Цэдэнжавын Сүхбаатар: Дотооддоо учраа сайн олж гэмээнэ гадаад бодлого амжилттай хэрэгжинэ
2016 оны 2 сарын 1
Цэдэнжавын Сүхбаатар: Дотооддоо учраа сайн олж гэмээнэ гадаад бодлого амжилттай хэрэгжинэ
“Open door” сонины энэ удаагийн VIPerson зочноор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Цэдэнжавын Сүхбаатарыг урьсан юм. Энэ Эрхмийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол, Хятадын харилцааг стартегийн түншлэлийн гэж тодорхойлох болсон. Ноён Ц.Сүхбаатар 1986-1995 онд ГЯЯ-нд атташе, зөвлөх, хэлтсийн дарга, 1995-1997 онд НҮБ-ын Женев дэх салбарт олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газарт зөвлөх, 1997-2001 онд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, 2001-2004 онд Ардчилсан намын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2006-2009 онд АН-ын нарийн бичгийн дарга, 2009 оны 6-10 дугаар сард Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан. 2009 оны 11 дүгээр сараас Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар ажиллаж байна. Гэр бүлтэй, гурван хүүтэй хүн юм.
 

ЭХЛЭЛ

Бидний яриа маш энгийн байдлаар эхлэв. Сүхбаатар сайд зэс домбоноос цай аяаглангаа: “Манай Эрдэнэтийнхэн зэс домбыг халуун сав болгосон нь маш зөв санаа” гэж байна.

Х.Б-Таны гэргий Д.Оюунчимэгтэй хятад хэлний хичээлдээ сууна гээд явж байхад нь гадаа таарлаа. Гаалийн хуулийг 1990-ээд онд боловсруулалцаж байхаас нь танина л даа.

Ц.С-Аа тийм үү. Ерээд онд улс орон бүтцийн өөрчлөлтөд ороод салбарын хуулиудыг шинэчилж эхэлсэн дээ. Манай “Олон улсын гэрээний тухай хууль”, “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль” гээд гол хуулиуд байдаг. Би ч бас энэ хуулиудыг боловсруулахад оролцсондоо сэтгэл өег байдаг юм. (инээцгээв) Хууль гэснээс сая манай Б.Алтангэрэл маань гавьяат хуульч болжээ.

Х.Б-Алтангэрэл багш намайг Их сургуулийн их дээдийн ангид сурч байхад “Нийтийн эрх зүй” зааж байсан юм. УИХ дарга З.Энхболд, та таних байлгүй танай 6 дугаар сургуулийн П.Зориг, дипломатч Ж.Шишмишиг нартай хамт сурч байлаа. 1990-ээд оны эхээр “Нийтийн эрх зүй”-н хичээл заадаг хүн нүдний гэм байлаа.

Ц.С-Нээрэн багшилдаг байсан. Их, Бага хуралд ажиллаж байсан. Манай Гадаад яамны унаган кадруудын нэг дээ. Олон улсын хуулийн байгууллагад бас сонгуультай.

Х.Б-Их хурал гэснээс УИХ-ын сонгууль болох гээд Улаанбаатарт их л хөл хөдөлгөөнтэй байна. Та дэвшихгүй байсан юм уу?

Ц.С- Би дэвшээд яадаг юм (инээв.)

Х.Б- Дэвшиж байсан биз дээ?

Ц.С-Тэр чинь миний хийх ажил биш юм билээ. Сум болгонд чиний төлөө явах нөхөд хэрэгтэй. Тэр үед манайхан хүн болгоныг 50 сая төгрөг дансанд хий гэсэн болзол тавьж байсан. Тэр нь бас хугацаатай. Чардайж байгаад хамгийн түрүүнд аваачиж өгч байгаа юм ш дээ. (инээв.) Тэгээд найз нөхдөөсөө гурван машин олоод хэдэн хүн дагуулаад очоод ажиллах юм болсон чинь орон нутгийнхан ажилладаггүй юм билээ.

-Яагаад?

-Аймгийн нам нь тэр мөнгийг аваад доодуулдаа өгдөггүй. Өгсөн ч нэг дусал шиг юм шидчихдэг. Тэгээд хөрөнгө чинээтэй хүмүүс тэр сумын ажиллах хүмүүстээ хувиасаа мөнгө өгч хөдөлгөдөг. Намайг очсон: “Та мөнгө өгнө шүү дээ” гэдэг. “Юун мөнгө? Би өгчихсөн шүү дээ” гэхээр: “Ингэж сонгууль хийдэг юм уу? Та мөнгө өгөх ёстой шүү дээ. Өө тэр өгсөн чинь аймгийн төвөөс ирсэн нь энэ” гээд нэг жаахан юм үзүүлдэг. Тэгээд суучихдаг. Тиймээс тэрийг чинь барахгүй юм байна билээ. Өөрөө мачийгаад ч тэр менежерүүдийг хөлслөх юмгүй хүн бол амаараа газар үмхэж унах юм билээ. Бөөн шарх. (инээв.)

Б.Г-Одоо үндсэн яриагаа эхэлье. Манай сонин нилээд асуулт бэлдчихсэн байгаа.

ДИПЛОМАТ АЛБА БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай сонинд өгсөн ярилцлагадаа, Элчин сайд нарыг мөнгөнд л явуулна. Эдийн засгийн үр өгөөжөөр ажлыг нь дүгнэнэ гэсэн санаа илэрхийлсэн. Энийг зарим дипломатч буруу мессеж, Элчин шууд л мөнгөний төлөө явдаг хүн биш ээ гэж хүлээж авч байна.

-Гадаад бодлого гэдэг юу вэ гэдгээ эхнээс нь зөв ойлгох нь чухал. Монгол Улсыг гадаадад зөв ойлгуулж, нэр хүндийг нь өндөрт өргөж байвал  эдийн засгийн үр өгөөж нь тэндээс гарна. Шууд утгаар нь тооцоолох ямар ч боломжгүй. Үнэнээр нь хэлэхэд Монгол Улсад нэг тэрбум 500 сая долларын бондыг босгочихлоо гээд хүмүүс ярьдаг. Энэ бол хувь хүнд өгч байгаа мөнгө биш. Хэн нэгэн очоод босгочихож байгаа хэрэг биш. Монгол Улсын имижид итгэж гаднынхан мөнгөө өгч байгаа юм. Хэдийгээр банк санхүүгийн байгууллага мөнгөө тоолж өгч байгаа ч цаана нь улс төрийн шийдвэр явж байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгч гадаадад сайн муу хэлүүлж очоод олон улсын хурал, зөвлөгөөн дээр үг хэлж, ярилцлага хэлэлцүүлэгт ордог. Давосын уулзалтад орлоо гэж бодъё. Олон улс орны улс төр, бизнесийн лидерүүдэд Монгол улс нээлттэй ардчилсан улс орон. Бид найдвартай хөгжих хэрэгтэй байна. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд зөв ойлгуулж гэмээ нь тэрний хүчинд манайд мөнгө орж ирэх жишээтэй. 20 жилийн өмнө Монгол Улс 100 саяын бонд босгоё гэвэл хэн ч юу ч өгөхгүй байх байсан. Тэгэхээр гадаад бодлогыг дан ганц шууд мөнгөн орлогоор хэмжих нь өрөөсгөл, болох ч үгүй. Хэмжих юм бол гаднаас орж ирж байгаа бүх мөнгө гадаад бодлоготой шууд холбоотой. Сангийн сайд ч юм уу, Эдийн засгийн сайд очихоор нь май гээд өгчихдөг мөнгө хаа ч байхгүй. Заавал цаана нь зөв гадаад бодлого явж байгаагийн үр дүн.

-Урт хугацааны бодлогын үр дүнд хөрөнгө оруулалт, мөнгө босгох ажил бүтдэг эд байх нь?

-Тийм. Улс төрийн бодлогыг хийхэд гадаад харилцаа чухал. Манайх энэ хүнд нөхцөлд Элчин сайдаа гадаадад байлгаад байна. Тэр нь олон улс гүрэнд нөлөөгөө хадгалж байна гэсэн үг. Ер нь олон улсын байгууллага, банкинд мөнгө шийдэхэд улсаа төлөөлсөн хүмүүс сууж л байгаа. Тэд ямар ойлголттой байна, тэрүүгээрээ асуудалд хандана шүү дээ. Ингэж байж гаднаас ирж байгаа тусламж, ялангуяа хөнгөлөлттэй болон худалдааны нөхцөлтэй зээлүүд Монгол Улсын нэр хүндээр барьцаалагдаж орж байгаа мөнгө.  Монгол Улсын имижийг бүрдүүлэх гол үүргийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, тухайн улсдаа сууж байгаа Элчин сайд гүйцэтгэдэг. Бүр Их хурлын дарга ч олон улсын классик ойлголтоороо энд орохгүй. Жишээ нь Лаост сууж байгаа Элчин сайдаас ямар мөнгө нэхэх юм бэ? Тийм боломж ч байхгүй. Монголоос жижигхэн оронд сууж байгаа хүн хаанаасаа хөрөнгө оруулалт, мөнгө босгох юм?! Гэхдээ Гадаад бодлогын үүднээс тэнд байлгах ёстой юу, ёстой. Кубад яагаад бид олон жил ЭСЯ-аа хадгалж байна. Бие даасан гадаад бодлогоо харуулж байгаа нэг үндэслэл шүү дээ. Монгол Улс чинь хэт АНУ-г дагадаггүй, өөрийн бодолтой Кубад хүртэл ЭСЯ-аа байлгаж байна гэсэн санаа. Хойд Солонгост байлгаж байна. Орос, Хятад хоёрын аль нэгийг “дагаж далдагнаад” байдаггүй юм байна. Энэ олон факторууд нийлж байж Монгол Улсын имиж бүрдэнэ. Үүнийг үндэслэж манайд хөрөнгө оруулалт бусад юмнууд яригдана.

-“Тунгалаг тамир” кинон дээр тахар Бадарч: “манай улс баян” гээд  бид хэнээс ч гуйхгүй гэсэн маягаар ханхалздаг. Иймээс л манайд хөрөнгө оруулалт орж ирж байна гэж зарим хүн ойлгодог шиг...

-Зүгээр л баялаг барьцаалаад мөнгө өгдөг бол аль 1990-ээд оноос орж ирээд хамж аваад явчих нь яасан юм?! Тавантолгой байж л байсан. Оюутолгой сүүлд нээгдсэн байх. Бусад бүх баялаг байж л байсан. Тэгэхэд орж ирэхгүй болгоомжлоод байсан. Одоо бол Монгол Улс найдвартай нэг шугаман дээр зогслоо. Хуулиа дээдэлдэг rule of law орон болжээ. Асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна гэсний үндсэн дээр мөнгө орж ирдэг. Би бол ингэж л тайлбарлана. (инээв.)

-Ноён Элчин сайд аа. Нэг тэмдэглүүштэй юм бол Таныг энд байх хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаагаа өргөжүүллээ. Энэ маань зүгээр түншлэлээсээ юугаараа ялгаатай юм бэ?

-Манайханд нэг хуучимсаг ойлголт байдаг. Стратегийн гэхлээр илүү цэрэг улс төрийн харилцааг ойлгодог. Даярчлагдсан энэ ертөнцөд стратегийн гэдэг ойлголт нь илүү тогтвортой, урт хугацаанд өргөн хүрээтэй түншлэе гэсэн хэрэг. Цэрэг улс  төрийн үүднээс хандаж байгаа хэрэг огт биш. Хятад стратегийн түншлэлийн харилцаагаа эргэн тойрны улс орнуудтайгаа байгуулж байна. Тэр байтугай Европын, бүр хаа байсан Латин Америкийн улсуудтай ч байгуулж байна. Олон улсын харилцааны нэг төвшинг илэрхийлсэн ойлголт болжээ. Цаад санаа нь эдийн засгийн харилцаагаа элдэв эрсдэлд оруулахгүй байлгая л гэсэн хэрэг. Жижиг асуудлаас болж харилцаагаа өм цөм унагахгүй байх. Жишээлбэл, ОХУ, Турк хоёрыг хар л даа. Оросын цэргийн онгоцыг нь  буудаад сөнөөчихсөн. Хэцүү нь хэцүү л дээ. Үүнээс болоод бүх л харилцаагаа хоёр орон эрсдэлд оруулчихлаа. ОХУ-аас жилд дөрвөн сая хүн Туркэд жуулчилдаг байсан. Хэрвээ хоёр тал илүү дотно харилцаатай байгаад асуудал гарахад юуны өмнө харилцаагаа урьтал болгох байх. Энэ утгаараа стратегийн харилцаа давуутай. Ийм санаа үүний цаана хадгалагдаж байна.

ЕВРОП БОЛООД ДЭЛХИЙ ДАХИНД

-Та Женевт хариуцлагатай ажил эрхэлж байсан. Мөн Монгол Улсаас ИБУИНВУ-д (Англи) ажиллаж байсны хувьд Европт болж байгаа энэ процессыг юу гэж дүгнэдэг вэ. Дүрвэгсэдийн асуудал хурцаар тавигдаж байна.

-Арабын ертөнц нийтдээ сүүлийн жилүүдэд сонин байдалд байна. “Арабын хавар” болсноос хойш айхтар тоталитар, авторитар дэглэм толгой дараалан уналаа. Тэрний суурин дээр анархи, эмх замбараагүй байдал үүсч байна. Хатуу чанга гарт байсан хүмүүсээс экстремистүүд гарч ирлээ. Энд аль аль тал алдаа гаргалаа. Барууныхан Арабын хаврыг дэмжиж байсан ч дараа нь юу болохыг тооцож чадаагүй, дутуу боджээ. Энэ нь стратегийн бодлого дутсаны илрэл. Америкийн тэр дэмжлэг одоо дүрвэгсдийн урсгал болж Европт муугаар тусч нөлөөллөө. Тэгээд Европын холбоо нь НАТО, АНУ-тай нэг талд байгаад үүнийг үүрэх л болж байна л даа. Энэ нь зөвхөн Сири, Иракад биш лалын ертөнцөд хямрал болж байна. Хямралын дараа нэг дэвшил гарах байх. Энд ямар ч тоталитар, авторитар систем явахаасаа өнгөрсөн. Гэтэл эрх чөлөөтэй байя гэхээр тэнд бас бэлэн биш байна. Яг энэ шашны суурь үзлийн нөлөө, экстремист нөлөө хүчтэй байна шүү дээ. Энэ байдал удаан үргэлжлэх байх. Иймээс Америк, Барууны ертөнц зардал гаргаж энэ бүхнийг залруулахаас өөр аргагүй. Лалын ертөнцийг эргэж эв зүйд нь оруулахын тулд асар их хөрөнгө гаргах л болж байх шиг. Ингэж тогтоохгүй бол энэ нь цаашаа Дэлхий нийтийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Нефтийн гол цөм тэнд байдаг. Энэ хямралыг далимдуулж тийшээ өөрийнхөө нөлөөг оруулах гэсэн ашиг сонирхлын уралдаан бас явж байна. Ер нь юм юм л болж байна шүү дээ.

-Та Монгол Улсаас ИБУИНВУ-д Элчин сайд байсан. Энэ улсын роль Дэлхийд болоод Европтоо ямар байдаг юм бэ?

-Би хувийн бодлоо хэлье. Англи бол дэлхийн улс төрийн гол зангилаан дээр байдаг улс. АНУ, Европ хоорондын гол тохируулагч (регулировок) болдог. Одоо юу гэдэг юм, Европыг Америктай холбоход гол зохицуулалт хийдэг юм уу гэж ажиглагддаг. АНУ-ын бодлогод маш их нөлөөлж чаддаг. Тэд ч тэдний бодлогыг бас хардаг. Европ ч Англиар дамжуулж Америктай харилцдаг хандлага бий. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд ч нөлөө их. Англи, Америк чинь нэг угсаатай улс шүү дээ. Тэр утгаараа байдаг ч юм уу эд хоорондоо онцгой харилцаатай. Бас Европын бодлогыг тодорхойлоход голлох үүрэгтэй гэхэд үгүйсгэхгүй. Жишээ нь, БНХАУ-тай харилцах харилцаан дээр ИБУИНВУ үлгэрлэж оролцлоо шүү дээ. Азийн дэд бүтцийн банкийг байгуулахад шууд үүсгэн байгуулагчаар оръё гэхэд Европ дагаад орж байна. Гол орны нэг.

ХОЁР ХӨРШ БА ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙД

- Манайх нэг талаас Дэлхийн хамгийн их өнөр орон, нөгөө талаас хамгийн том газар нутагтай оронтой хөрш байна. Хятад орноос манайх руу жуулчны урсгал хэр их байна. Тодорхой тоо байвал бас уншигчдад маань төсөөлөл авахад хэрэгтэй болов уу.

-Хоёр улсын хилээр жилдээ нэг сая 200 мянга орчим хүн зорчдог. Нэг сая орчим нь давхардсан тоогоор манай иргэд. Хятадаас жуулчин цөөн очдог. Дийлэнх нь ажиллах хүчин, бизнесийн чиглэл, албан ажлаар яваа хүмүүс. Ер нь Хятадын жуулчдын хойноос  Дэлхий “ангуучилж” байна. Хөгжилтэй том орнууд ч байна. Эдийн засаг нь хүнд байгаа Грек бусад Европын орнууд Испани, Португали ч байна. Эд үзүүлэх юмтай, жуулчны дэд бүтэцтэй. Тэдэнд Хятадын жуулчин үнэхээр ашиг орлого оруулах бодит зах зээл юм. Манайх Хятадаас жуулчин авах нь зөв л дөө. Гэхдээ манайд Хятад жуулчин авахад бэлэн биш байна. Манайд илүү соёлтой, хөгжилтэй орны жуулчид ирдэг. Учир нь тэд соёл урлагийн бүтээл, архитектур, түүх дурсгалын юмаа үзчихсэн. Тэгэхээр тэд цэвэр агаар, амгалан тайван байдал, зэрлэг онгон байгаль үзэх сонирхолтой. Өнөөдөр Хятадын жуулчдын ихэнх нь уран барилга, түүх соёлын дурсгал үзэх, үнэтэй бараа авахын хойноос явж байна. Иймээс манайх Хятадын гол цөм жуулчдын сонирхлыг татахгүй байна.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА

- Ер нь манай худалдаа эдийн засгийн гол түнш нь яах аргагүй БНХАУ. Иймд энэ харилцааны өсөлт бууралтын талаар Элчин сайдын амнаас нь сонсмоор байна.
 
- Сүүлийн жил олигтой юм нэмэгдсэнгүй. Ер нь Дэлхийн эдийн засгийн хямрал ч нөлөөлсөн байх. Гол экспортын бүтээгдэхүүн байсан нүүрсний үнэ ханш унасантай ч холбоотой байх. Нүүрсний хэрэглээ Хятадад багасах талдаа байна. Одоо манай экспортын бүтээгдэхүүний үнэ ханш доод төвшиндээ очиж байх шиг байна.

-Дэлхий даяар нүүрсний хэрэглээ багасч байх шиг байна. Энэ аль зэрэг бодитой зүйл вэ?

-Хятад нүүрсний өндөр хэрэглээтэй орны нэг. Гэтэл агаарын бохирдлыг бий болгож байна гэдэг шүүмжлэлд их өртдөг. Үүнийг зохицуулахаас ч өөр арга байхгүй. Тоо хэмжээ нь сүртэй багасаагүй ч үнэ ханшны хувьд хэцүү боллоо. Яваандаа хэмжээ нь ч багасах хандлагатай байна.

ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төвийг сахих бодлогыг дэвшүүлсэн санаачилга гаргалаа. Монголд эргэлзэж эсэргүүцэх хэсэг байна. Элчин сайд хүний үгийг тухайн орон Төрийн тэргүүнээ төлөөлж хэлж байна аа гэж ойлгодог. Энэ тал дээрх Таны тайлбар ямар байдаг вэ?

-Манай Улс 1911 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, өвөг дээдэс маань түүнээ харийнханд зарлахдаа бид эзэн Чингисийн үеийнх шиг хүчирхэг болохгүй нь ойлгомжтой. Иймд Монгол Улс бие дааж оршин тогтнохын хувьд төвийг сахих нь зүйтэй юм аа гэсэн. 1921 онд бас л Швейцарь лүгээ адил ийм төвийг сахисан бодлого баръя гэж байсан. 1990 оны хувьсгалаар өөрчлөлт шинэчлэл болоход ч төвийг сахина гэж яг хэлээгүй ч ийм замаар явах юм аа гэдгийг зөв тодорхойлж тэр үеийн бүх бичиг баримтдаа энэ санаагаа тусгасан байдаг. Тэр нь хоёр хөрштэйгээ ижил тэгш харилцаж, аль нэгэн цэргийн эвсэлд орохгүй байх, нутаг дэвсгэртээ гаднын цэрэг байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гээд энэ бүхэн чинь төвийг сахих бодлогын гол үндсэн чиглэл нь байхгүй юу. Тэр бодлогоо ил зарлахгүйгээр баримталж ирсэн.

-Тэгвэл Монгол Улсын сүүлийн 100 жилийн хүсэл гэж ойлгож болох нь уу?

-Тийм. Гэхдээ манай онцлог нь гадагшаа идэвхтэй бодлого баримталж ирсэн. Ганцхан жишээ хэлэхэд, энхийг сахих үйл ажиллагаанд оролцлоо. Тэр байтугай НҮБ-ын бус НАТО-гийн шийдвэрээр явж байгаа үйл ажиллагаанд оролцсон. Гэхдээ гадаад бодлогынхоо үндсэн зарчмыг зөрчихгүйгээр өөрийн гэсэн онцлогтой бодлого явуулж ирсэн. Одоо зарим хүмүүс төвийг сахина гээд өөрийгөө барьчих вий гэдэг өнцгөөс шүүмжилж байна. Төвийг сахина гээд янз бүрийн арга хэмжээнд оролцож чадахгүй болчихно гээд байх шиг.

-Жишээ нь юунаас тэгж болгоомжилж байж болох вэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож чадахгүй болох нь ч гэдэг юм уу. Өөр олон улсын арга хэмжээнд оролцож чадахгүй болох гэсэн болгоомжлол. Энэ бол хий болгоомжлол. Төвийг сахих бодлого өнөөгийн энэ ертөнцөд өөртөө болоод бусдад ямар ч гэм хоргүй. Монгол Улс бие даасан тусгаар улс. Бид төвийг сахина аа гээд зарлачихсан байхад биднийг дэмжээд өгөөч гэдэг ч юм уу, энэ тухай ярих шаардлага нэгдүгээрт байхгүй. Ер нь манай гадаад бодлогод гарч байгаа нилээн том өөрчлөлт гэж гаднынхан харж байна л даа. Зарим нэг улс орон Монгол яагаад гэнэт ингэв, хэн эдэнд аюул учруулаад байна гэдэг ч юм уу эргэлзээ байх шиг байна. Тийм учраас ярилцъя, энэ талаараа тайлбар хэлээч гэсэн асуудал мэр сэр гарч байгаа нь зүй ёсны хэрэг. Энэ бол танай улсын бодлогоо, гэхдээ та бүхэн үүнийгээ яаж ойлгоод байгаа юм? Танай улсын олон улсын гэрээгээр хүлээсэн олон талт үүрэг, хоёр улс хоорондын үүрэгтэй яаж зохицох юм үүнийгээ сайн тайлбарлаж таниулаач гэсэн хүсэлт тавьдаг. Ер нь төвийг сахина аа гэдэг хоёр хөршийнхөө дунд ч энэ бодлогоо баримтлана аа гэсэн үг. Энэ нь хэн бүхэнд илэрхий хэрэг шүү дээ. Хойд хөршийн хувьд асуудал байх шиг байна. Барууныхан хориг тавьчихсан, Турктэй харилцаа муудсан үетэй давхацсан учраас биднийг хүнд байдалд ороход та нар ингэж байна уу гэсэн эргэлзээ байж болох л доо. Энийгээ  тайлбарлан таниулах нь л чухал. Түүнээс мянга шүүмжлээд, мянга өөчлөөд нэмэргүй. Цаад бодлого маань бусдад ямар ч хор нөлөөгүй. Ийм л юм.

МОНГОЛ МАЛЫН МАХ ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН

-Сүүлийн үед нэг сонсголонтой мэдээ бол манай махыг урд хөршдөө экспортлох боллоо гэдэг ажил?

-Монгол Улс, БНХАУ-ын харилцаатай холбоотой хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгд, зээлийн асуудлыг яримаар байна. Намайг ажиллаж байх хугацаанд нэг тэрбум 800 сая долларын зээлийн асуудал шийдэгдэж байна. Энэ процесс найман жил явж байж 300 саяыг авлаа. 500 саяыг 2011 оноос ярьж байгаад нэг юм энэ жилээс дуусч байна. Дээр нь тэрбумын зээл авч байгаа. Энэ зээлийг чинь өгөх гээд бөөн юм болдог. Авсан хойноо манайхан чинь янз бүрийн юм руу чангаагаад бид нар чинь дотроо “байлдчихдаг”. Хоёрт, махны асуудал.

-Их хөөцөлдөлгөө орсон биз? Манай малыг янз бүрээр хэлэх нь буй...

-Гаргая гээд дөрөв, таван жил хөөцөлдөөд эдний тал хөдлөхгүй байсан юм. Өвчтэй энээ тэрээ гээд. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн нэг айхтар юм бий. Өндөр хэмжээний айлчлалын үеэр Си Жиньпин даргад зориулж өөрөө монгол хонийг ямааны боодог маягаар бэлтгэсэн. Тэгээд задалж амсуулаад монгол мах ямар байдгийг таниулсан. Тэдний бүх төлөөлөгчдийг уриад манайхаас цөөхөн хүний хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулсан. Тэр үеийн Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга, мөн сайд Лу. Болд, сайд Н.Батбаяр нар байсан. Их тэнгэрийн амны модон дотор гадаа өдрийн зоог өгсөн. Тэнд Ерөнхийлөгч монгол махны давуу талыг яриад хонины сүүлийг огтлоод энд ямар ч холестрин байхгүй. Ингэж иддэг юм гээд үзүүлсэн чинь Си Жиньпин дарга дууриагаад амссан. Тэгсэн тэнд байсан Хятадын төлөөлөгчид бүгд амсаж үзэх гэж бужигналдсан. 

-“Зуу сонсохоор нэг үз” гэдэг шиг Ерөнхийлөгч өөрөө үлгэрлэн монгол хонины махыг сурталчилсан байна шүү дээ. Маш сонирхолтой юм.

-Дараа нь Ерөнхийлөгч Си Жиньпин даргад цагаан сарын бэлэг явуулахдаа монгол махаараа банш хийгээд. Хятад хүний дуртай тэр нарийн ногоогоор нь амтлаад явуулсан. Бүр гэр бүлийнхээ хүрээнд өөрсдөө хийгээд явуулсан гэнэ лээ.

-Энэ чинь бас ач холбогдолтой юм байна. Өөрөө гараараа хийсэн болов уу?

-Ямартай ч тэдний гэр бүлээс л ирсэн. (инээв.) Үхрийн өвчүүг бас сайхан янзлаад явуулсан. Хөлдөөгч савтай ирсэн тэр идээг би ирсэн өдөр нь зохих албанд нь биеэрээ хүргэж өгсөн. Энэ бас Хятадын талын ойлголтыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн гэж би боддог. Учир нь эдний хамгийн хөдөлдөггүй Чанар хорио цээрийн алба гэж байдаг. Тэд нааштай хандаж эхэлсэн. Манайхаас зургаан үйлдвэр дээр очиж үзээд сертификат өгчихсөн. Тэгээд боловсруулсан мах авахаар болсон. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр загвараа эцэслэн тохирсон. Одоо баруун таван аймгаас түүхий мах авахаар ажиллаж байна.

-Одоо бэрхшээлтэй юм байгаа биз дээ?

-Эдний талаас биш харин манайхан дотроо “байлдаж” эхэлсэн. Махны асуудлыг шийдсэн гэдэг нэр хүндийн төлөөх “тэмцэл” яваад байх шиг. Манайхан чинь эерэг үр дүн гарвал “би, би, би” гээд эзэн мундахгүй. Дээрээс нь мах үйлдвэрлэгч, бэлтгэгч нар хоорондоо “үзнэ”. Би ч эрхийг нь авчихсан, би ч бэлтгэнэ гээд эхэлсэн. Энд бас монголчууд ингэдэг гэдгийг нь мэддэг эндхийн нөхдүүд давхиж очоод би танай махыг авъя, надад квотоо өгчих гээд бужигнуулаад байх шиг. Үүний цаана ямар аюул үүсч болох вэ гэхээр үйл явц замбараагүй явчихвал өвчтэй газраас мах авчих ч юм уу, муу мах авчрах гээд аюул үүсэх вий.Ингээд ирвэл нэр хүнд унана. Тэгвэл яах вэ?

-Аль аль нь байхгүй болно. Ажил ч явахгүй, бизнес ч зогсоно.

-Аль нь ч байхгүй болно. Энэ аюулыг хэлмээр байгаа юм.Үүнийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Нэгэнт ийм том зах зээл нээгдэж байхад анхнаасаа стандартыг нь хатуу мөрдөөд эхэлчихвэл алс ирээдүй их байна. Энэ бол ирээдүй цаг руу харсан халдашгүй зах зээл. Үүнийг одоо булаацалдаад хэрэггүй. Манай энэ чинь бас жижиг зах зээл шүү дээ. Зуд турхан болбол нийлүүлэлт багасна. Өнтэй жил нийлүүлэлт ихэснэ. Ямар ч тохиолдолд эднийх шингээнэ. Иймд энийг зөв зохион байгуулах нь маш чухал. Нэр хүндээ татаад унагачихаж болохгүй.

-Хойд хөрш манайхаас малын мах авдаг уламжлалтай байсан гэтэл одоо бид сайн мэдэхгүй байна. Гэхдээ л мах авч байгаагүй болов уу (социализмын үеэс эдүгээг хүртэл) гэмээр урд хөрш маань авч байдаг.

-Түүх ярихад Зөвлөлт рүү өр ширэндээ жилд ес орчим сая мал хөлөөр нь гаргадаг байсан гэдэг. Мал нь 24 цаашлаад 25 сая хүрдэг ч байсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Зайлуул бидний гол өгдөг юм тэр байж. Гэтэл Монгол, Зөвлөлт хоёр шинэ тогтолцоонд орсноос хойш энэ нийлүүлэлт зогссон. Мал маань өсөөд 60 сая болоод бэлчээр нь даахаа болилоо. Хойд хөрш маань авдаггүй. Харин БНХАУ руу мах гаргаж байгаагүй юм билээ. 1990-ээд онд  цөөн тооны мал гаргасан ганц нэг тохиолдол байдаг бололтой юм.

-Ер мах гаргах нь эдийн засгийн маш чухал ач холбогдолтой арга хэмжээ. 2000 оны үеэс л яригдаж байсан санагдах юм.

- Бүр 1990-ээд оноос яригдсан эд. Намайг энд ажилд томилогдоход гол өгсөн үүрэг даалгаврын нэг энэ. Ер нь бол хэчнээн жил хөөцөлдөж таниулах гэсэн юмыг бас нэг жаахан сонирхолтой хурдан хугацаанд таниулна гэдэг бас л мундаг авьяас гэх үү, чадвар гэх үү.  Элбэгдорж Ерөнхийлөгчийн энэ гавьяаг бас бид олж харах ёстой. Юмны нюанс гэдэг юм уу тийм юмыг олж харахдаа сайн. Олон цаг нуршиж ярихаас илүү хэд дахин өгөөжтэй арга хэмжээ болсон гэж хувьдаа үздэг.

-Олон он жил хөөцөлдснөөс илүү сурталчилгаа гэсэн ч болох юм биш үү?

-Харин тийм. Хятад орон хаа байсан Австрали, Аргентин, Уругвайгаас мах импортолдог. Гэтэл хажууд нь экологийн цэвэр мах байж байдаг.

- Энэ эхлэл маань Таны хэлснээр зөв явбал цаашид бүр их ирээдүйтэй хөгжих байх аа.

- Би бүр ингэж боддог юм. Бид ганцхан түүхий мах гаргах гээд байхдаа биш. Цагаан сараар эд нар учиргүй их банш иддэг хүмүүс. Найман өдрийн баярт голцуу л банш иднэ. Баяр болохоор л баншаа иддэг. Бид баншийг эдний жороор хийгээд пакетлээд нийлүүлсэн ч болно шүү дээ.Одоохондоо манайхан хурдан ашиг олох гээд малаа амьдаар нь гаргачих, махаа түүхийгээр нь гаргачих гээд үзээд л байна. Эхний хөрөнгө оруулалтаа олоход энэ хэрэгтэй л байх.Ер нь бол энэ талын Хятадын зах зээлийг нарийн судлах хэрэгтэй. Тэд хоолондоо ямар мах хэрэглэдэг юм. Ингээд харахад тэд хатаасан мах хоолондоо маш их хэрэглэж байгаа шүү дээ. Энд бид зөв зохион байгуулалттай замдаа нэр хүндээ хугалчихгүй орох зүйтэй. 

ЛОЖИСТИКИЙН КОМПАНИ ТОЙРСОН ЯРИА

-Монголд шуугиан болоод байгаа нэг юм бол Гадаад хэргийн сайдтай холбоотой төмөр замын асуудал байна л даа. Халуун цэг дээр нь байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Гадаад бодлогыг нэг цонхных болгоё гэсэн зарчмын санаа  байдаг л даа. Энэ нь гадагшаа харилцахдаа аливаа асуудлаар нэг бодлогоор, нэг амаар дуугаръя л гэсэн үг. Энэ хэрэгжихгүйгээс болоод манай төрөл мэргэжлийн байгууллагууд өөрсдийн дуу хоолойгоор ярьдаг. Үүнээс болж ийм асуудал үүссэн болов уу гэж бодож байна. Тэр ложистикийн компанийн хувьд Монгол Улсаас гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсаар дамжиж тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд гурван тал хамтраад тээвэр ложистикийн компани байгуулъя. Төмөр зам ч бай, авто зам ч бай Монгол Улсаар дамжих бараа бүтээгдэхүүний урсгалыг зөв зохицуулж өгөх. Манай газар нутаг, төмөр замын сүлжээг ашиглаад оновчтой зохион байгуулъя гэсэн санаа. Тэрэн дээр хэн менежментээ хийх вэ? гэхчилэн нарийн ширийн асуудал яригдана. Эхний шатандаа явж байгаа. Үүнтэй холбогдуулаад аль аль талаасаа буруу зөрүү ойлгох явдал гарсан юм шиг байна. Үүнийг ярьж нэг мөр ойлголтод хүрэх нь зөв.

-Та Гадаад хэргийн олон сайдтай ажиллалаа. Шинэ Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн тухай асууя гэж бодсон юм. Сошиал мэдээллийн хэрэгслээр зүгээр нэг бага гарын дипломат ч гэсэн нэр зүүлгэх гэсэн оролдлого яваад байх шиг. Та хамт сурч байсны хувьд, хамт ажиллаж байсны хувьд ямархуу Гадаад хэргийн сайдтай болсон бэ?

-Түүхэнд нэрээ үлдээсэн олон Гадаад бодлогын асуудал хариуцсан сайд нар байгаа. Миний хувьд Содномын Аварзэд сайдыг онцгой хүндэлдэг. Манай улс  ЗХУ-ын нөлөөнд байхад газар нутгийнхаа төлөө тэмцэж амьдралаараа хохирч байсан хүн. Социализмын төгсгөл үед Мангалын Дүгэрсүрэн сайд байлаа. Хэдийгээр ЗХУ-ын нөлөөнд байсан орны сайд ч  БНМАУ-ынхаа эрх ашгийг тэргүүнд тавьж, чанга дуугарч чаддаг байсан. Монгол Улсын эгзэгтэй үед, 1990-ээд онд Цэрэнпилийн Гомбосүрэн сайд маш зөв залж тохируулж авч гарсан. Эдгээр хүмүүс бол сайд гэдэг албыг “ТОМ ҮСГЭЭР” тэмдэглэхээр авч явсан гэж боддог. Яахав 1990-ээд оноос хойш Гадаад хэргийн сайдын тоо “геометрийн прогресс”-оор өслөө л дөө. (инээв.) Энэ дотор сайн нь ч бий. Бас тааруухан нь ч бий. Гадаад бодлогоо эрсдэлд оруулж байсан сайд нар ч бий. Гадаад хэргийн сайдаас гарамгүй үйлдэл хийж байсан хүн ч бий. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд бол Гадаад яамны үндсэн кадр. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр 6-7 жил ажиллана гэдэг өмнөх сайд нараас хамгийн сайн бэлтгэл хийсэн сайд л гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн институц гэдэг бол гадаад бодлогын цөм уурхай тэнд явж байна гэсэн үг. Энэ утгаараа дипломатууд дотроо энд ажилласан хүн гэдэг бас л мэргэжлийн өндөр төвшинд алба залгуулсан хүн гэж ойлгоно. Л.Пүрэвсүрэн сайд гадаад бодлогыг нэг цонхоор явуулах, залгамж чанарыг хангах гэсэн энэ ойлголт манайд тааруухан хэрэгжиж ирснийг ярьж байгаа, залруулах гэж зүтгэж байна.

-Жишээ нь?

-Жишээлж хэлэхэд Монгол Улсын барилгын сайд БНХАУ-д айлчлах хүсэлтээ илэрхийлье гэж бодъё. Гэтэл Хятадын барилгын сайд эхлээд: “Бид  гадаад яамнаасаа зөвшөөрөл асууя. Тэд зөвшөөрвөл Та нарт хариу өгье” гэх жишээтэй. Энэ том орны гадаад бодлого ингэж явдаг. Манай аюул нь салбарын сайд нь шууд би эрхтэй хүн гээд гадагш харилцдаг. Энэ чинь гадаад бодлогын нэгдмэл байх чанарыг гээгдүүлж, замбараагүй байдал үүсгэдэг.

-Манайд чинь аймаг, сумын дарга ч өөрийн гадаад бодлогоо явуулах гээд байдаг юм биш үү?

-Харин тэгээд Л.Пүрэвсүрэнгийн хийх гээд байгаа нэгдмэл бодлоготой байх зарчим бас зарим нөхдөд ойлгогдохгүй, таалагдахгүй учраас янз бүрийн асуудалд ордог юм шиг байгаа юм. Нэгдмэл гадаад бодлого яригдаж байж залгамж чанар яригдана. Яах аргагүй мэргэжлийн бэлтгэгдсэн хүн ийм л юм ярих ёстой.  Гадаад бодлого нэг цонхоор явж,  нэг үгээр дуугарах ёстой. Дотоод тэр асуудлаа салбарын сайд хариуцах ёстой. Нарийн яривал  аль нэг орны Элчин сайд хүлээн авалт хийхэд салбарын нөхөд “Би очиж болох уу?” гэж Гадаад яамнаас асуудаг байх ёстой л доо. Ямар ч улсын гадаад бодлого ингэж явдаг. Энэ хүлээн авалтад ийм төвшний хүн очно. Та яв, эсвэл Та яваад хэрэггүй гэж зохицуулж байх ёстой. Гэтэл манайхан: “Элчин сайд миний найз. Би яахаараа очиж болдоггүй юм. Гадаад яам яахаараа саад тавьдаг юм” гэх янзтай авирлах нь ч бий. Гадаад бодлогын үндсэн зарчмын талаар ойлголт байдаггүй. Нэг улсын Элчин сайдын хүлээн авалтан дээр Засгийн газрын бүх гишүүн очиж болохгүй шүү дээ. Бантан болно шүү дээ. Ийм зарчмыг тогтоох гэж мэргэжлийн хүний хувьд оролдож байна. Гадаад бодлогын залгамж чанарыг улс төрийн бодлоготой андуурдаг. Жишээ нь нэг улстай сүүний үйлдвэр байгуулах гээд гэрээ хэлцэл хийчихсэн байлаа гэж бодъё. Гэтэл нэг нь очоод бид махны үйлдвэр байгуулна аа гэж болохгүй шүү дээ. Тэр нь сүүний үйлдвэр, махны үйлдвэртээ биш. Олон улсын эрх зүйн харилцаанд орж үүрэг хүлээж авчихаад өөр юм ярих жишээтэй. Энэ бол манай гадаад бодлого дээр хамгийн их гай болж байгаа зүйл.

-Ийм байдлаас болж алдагдал, хохирол хүлээсэн тохиолдлыг Та нэрлээч.

-Жишээ нь, Хятдаас авч байгаа зээлийн хөрөнгийг ашиглаж чадахгүй байсаар маш их алдагдалд орж байгаа шүү дээ. 300 сая долларын зээлийг Хятадын тал манайд 2003 онд санал болгосон. Үүнийг ашиглахын тулд манайхан дотроо найман жил үзэлцсэн байхгүй юу. Нэг сайд нь усан цахилгаан станц, нөгөө нь үгүй зам барина гээд. Энэ хооронд юанийн ханш асар их өөрчлөгдсөн. Тэр үед нэг доллар найман юаньтай тэнцдэг байсан бол найман жилийн дараа зургаан юань болчихсон. Энэ хооронд ханшийн зөрөөнөөс 600 сая юанийн бараа үйлчилгээг алдчихаж байгаа юм. Ямар их хортой байна. Зээл авахаасаа өмнө сайтар судалгаа, тооцоо хийж дотроо сайн учраа олох хэрэгтэй шүү дээ.

БОЛОВСРОЛЫН САЛБАР ТОЙРСОН ЯРИА

-Боловсролын салбарт нэлээн ахиц гарсан гэж манай БСШУЯ-ны нөхөд өөрсдөө ярьдаг. Тэтгэлгийн сургалт хэр амжилттай хэрэгжиж байна вэ?

-Их дээд гэлтгүй дунд сургууль, тусгай мэргэжлийн курс сургалтад хамрагдаж байгаа суралцагсад 8000 орчим байна. Эдийн засгийн харилцаа дагаад Хятад хэлийг сурах сонирхол манайхан төдийгүй олон улс орны сонирхлын төвд очжээ. Хятад орон ч өөрийн хэл соёлыг сурталчлах бодлогыг хүчтэй явуулж байгаа. Күнзийн сургуулийг манайд нээсэн. Соёлын төвөө бас нээж байгаа. Манайхан ч техник, технологи, бизнесийн үйл ажиллагаатайгаа холбогдуулаад хятад хэл рүү хошуурч байна. Манайх шиг жижиг орны хувьд зарим нэг болгоомжлол байлгүй л яах вэ. Гэхдээ болгоомжилж байна гээд бүдүүлэг аргаар юм болгоныг харанхуй эсэргүүцдэг хэсэг байна. Ингэж буруу эсэргүүцэл хэрэггүй. Харин хэлийг нь сураад, соёлыг нь мэдээд авбал бидний “иммунитет” нь бий болно шүү дээ. Хужаа, хятадын эрлийзүүд ч гэх шиг харанхуй бүдүүлэг нэр томьёо их хэрэглэх юм. Гэтэл энэ том оронд чинь Монгол гаралтай, өөрийгөө монгол гэж үздэг ард зон маш олон байна шүү дээ. Хятадын бүх мужаар шахуу байна. Шиньжан Уйгарт дөрөв, таван бие даасан хошуу байна. Жилин, Ляонин мужид байна. Ганьсу, Сычуан гээд байна. Баруун өмнө талын дөрвөн мужид өөрсдийгөө Мөнх хааны үр удам гэж үздэг хоёр сая хүн байна гэж байгаа шүү дээ. Гэтэл манайхан Өвөрмонголд байдаг дөрвөн сая хүнийг л монгол гээд үзээд байдаг. Монгол их гүрэн байхад эзэлсэн нутаг орных нь дарга ноёд нь Монголчууд байсан байж таараа. Тэгэхээр Монголчууд илүү үр удмаа үлдээх магадлалтай байсан байж таараа шүү дээ. (инээв). Одоо бол тэрийгээ нууж хаалгүй мэддэг, ярьдаг.

-Паспортан дээрээ Монгол үндэстэн гээд биччихсэн БНХАУ-ын иргэн хүн Бирм Хятадын хил дээр таарсан гэж нэг нөхөр маань хэлсэн шүү.

-Тийм. Тэгэхээр энэ боловсролын ололтыг нэг тал руу хэт хэлбийж байна гэж эрт дүгнэж болохгүй. Жилдээ 1000 гаруй оюутан аваад байгаа.

-Ер нь Хятадын эсрэг яриа хэл манайхны аманд явдаг л даа. Бие биенээ улстөрчид “хужаа” энэ тэр гэчихвэл нэлээн амжилттай “проект” болж байх шиг. Энийг ер нь энд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Энэ бол маш эмзэг сэдэв. Дээд хэмжээний уулзалт яриан дээр ч Монгол Улсыг тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн замаа сонгосон сонголт бүхнийг бид хүндэлнэ гэж давтаж хэлдэг. Өөрөөр хэлбэл Та бүхэн бүү ай, айх хэрэггүй. Хүйтэн дайны үед ЗХУ, БНХАУ хоёр зөрчилтэй байхад маш хүчтэй суртал ухуулга явсан. Түүний үлдэгдэл нь одоо болтол манайд амь бөхтэй оршиж байна л даа. Монголчууд Манжийн дарлалд хоёр зуун жил болсон нь бас нөлөөлдөг байх. Гэхдээ одоо бол шал өөр цаг үе. Туйлшрахаа болих хэрэгтэй. БНХАУ-ын зах зээлийн боломжийг бид ухаалгаар ашиглах ёстой. Ашигладаг улс нь зөв ашиглаад аль хэдийнэ улсаа хөгжүүлээд байна шүү дээ
-Манайд Хятад иргэдийг зодсон гэмтээсэн гэсэн яриа гарсан. Асуудал үүсгэсэн үү?

-Үүсгэлгүй яахав. Сайдын төвшинд тайлбар өгсөн шүү дээ. Ахуйн төвшин дэх ийм юм чинь маш буруу ойлголтыг өгөөд байгаа байхгүй юу. Газар нутаг өргөн уудам, цөөн хүн амтай манайх бол гаднынхнаас болгоомжлох нь зөв. Гэхдээ ийм арга барилаар биш гэдэг нь ойлгомжтой.

ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭС ХУЛГАЙН ХЭРЭГ ХҮРТЭЛ 

-Таныг энд ажиллаж байх хугацаанд ялтан солилцох асуудал нэлээн нааштай биеллээ олж байгаа гэж сонссон. Хөрш залгаа улс орнуудад энэ хүссэн хүсээгүй л яригдахаас өөр аргагүй асуудал. Хулгайн хэрэг байна.

-Жилд сая орчим хүн зорчиж байна. Тэгэхээр манайхан гэмт хэрэгт холбогдох, эсвэл гэмт хэргийн золиос болох тохиолдол байна. Мэхлэгдэх, мөнгө төгрөгөө алдах гээд юу эс байхав. Өнөөдөр 54 хүн Хятадын төв нутаг дээр ял эдэлж байна. Хонконг, Макаод 24 хүн байна. Ер нь 70-аад хүн ял эдэлж байна. Бас тэр тооны хүний асуудал мөрдөн байцаах шатандаа явна. Өмнө нь хамгийн их санаа зовоож байсан юм бол хар тамхины хэрэг. Нэг хэсэг хэд хэдээрээ баригдаж аюул болж байсан. Тэрнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Ерөнхийлөгчийн ТГ-аас ч анхаарч нэлээд ажил хийсний үр дүнд сүүлийн 2-3 жилд ийм хэрэг ерөөс гараагүй. 

-Цаазаар авахуулах болсон хүнийг Ерөнхийлөгч хувийн журмаар хөөцөлдсөн. Одоо бүр шилжүүлж авах болсон гэж үнэн үү?

-Энд хар тамхины асуудал цаазаар авах ялтай. Хар тамхины хэрэгт хэд хэдэн хүн цаазын ял авсан. Ялангуяа, тэр Дамдингийн хэрэгт цочроо үүсгэсэн. Анхны ч хэрэг. Тэрэн дээр Ерөнхийлөгч Хятадын удирдлагад хандахад эхний ээлжид бүх насаар нь хорих ял оноосон шүү дээ.Одоо ял нь хугацаатай болж солигдсон.

-Ялтан шилжүүлэх асуудалд тайлбар өгнө үү. Манайхан энд хэрэг хийвэл Монголд ялаа эдэлчихнэ гэж андуурч ойлгодог тал бий?

-Ялтан шилжүүлэх тухай гэрээ бол маш чухал ач холбогдолтой гэрээ. Манайхан нэг юмыг буруу ойлгоод байгаа юм. Хэрэг хийчих л юм бол манай тал шилжүүлээд авчихна гэж. Хуулийн сайд байсан хүн ч буруу ойлгочихсон явж байдаг. Тийм юм байхгүй. Би түрүүн хэлсэн. Хар тамхины хэрэгтэй хүнийг энд хамгийн хатуу ялаар шийтгэдэг. Ер нь Хятадад хэд хэдэн гадаадын иргэнийг цаазалчихсан шүү дээ. Европ, Азийн гэлгүй цаазлагдсан.

-Уг нь цаазлахад заргалдах үндэс байхгүй биз дээ?

-Хуулийг нь зөрчсөн юм чинь заргалдах үндэс байхгүй. Одоохондоо азаар манайхаас хүн цаазлаагүй. Ялтанг бол тодорхой нөхцөл хангасны дараа шилжүүлдэг юм. Юуны өмнө ялын бодлого нь таарч байгаа эсэх. Жишээ нь, энд цаазаар авах ч юм уу, бүх насаар нь хорих ялаар шийтгүүлж байхад тэнд очоод тэр хүн тэр хэмжээнийхээ ялыг эдлэх үү, үгүй юу? Эсвэл очингуут нь хэдэн жил болоод суллахаар байвал шилжүүлэхгүй. Хүнд гэмт хэрэг хийсэн хүн байвал ялынхаа тодорхой хугацааг энд эдэлсэн байх ёстой. Засарна гэдгээ харуулсан байх ёстой. Бас дээр нь Монголд очоод үлдсэн ялыг нь эдлүүлнэ гэсэн баталгаа байх ёстой. Хятадын тал бас хүмүүнлэгийн үүднээс манай талд шилжүүлж байгаа. Хүнд ялтай ч хүнд өвчтэй хоёр ч хүн шилжүүлсэн.

-Хулгайн хэрэг буурсан уу?

-Буурахгүй байна. Нэгд, манай иргэд визгүй орж ирдэг. Хоёрт, чөлөөтэй энэ нутгаар явж байна. Гуравт, энд хүн ам олонтой болохоор том том дэлгүүрүүд их баригдсан. Тиймээс тэнд хулгай хийхэд баригдахгүй гэж манайхан ойлгоод байдаг. Гэтэл энд камерийн хяналт маш нарийн. Жижиг халаасны хулгайг ч айхтар бариад байгаа харагддаг юм. Тэгэхээр манайхан тэр том юманд орохоор баригдахгүй гэж боддог юм уу, ирээд л баригдаад байх юм. Ингээд хулгайн хэрэг буурдаггүй. Одоо тэгээд тэрэнд ямар ч найдвар байхгүй гэдгийг л дахин дахин хэлмээр байна.

-Нээрэн гэнэн байна шүү.

-Ингэж амархан мөнгө олно гэж бодоод хайран залуу насаа хүний нутгийн шоронд өнгөрөөнө гэдэг маш азгүй хэрэг шүү. Хар тамхины тэр залуус ч гэсэн Хятад гэдэг газар ингэж амархан мөнгө хийж болох нь ээ гээд шуурч ирээд хайран сайхан амьдралынхаа ид үеийг шоронд өнгөрөөж байна шүү дээ. Даана ч яав даа гэмээр харамсалтай.

-Та Английн хатан хаантай уулзсан цөөхөн монгол хүний нэг. Яриагаа уншигчдад сонин болгох үүднээс тэр тухайгаа яриач?

-Британид Элчин сайдаар очсон бүх хүн л уулзаж байсан байх (инээв). Хатан хаан-Төрийн тэргүүн. Гэхдээ ерөөс улс төр ярьдаггүй. 1997 онд жуух бичгээ барихаар Хатан хаантай анх уулзахад тэр үед манайд түймэр гарсан байсан. Тэгээд “Танай Монголын талаар хэвлэлээс уншлаа. Түймэр гарч их хохирол учирч байгаа юм байна. Санаа зовж байна. Манайд ч дээр үед түймэр гарч Лондон хот бараг тэр аяараа шатаж байсан шүү дээ” гээд тиймэрхүү юм яриад  Хатан хааны нөхөр нь Монголд дөнгөж оччихоод ирээд байсан. Тэрбээр: “Танай нутаг бол үнэхээр хязгааргүй өргөн уудам зэлүүд нутаг шүү” гэж бахдан хэлсэн нь одоо ч нүдэнд дүрслэгдэх шиг. Яг “vastness emptyness” гэж билээ. Жилд хоёр удаа Хатан хаан хүлээн авалт хийдэг. Элчингүүд олноороо зогсдог. Тэгэхэд Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа Хатан хааны нөхөр инээж ирж дотно заавал тогтож ярьдаг. Нэг удаагийн тохиолдол ярихад бид цөмөөрөө дээл өмсөөд орсон юм. Тэгэхэд:“Танай энэ дээл чинь манай Шотландууд “юбка” өмсдөгтэй их адил юм” гээд: “Манай Шотландууд тэр “юбка”-ныхаа доогуур ямар нэг хувцас өмсдөггүй шүү дээ. Та нар өмсдөг үү?” гэж наргиж хошигносон. Тэрүүгээр бид бүгд пирхийтэл инээлдсэн чинь бусад улсын элчингүүд: “Принц Филипп та нартай юу ярьсан бэ. Та нар яагаад инээлдсэн бэ?” гээд сониучирхан асуусан. Нэг иймэрхүү. Ер нь Хатан хаан бол айхтар хүн. Улс төрд орохгүй ч гэсэн жаяг зарчмаа хатуу барина.

АРДЧИЛСАН ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН БУСАД СЭДВИЙН ТУХАЙ 

-Дипломат бол улстөржилтөөс жаахан хөндий байдаг алба байх. 1990 онд Гадаад явдлын яаманд анхны ардчлалын голомт үүссэн түүхээс яривал уншигчдад маань сонин байх болов уу?

-Бид ардчиллыг дэмжих дугуйланг анх байгуулсан. Тэнд нь Л.Пүрэвсүрэн, А.Баттөр,  Д.Ганхуяг, Т.Залаа-Уул би өөр хэн байлаа аа тийм, н.Баттөмөр, Я.Батсуурь гээд анх дугуйлан байгуулсан. Вьетнамд байгаа Элчин сайд Д.Энхбат байна. 1990 онд бужигнаж байхад чинь Төрийн албаныхан чинь ихэнх нь намын гишүүн байлаа шүү дээ. Бид гадаад бодлогын байгууллагад хамаагүй ийм юм байж болохгүй гэж тэр үедээ гадарладаг байсан л даа. Гадаад яаманд ийм юм гарлаа гээд нэлээн хэл ам болсон. Бид Гадаад явдлын яаманд МАХН-ын үүр байх ёсгүй. Хэрэв ийм юм байдаг бол бид адилхан байгуулна гэсэн. Тэгээд намын үүр, зөвлөл татан буугдаад ажилтан, ажилчдын эрх ашгийг хамгаалсан үйлдвэрчний байгууллага маягтай болгосон. Бид чинь анх төрийн байгууллагад ийм зөвлөл байгуулсан учир зарим нөхөд биднийг ардчиллын партизан гээд тоглоом шоглоомоор нэрлэдэг юм. (инээлдэв.)

-Хүн болгоны түүх намтар бас сонин байдаг. Та Москвагийн Олон улсын харилцаан дээд сургууль төгссөн. Энэ алдартай сургуульд элссэн, суралцсан дурсамж намтраасаа яриач.

-1970-аад оны сүүлээр МГИМО гэдэг чинь дарга нарын хүүхдийн сурдаг сургууль болчихсон байж л дээ. Сурлага нь муу, асуудал гараад бүр Улс төрийн товчоон дээр яригдахдаа хүрчээ. Ю.Цэдэнбал дарга өөрөө биечлэн: “Энэ сургуульд 80 хувьд нь ажилчин, малчны, 20 хувьд нь сэхээтний хүүхэд сурга” гэж албан даалгавар өгсөн аж. Тэгээд МАХН-ын Төв хорооныхон энгийн сургуулиудаар явсан хэрэг л дээ. Манай 6-р сургууль дээр Янжмаа гэдэг эмэгтэй ирээд надтай уулзсан. Би ангийн дарга, сурагчдын зөвлөлийн гишүүн. Бас ажилчны хүүхэд, өнчин өрөөсөн гээд танилцуулагдаж л дээ. Би түүх улс төрийн талын сонирхолтой ч сургуульд ороход өндөр оноогоор ордог учир сургуульд орж чадахгүй гэж хаширлаад хими, биологиор конкурс өгөхөөр бэлдэж байсан юм. Бас гадагшаа явж үзмээр байдаг. Иймээс хими технологийн чиглэлээр гадаадын хуваарь элбэг ирдэг гэж сонссон. Унгар, Чех-д сургуульд явдаг гэдгийг сонирхоод л... Манай ангийн багш Төмөр багш маань хими биологийн багш учир сонгон хичээлээр бэлдэж байв. Би тэрүүгээр орвол баталгаатай гадаадын аль нэг сургуульд явна гэсэн итгэлтэй байв. Гэтэл Төв хорооны хүн: “Чи наадахаа боль. Нийгмийн ухаанаар шалгалт өг” гэлээ. Орос хэлд муу яадаг юм билээ гээд ацан шалаанд оров. Хөдөө байж байгаад ирсэн хөдөөний хүүхдийн орос хэл гэж юу байх вэ дээ, хөөрхий. Хотод нэг хоёр жил болоод аравдугаар анги төгсөж байгаа юм. Тэгээд шалгалтад орсон. Нөгөө түүх нийгэм дээр 14,15 оноо авчихаж байгаа юм. Орос хэл дээр байхгүй, ердөө 7 оноо. Тэгээд Их сургуулийн түүхийн ангид орлоо. Тэр цагт оюутнууд өвс түүж тушаах ажилтай тул Туулын эргээр явж шуудай өвс түүгээд тушаах гэж байтал нөгөө хүн дууддаг юм. “Чамайг бид судалсаан. Олон улсын харилцааны сургуульд явна аа. Чи одоо орос хэлний шалгалт өг” гэв. “Миний ганц чадахгүй юм орос хэл” гэсэн чинь: “Өгөөд үз” гэв. Тэгээд шалгалт өгөх гээд очтол хоёр хүүхэд байна. Ярианы өнгө нь орос сургууль төгссөн дарга даамлын хүүхдүүд бололтой юм. Зүрх алдаж байна аа. Шалгалт авч байгаа хүн нь Эрхүүгийн Их сургуулийн бэлтгэл факультетийн декан өөрөө ирчихсэн байвал яах вэ. (инээв). Тэгээд орсон чинь: “Өөрийнхөө намтрыг яриад өгчих” гэж байна. Билетэнд зориулж цээжилсэн миний ганц сэдэв таарав. Бөөн аз. (инээв.) Нэг номерын билет шүү дээ. Өнөө цээжилсэн юмаа дуржигнууллаа. Тэгээд харсан чинь өнөө багш чинь уйлж байна.

-Яагаад уйлсан юм бол?

-Үгүй ээ, яахав дээ, би амьдралаа үнэнээр нь орос дээр цээжилсэн л хэрэг. Тэр эмэгтэй бас уян сэтгэлтэй хүн байж таарч. Тэгээд 15 оноо тавьчихдаг юм. Бүр үндсэн ангид гээд. Тэр миний материал дотор байх ёстой. Авч үзье гэж бодоод байгаа юм. Ингээд гарч иртэл Төв хорооны Янжмаа гуай “Чи чинь орос хэлд муу гээд байсан хаа байна?” гэдэг байгаа. Шууд нэгдүгээр курст яв гэсэн байна гэв. Гэхдээ Гадаад яам хэлний бэлтгэлд яв гээд Эрхүүгээр дамжиж сургуульдаа очсон доо. Тэгж явахдаа хор шарандаа орос хэлийг үзье гээд бэлтгэлээ онц төгссөн юм.

-Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд ямар нөхөдтэй сурав? Тантай хамт суралцаж байсан алдар хүндтэй, нэр нөлөөтэй ямар хүмүүс байна вэ?

-Манай МГИМО-ынхон чинь мундаг байгаа шүү дээ. УИХ, Засгийн газарт заавал 2-3 хүн байдаг. Миний үеийнхэн гэвэл одоо энэ Цагаан байна.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уу?

-Тийм. П.Цагаан. Ерөнхий сайд асан Сү.Батболд байна. Л.Пүрэвсүрэн, А.Баттөр, Ё.Отгонбаяр, Я.Эрхэмбаяр гээд гишүүн, сайд дарга хийж байсан хүмүүс байна аа байна. Бид нэг курсынх. Одоо болтол холбоотой байдаг.

-Нам харгалзахгүй.

-Харгалзахгүй. МГИМО төгсөгчдийн төрийн бус байгууллага байдаг юм. Шинэ жилээр уулзаж ярилцдаг. Намын асуудал тусдаа, найзын асуудал тусдаа гэдэг л болно доо (инээв). Жишээ нь Сү.Батболдыг Ерөнхий сайдаар батлагдахад бид баярлан тэмдэглэж, ажилд нь тусалж дэмжье гэж зүтгэдэг л байсан. Ямар ч “нормальный” хүн тийм л байх ёстой биз дээ. Түүнээс хамт сурч байсан хүн дарга болчихоор л муулаад байвал муухай биз дээ. Тийм үү?

-Мэдээж тийм. (инээлдэв.) Та бас чамгүй олон орон алба хаажээ. Тэгэхдээ хувийн найз улс төр, нийгмийн зүтгэлтэн бишгүй л бий биз?

-Танил найз нөхөд гээд яриад байвал олон хүн бий. Англид нэг лорд эмэгтэй байдаг юм. Одоо их өндөр настай. Англи хэд хэдэн гэр бүл бий. Одоо болтол захидлаар харилцаж байдаг. Ихэнх нь тэтгэвэрт гарчээ. Англичууд чинь консерватив гэдэг утгаараа их мундаг хүмүүс шүү дээ. Кристмасын өмнө өнгөрсөн жилд юу болсон, ямар сонинтой байснаа бичээд түүнээ үнэлж дүгнээд захидал бичнэ. Бас болоогүй ээ, олон улсын байдал энээ тэрээ гээд бичнэ. Би бас тийм хариу бичих ёстой. Тэр чинь бас том ажил болно оо. (инээв.) Хятад, Монголын харилцаа энэ тэр гээд бичнэ. Тэгээд манай гэр бүлд ийм юм боллоо гээд л бичнэ. Заавал тэгж бичихгүй бол гомдоно. Тийм найз нөхөд байна.

-Хятадад дотно найз нөхөд олон бол оо биз?

-Хятад хүмүүстэй найзлахад бас их онцлогтой байдаг юм байна. Хэдийгээр найрсаг боловч нэвтэрч ороход бас тийм амар биш. “Нэг уулзвал танилцдаг. Хоёр уулзвал найзалдаг” гэсэн хятад зүйр үг байдаг ч амар биш. Ер нь бол гүнзгий найзлах юм бол их итгэлтэй хүмүүс шиг. Зарим хүмүүс чинь сайдаа болчихоор найзлахаа болчихдог шүү дээ. Гэтэл эд нар нэг итгэж нөхөрлөсөн хүндээ нэлээн шударга хандах шинжтэй. Гэхдээ Хятадын улс төр, төрийн алба нь их хатуу юм байна. Гаднын хүнтэй хувийн харилцаанд байхыг ер нь таашаадаггүй юм шиг байна. Би бас олон орны Элчин сайд нартай ойр дотно байдаг. Тэднээс асуухад ч тэд ч иймэрхүү юм ярих юм. Төрийн алба хашиж байхдаа, ялангуяа өндөр албаны хүн бол гаднын хүнтэй хэт ойртож дотносохыг хатуу хориглодог юм шиг байна. Манайд чинь гаднын Элчин сайдыг уриад арын өрөөндөө архи уугаад сууж байх нь бий шүү дээ. Тийм юм энд алга. (инээв.) Гадаад яамны танил болсон хүнтэй хоёулаа хамт суугаад хоол идье гэхэд заавал нэг хүн дагуулаад ирэх жишээтэй. Гэргийтэйгээ хүрээд ирээч гэхээр эхнэртэйгээ ирсэн ч заавал нэг орчуулагч гэнэ үү хүнтэй ирнэ. Тэгэхээр хувийн харилцаанд орохоос зайлсхийдэг бололтой юм. Том орон бас хяналт журам нь сүрхий байх л даа. Баруунд бол гайгүй шүү дээ. Хувийн журмаар уулзана. Гэр орноороо орж гарна. Чөлөөтэй. Харин Хятадад урлаг, уран бүтээлийн ч юм уу, бизнес ажил хэргийн хүмүүс нь чөлөөтэй л дөө.

-Бээжинд гадаадын маш олон Элчин сайдын яам, олон улсын байгууллага, тэдний төлөөлөгчид байдаг байх. Тэдэнтэй уулзаж Монголын асуудлаар ярилцана биз?

-Тэр бол үүрэг. Энд манай улсыг давхар хариуцдаг 80 гаруй орны хүмүүс байна. Жижигхэн Гадаад хэргийн яам шиг юм болно. Жишээ нь Европын холбооны төлөөлөгчид жил болгон Монгол руу явдаг. Явахынхаа өмнө заавал надтай уулздаг. Монголын талаар хийсэн ажлаа дүгнэж ярьж танилцуулна. Мэдээлэл солилцоно. Намайг бас тусгайлан урьж өглөөний цай цүй ууна. Бусад элчингүүдтэй уулзана. Жишээ нь, Бразилийн Элчин сайд томилогдоод хамгийн эхлээд надтай уулзана. Би Монголын асуудлыг давхар хариуцах ажилтай. Монгол ямар улс вэ? Би яах вэ? гээд л эхэлнэ шүү дээ. Хошигнож хэлэхэд зарим Элчин сайдын яам нь байхгүй орнуудын нөхөдтэй манайтай холбоотой асуудлаар бараг л Элчин сайд шиг нь ажилладаг юм шүү дээ. (инээв.) Энэ утгаараа манай Элчин сайдын яам ачаалал ихтэй. Тэр нь нэг талаасаа сайхан. Лондонд бол дип.корпус дотроо Азийн групптэй харилцахаас цааш нэг их гүнзгийрэхгүй. Энд бол бүгдтэй нь харилцана. ШХАБ-ын болон хуучин ЗХУ-ын ТУХН-ийн орнуудынхантай маш дотно харилцаатай байхаас өөр аргагүй.

-Удахгүй Монголд АСЕМ-ийн уулзалт болно. Нийгмийн тодорхой хэсэг ийм уулзалтаар яадаг юм. Зарлага орлого ихтэй гэх нь байна. Мэргэжлийн дипломатч хүний хувьд Таны бодол...

-Дахиад л Монгол Улсын имижийг бүрдүүлэхэд маш том түлхэц болно. Хурал болдгоороо болно гээд манайхан боддог байх. Энэ бол манай имижийг нэг шат ахиулж тавина. Ийм том хурлыг өөртөө аваад хийчихдэг. Ази Европыг холбоход Монгол Улс чухал юм байна. Азийн орнууд Монголтой харилцаагаа өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн ойлголтыг төрүүлэх хэрэгтэй. Одоо Австрали, Италийн Элчин сайдын яам нээгдлээ. Монгол Улс бас олон улсын бодлогын тоглогч болж ирж байна шүү дээ. Жин бан нь нэмэгдэж байна. Үүнээ дагаад алсуураа манайд орж ирэх хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн сонирхол нэмэгдэнэ. АСЕМ-ийн хурал үнэхээр чухал. Болж өгвөл энэ хурлыг сайн зохион байгуулж тэнд ирсэн хүмүүсийн толгойд Монгол Улс гэсэн ойлголтыг сайн хийж өгөөд явуулах хэрэгтэй.

-АСЕМ-ийн хуралд ямар төвшний хүмүүс оролцдог вэ?

-Дандаа л төр, засгийн тэргүүн ирнэ. Хамгийн том ач холбогдол нь Ази Европыг холбож байгаа механизм юм. Ази гэдэг чинь ХХI зууны хөгжлийн цөм болж байна. Динамик мотор нь энд байна. Европ чинь хөгширч байна шүү дээ. Азитай холбогдвол дахин эрч хүчээ авах нь гэсэн тэр санааг хөгжихөд бид оролцох хэрэгтэй. Яагаад гэвэл бид Ази Европын зааг дээр сууж байгаа учраас дээрх санааг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой гэдгийг ойлгуулах нь юу юунаас чухал.

-Олон улсын улс төрийн олимп маягийн юм болох юм биз дээ?

-Спорттой харьцуулбал тэгж хэлж болохоор. Юу гэдэг юм хоёр тивийн тоглолт юм уу даа. Азийн тоглолт гэдэг шиг Ази Европын тоглолт.

-Эцэст нь ирээдүй рүү харсан нэг асуулт асууя. Монгол, Хятадын харилцаанд дараагийн шатанд ямар харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэх вэ гэсэн бодол тань юу байна?

-Ерөнхийдөө Хятадын хөгжлийн хүчин зүйлийг зөв ашиглах гэсэн бодлогыг барих нь зүйтэй. Дэлхийн орнууд Хятадтай харилцах, зах зээлд нь нэвтрэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжийг нь ашиглах уралдаанд орчихлоо. Манайх хөрш орны давуу талаа энд зөв ашиглах ёстой. Түүх ярих юм бол ЗХУ гэдэг хүчтэй гүрнийг дагаж олон зуун жилийн хоцрогдлыг арилгасан. ХХI зуунд техник технологийн хүчтэй "Рower house"-ийг ашиглах юм бол боломж их байна. Бидэнд баялаг гэсэн хөгжих том боломж байна. Манай мал аж ахуй бол ирээдүйд ямарч тохиолдолд алт л гэж ойлгох хэрэгтэй. Дэлхий дээр онгон байгалийг шүтсэн нүүдлийн мал аж ахуй байхгүй болж байна шүү дээ. Бүх газар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байна. Гэтэл манай малын махны амт шимт нь шал өөр байна. Манай мал хагас зэрлэг маягаар явж байна. Хүний оролцоо нь зэрлэг амьтнаас хамгаалах, хэт хүйтэн, хэт халуунаас сэргийлэх. Иймээс байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж байна.

-Та нэгэнтээ төмөр замын хөгжилтэй холбоотой асуудал хөндөж байсан...

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк гэж хүртэл гарч ирлээ. Хөрөнгө оруулалтын банк. Хятад төвтэй энэ процесст Монгол хамгийн энгийнээр төмөр замаар холбогдох ёстой. Зовлонтой нь хойд хөрш, урд хөршийн төмөр замын ялгааны илэрхийлэл нь Монголын төмөр зам болчихоод байна шүү дээ. Аль нь байх вэ гэдэг дээр зөрж төмөр замын асуудал хойшлогдлоо. Тэрнээс бид л алдаж байна. Одоо хятадууд Шинжаанаар дамжаад Киргизстан, Казахстан гээд Иран руу өндөр хурдны төмөр зам тавих нь. Тэр нь өргөн нарийн цариг гэсэн ойлголтгүй төмөр зам. Гэтэл манайх ганцхан төмөр замтай. Тэр нь 30 км цагийн ачаа тээвэрлэлтийн хурдтай гэж байгаа шүү дээ. Манайх нэн түрүүнд төмөр замаа тэргүүний, хамгийн сүүлийн технологиор л хөгжүүлэх хэрэгтэй. Хуучирсан юмтайгаа зууралдаад байх юм бол цаашаа явахгүй. Ингэхээр өнөө л Хятадын юм орж ирэх гэж байна гэсэн балай юм яваад байдаг байхгүй юу. Өндөр хурдны төмөр зам л тавих ёстой.

-2017, 2018 оноос эрдэс баялгийн үнэ ханш өснө гэсэн таамаглал манайхан тавьж байна. Манай нүүрс, зэс, төмөр маань эргэлтэд орох нь. Ер нь эцэстээ бид Хятад улсад л голлож юмаа нийлүүлдэг. Иймд эрдэс баялгийн үнэ ханш өсөх  ямар хандлага байна?

- Хятадад  аль болох нүүрснээс татгалзах удаан жилийн бодлого явах байх. Зөв зам бол нүүрсээ боловсруулах чиглэл рүүгээ хандах. Монгол Улс өөрөө нэг том цахилгаан станц байгуулаад цахилгаан эрчим хүчийг Хятад руу экспортолбол илүү ирээдүйтэй юм болов уу. Яваандаа нүүрсийг боловсруулдаг шинэ технологи гарах л байх. Тэр болтол Хятадад нүүрс шатаахгүй гэж байгаа юм бол манайх тэндээ эрчим хүч үйлдвэрлээд экспортлох. Үнэ нь ч өснө. Хятад цэвэр эрчим хүчийг ямар ч үнээр авах бодлого барих байх. Зэс, төмрийн хувьд тэр бол мөнхийн хэрэглээ.

-Энд төмөр, зэсийн хэрэглээ түр намдсан болохоос дахиад шинэ хэрэглээг хангах, шинэ юм бүтээхэд хэрэглээ бий болно. Манайхан ч үүнийг мөчлөг гэж яриад байх шиг.

-Тэгнэ. Гэхдээ эд нар өндөр технологи руу явж байна л даа. Хуучин байгалийн баялгийг их хэмжээгээр хэрэглэж, хямд ажиллах хүчээр эдийн засгийн өсөлтөө хангаж байсан бол одоо  чанартай мэргэжилтэн ажиллуулж шинжлэх ухаан технологийн хүчээр бүтээн байгуулалтаа хийх  бодлого руу явж байна. Гэхдээ Хятад асар их хэмжээний төмөр, зэс импортлодог. Уг нь Шивээ-Овоогийн нүүрс түшиглэсэн цахилгаан станц ХII таван жилийнх нь төлөвлөгөөнд ороод явж байсан. Энэ том эдийн засаг чинь төлөвлөж байж явдаг. Тэрийг нь бид ашиглаж чадаагүй өнгөрөөсөн. Энэ ХIII таван жилийн төлөвлөгөөнд тэр нь тусгагдаагүй. ХIY таван жилийн төлөвлөгөөнд тусгагдвал манайх ТЭЗҮ-гээ хийгээд гэрээ хэлэлцээр хийчихсэн байвал зохилтой.

-Тэгэхээр Хятадтай том бизнес, эдийн засгийн асуудал ярих юм бол урьдчилан тохирч ядаж таван жилийн төлөвлөгөөнд нь тусгуулах хэрэгтэй юм байна. Тэгснээр энд зохицуулалт хийгдэж амжилттай  бизнес болох нь байна шүү дээ?

-Зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Тэр энергийг эдний хаана нь авах юм гээд. Тэгэхгүй бол нэг том юм барьчихдаг борлуулалт байхгүй бол амжилттай ажил болох нь бүү хэл алдагдал болно. Төлөвлөгөөнд нь орсон үед эд нар жил бүр тийм хэмжээний энергийг тийм үнэ ханшаар авна гэдгээ тогтоно шүү дээ. Тэгэхгүй бол тэр их энергийг Орос авахгүй, тэгээд Хятадын нутгаар дамжуулаад хааш нь өгөх вэ?  (Инээлдэв).

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

-Дипломатчуудын хэл их сайн байдаг ёстой байх л даа. Зүгээр нэг ярих биш. Сонирхол татахуйц яриа ярих. Цаг үеэ олсон юмортой байх гээд юм байдаг байлгүй.

-Одоо зарим нь хэл мэддэг гээд анкетандаа бичээд байдаг болж. Дээр үед их хатуу байлаа шүү дээ. Гадаад яам гэдэг өөрийн гэсэн дотоод хатуу соёлтой. Бусад аж ахуйн яам бол хүмүүс нь солигдож байдаг. Хэлний төвшинг мэддэг гэж тэнд хэлэхэд хэцүү. Намайг анх ажилд ороход англи хэлийг тэр л сайн мэднэ дээ гэх юм бол хуруу дарам хэдхээн хүнийг хэлнэ. Үнэхээр чадалтай улс байсан. Бид англи хэлтэй гэхээсээ ичдэг. Тэгээд их хичээдэг. Тиймээс ч манай үеийнхэн хэлний суурь овоо болсон. Одоогийн залуучууд чинь ярианы хэлтэй болчихоод гайхуулаад явах нь ч бий. Ялангуяа, англичууд хүнтэй танилцахаасаа өмнө нөгөө хүнээ их сонждог байхгүй юу. Тэгээд юм аа ярина. Хэл нь муу байвал тэгс ингэсхийгээд яваад өгнө. Хар бор ойр зуурын хэл бол яах вэ.

-Уучлаарай л гэх нь байна шүү дээ.

-Ярианы нюансыг гаргана гэдэг хамгийн хэцүү. Зарим орчуулга хийж байгаа хүнийг харахад үгийг нь барьж орчуулаад байдаг. Цаад утга агуулга, санааг нь гаргадаггүй. Дээр үед гадаад яаманд ороод ирэхэд үүн дээр их анхаардаг байсан. Юм бичүүлээд л. Сургуулийг нь төгсөөд ирсэн хүнийг хэлтэй гэж үздэггүй байсан шүү дээ.

-Гадаад яамны ямар хүмүүс англи хэлийг Таны яриад байгаа төвшинд мэддэг байв?

-Ж.Энхсайхан, Л.Эрдэнэчулуун, Л.Даваагив гуай гээд мундаг хүмүүс бий л дээ. Сүүлд Баасан гуай байна. Олон улсын байгууллагын О.Энхцэцэг гээд хүмүүс байна аа байна. Залуучуудыг сайн мэдэхгүй байна. Би гадаад яамнаас өөр газар, бас нэлээн хэдэн жил элчинд ажилласан учир сайн мэдэхгүй байна.

-Та хэдэн хэл мэддэг вэ?

-Орос, англи.
-Хятад хэл мэднэ биз дээ. Таныг яаман дээрээ хятад хэлний дугуйлан байгуулаад хүмүүсээ сургалтад хамруулдаг. Элчин яамны хүүхдүүдэд монгол бичгийн дугуйлан байгуулсан гэж сонслоо.
-Би тэр дугуйлан жил гаруй явсаан. (инээв.) Ёстой ойр зуурын юм ярина. Хятадад ойр зуур ярихгүй бол бас хэцүү. Том орон. Дандаа орчуулагчтай явахгүй шүү дээ, энэ чинь бас.

-Монгол бичгийн талын хүн юм аа даа, Та?

-Манай Гадаад яамнаас тийм бодлого явж байгаа шүү дээ. хэл соёлдоо ойр байх ёстой. Гадаадад байдаг хүүхдүүд хэт гадаад хэл сураад монгол бичиг бүү хэл, монгол хэлээ мартах шахдаг шүү дээ. Тэдний буруу биш. Харин бид анхаарах ёстой. Гэр бүлийн хүнээ дагаад ирсэн хэл бичгийн хүн байхад сургалт зохион байгуулж байна. Тэгэхгүй бол Монголдоо очоод хүүхдүүд сургууль соёлд ороход ч хүндрэлтэй шүү дээ.

-Ноён Элчин сайд аа, манай сонины урилгыг хүлээн авсанд баярлалаа.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив