Р.Бурмаа сайдын барцад
2015 оны 10 сарын 27
Р.Бурмаа сайдын барцад
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл” хэмээх үгийг моодонд оруулж, нэг хэсэгтээ л энэ сэдвийн хүрээнд хэл ам гарсан. Тиймдээ ч “давхар дээл”-тэй сайд нарыг ажлаа өг хэмээн шахаж багагүй эсэргүүцэл дагуулсан. Тэгвэл дээрх “давхар дээл”-ийг эсэргүүцэгсдийн нэг нь Р.Бурмаа байсан юм. Түүний хувьд “давхар дээл”-ийг тайлуулахын тулд намынхныхаа эсрэг кноп дарж, намаасаа хөөгдөхдөө тулаад байсан үе ч бий. Гэсэн хэдий ч тэрбээр өөрөө “давхар дээл”-тэй сайд болсноор энэ асуудлаа хөндийрсөн. Ийнхүү сайд болсноор түүний барцад эхэлсэн гэж хэлж болно. Учир нь тэрбээр ХХАА-н сайд болсноосоо хойш магтуулсан гэхээсээ илүүтэй муулуулах болсон нь нууц биш.
  

Тариаланчидтайгаа ойлголцохоо больсон тэрбээр нэгэн үе хэвлэлээр “дайтаж” зарим нэгэнд нь эрүү үүсгүүлээд байгаа. Тэгвэл сүүлийн үед Халхголын чөлөөт бүсийн асуудлаас болж мөн л шүүмжлэлд өртөж эхлэв. Учир нь УИХ-аар чөлөөт бvс байгуулах 75дугаар тогтоолыг яаравчлан батлуулсан нь халхголчууд төдийгvй олон нийтийг бухимдахад хvргэсэн юм. Тодруулбал, уг тогтоолын дагуу Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гадны иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчин нээлттэй болсон гэсэн үг. Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж, төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа илэрхийлсээр байна.

Түүгээр ч зогсохгүй энэ сарын 25-ны өглөө Халхгол чөлөөт бүсийн санаачлагч, ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэн Халхгол суманд очоод нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Албаны хүмүүс Чөлөөт бүс байгуулах ажлаа танилцуулахаар Халхгол сумын Ялалт баг дээр очсон юм байна. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тэднийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Ингээд Р.Бурмаа сайд хүмүүсээ авч, Халхгол сумын төв рүү зугтах явсан байна. Улмаар эсэргүүцлийн хөдөлгөөн Халхгол сумын төвд ч үргэлжилж, 75 дугаар тогтоолоо цуцлахгүй бол манай нутагт хөл тавих хэрэггүй гэсэн сануулгыг албаны хүмүүст өгсөн аж.

Ийнхүү Халхголоос буцах замд Р.Бурмаа сайдын албаны машин осолдсон гэх мэдээ зарим хэвлэлээр гарсан. Гэсэн хэдий ч Хүнс хөдөө аж ахуйн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргаж “УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халхгол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халхгол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм. Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар оролцож нутагтаа очиж мэдээлэл өгөхийг хүссэн. Үүний дагуу Халхгол төслийн ажлын алба өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Халхгол сумыг зорьсон юм. Энэ үеэр Р.Бурмаа сайд орон нутгийн удирдлага болон иргэдтэй уулзаж санал бодлыг сонсож, ажлын явцын талаар танилцуулж байна.  Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг тус аймагт ажиллаж байх үеэр зарим мэдээллийн сайтууд дээр “Р.Бурмаа сайдын ажлын албаны машин осолдлоо” гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл нь  бодит эх сурвалжгүй, худал мэдээлэл болохыг Хүнс хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

Албаны машин осолдсон гэх мэдээллийг нутгийн иргэд өгсөн ч яам ташаа мэдээлэл гэж байгаа юм. Ямартай ч сайд албаны хүмүүстэй хамт чөлөөт бүс байгуулах төсөл танилцуулахаар очсон ч үүднээс нь хөөгдөж ирсэн нь энэ. Энэ мэтээр Р.Бурмаа сайдын барцад арилахгүй бололтой.


Г.НАРАН



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ