Ч.Сайханбилэгийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна
2015 оны 9 сарын 25
Ч.Сайханбилэгийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна
“Шийдлийн  цаг” уулзалтын үеэр улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан тухай мэдээллийг Сангийн сайд Б.Болор танилцуулсан байна.  Гэтэл энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн алдагдал 600 тэрбум биш бүр 734 тэрбумд  хүрсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Үндсэндээ Монгол Улсын төсөв сар бүр 100 тэрбумын алдагдалтай байна гэсэн үг юм. Ийнхүү төсөв нь алдагдалтай иргэд нь бэлэн мөнгөний хомсдолд орсон, УИХ-ын дэмжлэггүй, мөнгөгүй, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар тун хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн.

Гэтэл өнөөдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газар нам, фракци, цаашлаад УИХ-ын барьцаанд орж, хаашаа ч хөдлөхийн аргагүй хүлэгджээ гэхэд болно.  Хэрэв энэ засаг эвгүй л гишгэх аваас танхимаараа огцрох эрсдэл хүлээж байгаа гэсэн үг. Дээр нь Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үгүйгээс Ч.Сайханбилэгийн суудалдаа үлдэх эсэхийг шийднэ гэдгээ МАХН-ын нөхөд ил зарлаагүй ч бараг тодорхой болчихоод байна. Үндсэндээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөв тасрах эсэх Засгийн газарт падлий ч байхгүй бөгөөд яаж хазгай гишгэлгүй үлдэх вэ гэдэгт л сэтгэлээ чилээж суугаа нь гарцаагүй.     

Уг нь Ч.Сайханбилэг хэдхэн сарын өмнө том төслүүдээ хөдөлгөж, баялгаа эргэлтэд оруулж, мөнгөтэй болно гэсэн итгэлтэйгээ байсан. Гэсэн хэдий ч өнөөгийн тухайд Ч.Сайханбилэгийн эрч хэдийнэ суларсан бөгөөд одоо шийдлийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.2 тэрбум ам.доллар оны сүүлээр орж ирээсэй гэж найдах л үлдэж байна гэхэд болно. Дубайд гэрээ үзэглэсэн хэмээн суудлаасаа огцрох дөхсөн учраас Ч.Сайханбилэг Ерөнхий сайд энэ мөнгө орж ирээсэй хэмээн хүсч байгаа нь ч ойлгомжтой. Гэлээ гээд хэзээ орж ирэх мөнгийг хүлээгээд гар хумхиад суугаад байвал тасарчихаад байгаа төсөв бүрэн бүтэн болчихгүй. Тиймдээ ч Засгийн газарт “Бүсээ чангалах” ганцхан арга л үлдсэн байна.

 Урсгал зардлын хувьд тэвчиж болох бүхнээ танаж, гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг бүх зардлаа царцаах, төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа Ерөнхий сайд дуулгасан. Анх тэрбээр одонтой ээжүүдэд өгдөг мөнгийг өгөхгүй хэмээн мэдэгдэж нэлээд шүүмжлэл дагуулсан. Энэ удаа төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байна гэсэн ба л шүүмжлэл дагуулах бололтой. Ямартай ч Ерөнхий сайд ямартай ч орлого олох  эх үүсвэр юу байна, бүгдийг нь судлахыг сайд нартаа үүрэгджээ. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар зүтгэж байгаа ч хажуугаар нь түүний танхимыг хөмрөх үйл ажиллагаа байнга явагдаж байгаа юм.


Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ