Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2016 оны 1 сарын 26
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.26.Мягмар гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхэлж, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсан юм.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй 71, найруулгын чанартай 46 саналын томьёолол гаргасныг санал хурааж шийдвэрлэжээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар ажилласан байна.Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хуульд тусгайлан заасан эрхийн дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд болон захиргааны байгууллагаас хууль бус захиргааны акт, хэм хэмжээний актыг” гэснийг “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг” гэж өөрчлөх, төслийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн эхний өгүүлбэрийг “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг нэгтгэн “16.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан захиргааны хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг болгож “20.3.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэж, төслийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг “37.1.Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж, төслийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэрийг “37.3.Мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна.” гэж, төслийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийг “37.6.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ.

 Түүнчлэн төслийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “болон хуульд заасан бусад үндэслэл байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлнө” гэснийг “болон хуульд заасан бусад үндэслэл байвал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу шүүгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, захирамж гаргана” гэж өөрчлөх, төслийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсгийг “53.2.Хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс батална.” гэж, төслийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсгийг “58.1.Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй”, “58.3.Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, уг хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна.” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Мөн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан найруулгын чанартай 46 саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 64.6 хувь нь дэмжив.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбоотой гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, ажлын хэсгийн бусад гишүүд хариулт өгсөн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл

баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн санаачилж энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцуулсан юм.

Төсөл санаачлагч илтгэлдээ, Монгол Улсын төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, унаган байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох юм.

Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай байхаар тооцож боловсруулсан. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон, хэрэгжилтэд нь хяналт тавихаар тусгасан гэдгийг дурдлаа.

Мөн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийхээр тусгасан. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын эхний үе шат 2015 онд дуусч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 оны 9 дүгээр сард баталсан Тогтвортой хөгжлийн зорилтыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл боловсруулж, хөгжлийн голлох стратегийн чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх дэс дараа, үе шатыг тодорхой болгож, улс орны ирэх 15 жилийн урт хугацааны бодлогын алсын хараа, зарчмуудаа ийнхүү тодорхой болгож байгааг онцолсон юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр үг хэлсэн гишүүд тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад нухацтай хандаж бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн нь аль болохоор хэмжиж болохуйц, хүн рүүгээ чиглэсэн байхад анхаарах нь зүйтэй, нөгөө талаар Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүйгээр үзэл баримтлал нь амьдралд хэрэгжих боломжгүй тул улс төрийн зөвшилцлийн зарчмаар асуудлыг шийдэхэд намын бүлгүүд ойлголцож төслийг намрын чуулганы хугацаанд багтааж батлах шаардлагатай гэсэн саналууд гаргажээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүдийн нэрсийг авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ