Бүс нутаг дамнасан зуны танилцах аялал-сургалт зохиогдоно
2015 оны 12 сарын 25
Бүс нутаг дамнасан зуны танилцах аялал-сургалт зохиогдоно
АСЕМ-ын 20 жилийн ойг угтаж Ази-Европийн сангаас хэд хэдэн хөтөлбөр, сургалт хэрэгжүүлж буйн нэг нь “АСЕФ-ын  Зуны их сургууль” хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөр нь Ази Европ тивийн “холбоос” гэх ойлголтыг ард иргэд – худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа – тээвэр гэсэн гурван өнцгөөс судалж харуулахыг зорьсон, бүс нутаг дамнасан зуны аялал юм.

“Торгоны замыг сэргээх нь – Ази Европийн газар, далай, агаарын холбоос” сэдвийн дор зохиогдох уг зуны хөтөлбөрт АСЕМ-ын гишүүн орнуудын оюутан залуус оролцож ОХУ, БНХАУ, Монгол Улсын хооронд галт тэргээр зорчин, тодорхой сэдвүүдээр судалгаа хийж бүтээлчээр санал, шийдэл боловсруулах юм.

Аяллын хүрээнд оролцогчдыг БНХАУ-ын  Бээжин, Харбин, ОХУ-ын Владивосток, Иркутск, Монгол Улсын нийслэл Улаанбаатар гэсэн маршрутын дагуу эдийн засгийн бүсчлэлтэй танилцуулахын сацуу лекц, хэлэлцүүлэгт оролцуулж, зарим асуудалд дүн шинжилгээ хийлгэх, гарц боловсруулах гэх мэт даалгавар гүйцэтгүүлнэ.

Ази -Европийг холбосон автозам, төмөр зам, усан болон агаарын тээврийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдэл боловсруулахад оюутан залуусын оролцоог хангах зорилготой уг хөтөлбөрт маршрутын дагуух орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, зарим шийдвэр гаргагчид ч хамтран оролцох юм.

“АСЕФ-ын  Зуны их сургууль” хөтөлбөр нь дараах гурван үе шаттай.

1. Онлайн бэлтгэлийн үе шат (төсөл эхлэхээс 2 сарын өмнө)

Багт хуваагдан дасгал ажиллах, тодорхой сэдвүүдээр судалгаа хийх, онлайн лекц, мультимедиа бүтээх

2. Танилцах аялал, амьд харилцаа

Орон нутгийн тээврийн зогсоолууд, дэд бүтцийн хөгжил, бизнесийн болон үйлдвэрлэлийн байр, ЖДҮ-ээр зочлох, орон нутгийн иргэдтэй уулзах

3. Бүсийн сорилтууд

Газрын, усан, агаарын тээврийн салбарт тухайн улсын зүгээс  болон үндэстэн дамнасан компаниудаас дэвшүүлж тавьсан бодит асуудлуудыг хэлэлцэх

Асуудлыг задлан шинжлэх шийдлийг тодорхойлж санал дэвшүүлэх.

Эцсийн байдлаар гарсан санал шийдлүүдийг нэгтгэж хөтөлбөрийн хаалтын ажиллагааны үеэр толилуулна.

2016 оны АСЕФ-ын Зуны их сургуулийн бүртгэл нь ирэх саруудад эхлэнэ.

Эх сурвалж: Ази-Европын Сан
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ