Төвлөх ухаан
2015 оны 9 сарын 27
1.
Манай Монгол Улс эртний их түүхтэй авч өдгөө хүн ам цөөтэй, гойд их хөгжөөгүй орны тоонд орж явна. Хүн амаараа Дэлхийн 200 орны 137-д жагсана. Эдийн засаг нь бас л нэг энэ хавиар явна даа. Харин Монгол хүн  их толгой сайтай юм гэнэ лээ. IQ гэдэг юмаар эхний 10-т ордог ч гэлүү? IQ Дэмбэрэл гуай ярьж байсан шиг билээ.
Өнөөдөр Дэлхий зах зээлээ булаацалдаад амь наана, там цаана.Энэ ч жам ёс. Хоёр улс хоолоо булаацалдаж л таараа. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид!” гэж Монголчуудын эртний сайхан үг бий.

Өнөөдөр Дэлхийн байдал нэг л донсолгоонтой. Зарим улс орны газар нутаг нь ч ойлгомжгүй болж байх шиг. Мань мэтээр заавал хэлүүлэх гээд юу байхав?!  Уншигч Та мэдэж байгаа. Гэхдээ л Украин, Сири, Ирак, Ливан,Ливи гээд сануулчихъя.
Исламын улс гэж цоо шинэ улс гарч ирээд дээрх Сири,Ирак,Ливан, Ливи зэргийн газар нутгаас нь эзлэн хяналтандаа авсан бөгөөд Афганистан, Пакистан, Египет зэрэг улсад байлдааны үйл ажиллагаа явуулж байдаг нэг ийм улс бий боллоо.
Үүнээс үүсээд Европ дүрвэгчдийн хямралд орж байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар 500 мянган дүрвэгч явган ноцгон Европод орлоо. Дайн самуун ийм л байдлыг авчирдаг байна.
Миний мэдэх Афганистан намайг 15-тай байхад л дайн байлдаантай байсан би одоо 50 хүрлээ. Тэр хэвээр.Юутай гаслан. Намайг 16-тай байхад л Иран-Иракын дайн эхэлсэн одоо бол би байтугай тэд өөрсдөө учрыг олохгүй хэмжээнд байна. Яасан ч олон жилийн талцал бэ? Дотроо учраа олохгүй бол гадныхан учрыг нь олж өгдөггүй юм байна.
Манай Монголд 1980-аад онд 20 дугаар дэлгүүрийн өмнө болсон зодооныг Цагдаагийн дарга А.Думбурай цагаан хоолойтой очоод арайхийн зогсоож байсан юм. Дараа нь 7 сарын нэгний үймээнийг цагдаа зогсоосон. Ийм хоёр юм үзэв. Дайны хажууд дажин л юм даа. Гэхдээ л энэ нь гал дэврээд, үнс пургиад ирвэл аймшигтай юм болох хөрс суурь болсон хүмүүс манайд байгааг нотолж буй хэрэг.

Монгол хүн бол угаасаа төв сайхан бодолтой улс. Ийм хүнээ тохьтой хүн, дүнгэр хүн, төв хүн гэж нэрлэж тэр хүнээрээ бахархаж, хүндэтгэх нь бий. Энэ нь өөрийнхөөрөө байж чаддаг аливаа юмыг тулгууртай, нуруутай боддог хүнийгээ хэлээд байгаа юм. Мань мэт шиг цаас шатаж, гал шиг дэврэхгүй сайхан хүмүүс монголын нийгмийн ноён нуруу болж иржээ.
“Мөн тохь хүн ээ” гээд Монголчууд тийм хүнээ магтацгаадаг. Харин тэр тохь хүн маань манай нийгэмд ховордож байна. Монгол хэлээ хамгаалъя, Монгол зан заншилаа сэргээе, Монгол соёл урлагаа хөгжөөе гэх юм. Энэ нь зөвөө. Гэхдээ үүнтэйгээ зэрэг Монгол тохь хүнээ олшруулья. Тэгж байж нийгэм цэгцрэнэ. Энэ бол ард түмний хүмүүжлийн асуудал юм. Тохь хүн гэдэг төв хүнийг хэлнэ. Ардчилалыг архи уух, агсам тавих, авгай эргүүлэх эрх чөлөө  юм шиг андуурч байсан хэсэг манайд бий. Одоо андуурах аа болъё.

Тэгж байж бидний оюун санаа, ухаан бодол төвлөх болно.
Жишээ нь: Манай төрийн тэргүүн агсан Ж.Самбуу гуай бол хэдэн үерээ хүмүүсийн сэтгэлд төв тохь тухтай хүний дүрийг үлдээлээ. “Цогт тайж” киноны цэцэрлэгч-эрдэмт мэргэн өвгөний дүр ч тэр бас л бидэнд үлгэр дууриалал. Ийм жишээ, түм бүү хэл бум буй.
1990 оны хувьсгалыг бараг бүгдээрээ нийлж байгаад тайван замаар хийсэн. Төрийн тэргүүн Ж.Батмөнхөөсөө эхлээд тэр цагийн хувьсгалч С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд бас Ардын намын 15 эрдэмтний групп гээд яг нарийндаа тал талаасаа эвсэж дэмжээд л хийгдсэн эд л дээ.
Иймд төвийг сахихын урд талд ард түмэн маань төв ч сайхан руу тэмүүлэх нь чухал юм.

2.
Дээрх санаагаа тодотгох үүднээс доорх зүйлийг бичлээ.
1974  онд Португалид «башир цэцгийн хувьсгал» болсон билээ.(Одоо ч гэсэн нэг цэцгийн нэртэй хувьсгал болохоор л ард түмний амьдрал хямардаг технологи явж л байна). Тэгээд Португали колони улсуудаасаа татгалзсан байна. Ингээд Анголд 1975 онд МПЛА, УНИТА, ФНЛА гэсэн гурван нам байгуулагджээ. Хаа байгаа Анголын намуудын нэрийг тайлж тайлбарлаад яах вэ? Монголд байгаа зарим намын нэр усыг ч тайлахад бэрх болчихсон үед. Хөдөлмөрийн, нэгдсэн, социал, социалгүй гэсэн маягийн л баахан утга байгаа. За тэгээд цааш нь МПЛА кубын цэргийн дэмжлэгтээгээр нөгөө хоёроо нутгаасаа хөөгөөд гаргачихаж. УНИТА нь ӨАБНУ-аас, ФНЛА Заирын нутгаас дэмжлэг аваад буцаж ноцоод байдаг.Энэ байдал 1994онд МПЛА, УНИТА  хоёрын хооронд найрамах гэрээ гэдгээр түр амсхийсэн боловч одоо ч нэг л тогтвортой болоогүй байна. Ужиг өвчин гэж энэ байна. Ийм л байгаа юм даа. Зөвлөлт Америк хоёрын хүйтэн дайны тусгал л даа. 
Манайх бол бүр “Материалын эсэргүүцэл”-ийн онолтой жишиж бодох юм бол хүссэн хүсээгүй гурван том даралтанд орно. Энэ бол бидний хувь заяа. 
Иймд Монголын нийгэм дотроо хагарахгүй цул байж нягтаршил үүснэ. Тэгэж байж материалын эсэргүүцэл сайжирна аа. Монгол улс нам эвсэлтэй байвал нам шиг ариун, орчин үеийн, эвийг хичээгч, хагалган бутаргадаггүй, үүнээс сэргийлж чаддаг нам эвсэлтэй байх хэрэгтэй. Бид Швейцарыг их мөрөөддөг. Тэд бол соёл иргэншилтэй тайван орнууд дотор байгаа төвийг сахих бодлоготой орон шүү дээ.
Монголын нийгмийн хагарал бутрал цаашид үргэлжлээд хагалган бутаргагчдын гарт орвол юун төвийг сахих МПЛА,УНИТА,ФНЛА-аа л болно шүү дээ. Иймд намууд өрсөлдөх, сайны төлөө явах нь зөв боловч төвийг сахих бодлогыг умартахгүй байх.

3.
Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавьлаа. Ер нь Монголчуудын түүхэн мөрөөдөл суларч доройтноосоо хойш тусгаар тогтнол байсан. 200 жил Манжийн колони байв.70 жил ЗХУ-ын нөлөөтэй БНМАУ гэж байлаа. Муугийн муугаас муу нь дээр гэдэг утгаараа сүүлийнх нь бидэнд хөгжил дэвшил, хүн амыг төдийгүй мал аж ахуйг минь  эрүүлжүүлэх, байшин барилга барих, худаг ус, үйлдвэр завод бий болгох гээд түмэн юманд сургасан.  Ямар улсаас ямар улс болоход тус болсон гэдэг нь ил. Гэхдээ том том “минус” байсан уу гэвэл байсан. Манжийн үеийн ч бай, ЗХУ-ын үеийн том том “минус” юунаас болсон бэ?! Бидний хийж чадаагүй гадаад бодлогын харилцаанаас үүдэлтэй. Бид төвийг сахих бодлогоо энэ хоёроор хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй байлаа. Арга ч байгаагүй. Би түүх шашдир мэддэг гүн гүнзгий хүн биш гэхдээ өнгөцхөн ч гэсэн аливаа үзэгдлийг ажиглаад явдаг хүн. Манжийн тэр феодализм дээрэлхүү феодализм. Ван, гүн, бээл, бэйсэд цол хэргэм, цалин пүнлүү Бээжингээс өгчихнө. Одоо хотын дарга Бат-Үүл Бээжингээс цалингаа авбал юу болох вэ? Төвийг сахих байтугай тусгаар улсын талаар яриа байхгүй. Ийм байсан. Богдыг хаан болсны дараа Өргөөнд дипломат төлөөлөгчийн газрыг толгойлж байсан Иван Коростовец дурсамжиндаа, тусгаар улс болчихоод ноёд дээдэс нь Бээжингээс авдаг цалин пүнлүүгээ хаанаас авах вэ гэдэг дээр ихэд санаа зовж эргэлзэж байсан хэмээн дурссан байдаг. Ийм л байж. Гэхдээ 1911 онд ч тэр Богд хаанаа залчихаад бас ямар улс болохоо хэлэлцсэн байдаг. Ерөнхийдөө төвийг сахих бодлого манай төрийн ухаантай улсын мөрөөдөл байсан байж болох ч тийм бололцоо нь хэзээ ч бүрдээгүй юм. 1921 оны дараа ч бас л тэр хувьсгалчдын дотоод тэмцэлд энэ үзэл санааны төлөөх тэмцэл их нөлөөлсөн мэт харагддаг. Тэр үед хатуу хана хэрэм шиг коммунист үзлийн эсрэг 600 мянган хүнтэй, хоцрогдолд орчихсон орны төв үзэл яаж явах вэ дээ. Жишэхэд, Кока-колатай АПУ-г өрсөлд гэдэг шиг л юм байна шүү дээ.1990 оноос хойш ялангуяа манай дипломат нөхдүүд гуравдагч хөршийн талаар ярих болж, олон ч бодлогын баримт бичиг үйлдсэн биз ээ. Хоёр хөрштэйгээ стартегийн шинэ түвшинд харилцах болсон. Гэхдээ энэ өнөөдөр яах вэ? 1990-ээд онд МАН-ын дарга асан, эрдэмтэн Б.Даш-Ёндон намаа Нагаржунайн төв үзлийн нам болгоё гэсэн юм. Энэ бол эрх баригч намаараа дамжуулж төрийн бодлогод төв үзлийг суулгах гэсэн санаа ч байсан байж болох. Учир мэдэх, мэдэхгүй улс элдвээр өөлж, гутаан доромжилсоор энэ оролдлого зогссон. Одоо бумеранг шиг энэ үзэл санаа эргэж ирж байх шиг. Бүгдээрээ хэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ. Бодоцгооё. Анхаарцгаая. Ач холбогдол өгцгөөе. “Ёндоо нь байвал ёозхүүгээр гэр барина” гэж үг байдаг даа.

4.
Тэр тусмаа Дэлхий нийт ийм донсолгоонтой байгаа үе. Ерөнхийлөгч Ц.Элбэдорж НҮБ-ын индэр дээр: “XXI зуунд НҮБ бидний хүн төрөлхтний төвд хэвээр үлдэнэ гэдэгт итгэж байна” гэж уриалсны цаана учир байх шиг байна. 


Х.БҮРЭНТОГТОХ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив