А.Баянмөнх: Иргэнээс авсан татварыг өөрт нь эргүүлэн зарцуулдаг хууль хэрэгжинэ
2012 оны 6 сарын 10
А.Баянмөнх: Иргэнээс авсан татварыг өөрт нь эргүүлэн зарцуулдаг хууль хэрэгжинэ
НИТХ-ын 24 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч А.Баянмөнхийг энэ удаагийн “VIP” буландаа урилаа. Тэрбээр улстөрөөс ангид төрийн хүн байхыг эрмэлздэг, зорьсондоо үнэнч, зорилгодоо тууштай байх зарчимтай нэгэн. Дөрвөн жил НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан ч УИХ-ыг биш нийслэлийг тэр дундаа Баянголын иргэдээ дахин сонгож, нэрээ дэвшүүлэхээр болжээ. Баянгол дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороонд нэр дэвшигч А.Баянмөнхтэй хийсэн ярилцлагаа танд хүргэж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Ихэвчлэн хүмүүс нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөс УИХ-д нэрээ дэвшүүлдэг. Харин та тэгсэнгүй. Яагаад дахин нийслэлд нэр дэвшихээр болчихов?
-Миний хувьд улс төрийг нэг их сонирхдоггүй. Хоёрдугаарт НИТХ гэдэг чинь улс төрийн байгууллага биш. Цэвэр орон нутгийн өөрөө удирдах байгууллага. Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн иргэдийн дунд орж ажилласан. Энэ том хотод шийдэгдсэн асуудал байгаа ч шийдэгдээгүй хүндрэлтэй асуудлууд ч бий. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээсэн нь ч байна, бас шийдвэрлэж амжаагүй асуудал ч байгаа учраас нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс дахин нийслэлийг сонгож, нэрээ дэвшүүлээд байна даа.
-Тийм шүү. Эрхэлсэн ажилдаа үнэнч тууштай байх зан өнөөдөр үгүйлэгдэж байна л даа?  
-Ний нуугүй хэлэхэд би жаахан хэнхэг хүн. Нэг барьж авсан зүйлээ чадсан ч, чадаагүй ч дуусгахыг зорьдог.
-Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд зам гэрэлтүүлгийн ажил нэлээд их хийгдсэн. Үүнийг дан ганц санаачилсан, гүйцэтгэсэн хүмүүс нь биш иргэд ч өөрчлөлтийг харж үнэлэлт дүгнэлт өгч байна. Энэ ажлуудад таны оролцоо байгаа байх. Өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж амжуулсан хүн вэ?
-Миний хувьд яг биечлэн оролцохгүй ч санаачилсан ажлууд байгаа. Хурлын төлөөлөгчид бол бодлогын чанартай асуудлуудад голлон анхаардаг. Үүн дээр төсвийн хуваарилалтуудыг хийдэг. Үнэхээр өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн өнгө төрх гээд бүх зүйлд ахиц харагдсан. Ялангуяа хотын дарга зөв бодлогоор сайн ажилласан.
-Нийслэлд хонгилийн систем гэсэн шинэлэг ажил хийгдсэн. Ер нь хот инженерийн байгууламжийн чиглэлдээ түлхүү анхаарсан байх?  
-Инженерийн талаас Улаанбаатар хот асар их хөгжсөн. Бид нүдэнд ил харагдаж байгаагаа л хардаг. Гэтэл газар доогуур хотын амин чухал хэсэг болох шугам сүлжээ, дулаан, бүх төрлийн кабелиуд хөрсний ус, гүний ус гээд маш их юм байгаа. Урьд нь энэ асуудлуудыг анхаардаггүй байсан. Манайхан чинь энэ жил нэг юм хийгээд дараа жил нь дахиад л түүнийгээ ухаад сүйтгэчихдэг байсан шүү дээ.  Харин бид энэ байдлыг халж, дэд бүтцийг нэг хонгилд багтаагаад зам ухахгүйгээр инженерийн шугам сүлжээг засдаг анхны байгууламжийг бий болгосон. Хотын цаашдын хөгжил газар доогуурх хотоос шууд шалтгаална.   
-Таны ирэх дөрвөн жилийн ажлын төлөвлөгөө аль салбар руу түлхүү чиглэж байгаа вэ?
-Манай намын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьдрал руу чиглэсэн зүйлүүд түлхүү тусгагдсан. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрт ямар л технологийн шинэчлэл байна тэр бүхнийг бодож тооцсон байгаа.
-Нийслэлийн Эрх зүйн байдлын хууль дөрвөн жил яригдсан асуудлуудын нэг. Одоо бүрдэх хурлынхны ч анхаарах чухал асуудлын тоонд байгаа. Тэгэхээр нийслэлийн хоёр ч парламент дамнан яригдсан энэ хуулийн нийслэлчүүдэд өгөх үр ашиг нь юу вэ?
-Та их зөв асуулт асуулаа. Иргэн хүний хувьд үүнийг олж харна гэдэг сайн зүйл. Хүний амьдралын орчинг хууль зохицуулдаг. Хуулиндаа зохицож, зохицуулж амьдардаг. Гэтэл өнөөдөр нийслэлийн Эрхзүйн байдлын тухай хууль үнэхээр орчинтой зохицохгүй хоцорчихоод байна. Өнөөдөр нийслэлийн хүн амын тоо хэд билээ дээ. Бид энэ хуулийг  УИХ-д өргөн бариад, анхны хэлэлцүүлэг нь дууссан. Одоо дараагийн их хурлаар үүнийг батлаад өгчих байх гэж бодож байна. Хууль батлагдсанаар Улаанбаатар хот бүх асуудлаа шийддэг болно. Өнөөдрийн байдлаар нийслэл маань жижигхэн аймгийн хэмжээний эрх эдэлж байна шүү дээ. Нийслэл хичнээн хүн амтай билээ, ямар ашиг орлоготой билээ. Нийслэл орлого олоод л байдаг. Гэтэл аль нэг орон нутгийн зам засахад зориулддаг байж болохгүй. Тэгэхээр  энэ хуулиар иргэнээс авсан татварыг өөрт нь эргүүлээд зарцуулах ёстой гэдэг зарчим үйлчилнэ. Хоёрдугаарт, нийслэл маань өөрөө дархлаатай байх ёстой. Учир нь Улаанбаатар 1.2 сая иргэнтэй, Азидаа нэлээд анхаарал татаж байгаа томоохон хотуудын тоонд зүй ёсоор орсон. Тэгтэл нийслэл маань нэг аймгийн статустай байгаад байдаг. Монголыг дэлхий нийтээрээ сонирхож байна. Өнгөрсөн жил уул уурхайн нэг асуудал шийдэх дөрөв таван өдрийн дотор л дэлхийн ТОП гэгдэх улсууд хүмүүсээ илгээсэн. Ингэж гадныхны анхаарлын төвд байхад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Үүнийг дагаад хөгжил ирнэ. Харин энэ хөгжлийг хуульчилж, зөв бодлогоор залж явах нь манай хотын ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болох юм.  
-Ховд нутгийг хүн хэдийнээс нийслэлд суурьшсан вэ?
-Амьдралын  зураг төөрөг юм байлгүй. Дунд сургуулиа төгсөөд гадагшаа сургуульд сурсан. Жирийн л нэг ус, түлээгээ зөөдөг хүү байлаа.
-Тэгэлгүй яахав, би таниас ийм хариулт хүлээж байлаа. Өнөөдрийн энэ соёлжсон нийгэмд ус, түлээгээ зөөгөөд л амьдарч байгаа мянга мянган өрхүүд байна. Ийм орчинд ойр өссөн хүний хувьд та гэр хороолол хэрхэн санаа тавьж байна вэ?
-“Нийслэлийн хөгжил нийтийн сайн сайхан” гэсэн манай намын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг эхлээд шийдэхээр тусгасан байгаа. Дулаан, цэвэр ус, зам гээд бүгдийг нь шийдэж  өгнө. Мөн цэцэрлэг, сургуульд нэлээд анхаарал хандуулж ажиллана. Гурван ээлжээр явж байгаа сургуулийг хоёр ээлжтэй болгох, хоёр ээлжээр хичээллэж байгаа бол хүүхдүүдийг нь цөөрүүлэх гэх мэт нарийн асуудлыг тооцож, мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн байгаа.
-Улс орныг хөгжүүлэхийн тулд хувь хүний соёлын тухай, тэр хүний ухамсарт  нөлөөлж хөгжилд хүрэх тухай ярих болж. Та хэр соёлжсон, хотожсон иргэн бэ?
-Хөгжлийн үндэс бол боловсрол. Боловсролтой эрүүл, ухаалаг иргэн энэ нийгмийн тулгуур гэж боддог. Миний биеэ авч яваа байдал нийгэмд саад тотгор, дараа болох ёсгүй.
-Аливаа зүйл их бага хэсгээс бүрддэг. Энд хоёулаа макро микро эдийн засаг гэж ярихаа түр азнаад яг л иргэн хүнд тулгамдсан зүйлийн тухай ярилцъя?
 -Тийм шүү. Шууд утгаараа эрүүл амгалан тайван амьдрахад дутагдалтай зүйлүүд олон байна. Эхлээд байшин хорооллын жишээг яръя. Улаанбаатар хотын байшингуудын дээвэр хэтэрхий муудсан, цахилгаан шатнууд асуудалтай. Гэр хорооллуудын хувьд тулгамдсан асуудал байна нөгөө л дэд бүтэц, зам муу, гэрэлтүүлэг хангалтгүй. Энэ нь эргээд гэмт хэргийн эх үүсвэр болдог. Ус түгээх цэгүүд цөөхөн байна, зарим гэр хороололд цахилгааны хүчдэл дутуу очиж байна. Хүндээ хүрч, тулгамдсан, анхаарал татсан энэ асуудлыг шийдэхийн төлөө л ажиллана. Иргэн хүн боловсролтой, эрүүл, хангалттай орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Өнөөдөр гэр хорооллынхон орон сууцныхнаас илүү өндөр зардлаар амьдардаг. Зөвхөн дулааныг гэхэд найм дахин өндөр үнээр авдаг. Энэ асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.  Энэ хөтөлбөрт дээр би өөрөө ажиллаж, зарим санаа оноогоо хэлсэн, зарим нь тусгагдсан байгаа.
-Та сонгогчиддоо хандаж ямар амлалт өгөх вэ?
-Амлалт бол өгч болохгүй. Та бүхэндээ маань хэзээ вэ, хаана вэ, хэнд вэ гэдгээ өөрсдөө сайн бодож дүгнэлтээ хийгээрэй гэж хэлэх байна. Та бүхний минь сонголт мэргэн байх болтугай.
-Ярилцсан танд баярлалаа.

П.НАНСАЛМАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ