З.Энхболд Н.Энхбаяртай нийлчихдэг нь ямар адын юм бэ!
2015 оны 9 сарын 16
З.Энхболд Н.Энхбаяртай нийлчихдэг нь ямар адын юм бэ!
Ц.Элбэгдорж: -Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн суудлын сураг сонсоод зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарлаа. Ямар адын юм бэ!

Х.Тэмүүжин: -Улс төрд нэг шинэ үг гарсан. “Шонхордох” гэж. Шонхордмооргүй байна, кнопдмооргүй байна, далдуур явуулга явуулмааргүй байна.

     Эрх мэдлийн төлөөх тулаан төрийн самууныг улам гааруулав. Шаргал ордны булан тохой, шинэ сайд нарын өрөө, бүр их хотын ресторан, пабын вип өрөөнүүдэд ч тэр хуйвалдаан өдөр, шөнөгүй үргэлжлэх болов. Улстөрчдийн хорлонтой явдлын үр дүнд энэ ч намаас, тэр ч бүлэглэлүүдээс урвагчид олноор тодорч эрх ашгаараа нэгдэцгээв. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн ямар адын юм бэ. Яасан их шунал вэ. Ямар үнэтэй ашиг сонирхол гээч нь энэ вэ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард “Авлигачдыг дэмжсэн шударга бус заалттай хуулийг Монгол төрийн босгоор алхуулахгүй” гэдгээ хатуу мэдэгдсэн. “Авлига, албан тушаалын гэмт хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Үүнийг албан тушаалтнууд хийдэг. Мөнгө хүчтэй. Авлигын мөнгө бүр хүчтэй. Тиймээс авлига, албан тушаалын болон залилангийн гэмт хэрэгтнүүдийг өршөөлд хамруулж болохгүй. Би хориг тавина” хэмээн бас хэлсэн. Тиймээс бүрэн эрхийнхээ дагуу Өршөөлийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсан биш эрх баригч хүчин дэх зарим бүлэглэл, “Шударга ёс” эвслийнхний “Улс төрийн хориг”-той тулгарах нь тэр. Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайд болж “Давхар дээл” нөмөрсөн Ц.Оюунбаатар өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороог хаалттай хуралдуулах санал гаргасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхийлөгчийн зөвлөх рүү “Зайл, гар” хэмээн хашгирч Н.Энхбаярын “Мөсөн хатан” мэт аашилж эвслийнхэн тав хоног завсарлага авсан. Н.Энхбаяр тэргүүтний хүсдэг, энэ тухайгаа өглөө, үдэшгүй хувийнхаа телевизээр ухуулдаг “Эзэнгүй төр”-тэй мэт эвслийнхэн аяглаж байгаа нь тэр.

    Төрийн самуун төрийн их хууралтаар үргэлжлэх болов. Энэ бол өчигдөрхөн болсон явдал. Бүр УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг олонхиороо дэмжиж баталснаас хойш хэдхэн цагийн дараа болсон үйл явц. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хуульчлан өршөөхийг эсэргүүцсэн олон нийтийн “алга ташилт”-ын дуу намжаагүй байхад шүү! Шаргал ордноос хуйвалдааны тухай мэдээ цацагдав. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн УИХ-ын гишүүд, сошиал ертөнцийнхний нүд ёстой л орой дээрээ гарцгаав. УИХ-аас олонхийн дэмжлэг авч батлагдсан хэсэгчилсэн хоригийн дагуу дээрх хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байх тухай заалтуудыг нэмж хуульчлах ёстой. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы дараа Хууль зүйн байнгын хороо энэ талаар хэлэлцэх учиртай байлаа. Хамгийн сонирхолтой нь хэсэгчилсэн хоригт “Улс төрийн хориг” тавьчихаад байгаа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар нар Өршөөлийн хуульд “Косметик хагалгаа” хэдийнэ хийчихээд эрхэм гишүүдэд гэнэтийн бэлэг барих нь тэр. Ц.Нямдорж гишүүн “Та нар Ерөнхийлөгчийн хориг, УИХ-ын нэгдсэн чуулганаар хүлээн авсан хэсэгчилсэн хоригийн зүсийг хувиргаж зальдаж байна” хэмээн бухимдаж, Д.Лүндээжанцан гишүүн “Хоригийг хүлээж авчихаад Долгорын Должинг Должингийн Долгор гэж бичээд оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ” гэж сануулсан ч тэд тоосонгүй. Р.Гончигдорж тэргүүтэй төрийн хутгуурууд, эвслийн хорчин гишүүд улайрдгаараа улайрч, Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийн эсрэг “Хориг тоглолт”-оо өнөөдөр ч үргэлжлүүлж байна.

    Өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг өчигдөр УИХ-ын 10 гишүүн дэмжээгүй. Эхний санал хураалт дээр кнопоо дарж амжаагүй Д.Ганхуягийг хасаад шүү дээ. Энэ тоо өнөөдөр бас хэд болж нэмэгдэхийг таашгүй. Улс төрд өглөө болсон үзэгдэл үдэш нь худал болон замхардаг учраас “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжье” хэмээн өчигдөрхөн кноп дарсан нөхдөөс урд шөнө хэд нь худалдагдаж, хуйвалдаанд оролцсон нь өнөөдрийн үйл явцаас бараг тодорхой харагдах биз. Харин нэг зүйл сонирхол татах болов. Улс төр дэх “Хоёр Э”-ийн тулаан дундаас бас нэгэн “Э”-ийн нэр тод сонсогдож эхэллээ. Эхэллээ гэдгийн учир нь энэ эрхмийн нэр Н.Энхбаяртай хамт бичигдэх болсонд л байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж прокурорын байгууллагын ойн баярын хурал дээр “Авлигач өнөөдөр цагаадаж байвал Монголын төр өнөөдрөөс эхэлж харлана. Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна” гэж хэлэх үед, яг тэр өдрүүдэд эрх баригч намын дарга З.Энхболд, эвслийн тэргүүн Н.Энхбаяр нар Төрийн ордонд ойр ойрхон уулзах болов. Эвсэл Засгийн газарт дахиад хэдэн сайдын суудал нэмж авах тухай улс төрийн тохиролцоогоо тэд хийцгээж байлаа. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын зөрчилдөөн З.Энхболд, Н.Энхбаяр хоёрын эрх ашгийн төлөөх нөхөрлөлтэй ийн огтлолцов. МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжинэ гэдгээ мэдэгдчихсэн байхад мань З.Энхболдод МАХН-ын даргатай хамтарч нам, засгийн жолоог атгах нь илүү хожоотой мэт санагдсан бололтой. Үгүй, үнэхээр ийм бол тэр МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ хийгээд огцорсон Н.Алтанхуягаас юуны ялгаа байх билээ! З.Энхболдын хувьд, асар их үнээр Ардчилсан намын дарга болсон. Н.Алтанхуяг тэргүүтэн иртэй бяртай, “Алтангадас-ынхан АН-д “Хаан” байхад тэрбээр нам дахь гол гол фракциудтайгаа нэгдэж тэдний эсрэг хөдөлж эхэлсэн. Фракци бүрийн төлөөлөл бүхий Ардчилсан хүчний холбоог байгуулж, тэр нь “Шонхор” болон “дэвж” эхэлсэн хэрэг. Н.Алтанхуягийг 12 оны сонгуулиас өмнө намын даргаас унагаж чадаагүй тэд АН УИХ-д олуулаа болсны дараа ад үзээд байдаг “Алтангадас”-ынхантайгаа албан тушаалын наймаа хийсэн ч энэ тохиролцоо удаан үргэлжлээгүй юм. Н.Энхбаярт ааруул мэт “зажлагдсан” Н.Алтанхуягийг алдаан дээр нь дөрөөлж огцруулж байсан нь өнгөрсөн онд болсон явдал. Харин тэр өдрөөс хойш АН-ын толгойд З.Энхболд гэдэг эрхэм заларч, шударга, зарчимч улстөрчийн имиж нь дарангуйлагчийн хэв шинжтэй болж аажим аажмаар өөрчлөгдөж эхлэх нь тэр. Бүр гайхалтай хурдан хувирч, олон нийт зуунги, шазруун З.Энхболдыг чуулганы танхимын хоймроос харцгаах болов. Эрх мэдэл гэдэг хүнийг ийн эвдэж өөрчилдөг аж. Энэ тухай эрхэм спикер маш сайн мэддэг баймаарсан. Ямар З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар шиг “Оймсны хүүхдүүд” биш дээ.

    З.Энхболд, Н.Энхбаярын нэр улс төрийн тохиролцооны тавцанд хамт бичигдэх болсон нь улстөрчдийн дунд багагүй болгоомжлол үүсгэжээ. “Нэгэн цагт “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэгийн албан өрөөний хаалгыг “Одхүүдэх” аргаар эвдэж байсан залуу өдгөө төрийн их хоймрыг “Авлигын загалмайлсан эцэг”-тэй хамт эвдэхвий дээ” гэж тэд болгоомжилж байна. “Энэ бидний итгэж хүндэлдэг байсан З.Энхболд маань мөн гэж үү дээ” хэмээн гайхацгааж байна. Н.Энхбаярын “Мөсөн хатан” З.Баянсэлэнгэ Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэх үеэр “Ганц хууль баталчихаж чадахгүй УИХ тар. Ингээд байвал энэ АТГ-ыг ч татан буулгамаар юм” хэмээн хилэгнэж хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг “Хэн хэн ямар хэрэгтэй яг одоо зарла” гэж загнаж байх зуур дээрх болгоомжлол улам газар авчээ. “Авлигын загалмайлсан эцэг” Н.Энхбаяраа аварч 2012 оны сонгуулиар амласан “Шударга ёсны таван хувьсгал”-аа умартсан эвслийнхэн, АТГ-ын “Хар жагсаалт”-д орсон УИХ-ын гишүүн Лу.Болд, Н.Алтанхуягийн “Улаан хамгаалагч” Ц.Оюунгэрэл, МАН-аас МАХН-д урвасан Д.Тэрбишдагва нар бүрэн эрхээрээ түрээ барьж, чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйгээ далимдуулан хууль хяналтын байгууллагынхан руу давшлах үеэр Ц.Нямдорж гишүүн “Төрийн ордонд мөрдөн байцаалтанд байгаа хэргийг ярьж хууль зөрчиж болохгүй. Хуулийн байгууллагууд руу дайраад байвал энэ хүнд хэцүү ажлыг яаж хийх юм бэ” хэмээн хориглон хамгаалалт хийж байлаа. Тэр ч атугай “Өршөөлийн хуулийг хүчээр баталсан. Одоо энэ АТГ-ынхан руу байх суухын аргагүйгээр дайрч байна. Хэрэгт төвөгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахыг тулган шаарддаг боллоо. Нэрсийг ил тод зарласны дараа тэд гэм зэмгүй нь нотлогдвол хохирлыг хэн хариуцах юм бэ. Тэр хүмүүсийн үр хүүхдүүд сургууль дээрээ очоод хүний өөдөөс харах аргагүй болбол сэтгэл санааны хохирлыг нь энэ гишүүд хариуцах юм уу. УИХ ийм заваан юм хийдгээ болих хэрэгтэй. Хуулийнхан руу дайрдгаа боль. “Авлигатай тэмцэхэд ямар ч найраа байхгүй” гээд Н.Алтанхуяг чинь энэ индрээс хэлж байсан удаатай шүү. Одоо яахаараа авлигыг өршөөж, нуувчны цаана орчихоод хаацайлаад сууж байдаг билээ. Хөндлөнгийн хүн хэрэгт холбогдохоор юм ярьдаггүй. Өөрсдөө холбогдоод ирэхээрээ хууль, хуулийн байгууллага руу өдөр, шөнөгүй дайрцгаадаг энэ УИХ-ын гишүүд хэн болчихоод, юу болчихоод ингэж дайраад байгаа юм бэ. Хэрэг хийхгүй л байхгүй юу. “Хэрэг хийгээд өг” гэж гуйгаагүй шүү” гэж өчигдөр бухимдав. Харин түүний үг хэлэх хугацаа дуусахад “Үүнийг би шийддэггүй. Компьютер шийддэг юм” гэсэн хоржоонтой үгийг чулуудсан З.Энхболд дарга цагтаа “Зууны луйвар”-ыг илчилсэн “Баатар”-аар тодорч байв. Гэвч тэрбээр эрх баригч намын дарга болмогцоо “Авлигын загалмайлсан эцэг”-тэй гар барьчихаар Ц.Элбэгдоржид адын санагдалгүй яах вэ. Ц.Нямдорж нарын зарчимтай зөрчилдөхөөс ч яалтай. Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаярыг эх нутагтаа ааруул идэх гэж ирэх үед АН-ынхан засгаа нурааж тоглодог. Н.Энхбаярт ховсдуулсан мэт энэ “тоглоом”-ыг тэд өөрсдөө тоглоцгоодог. Харин одоо экс Ерөнхийлөгчийг эзгүйд Тавантолгойг гацааж “тоглосон” З.Энхболдын багийнхан эвслийнхэнтэй эрх ашгаараа нэгдэж Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийн эсрэг “Хориг тоглолт” хийж байгаа дуулдана. Хэрэв энэ үнэн бол 12 оны сонгуулийн дараахан Ц.Нямдорж гишүүн АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт чуулганы танхимд сануулж хэлсэн үгийг эргэн сануулъя. АН-ынхантай байнга арцалддаг эрхэм гишүүн тэр үед “Н.Алтанхуяг аа, наадуул чинь тун удахгүй хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж хэлсэн байдаг юм. Энэ үг хоёрхон жилийн дараа биеллээ олж шинэчлэлийн Засгийн газрын түүх төгсч билээ. Эрх баригч хүчний экс даргад тохиолдсон эл гашуун явдал З.Энхболдод давтагдахвий дээ. Ээ, мань хүн ч танигдахын аргагүй өөрчлөгдсөн шүү бас... Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн хуулийн төслийн “зүс”-ийг УИХ дээр хувиргачихаад байхад яг Ц.Элбэгдорж шиг, бас яг Ц.Нямдорж шиг хатуу зарчмыг сануулаад сууж байх учиртайсан. Хэрэв тэгсэн бол эвслийнхэн ингэж давраа ч уу, үгүй ч үү. Гэвч УИХ-ын даргын зүгээс тийм алхам хийсэнгүй. Тэр үнэхээр өөрчлөгджээ. Төрийн тэргүүн, бас Х.Тэмүүжин гишүүн сүүлийн үед хэвлэлээр эзэн биегүй хэдий ч эзэн нь тодорхой хатуухан үгсийг дайх болсон нь ийм учиртай ч байж магадгүй. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эрх мэдлийн сэнтийд дахин залрах адын хүсэл, хязгааргүй их шунал тэчъяал улс төрд “Шонхордох” үзэгдлийг улам газар авахуулаад байгаа ч юм билүү, хэн мэдлээ! Ямартай ч цагтаа Н.Алтанхуягийн эсрэг “дэвж” байсан “Шонхрууд” одоо Ц.Элбэгдоржийн эсрэг “нисч” эхлээд байна. Цаасан шувуутай зүйрлэвэл энэ шувууг хөдөлгөгч утас нь экс Ерөнхийлөгчийн гарт байгаа нь бараг ойлгомжтой. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Н.Энхбаяр З.Энхболдын ард зэс хошуугаа зоочихов уу, яав. Улс төрийн тавцнаа гайхамшиг ийн үргэлжилсээр...  


Д.Оргил

 



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ