2016 оны төсөв “хэмнэлт” гэх үгийг уриа болгосон ч цомхотгол ихтэй байх нь
2015 оны 10 сарын 28
2016 оны төсөв “хэмнэлт” гэх үгийг уриа болгосон ч цомхотгол ихтэй байх нь
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. Тэгвэл ирэх оны төсвийг хэмнэлтийн, бүсээ чангалах төсөв байна гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдэгдээд амжсан. Тодруулбал, 3000 албан хаагчийг цотомгож, төрийн захиргааны болон улс төрийн 2900 албан тушаалтны цалинг 30 хувь бууруулахаар төсвийн төсөлд тусгаад байга билээ.

Түүнчлэн ирэх оны төсвийн алдагдал дөрвөн хувь байх бол инфялцийг таван хувь байна гэж ирэх оны төсөвт тусган оруулж ирсэн. 2016 оны төсвийг Их Хурлын дарга З.Энхболд "Хөнжилийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв" гэж тодорхойлсон бол төсөв боловсруулсан Сангийн сайд "Урд хожид байгаагүй том шинэчлэл" гэж тодотгосон. Ямартай ч 2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан аж. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргасан.

Тиймээс ирэх оны төсөв нэлээд хэмнэсэн байдалтай хийгдсэн. Мөн төрийн байгууллагуудын өндөр албан тушаалтнуудын цалинг багасгах, яамдын тоог бууруулж ес болгох, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж агентлагуудыг татан буулгах, дэд сайдгүй ажиллах гээд төсөвт ихээхэн зоригтой өөрчлөлтүүдийг тусгаад байгаа билээ. Тэгвэл цалин тэтгэвэр, нийгмийн халамжийг багасгахгүй бас нэмэхгүй байхаар тусгасан байна. Уг нь үе үеийн Засгийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх амлалт өгдөг. Улмаар түүндээ хүрэхийн тулд цалин, тэтгэврийг чадлаараа нэмж ирсэн. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 онд төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг нэмэхгүйгээр барахгүй заримынх нь цалинг бууруулна гэв. Түүгээр ч зогсохгүй нийгмийн халамжуудыг танаж, зөвхөн зорилтод бүлгүүдэд өгөх гэнэ.

Ийнхүү ирэх оны төсвийн зураглал “хэмнэлт” гэх үгийг уриагаа болгосон цомхотгол  ихтэй байх нь. Тодруулбал, Сангийн сайд ирэх оны төсөвт том хэмжээний, зоригтой реформ хийж байгаагаа олон нийтэд зарласан. Тухайлбал, төрийн данхар бүтцийг цөөлөх бөгөөд  2016 оны төсөвт наймдугаар сарын 1-нээс эхэлж нийт есөн яамтай байхаар тусгасан юм. Одоогийн байдлаар 15 яам үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийн заримыг нь татан буулгах, чиг үүрэг ойролцоо яамдыг нь хооронд нь нэгтгэх үйл явцыг ирэх онд хэрэгжүүлэх гэнэ. Түүгээр ч зогсохгүй зарим агентлагийг татан буулгаж, дэд сайдын орон тоог хасч, УИХ-ын гишүүдийн туслахуудыг цомхтгох гээд ажлууд хийгдэх бололтой.

Дэлхийн эдийн засаг байгууллага (World Economics)-ын Монгол Улсын 2015 оны аравдугаар сарын бизнесийн орчинд хийсэн дүгнэлтээс харахад Монголын эдийн засгийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн 2015 оны есдүгээр сард 38.6 хувь үзүүлэлтийг харуулж байсан БМИ 2015 оны аравдугаар сард 2.5 хувиар буурсан буюу 36.1 хувийн үзүүлэлтийг үзүүлжээ. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сараас хойш борлуулалтын хамгийн доод үзүүлэлтийг энэ аравдугаар сард үзүүлж байна гэсэн үг. Ийнхүү улс орны эдийн засаг хүндэрсэн үед төсөв хэлэлцэгдэж байна. Намын бүлгүүд төсвийн асуудалд өөр өөрийн байр сууринаас хандана хэмээн мэдэгдээд байгаа энэ үед ард түмэн “хэмнэлт” гэгчийг өнгөрөөд хэдийнэ бүсээ чангалсаар байгааг дуулгахгүй өнгөрч боломгүй юм.


Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ