Монголын нийгмийн харилцааны онцлог
2012 оны 6 сарын 7
Монголын нийгмийн системийн хамгийн гол онцлог нь хүн амын тоо цөөн бөгөөд түүний хөдөөгийн хэсэг нь мал аж ахуйд түшиглэн ерөнхийдөө уламжлалт маягаар амьдардаг хотын хэсэг нь үйлдвэржсэн салбаруудад түшиглэн суурин байдлаар европжуу маягаар амьдардаг, өөрөөр хэлбэл амьдралын европ болон уламжлалт хэв маяг байнгын зөрчилт хөдөлгөөнд өвөрмөц байдлаар сүлжилдэн нэгдэж байгаад оршино.

Үүнийг сүүлийн үед зарим судлаачид “нэг улс-хоёр соёл иргэншил” хэмээх сонирхолтой томьёоллоор илэрхийлж буй. Мөн түүнчлэн газар зүйн хувьд хөдөө, үйлдвэрлэлийн хувьд суурьшмал газар тариалан болон голдуу ашигт малтмал ашиглах зориулалт бүхий суурин газрууд, засаг захиргааны төвүүдэд хүн амын нэлээд хэсэг нь амьдардаг.

Нийгмийн нэг системийн дотор амьдралын хоёр хэв маяг, хоёр соёл зэрэгцэн оршиж зөрчилдөж нэгдэж байгаа энэ онцлог нь нэлээд холын ирээдүйд ч хадгалагдан үлдэж, Монголын нийгмийн шинж, түүний хөгжлийн хандлагыг голлон тодорхойлох бололтой. Зарим судлаачид, тухайлбал Г.Чулуунбаатар Монголын нийгэм бүр Хүннүгийн үеэс суурин болон нүүдлийн соёл иргэншлийг өвөрмөцөөр хослуулж ирсэн гэж үзэж байгаа нь шинжлэх ухааны хувьд сонирхолтой дүгнэлт юм. Ямар ч гэсэн ХIХ-ХХ зууны зааг үеэс эхлэн европын үйлдвэржсэн соёл иргэншил тэр үед хүчтэй дэлгэрч байсан социалист үзэл санааны хамт оросоор дамжин монголын уламжлалт нийгмийг европжуулах /суурин амьдралтай болгох, соёлжуулах, үйлдвэржүүлэх г.м/ нэгэн том цуврал давалгаа болсон гэж үзэж болно.

Далаад жилийн дараа ардчил¬сан өөрчлөлтийн үр дүнд оросжсон нийгмийг бүр баруунжуулах хоёр дахь шинэ маягийн давалгаа үүсэв. Энэ нь Хятадын, Японы, Америкийн болон Европын, түүний дотор Оросын гэх мэт олон түшиг­тэй байж болох авч хамгийн ерөнхий агуулгаараа постиндустриальный /үйлдвэржсэний дараа гэсэн утгатай/ гэгдэх хөгжингүй, ардчилсан зах зээлийн нийгэмд шилжих эрмэлзэл, үйл ажиллагаа, хандлагыг илэрхийлж байгаа юм. Болзмол байдлаар баруунжуулах гэж нэрлэж буй энэ үйл явц хүн амын дийлэнх хэсэг суурьшмал оршин суудаг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад маш эрчимтэй явагдаж байгаа нь илт харагдаж байна.

Баруунжих үйл явцын энэхүү хоёр дахь том давалгаа нь улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны бүх салбарыг хамарч, түрэлтийн хүч, хүлээж авах таталтын хүч хоёр нэг чигт байгаа учраас хурдац нь маш өндөржиж байна. Энэ нь жам ёсны үйл явц хэдий ч бас ухаалаг зохицуулалт, зохистой хэм хэмжээ байх ёстой мэт санагдана.
Хотын залуучуудын сэтгэл зүй барууны нийтийн соёлд хэлбэрийн хувьд татагдаж бай­гаа боловч Монгол Улс Азийн гүрэн болохоор энэ бодит байдал нь Азийнх хэвээрээ үлдэнэ.

Үүний нөгөө талд хөдөө аж ахуйн нэгдлийн малыг хувьчилснаар манай уламжлалт харилцааг тээгч гол субъект болох малчин ард бие даасан үйлдвэрлэгчид-чөлөөт иргэд болон хувирав. Ингэснээр сайн ч бай, муу ч бай саяхан болтол бодитой оршин байсан нийгэм-эдийн засгийн “хуучин” харилцаа бараг бүрэн устав. Энэ нь их бага ямар нэг хэмжээгээр уламжлалд зохицон хагас суурьшмал болж эхэлж байсан /нэгдэл, бригад, хэсгийн төвүүд зэрэг/ амьдралын хэв маягийг эвдэж, малчид буюу хөдөөгийнхнийг хуучны уламжлалт шинжтэй нийгмийн харилцаа руу түлхэж эхлэв. Үүний зэрэгцээ уламжлалт нийгмийн мартагд­сан зүйлийг сэргээх үзэл санааны чиг хандлага бий болов.Гагцхүү энэ үйл явц эрхбиш ХХI зууны босгон дээр болж буй учраас өрнөл, хэлбэрийн хувьд өмнөх зууныхаас өөр боловч хандлагын хувьд ухарсан шинжтэй болчихов. Гаднаа харахад хачин өвөрмөц энэ хоёр хандлагыг нийгэм-төрийн нэг системийн дотор зохицуулж, нийт ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн жолоодох хариуцлагатай бөгөөд хэцүү зорилт Монгол төрийн өмнө тулгараад байна.

Үүнээс үүдэн, нэг талаас, монголын нийгмийг баруун¬жуулах, нөгөө талаас, уламжлалт шинжид тулгуурлах гэсэн үзэл санааны хоёр үндсэн чиглэл, үйл ажиллагааны хоёр хандлага бодитой оршиж, энэ нь манай нийгмийн харилцааны зангилаа асуудал болон тавигдаж байна. Энэ тухай ярихын тулд монголын анхдагч харилцаа, түүний онцлогийг нарийвчлан үзэх шаардлагатай.

Ажаад байхад Монголын нийгмийн харилцааны субъек¬тууд бие биедээ маш ойрхон /газар зүйн утга энд хамаарахгүй/, хүмүүсийн харилцаа садан төрөл, нутаг ус, танил талын холбоонд илүүтэй түшиглэсэн, хүмүүсийн харилцаа холбооны аливаа тогтвортой хэлбэр нийгэмд бүхэлд нь эерэг болон сөрөг хүчтэй нөлөөлөл үзүүлэх магадлал ихтэй, аливаа асуудлыг хууль номоос гадуур шийдэх үндэслэл дээгүүр байдаг онцлогтой. Нэг үгээр хэлбэл Bонгол бол танил тал, хамаатан садангийн орон мөн. Энэ нь онолын хэллэгээр бол Монголын нийгмийн харилцамжийн макро ба микро түвшний хүрээ хэт ойрхон, машид холилдсон гэсэн үг юм.

Бидний саяхан болтол хэрэглэж байсан нийгмийн харилцаа гэсэн нэр томьёог түгээмэл хэрэглэхээ больж оронд нь нийгмийн харилцан үйлдэл хэмээн ярих болж байна. Энэхүү нийгмийн харилцан үйлдлийг хүмүүсийн шууд харьцдаг /коммуникаци/ анхдагч, үүнээс уламжлан үүсдэг хоёр дахь /жишээ нь: нам, байгууллага/ гэж хувааж болдог. Эндээс хувь хүний шууд, тогтвортой, байнгын харьцаа /контакт/ үүсгэгч тэр хэсгийг нь тусгайд нь авч харьцамж гэж нэрлэв. Иймээс харилцаа, харилцан үйлдэл, холбоо, харьцамж зэрэг нэр томьёог бараг ойролцоо агуулгатай авч хэрэглэв. Онол арга зүйн ийм ерөнхий баримтлалын үүднээс монгол хүмүүсийн харьцамжийг 4 бүлэг болгон авч үзэж болох юм.

а/Төрөл садны харилцамж. Нийгмийн бичил бүлэг гэж нэрлэгддэг гэр бүл, түүний гишүүдийн ураг төрлийн холбоо харилцаа монголын нийгэмд ихээхэн нөлөөтэй. Нийгмийг олон гэр бүлийн хоорондын харилцаа гэж үздэг тайлбарлал монголын нийгэмд бүр ч илүү тохирно. 1950-70 оны хүн амын хэт өсөлтийн үед нэг гэр бүлд дунджаар 4 орчим хүүхэд ноогдож байжээ. Өөрөөр хэлбэл одоогийн нэг хүн дунджаар 4 төрсөн ах дүүтэй байна гэсэн үг. Гэр бүл болсны дараа бол энэ тоо эхнэр буюу нөхрийн ах дүүстэй нийлээд хоёр дахин олон болно. Үүний дээр гэр бүлийн “цэвэр” гишүүдээс гадна ойрын болон холын төрлийнхөн энэхүү шууд харьцамжид орох нь цөөнгүй. Үр удам өнөр олон бол мах, цусан төрлийн хамаатан садны томоохон бүл 300-400 хүнтэй байх ч тохиолдол бий. Ийм хоёр том бүл хэрэв нийлэх юм бол улс төрийн нам ч /хуулиар 801 хүн/ байгуулах бололцоотой. Энэ ч мэдээжийн хэрэг хэтрүүлэг л дээ.

Монголын хүн угаасаа төрөл садан ах дүүгээ хайрлаж хам­гаалж явах сэтгэл зүй нэвт шин­гэсэн хүмүүс. Бусад орнуудад ерөнхийдөө ийм л байдаг байх. Гэхдээ ах дүүгээ сургууль соёл, ажил төрөлд оруулах, шинэ гэр барих, цэрэг цуухад явах, тэр ч байтугай гэмт хэрэгт ороход нь хүртэл байнга тусалж дэмжиж, хөөцөлдөж, гүйж байдаг нь тийм ч түгээмэл биш болов уу.

Хамаатан садны шууд харьцамжийн энэ өвөрмөц сүлжээ нь түүхч Ба.Болдын хэлсэн “Одоо ч монголд овгийн байгууллын үлдэгдэл бий” гэдгийг нотлох мэт санагдана. Өөрөөр хэлбэл монголчууд “хамаархах” тун дуртай хүмүүс. Үүнийг “муухай” хоцрогдол гэж адлах, “сайхан” уламжлал гэж сайрхахын аль ч нэг их чухал бус. Гагцхүү бодит үзэгдэл гэдэг үүднээс бодлоготой хандах нь зүйтэй юм. Гэр бүлийн харилцааны энэ хэлбэр нь нийгмийн бусад хүрээнд, тухайлбал улс төр, эдийн засгийн салбарт нөлөөлөх боломж ихтэй байна.

Элит ч гэмээр, аристократ ч гэмээр удам бүхий гэр бүлүүд, монголын нийгмийн амьдралд маш их нөлөөтэй. Сүүлийн хэдэн жилд нийгмийн мобиль хөдөлгөөн ихсэж, эдгээрийн зарим нэгийнх нь байр суурь өөрчлөгдсөн боловч нийгмийн статус нь үндсэндээ хэвээр үлдсэн. Харин энэхүү аристократ элит хэсгийн үр хүүхдийн үе л эхлэв бололтой. Дашрамд дурдахад 1930-аад оны их хэлмэгдүүлэлт, дэлхийн П дайны дараа үеэс буюу 1940 оны Монгол Улсын их сургууль байгуулагдан Орост бүх салбарын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн тэр үеэс энэ аристократ-элит хэсэг бүрэлдэж эхэлсэн бололтой. Чухам тэр үеийн сургууль төгсөгчид л бүх салбарт бараг бүх юмыг шинээр хийж эхэлсэн, хийж ч чадсан, ингэснээрээ ч нийгмийн пирамидын оройд гарах гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцлөө хангасан. Төрөл садны энэхүү нөлөөлөл нь албан байгууллага, салбар, тэр ч байтугай төрийн дээд өндөрлөгт нэвтрэх чадвартай бөгөөд гагцхүү зиндаа зиндаагаараа ялгарах бөлгөө. Эндээс “төрсөн нь үнэн, төрсөндөө туслах нь үнэн” гэсэн “теором”-орхуу юм гаргаж болно.

б/Сургуулийн буюу нэг ангийнхны харьцамж. Монголын уламжлалт шавь сургалтын систем Богд хаант Монгол Улсын үеэс эхлэн алдарч, боловсролын европ тогтолцоо нэвтэрсэн нь манай нийгмийн амьдралд цоо шинэ үзэгдэл болсон юм.

1950-60-аад оноос дотоодын сургууль боловсролын нэгдмэл сүлжээ бүрэн бүрэлдсэн нь нийгмийн уламжлалт харилцааг маш өөр хандлагатай болгов. Энэ бүхний гол зүйл “нэг тогооны” сэтгэл зүй бүрдүүлдэг дотуур байр буюу бөөгнөрүүлэн сургаж хүмүүжүүлэх явдал байв. Мөн нэг үзэл суртал маш их нөлөөлснийг дурдах хэрэгтэй.

8-10 жил нийтийн байранд амьдарч, нэг ангид хичээллэж, нэг тогооноос хоол идэж, нэг хэв маягаар амьдрах шиг хүнийг ижилсгэн ойртуулдаг, төстэй сэтгэдэг, ойролцоо хэв маягаар амьдардаг болгодог зүйл нэгээхэн бээр ч үгүй. Ийм маягаар 18 нас хүрэхэд хүүхдүүд хуурай ах дүү, насан туршийн андууд болон хувирдаг. Дараа нь тусгай дунд болон дээд сургуульд суралцаж, ажил дээр гарлаа ч гэсэн энэхүү хам­тач сэтгэхүй тэр хүнд нэвт шин­гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл монгол хүн бол хамт олонч, зарим утгаар социалист хүн мөн.

Сургууль соёл төгсөж, ажил амьдралд орсон хойно нэг ангийнхнаас цөөн тооны дотны найзууд байнгын харьцамжаа авч үлддэг. Харин үлдсэн хэсэг нь байнгын харьцаанд орохгүй ч гэсэн шаардлага гарвал бие биедээ туслах дэмжихэд ямагт бэлэн байдаг. Үүний дээр гэр бүлийнхэн нь нэмэгдэж уг харилцаа улам олон хүнийг хамрах тохиолдол цөөнгүй. Харин Улаанбаатар зэрэг том хотуудад эл шууд хамаарал харьцангуй сул байгаа байдал ажиглалтаас харагддаг юм.

Монгол хүн гадаадад сур­сан ч энэ байдал үндсэндээ өөрчлөгдөхгүй. Харин ч “хүний газар, гүний нутагт” зовлон жаргалаасаа хуваалцаж, хамт архи ууж сурсан, авгай хүүхэн эргүүлсэн, бүжиглэсэн, зодолдсон залуу насны харилцаа монгол хүний сэтгэлд хэвээр үлддэг. Манай дээд зиндааныхны дотор аспирант үеийн нөхөрлөл гэж нэг өвөрмөц сонин харилцаа байдаг.
Нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлэх чадвар бүхий нэг ангийнхан маш олон, хэтэрхий олон бөгөөд эдгээрийн бүрэн жагсаалтыг гаргахад нэг их түвэгтэй биш. Эндээс “ямар нэг хэргээр ангийнхаа найз дээр орсон хүн тэр хэргээ барагтай л бол бүтээж чадна” гэсэн хоёр дахь “теорем” гарч байна.

в/Мэргэжлийн буюу албан ажлын харилцамж. Хамт олон жил ажиллах нь тэр тусмаа нэг мэргэжлээр ажиллах нь хүмүүсийг машид ойртуулдаг. Үүний дээр үзэл суртлын хувьд хамтач чанарыг бараг яс махандаа шингээж, социализмын үеийн өрсөлдөөнгүй байдалд нийтээрээ байсныг бодолцвол энэхүү харилцаа нь монгол хүний хувьд онцгой байр эзэлнэ. Гадаад яамныхныг бие биеэ дээш нь татлаа, “цус ойртлоо” гэж ихэд шүүмжилдэг. Гэтэл сүүлийн олон арван жил монголын дипломатуудын гол отрядыг ЗХУ-ын Дипломатын академи, Олон улсын харил­цааны дээд сургууль гэсэн хоёрхон сургуульд бэлтгэсэн юм. Ийм тохиолдолд Х юмуу Ү гадаад харилцааны сайд боллоо гэхэд дээрх үндсэн отрядыг түшиглэхээс өөр замгүй нь ойлгомжтой. Манай нийгмийн гол гол салбарууд бүгд л ийм бөгөөд салбарын дээд удирд­лагад мэргэжил-найз нөхдийн холбоо бодитойгоор оршдог. Иймээс цахилгаан станц дэлбэллээ гээд эрчим хүчний сайдыг солих нь амархан ч цаад тогтолцоо, харилцааг өөрчилнө гэдэг тун хүнд асуудал болон хувирдаг. Учир нь Монголын энергетикүүдийг бас л ЗХУ-ын хэдхэн дээд сургуульд бэлтгэж цөөн цахилгаан станц, төвийн эрчим хүчний систем, яам зэрэг хэдхэн газар эргэлдүүлдэг байсанд болон байгаад оршино. Манайд үүнээс ч өөр арга байхгүй юм.

Сүүлийн үед салбарын дээд өндөрлөгт тэмүүлэн өрсөлдөх хандлага үзэгдэж эхэлсэн нь огт өөр сургууль, номлол, онолоос болоогүй гэдэг нь ойлгомжтой. Японд төгссөн Х-ийг Америкт төгссөн Ү-ээр чөлөөтэй солих болсон цагт л сургууль, номлолын өрсөлдөөн жинхэнээрээ бий болох байх л даа. Харин улс төр, эдийн засгийн дээд өндөрлөгт өрсөлдөхөд салбар, салбараараа /мэргэжил мэргэжлээрээ/ талцан үзэлцэх хандлага шинээр бий болж байгааг дурдах нь зүйтэй. Зарим тохиолдлыг эс тооцвол монгол хүмүүс нэг албан газарт /салбарт/ 10 орчим жил ажиллахад л “мэргэжлийн найзууд” болдог гэвэл нэг их хилс дүгнэлт болохгүй.

г/Нутаг усны холбоо. Энэ нь мэдээжийн хэрэг, монголын нийгмийн уламжлалт харилцаа холбооны нэг болох юм. Хар багаасаа хөдөө газар мал маллаж өссөн монгол хүнд нутгийнхнаа гэх үзэл амь бөхтэй байдаг. Хөдөөгийнхөн нь сургууль, соёл, эмнэлэг хөөцөлдөх, хотынхон нь өвлийн идэш бэлтгэх, нутагтаа амрах зэрэг шалтгаанаар бодитой байсан холбоон дээр бизнес шинжтэй шинэ шинэ харилцаа үүсч байна.

Нутгийн бөх давахад баярладаггүй, нутгаа санаад уярдаггүй монгол хүн байдаггүй учраас энэ харилцаа холбоо монголын нэг онцлог болон үлдэнэ байх. Сүүлийн үед нутгийн зөвлөл хэмээх албан бус боловч /жам ёсны/ шинэ хэлбэр үүсч үүнийг улам бататгав. Энэ нь нутаг усны холбоо монголын нийгэмд ямар их ач холбогдолтойг харуулж буй тод жишээ юм. Нутгархах үзэл, үзэгдэл манай нийгэмд ихээхэн хүчтэй нөлөөлдөг учраас “Нутгийнхаа ахыг бараадсан хүн нэг их алдаад байхгүй” гэсэн дөрөв дэх “теором” гарч байна.

Дээр дурдсан төрөл садны, нэг ангийн, албан ажлын, нутаг усны харилцаа холбоо үйлчлэл нь дан дангаараа биш харин хамтдаа маш өвөрмөц байдлаар сүлжилдэн нэг талаас нийгэмд /төрд/, нөгөө талаас хувь хүн, гэр бүлд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.

Дээр дурдсан бүхнийг нэгтгэвэл “Танилтай бол талын чинээ” гэсэн ардын зүйр үгтэй давх-цах тав дахь ерөнхий “теором” гаргаж болно. Ийм харилцаа холбоо дэлхийн бусад орнуудад адилхан байдаг нь мэдээж. Гэхдээ монголын энэхүү харил­цаа нь хүн амын тоо цөөн байгаагаас шалтгаалан хоёр дахь түвшний харилцаа, эсвэл нийгмийн макро түв­шинд хүчтэй нөлөө үзүүлэх боломжтойгоороо эрс ялгаатай мэт санагддаг.
Монгол орон бол танил тал, хамаатан садангийн орон мөн гэж нотолсноороо Та юу хэлэх гээд байгаа хүн бэ гэж асуух хүн гарах нь мэдээж. Чухам үүнээс чинь болоод монголын онцлог гарч ирээд байгаа юм. Монгол хүн энэхүү харьцамжийнхаа “нөлөөллийн хүрээг” хэрхэн ашигладгийг авч үзье.

Монгол хүн ажил явдлаа хэрхэн амжуулдаг вэ? Монгол хүнд ямар нэг ажил бүтээх шаардлага гарахад түүний толгойд уг ажлыг хариуцсан институт, түүнтэй холбоотой хууль дүрэм ямар билээ гэдгийг сонирхох бодол барагтай бол орж ирэхгүй.Түүний толгойд уг ажлыг хэрэгжүүлж чадах албан тушаалтан, нөлөө бүхий хүнийг олох гэсэн эрмэлзэл эхлээд орно. Энэ “чухал” хүнийг тэр эхлээд хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнээс эхлээд хайх нь хууль. Энэ ч маш амархан, уг хүн албан тушаал дээгүүр бол бүр ч хялбар болно. Нэг нутгийнхны, эсвэл нэг ангийнхны, хамаатан садны хэн нэг нь эмч, шүүгч, худалдагч, жолооч, дарга, нярвын аль нэг байх нь магадлалын онолоор бараг тавин хувьтай тэнцэнэ. Заримдаа ажил бүтээх субъект нь “өөрийн” хүрээнээс олдохгүй тохиолдол гарна. Энэ үед тэр хүн мөн л өөрийн хүрээнийхнээс тийм газрын тийм хүнээр тийм юм бүтээлгэх гэж буй зорилгоо хэлж, тэднээр дамжуулан “өөр” хүрээнийхнээс таних хүн хайгуулдана.

Тийм хүн олох магадлал энэхүү хоёрдугаар хайлтын дүнд 60-70 хувьд хүрнэ. Бүүр болохгүй бол гуравдугаар тойргийн хайгуул эхэлнэ. Энэ тохиолдолд ажил хэрэг бүтэх магадлал бараг л 90-100 хувьд дөхөж очно. Энэ хооронд архидна, гар цайлгана, танилцах замаар “хүрээгээ” өргөтгөнө гэх мэт явдал зайлшгүй гарна. Ийм байдлаар монголчууд бүтээх ёстой ажил төрлийнхөө дийлэнх хувийг амжуулна. Энд хууль журам огтхон ч хамаагүй. Энэхүү ерөнхий загвараас гадна үлддэг хэсэг бий л дээ. Дээрх үйл явцад ажил мэргэжил, салбарын ялгаа гарна. Жишээлбэл: телефон утас тавиулахад нэг удаагийн “дэмжлэг” шаардлагатай байдаг бол худалдагч юмуу эмч байнга шаардлагатай.

Ийнхүү төрсний гэрчилгээнээс авахуулаад талийгаачийг оршуулах газ­рын зөвшөөрөл авах хүртэл, хүүхэд сургуульд оруулахаас эхлээд албан ажил олох хүртэл, “алтан тарианы” гурил олохоос эхлээд шинэ сууц олох хүртэл, гадаад паспорт олохоос эхлээд банкны зээл олох хүртэл, эрүүлжүүлэхээс гаргахаас эхлээд гэмт хэрэгтнийг өршөөх хүртэлх хүний үйл ажиллагааны бүхий л салбарт мөнхүү танил талын эрэлд хатна. Ийнхүү монгол хүн шууд яваад бүтээж болох зүйлийг улам “хүндрүүлж” танил талаараа бүтээхийг эрмэлзэх төрөлхийн шахам шинж чанартай болчихжээ.

Хуучин нийгмийн үед “хээл хахууль”, социализмын үед “арын хаалга”, одоо үед “коррупци, мафи” гэж нэрлэж буй тэр зүйлүүд маань нийгмийн харилцааны бодитой шинж чанараараа нийгмээсээ гарсан үндэс нэгтэй үзэгдэл мөн. Хэрэв тодорхой утгаар авч үзвэл манайд коррупци, мафи байна, байх байхдаа алга дээр байгаа юм шиг ил тод байна. Яагаад гэвэл тодорхой үйлдлийг нь мэдэхгүй байлаа ч гэсэн дээр дурдсан “өвөрмөц” холбоо харилцааг ултай ажиглахад бүх юм тодорхой болно.
Нөгөө талаас манайд мафи, коррупци байхгүй. Учир нь нийгмийн гишүүдийн дийлэнх хэсэг албан тушаал, нийгмийн байдлаа их бага хэмжээгээр ашиглан хууль ёсноос гадуур хоорондоо нягт холбоо бүхий явцуу бүлгийн эрх ашгийг хамгаалж байгаа тул үүнийг бүгдийг нь тооцох, тооцоолох арга байхгүй.

Үүгээрээ би монголчууд бүгдээрээ мафи, коррупцид хамрагдсан гэмт хэрэгтнүүд гэж хэлэх гээгүй байна. Харин Нью-Йорк хотын оршин суугчдын 99 хувь нь нэг буюу түүнээс дээш удаа хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн нь судалгаагаар /смелзер/ нотлогдсон баримт манай байдалтай маш ойролцоо юм уу даа л гэж хэлэх гэж байна.
Мөн Монголд коррупци, мафи байхгүй гэж хэлээгүй, нийгмийн бодит харилцаа маань үүнтэй төстэй муу зүйл рүү аяндаа түлхээд байна. Үүнийг судалъя, тунгаая, энэ хорыг арилгах арга замыг хамтдаа бодож олъё гэж л уриалж байна. Энд гадаадын туршлага огтхон ч хүртээлгүй юм.

“ӨӨРИЙГӨӨ ИДЭХ” ТОГТОЛЦОО

Дээр дурдсан нийгмийн харилцаа, нөлөөллийн танил талын хэлбэрийн сөрөг шинж¬тэй битүү гинжин хэлхээг “өөрийгөө идэх” харилцаа гэж ялган нэрлэж болно. Бас эерэг шинжүүд байдаг бөгөөд /энэ тухай одоохондоо хөндөхгүй/, гэхдээ л нийгмийн өнөөгийн амьдралд сөрөг тал нь давам­гайлж байгааг дашрамд дурдсу.

Монгол хүн эрхэлж буй албан тушаал, үйлчилж буй ажлаараа зүгээр л нэг хийгээд өгчих юмыг танилын “улаан нүүр” харах­гүй бол барагтай бол хийх¬гүй байх сэтгэл зүйтэй болж эхэлж байна.

Яагаад гэвэл хүний ажилд “саад” учруулах юм бол цаад хүн нь эсвэл хэнэггүйгээсээ болоод уг ажлаа мартан алга болно, эсвэл түүний хүрээллийн аль нэг хүнийг зайлшгүй олоод архи дарс, “бас бус юмтай” болоод дорхноо буцаад ирнэ гэдгийг мань эр нэг “муу юм гадарлана”.
Хувьсгалын үед ч хуучны түшмэдүүдийн “маргаашизм” хэмээх хүнд суртлын тухай ярьж бичиж байсан.

Энэхүү уламжлалт маргаашизм + социализмын үеийн арын хаалга + капитализмын үеийн аминч үзэл, өрсөлдөөн бүгд нийлээд холилдоод ирэхлээр ёстой л нийгмээ, өөрийгөө идэх харилцааны иж бүрэн, сонгодог монгол тогтолцоо болон төлөвшиж байна. Энэ тогтолцоо нь нийгмийг улмаар хувь хүнийг “идэх” аймшигт мангас болон хувирч байгааг бид харж байна. Мөн энэ тогтолцоог феодализм, социализм, капитализмын “буруутай” шууд холбож ч, тэр ч байтугай төр, аль нэг нам, байгууллага, нийгмийн бүлэгтэй дангаар нь холбож ч болмооргүй санагдана. Энэ бол бие биенээсээ шууд хүчтэй хамаарал бүхий цөөн хүмүүсийн /монголчуудын/ өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанаас урган гарсан нийгэмд түгээмэл, бодитой оршин буй харилцааны шууд баримт /факт/ мөн. Ерөнхий хандлагын хувьд хүмүүсийн иймэрхүү “өөрийгөө идэх” харилцан нөлөөлөл нь тухайн хүн улс төрийн болон эдийн засгийн пирамидын аль хэсэгт байгаагаасаа хамаарч нийгэмд учруулах хор хохирол нь янз бүр байхаараа л ялгагдана.

Нийгмийн ийм баримт дэл­хийн бусад улсуудад ч байдаг байна. Гэвч тэд бараг бүгдээрээ хүний тоо олон, нийгмийн давхраажлын пирамид өндөр, том систем байдаг учраас дээрх харилцаа нийгмийн бүхэллэг шинж, хандлага, хөгжлийн явцад үзүүлэх нөлөөлөл нь бага байдаг бололтой.
Харин бидний хувьд энэ асуудал шал өөр утгатай болох юм. Нэг тамирчин гэмтэхэд л дэлхийн хэмжээний медаль авах боломж хаагдана, нэг дуучин юм уу хамтлаг орол¬цохоо болилоо гэхэд бараг бүтэн арга хэмжээ тасарна, нэг нам, төрийн зүтгэлтэн алдахад хор хохирол нь нийгэмд шууд нөлөөлнө. Харин алдахгүй бол медаль ч авна, фестиваль ч болно, амжилт ч болно.

Энэ бүхнээс дүгнэлт хий­хэд бидний Монголчууд бие биенээсээ дэлхийн аль ч улс үндэст-нээс хавьгүй илүү хамаардаг, харилцан шүтэлцээ ихтэй хүмүүс юм. Нэг үгээр хэлэхэд бид бүгдээрээ ахан дүүс юм. Энэ бодит баримтыг, бодит онцлогийг хайхрахгүйгээр нийгмийн өөрчлөлтийн ямар ч сайхан төлөвлөгөө хэрэгжихгүй. Дээр дурдсан өвөрмөц байдал нь гадаадын ямар ч онол, сургаал, номлол, туршлагад нийцэхгүй юм. Энэ бол гайхамшигт сонин үзэгдэл бөгөөд манай нийгмийн амьдралын зовлон чухам үүнд л байгаа мэт.

Монголын нийгмийн систе­мийн энэхүү онцлогийг бид алхам тутамдаа харгалзаж явах нь чухал, бас бид бүхэн энэ онцлогоо ухаарвал бүр ч чухал. Үүнийг бид л өөрснөө ухаарахгүй юм бол гадаадынхан ойлгох нь юу л бол. Бидний авч үзэж буй монголчуудын харилцан үйлдлийн тогтолцоо, түүний боломж нь угаасаа тийм муу зүйл үү гэвэл бас ч тийм биш. Энэ нь маш олон, бидний санаж байгаагаас ч илүү олон давуу талтай. Асуудлын энэ талыг зориудаар хөндөлгүй орхисноо уншигчдад сонордуулъя.
Харин өдөр тутмын амьдрал­даа дээр дурдсан сөрөг талын боломжийг илүүтэй ашигладгаа, үүнээс үүдэн жунглийн хуулиар шахам амьдарч байгаагаа, өөрсдөө сайн дураараа гадаад орны туршлагын туулай болдог явдлаа эцэслэж, өөрсдийнхөө “бөндгөрийг” ажиллуулах цаг нэгэнт болсон байна.

Учир нь Таныг гомдоож, ажил төрөлд чинь саад болж, юмыг чинь хулгайлж байгаа гурван хүний нэг нь Таны “өөрийн” хүрээллийнхэн буюу “найз” чинь юм шүү.

Д.ГАНХУЯГ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...