Ч.Энх-Амгалан: Хяналт шалгалтын хөндлөнгийн хараат бус байдал алдагдана
2015 оны 9 сарын 30
Ч.Энх-Амгалан: Хяналт шалгалтын хөндлөнгийн хараат бус байдал алдагдана
Мэргэжлийн хяналтын байгууллагын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг  Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар шилжүүлнэ гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтуудаар гарах болсон билээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мал эмнэлгийн хяналтыг  Хүнс, хөдөө аж ахуйн яам буцааж авна гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар тодруулаач?
-Ихэнх улс орнуудын амин чухал асуудлын нэг нь Хүнсний аюулгүй байдал байдаг. Хүнсний аюулгүй байдлын хяналтын тухай хуулинд Мэргэжлийн хяналтын байгууллага нь дэргэдээ хүнсний аюулгүй байдлын хяналтын нэгжтэй байна гэж заасан байдаг юм.  Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад ургамал хамгаалал малын үржил, мал эмнэлэг, хүнсний чанар, аюулгүй байдал, хил хорио цээрийн 500 гаруй байцаагч ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мал эмнэлгийн хяналтыг Хүнс, хөдөө аж ахуйн яам буцааж авна гэсэн мэдээлэл гарах болсон. Зөвхөн мал эмнэлгийн хяналтыг нь салгаж, Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газарт шилжүүлнэ гэсэн Засгийн газрын тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгаа юм билээ.

-Мал эмнэлгийн хяналтыг Хүнс хөдөө аж ахуйн Мал эмнэлэг, үржлийн газарт шилжүүлсэнээр хөндлөнгийн хяналт алдагдана гэсэн үг үү?
-Нэг үгээр хэлбэл,  Монгол Улсын Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоо суларна гэсэн үг. Учир нь иж бүрэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулдаг байгууллага байхад тэндээс  нь зөвхөн мал эмнэлэгтэй холбоотой хяналтыг нь Мал эмнэлэг, үржлийн газарт шилжүүлэх нь эргээд нэгдсэн тогтолцоог алдагдуулах,  гадны улс орнуудтай харилцахад ойлгомжгүй байдал үүсгэх сөрөг талтай. Бодлого шийдвэр гаргадаг газар нь өөрөө өөрийнхөө шийдвэрийг хянаснаар хөндлөнгийн хараат бус байдал алдагдах эрсдлийг бий болгож байгаа юм. Тухайлбал, экспортын зөвшөөрөл квот өгч буй газар нь өөрөө өөртөө хяналт тавихаар болно гэсэн үг.

Мөн малыг эрүүлжүүлэх вакцины чанар аюулгүй байдлын маш олон янзын асуудлууд гарч ирдэг. 52 сая толгой малтай гэж бодоход улирал улирлаар төрөл бүрийн гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин хийдэг. Түүнийхээ хяналтыг өөрсдөө хийнэ гэсэн үг. Ингээд ирэхээр тухайн салбарын хяналт алдагдах эрсдэл бий.  Ер нь манайхтай ижил төстэй улс орнуудад хяналтын тогтолцоо хөндлөнгийнх байдаг.

-Таны хэлснээр эл асуудал хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж байх шиг байна?
-Хүнсний аюулгүй байдал болон Мал эмнэлгийн хяналт Мэргэжлийн хяналтын байгууллагад байна гээд  олон хууль тогтоомжид заачихсан байдаг. Тухайлбал, Төрийн хяналт шалгалтын  хараат бус,  шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй ил тод  байх зарчим, мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх асуудал, мөн хяналт шалгалтын үндсэн зарчим буюу олон улсын Лимагийн тунхаг тус тус алдагдаж байгаа юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ