Хурандаа нарын хэргийг Д.Дорлигжавын даалгавраар хэрэгсэхгүй болгожээ
2015 оны 7 сарын 3
 Хурандаа нарын хэргийг  Д.Дорлигжавын даалгавраар хэрэгсэхгүй болгожээ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “ноцтой” гэгдэхүйц нэгэн мэдээллийг нийтэд дэлгэсэн байна. Тэрээр “Д.Дорлигжавын хэрэгсэхгүй болгуулсан хурандаа нарын хэргийн цаана их юм бий” гэсэн тайлбартайгаар хоёр чухал баримтыг жиргэжээ. Түүний жиргэсэн хоёр хуудасны нэгийнх нь доод хэсэгт “Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар сарын 29-ний 01 дүгээр зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс” гэсэн дугаарлалт байх тул үүнийг албан ёсны эх сурвалж гэж үнэлж болохуйц зүйл юм.

Энд ЦЕГ-ын харъяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Батсүхийн нэр дээр гаргасан нэгэн гомдлыг авч хэлэлцсэн талаар тайлагнажээ. Иргэн Г.Сарангэрэл гэх эмэгтэй 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хандаж, “...эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч ... намайг сүрдүүлсний улмаас би айсандаа Т-тэй унтсан хэвтсэн гэж ярихыг зөвшөөрсөн. Энэ нь цагдаагийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил агуулсан үйлдэл байх тул хариуцлага тооцож, хохирол төлүүлж өгнө үү. ЭЦГ-ын ажилтан яагаад сайдынхаа нэр төрийг гутаах, доромжлох талаар бусдыг ятгаад, зөвлөөд байгааг би ойлгохгүй байна” хэмээн гомдол гаргажээ. Уг гомдлын мөрөөр шалгалт явуулахад ЭЦГ-ын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ариунболд нь Г.Сарангэрэлийн өмгөөлөгч н.Батбаяртай утсаар ярьж, түүнийг хуурамчаар мэдүүлэг өгүүлэхээр ятгасан нь баримтаар нотлогдсон /өмгөөлөгчтэй ярьсан утасны яриа/ тул сахилгын хариуцлага тооцсон тухай тэмдэглэжээ. Мөн Ариунболд нь утасны ярианд нэр дурдагдсан Ууганбаяр гэгч нь ЭЦГ-ын дарга Н.Ууганбаяр мөн болохыг баталж “Ууганбаяр даргатай би нөгөө утсаараа ярьж байсан. Ууганбаяр дарга энэ тухай мэдэж байсан” хэмээн мэдүүлсэн байна.

 Харин хоёр дахь хуудсанд энэхүү баримтыг хаана хэн үйлдсэн байж болох ямар нэг тусгай тэмдэглэгээ байхгүй, зарим нэг хүмүүсийн нэр ус, албан тушаалыг улаанаар дарсан боловч доторх агуулгаас нь харвал ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар эсвэл ТЕГ-аас бичсэн тайлан гэж тааж болохоор.

Учир нь тухайн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийг нь тагнаж чагнасан хэргээр ЦЕГ-ын харьяа Дотоод хяналтын газарт гомдол гаргаж, дээрх газар уг мэдээллийн мөрөөр шалгаад “Тагнаж чагнасан хэргийг нь харьяаллын дагуу ТЕГ шалгаж нягтлах ёстой юм байна аа” гээд шилжүүлсэн байдаг. Харин ТЕГ уг мэдээллийг шалгаад “Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг зөвшөөрнө үү” хэмээн прокурорт хүсэлт гаргаж, прокурор ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь зүйтэй гэж шийдвэрлээд байсан ч тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын даалгавраар эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Энэ тухай Х.Тэмүүжин сайд хожим өөрөө ярьсан.

Жиргээний хоёр дахь хуудсанд “ЭЦГ татан буугдсанаар тэнд ажиллаж байсан алба хаагчдын зарим нь хотын цагдаагийн газарт шилжиж ажилласан. Тэдний нэг нь шилжин явахдаа тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж Х.Тэмүүжинг зохих журмын дагуу бүртгэлд оруулалгүй нууцаар тагнаж чагнаж байсан, гүйцэтгэх ажлын материалыг хэлтсийн даргадаа өгсөн боловч хожим устаж алга болсон. Үүний дараа уг хэрэгт буруутгагдахаас айж өөрт нь үүрэг өгсөн удирдлагатайгаа муудалцсан, хэргийн талаарх мэдээллийг задалсан” тухай тэмдэглэлүүд байна.

 Мөн оны наймдугаар сард “ЭЦГ-ын гурван ажилтан гүйцэтгэх ажлын материалыг устгасан тухай мэдээллийн мөрөөр эрх бүхий байгууллага нь шалгасан боловч яг ямар материалыг устгалд оруулсныг нарийн тогтоож чадаагүй. Баттай бус мэдээллээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинг бүртгэлд хамруулалгүй нууцаар тагнаж чагнасан гүйцэтгэх ажлын материал устгагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. Энд тэмдэглэснээр Х.Тэмүүжинг тагнаж, чагнах үүргийг ЭЦГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Батсүхээс авсан, Х.Тэмүүжиний үйлчлүүлдэг клуб, ресторануудад нэвтэрч зөөгч үйлчлэгдээр нь дамжуулан суусан ширээнийх нь орчинд чагнах хэрэгсэл байрлуулах болон бусад арга замаар хувийнх нь мэдээллийг цуглуулдаг байсан байна.

Гэвч сүүлийн баримтад дурдсанаас үзвэл өнөөдөр ЦЕГ болон ЭЦГ-т ч, уг хэргийн мөрөөр шалгалт явуулсан ТЕГ-т ч “хууль зөрчиж гүйцэтгэх ажил явуулсан” гэх хурандаа нарт холбогдох хэргийн материал байхгүй, устаж алга болсон нь үнэн бололтой. Хамгийн сүүлд лав ТЕГ-ын тусгай архивт уг хэргийн материал авагдаагүй, Нийслэлийн прокурор тагнуулын байгууллагаас татаж авсан хэргийн материалыг буцаан шилжүүлээгүй тухай мэдээлэгдсэн. Тагнаж чагнасан хэргийг удирдан зохион байгуулсан Н.Ууганбаяр хурандаа жил тойрон дуугүй явсны эцэст өнгөрсөн долоо хоногт гэнэт гарч ирээд “Би хэлмэгдсэн хүн. Хэргийн материал нууцын зэрэглэлээс гарвал тэр цагт би цагаатгагдана” хэмээн “хэлд орж” эхэлснийг харсан ч тэр. Хурандаа нарын хэрэг хаачив?

Д.Дорлигжавын хэрэгсэхгүй болгосон хурандаа нарын хэргийн цаана их юм бий гээд байсан Х.Тэмүүжингийн үг ийм учиртай байж.


Эх сурвалж News.mn


Эх сурвалж http://www.info.mn
 Хурандаа нарын хэргийг  Д.Дорлигжавын даалгавраар хэрэгсэхгүй болгожээ
 Хурандаа нарын хэргийг  Д.Дорлигжавын даалгавраар хэрэгсэхгүй болгожээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ