“Нурууг нь авах” төлөвлөгөө
2015 оны 7 сарын 20
Сэтгүүлчийг цагдан хорих нь хэнд ашигтай вэ

Мэдээ мэдээллийн INFO.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг шүүхээс цагдан хориод яг 12 хонож байна. Тэрбээр Үндсэн хуульд заасан бичих эрхээ эдэлснийхээ төлөө шүүхийн хаалгыг татлаа. Хэзээ, хаана, юу, хэн, яагаад, хэрхэн яаж хэмээн гүйлдэж явдаг сэтгүүлчид өнөөдөр шүүхийн хаалга сахиад суух болсон нь ардчилсан тодотголтой манай улс ямаршуухан төвшинд явааг илтгэнэ. Тиймээс л ардчилсан Монгол Улсын Дөрөвдэх засаглалын гишүүн, хориод жил улстөрийн сэтгүүлч хийсэн С.Баттулга хэвлэн нийтэлснийхээ төлөө шүүхэд дуудагдаж, цаашлаад гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хоёронтоо хоригдлоо. Олигтойхон эрх баригчтай, овоо зэгсэн хуультай, хэвлэл мэдээллийн салбарыг хүндэтгэдэг хуулийнхантай байсансан бол өнөөдөр энэ хүн төмөр торны цаана биш, компьютерийнхээ ард суугаад ажлаа хийж байх байв.

Түүнийг одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард 32 цаг баривчилж байсан бол энэ сарын 9-нд дахиад хорьчихлоо. Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1-д зааснаар дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх, 68.2.2-т зааснаар шүүхээс оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр долдугаар сарын 27 хүртэл хорьчихов. Хорих шийдвэр цаашид үргэлжилж ч магадгүй гэнэ.

Шүүгчийг Монгол Улсын иргэдийг энэ тэнцүү төвшинд авч үзэж, шударгаар ажлаа хий хэмээн хамгийн өндөр цалинжуулдаггүй билүү. Гэтэл нэг тал нь “Хориод өг” гэсний төлөө нөгөөг нь бариад хорьчихдог, ингэхдээ “Энэ шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй” гээд алх цохиж байгаа нь зүйд хэр нийцэх бол...

Бас болоогүй ээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт үзэг нэгт нөхрөө өмөөрч “Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлэн Баянзүрх дүүргийн Шүүхийн гадаа тайван жагсаал хийж буй сэтгүүлчдийг “Та нар наад жагсаалаа зогсоохгүй бол шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн хэмээн буруутгагдах болно” гэх. Үүнийг сонссон сэтгүүлчид нэгнээ гаргаж авах байтугай нэмж өөрсдөө байцаагдахаас эмээж бараг л бууж өгсөн гэхэд хилсдэхгүй. Энэ чинь хуулиар дарамталж байгаа хэрэг биш гэж үү. Хүн хэдийгээр хуулийн дор амьдардаг ч тэднийг хуулиар далайлгаж дарамталж болохгүй. Хэрэв хуулийнхан буруу шийдвэр гаргасан бол түүнийг эсэргүүцэх эрх нь ард олонд ч, сэтгүүлчдэд ч бий. Үнэндээ “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэдэгчлэн огт болоогүй зүйлийг бичдэг сэтгүүлч гэж байдаггүй. Зохиолч, сэтгүүлч хоёрыг ялгах ухаан хуулийнханд байтугай эгэл жирийн иргэн, тэр бүү хэл хүүхдэд ч байгаа.

Хуулийнхан хуулиа мэддэг бол сэтгүүлзүйн салбарынхан үгзүйн учрыг тунгааж чадна. Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорих тухай шийдвэрт гомдол гаргагчийг хохирогч хэмээн тодорхойлжээ. Шүүх хурал эцэслэн шийдэгдээгүй байхад энэ хүн хохирогч мөн үү? гэсэн асуулт гарч ирэв. Гэмт хэргийн улмаас бие махбодийн болон эд материалын хохирол учирсан хүнийг шууд хохирогч хэмээн үзэж болно. Тухайлбал, эд зүйлээ алдсан, эвдэж сүйтгүүлсэн, бие эрхтэн нь гэмтсэн, цаашлаад амь насаа алдсан гэх мэт. Харин намайг гүтгэчихлээ хэмээн гомдол гаргасан хүнийг шүүхийн шийдвэр эцэслэн гартал гомдол гаргагч л гэж нэрлэмээр. Тэгэхээр шүүгч шүүх хурал болохоос өмнө гомдол гаргагчийг хохирогч хэмээн зарласан төдийгүй сэтгүүлч С.Баттулгыг гэмт хэрэгтэн гээд зарлачихлаа. Учир нь шүүгчийн захирамжид “Дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжилж” хэмээн дурьджээ. Үүнээс С.Баттулга гэдэг хүн өмнө нь гэмт хэрэг үйлдсэн нь батлагдсан мэт харагдаж байгаа юм. Үнэн хэрэгтээ шүүх хурал болж, энэ хүний нийтлэл үнэн зөв байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, тунгаасны эцэст шүүгч шийдвэрээ гаргаж, сэтгүүлч С.Баттулгын буруутай эсэх тогтоогдоно. Үүнийг л олж харсан сэтгүүлчид шүүгчийг гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүссэн юм. Гэвч тэдний хүсэлтийг хүлээн авсангүй.

Дээрх байдлаас харахад нэг талаас С.Батулга гэдэг хувь сэтгүүлчийн хувьд хоригдсон мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас авч үзвэл энэ сэтгүүлчийг хорьж байгаа нь бусад сэтгүүлчдэд сануулга өгч байгаа мэт. Та нар олон юм бичвэл энэ сэтгүүлч шиг хорьчихно шүү гэсэн мессэж өгөх санаатай үйлдэл юм.
Учир нь сэтгүүлчид төдийгүй олон нийт нэг зүйлд анхаарлаа хандуулж байна. Манай улс түүхэндээ анх удаа сэтгүүлч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын танхимд олон сэтгүүлчидтэй байгаа. Тэд сэтгүүлчийн ажил үүрэг, зовлон жаргалыг мэддэг хэрнээ яагаад дуугарахгүй байгааг олон нийт сонирхож бас хэлсээр. Үнэн гэвэл тэд дуугарахгүй нь ойлгомжтой. Бага чулуугаар их чулууг доргионо гэгчээр нэг ч болтугай сэтгүүлч хуулийн өмнө хариуцлага хүлээх, цаашлаад ял шийтгэл сонсвол улстөрчдөд ашигтай хэмээн тэд үзэж байна. Учир нь ирэх жил УИХ-ын сонгууль болно. Тэд хэвлэл мэдээллийг ашиглан тэмцэлдэх нь тодорхой. Ингэхдээ хүн гүтгэх хэргээр шоронд орно гэдэг том үгээр сэтгүүлчийг айлгаж, дарамталвал тэд өөрсдийн тухай хар мэдээ хэвлэлээр гарахгүй хэмээн горьдож суугаа. Сэтгүүлч “Хүн гүтгэсэн” хэргээр ял сонсвол олон нийтийн дунд хэвлэл мэдээлэлд үл итгэх байдал давамгайлна. Аливаа ноцтой мэдээ материал баримттай байсан ч түүнд итгэхгүй эргэлзэнэ. Захын хүн босоод зарга үүсгэж эхэлнэ.

Нөгөө талаар мэргэжил нэгт нөхөр нь шүүхээс ял сонсвол хувь сэтгүүлч өөрийгөө цензур хэмээх хар хайрцагт хийнэ. Бүх цензурын дотроос хамгийн хортой буюу дарамттай нь өөрийн цензур байдаг хэмээдэг. Ингэхээр тэр сэтгүүлч үнэний дуу хоолой болж чадахгүй. Үнэнийг бичмээр байсан ч гар нь хөдлөхгүй. Ийм л байдлыг эрх баригчид, улстөрчид хүсч байгаа. Тиймээс ч тэд Хэвлэл мэдээллийн тухай хуулийг батлахгүй байгаа юм. Тэд сэтгүүлчдийг “Нуруугаа авахуулсан” морь шиг байлгахыг эрмэлзэж байна.

Харин бид тэдэнд тийм боломж олгохгүй. Бид дөрөвдэх засаглалынхаа үүргийг илүү эрч хүчтэй, илүү зоригтой, илүү шударгаар биелүүлэх хэрэгтэй. Сэтгүүлч нөхдөө улам зоригтойгоор олсон материалаа олонд дэлгэн бич хэмээн уриалмаар байна. Баримттай, үнэн зүйл бичсэн сэтгүүлчийг шүүхийн хаалга татуулдаггүй болтол нь бич. Бид зоригтой дуугарч, зоригтой бичиж байж өөрсдийн дархлааг бий болгож чадна. Амтай бүхний өмнө унах хүн бол сэтгүүлч биш. Бид үнэний дуу хоолой болох гэж үзэг цаас нийлүүлдэг билээ. Сэтгүүлч бүрийн үзэг нь хурц, үг нь цэцэн байх болтугай.



Н.БУДСҮРЭН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив