсралтын менежментийн ажлыг гүйцэтгүүлэх юм байна.
Ингээд Монголд ФЛСмидт технологи нутагших нь ээ. Евростандарт Монголд нутагшина.

Энэ бүтээн байгуулалтын ажлын 50 орчим хувь хийгдсэн байна.
Би үүний өмнө сониныхоо №12-т “Монгол цемент” гэсэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн замын тэмдэглэл бичсэн. Харин энэ тэмдэглэл маань “Монгол купрум” болог. Зэс гэдэг Монгол хүнд ойр элемент. Тиймээс “Си Мо” биш шүү. “Cu Mo” юм шүү дээ. Купрум молибедин. Дээрх эндүүрэл бол Менделеев өвөөгийн үелэх систем үзээгүй байхдаа хэрэглэж байсан  миний багадаа өгсөн нэр томьёо. Түмэн бодис оо гэж?!

8.
Эцэст нь, энэ аялалд оролцуулж энэхүү замын тэмдэглэл хийх бололцоо олгосон  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МАК-ын Б.Энхмандах, Ю.Хэрлэнбаяр, Б.Ганбат нарт тусгайлан баярлаж талархснаа илэрхийлье.

Монголдоо өөрсдийн гараар баялгаа бүтээцгээе! 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив