Жди Меня
2016 оны 2 сарын 1
Жди Меня
Хэн анд нөхдөө дурсахыг хүснэ, түүнд зориулмой...

1.

Энэ түүхийг би сонсоод өгүүлэмжийнхээ гарчигийг шууд олсон юм. “Жди меня” гэдэг нь “Хүлээ намайг” гэсэн орос үг. ОРТ гэж телевизийн сүрхий суваг Орост байдаг. Тэр суваг “Жди меня” гэдэг хүний хувь заяны тухай чадалтай нэвтрүүлэг хийдэг. Хувь тавилангийн эрхээр салж холдсон, төөрч эндүүрсэн, сураг чимээ тасарсан хүмүүсийг учруулан золгуулдаг, сураг ажиг гаргадаг нэвтрүүлэг. Энд дурсамж, өгүүлэмж, хүний хайр, ой санамж, нинжин сэтгэл гээд хүмүүний үнэт зүйлсийг нэг дор цуглуулдаг юм. Би үзэх дуртай. Уншигч Танаа толилуулах энэ түүх “Жди меня”-г үзсэн мэт надад санагдаж билээ. Уг нь “Жди меня” гэдэг үг Дэлхийн II дайны үед алдаршсан юм. Алдарт яруу найрагч К.Симонов энэ үгийг мөнхөлж билээ. Тэр шүлгийн мөр ч надад орж ирэх шиг.
Хүлээ намайг, би эргэж ирнэ
Завсаргүй заавал хүлээгээрэй.
Захианы ч сураггүй алс холоос
Хүлээ намайг, би эргэж ирнэ.
Итгэл сэтгэл алдармаар байвч
Ирнэ гээд илүүтэй хүлээгээрэй.
Зөвхөн чи л хүлээж чаддаг гэдгээ
Бусдад харуултлаа, хүлээ намайг...
К.Симоновын энэ шүлгийг Монголын олон уран зохиолчид орчуулсан. “Жди меня”-г “Намайг хүлээ” гэж гол төлөв орчуулдаг. Би “Хүлээ намайг” гэдэг талд нь байдаг. Яагаад ч юм энд ямар нэгэн итгэл найдварын тушаангуй аяс харагддаг юм шиг ээ.
Энэ шүлгийн эхийг Уншигч танаа заавал олж толилуулна. Багцаагаар цээжинд үлдсэн нь энэ байна!!!

2.

 “Монголын их хээр талын амьдрал ямар амгалан билээ.Тэр чинээгээрээ монгол хүн тохьтой, тусч, хичээнгүй хүмүүс” гэж Америк жуулчин Р.Эндрюс аль 1923 оны үеийн Монгол хүний талаархи сэтгэгдлээ бичин үлдээжээ. Тэрбээр Монгол хүн гадаад хүний сэтгэлд хоногшин үлддэг шидтэй гэдгийг ч дурсчээ. XXI зуунд амьдарч байгаа миний бие ч энд тэнд явж байхад Монголд ирсэн эсвэл Монгол хүнтэй уулзаж учирч явсан гадаад хүн заавал хэн нэгнийг асуудаг билээ.Зарим нь хэд хэдэн Монгол нөхдөө асуух нь ч буй.
Харин миний өгүүлэх түүх бол XX зууны 70-аад оны ариун дурсамжийг XXI зууны 15 онд дэлгэсэн түүх юм.


3.

За эхэлье дээ, Уншигч авхай минь.
Лена (Елена) нэртэй Орос охин Монголд амьдарч байжээ. 1970-1973 онд. Аав нь барилгын инженерээр СОТ (Зөвлөлтийн барилгын байгууллага Х.Б)-д, ээж нь цэргийн байгууллагад ажилладаг байжээ.
- Монголд хаана амьдарч байсан гэж үү? Монгол чинь том шүү дээ.
- Уншигч авхай Таны асуух асуулт. Зөв гэм. Улаанбаатарт амьдарч байсан юм.
“Тэрнээс хойш 42 жил өнгөрсөн ч оюун санаанаас минь Монгол орон намайг хэзээ ч орхиогүй” гэж Елена уулзангуутаа хэлж билээ. Тэгсэн атлаа Еленааг “Монгол орон орхиогүйд нь” талархаж хэн нэгэнд ач санасан өнгөөр хэлэх шиг надад санагдав. Елена ганцаараа байсангүй.
Тэрбээр над руу хандаж,
- Энэ миний нөхөр Слава (Вячеслав) гэж хэлээд тавь нилээн гарсан болов уу гэж харагдах атлаа хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, шийдэмгий, гэхдээ тийм нэг эелдэг, тохь байрын орос эрийг заав.
- Вячеслав Калашников гэж нөгөө хүн өөрийгөө танилцуулж гараа над руу сунгахад,
- Өнөө алдарт Калашниковын ( АК - автомат буу зохиосон) төрөл үү? гэж намайг мэхтэйхэн хүний дүр эсгэж асуухад Вячеслав энгийн сайхнаар инээмсэглэснээ,
- Биш ээ, биш гэв.
Елена хүүхэн: хөөрхөн охин аятайхан эмэгтэй болдог гэдэг ч юм уу. Эсвэл аятайхан эмэгтэй бол хөөрхөн охин л байсан байж таараа гэсэн зарчим бий дээ. Энийг надад дахин сануулав. Эмэгтэй хүний дууны өнгө өөрийн гэсэн гуа сайхантай байдгийг 50 хүрсэн хашир бацкаан би мэднэ л дээ! Елена энхрий зөөлөн, тэгсэн атлаа танхи ярих нь надад анзаарагдсаныг нуултай биш. Гэгээлэг хүн юм даа гэж бодол өөрийн эрхгүй төрнө. Тэд Монголын хөдөө талаар долоо хоног явж аяншсан боловч гал цогтой сэргэлэн байлаа. Хэдэн километр явсан юм бэ дээ. Мянгатай л юм ярив. Хэдийбээр аяны байрын энгийн хувцастай байсан ч сэхээтэн улсууд гэдэг нь байр байдлаас андашгүй.
Ингэж нэг сайхан орос гэр бүлийн хоёртой танилцав.

4.

Елена нилээн санаашрангуйгаар яриагаа эхлэв.
-Зөвлөлтийн маш олон хүмүүс Монгол орныг сэтгэлдээ халуунаар тээж явдаг. Би үүнийг мэднэ. Миний ангийн найз Володя гэхэд л гитар тоглож өссөн орц, байраа эргэн дурсах ганцхан ажилтай Улаанбаатарт ирж байсан. Хүүхэд насаа чагнах гэж ирж л дээ. Дурсаж, санаашрана гэдэг их хэцүү. Миний хувьд Монголд тэмүүлэх сэтгэл минь их онцгой байлаа. Би нэг Монгол хөвгүүнтэй ер бусын дотно нөхөрлөдөг байлаа. Түүний нэр Мэргэн. Бид хоёр үнсэлцэж ч үзээгүй. Тэгсэн атлаа бие биендээ их дотно байв. Хүүхэд насны гэнэн цайлган хайр л юм даа.Энэ үед бид14,15 настай л байсан байх даа. Одоо эргэн санахад хүүхэд насны эгшиг аялгуу шиг тунгалаг харилцаа гэж хэлнэ. Манай байр Их дэлгүүрийн ард байлаа. Түүний байр 23 дугаар сургуулийн баруунтай байсан юм гэж дурсаад санаа алдав.
Елена нохой тэжээдэг байжээ. Нохойгоо “Тугрик” гэж нэрлэдэг байж. Оросууд “ү”, “ө” үсэг хэрэглэдэггүй учир “Төгрөг” гэдэг үгийг “Тугрик” гэдэг билээ. Төгрөг гэдэг чинь манай үндэсний валют шүү дээ. Тэр “Төгрөг” гэдэг нохой маань үнэ цэнтэй үүлдэр угсаатай нохой биш. Байдаг л нэг  хоточ нохой ч Елена, Мэргэн хоёрын ярианы гол сэдвийн нэг, хэлхээ холбооний нэг гол гүүр байжээ.
Тэр цагт “Нохойтой дөрвөн танкчин” гэдэг Польшийн маш олон ангитай кино гардаг байсан тул Улаанбаатарын хүүхдүүд нохойд их ач холбогдол өгдөг, хайрладаг байсныг бичигч би санаж байна.
“Мэргэн буудагч Янек
Мэдээ хүргэгч Шарик
Хонгор хөөрхөн Маруся...” гээд хөврөнө. Бацкаанууд бид энэ дууг цоолтуур шиг тод чангаар дуулдаг байлаа. “Нохойтой дөрвөн танкчин” тэр үед Зөвлөлтийн блокын бүх орнуудад гарч, хүүхэд багачуул нь энэ киногоор амьсгална.
Шууд утгаараа амьсгална.
Вьетнам, Хойд Солонгос, Камбож, Лаос зэрэгт гарч байсан эсэхийг мэдэхгүй. Тэднээс асуух хэрэгтэй.
Энэ кино 20 жил Монгол телевизээр хэчнээн ч удаа гарсан юм.
Бүү мэд!!!
Орос хүүхэн Маруся, польш Янек, ямар үүлдрийн аль нутгийнх нь бүү мэд Шарик гурвын түүх тэр үеийн хүүхдүүдийн тархинд гүнзгий үлдсэн байв.

5.

Лена, Мэргэн, “Тугрик” гурав чөлөөт цагаараа байр орчмоороо гадаална. Хичээлээ хамт давтана. “Тугрик” бол ямар ч хичээлдээ улаан нойл. Гэвч ярианы гол сэдэв, үйл хөдлөлийн гол эзэн. Түүнийг дагаад хөөцөлдөнө.
Елена ярьсаар... Вячслав бид хоёр сонссоор.
Елена,
-“Тугрик” нохойноос болж бид анх танилцсан юм. Яриад л байна. Яриад л байна. Тэр үед байр болгон шахуу өвөл нь мөсөн катоктой. Хөвгүүд тэнд хоккей тоглоно. Зун нь сагс тоглоно. Тэр үеийн хүүхдүүд тоглох тоглоом элбэгтэй. Хүүхдийн цангинасан дуу байр байшин, хашаа хороо хаа л бол хаа дуулдана. Энэ дунд л бидний хүүхэд насны нөхөрлөл хөврөнө. Анхны яриагаа үүсгэсэн юм. Бид бие биендээ “Би чамд хайртай” гэж ч хэлж үзээгүй.
-Тэр орос хэл мэддэггүй байсан юм уу? гэж намайг асуухад Елена,
-Яалаа гэж. Мэргэн 23 дугаар сургуульд сурдаг. Оросоор цэвэр сайхан ярина. Энэ үе бол Зөвлөлтийн үе байлаа. Одоо бол хүүхдүүд өөрийнхөө сэтгэл санаагаа томчуудад чөлөөтэй сайхан илэрхийлдэг болжээ. Одоо 7-8 настай хүүхэд “Би том болоод түүнтэй гэрлэнэ” гэхэд хэн ч түүнийг загнаж зэмлэхгүй байна. Зөвлөлтийн гэх үед энэ бол байж боломгүй үзэгдэл л дээ. Ийм учраас бидэнд сэтгэл мэдрэхүй байсан ч энэ талаар ярьдаггүй байлаа. Энэ үерхэл нөхөрлөлөөс ч болсон уу, би Монголын тэнгэр, Монгол нутаг, Монгол охидуудад дасаж хайртай болсон юм. Жишээ нь, манай ангийнхан хамгийн хөөрхөн охиноор Надяг тооцдог байлаа. Гэтэл надад Таня илүү санагддаг байв.
-Таня чинь орос охин юм уу?
-Үгүй дээ. Бид хоорондоо л тэгж нэрлэдэг байснаас Танягийн жинхэнэ нэр Наранчимэг л дээ гэв.
Арван дөрөв, тавтай Орос охины танхилхан сэтгэл Монгол хөвгүүнд ээнэгшснээс гоо сайхныг хүлээн авах нь хүртэл илүү өргөн сонголттой болжээ. Хүний сэтгэл санаа хил хязгааргүй гэдэг л энэ болой гэж бодлоо.

6.

Дээрхийг гэрчлэх мэт Елена дараагийн яриа үргэлжилсэн юм.
-Монгол дуу надад гойд их таалагддаг. Тэр цагт бараг л монгол гэсэн болгон таалагддаг байсан юм. Тэгтлээ их Монголд дасаж билээ. Аав, ээжийн томилолтын хугацаа дууссан учир бид буцах боллоо. Би Орос руу буцахыг хүсээгүй ч надаас юу хамаарахав буцах л болсон.
Захидал бичилцэх болов. Би өөрийнхөө ангийн Индра гэдэг охинтой захиагаар харилцдаг байлаа. Мэргэнд ч захиа бичнэ. Цаг хугацааны эрхээр бидний хувь заяа тус тусдаа болсон юм. Минийх өөрийнхөөрөө. Мэргэнийх ч тусдаа. Надад хайртай хань, аз жаргалтай гэр бүл бүрэлдсэн. Би нэг л удаа гэрлэсэн. 35 жил хамтын амьдралыг туулж байна. Мэргэн ч сайхан гэр бүлтэй болжээ. Хоёр сайхан хүүтэй юм. Ач охинтой. Гэтэл Мэргэн маань өөрөө байхгүй байдаг гээд Елена гуниглангуй хэлэв.
Елена сүүлийн 10 жилд Монголд ирэхийг туйлгүй хүсдэг болжээ. Монгол оронд очих санаа Еленагийн зүүд нойронд нь чангаагаад байжээ. Елена энэ бүхнээ амьдралын хань Вячеславд хэлсэн байна. Тоглож өссөн байр, орцоо харахыг хүсдэг байжээ.
-Гэр бүл болоод 35 жилийн амьдралыг туулахдаа Вячеславд Монголын тухай би хэчнээн удаа ярьсан бол оо гээд Елена баясгалантайгаар инээж нөхөр лүүгээ эелдэгхэн харав.
Ингэж хэлэхийг нь хүсч байсан мэт яриаг Вячеслав угтан авч,
-Нээрээ үнэн шүү. Монголын тухай дурсаагүй долоо хоног нэг ч байгаагүй байх аа гээд найртай хэлээд "Би эчнээгээр Еленагийн таньдаг бүх хүнийг мэддэг болсон. Улаанбаатар хотыг ч тойм мэддэг болох шахсан шүү" гээд хээгүй сайхан инээснээ, Тэгээд энд ирсэн чинь урьд нь амьдарч байсан таньдаг хот ч юм шиг санагдлаа гэж хошигнов.
Елена 2012 оноос Мэргэнийг тууштай эрж хайж эхэлжээ. Хаа сайгүй бичиж байлаа. Таньдаг болгонтойгоо холбоо тогтоохыг эрмэлзэж байв. Яагаад Мэргэн ямар нэгэн дохио чимээ өгөхгүй байна гэдэгт гайхширчээ. Гурван жилийн эрэл. Гэтэл хамгийн гунигтай нь Мэргэн 2007 онд тэнгэрт хальсан мэдээг Еленад таньж мэдэхгүй хүмүүс дуулгажээ.
- Зөвлөлтийн хоёрын форум гэдэг сайт Мэргэний сургийг гаргасан гэж Вячеслав эрлийн багийн гишүүний хувьд гуниглангуй хэлэв.
Энэ хар мэдээг сонссон өдрөө Елена өдөржин уйлжээ. Гэвч маргааш өглөө нь Мэргэнийг тэнгэрт хальсан гэдэгт итгэхгүй байхаар шийджээ. Ертөнцийн ийм явдал хүний хүсэл эрмэлзлээс юу гэж хамаарах билээ дээ. Елена таньдаг, мэддэг болгоноо сураглаж асуусаар байжээ.
Мэргэн 2007 онд энэ ертөнцөөс явсан гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Дараа нь Елена өөрийн танил Рома гэдэг монгол хүнээс Мэргэний талаар хэл сонссон байна. Бас л итгэж өгсөнгүй. Үнэн байдлыг Индра мэдээлсний дараа л гашуун үнэнг хүлээж авахаар шийджээ. Сая л нэг Елена:”Цаашаа газар байхгүй юм байна” гэж бодлоо. Яваад өгсөн хүний ард гэр бүл, хань ижил, үр хүүхэд үлддэг. Ахан дүүс бий. Би тэднийг олж уулзахсан гэсэн санаа төрнө.
-Ингэж л би Мэргэнээ гурван удаа сэтгэлдээ оршуулсан юм даа. Яагаад гэвэл түүнийг нас барсан гэхэд сэтгэлд багтахгүй байлаа гэж тэнхээгээ алдаж байгаа юм шиг сулдайн хэлэв.
Дээрх явдлаас сүрхий хямарсан Елена Москвад байхдаа нөхөртөө “Вячеслав аа, Монгол явахаа болъё. Тэр шийдвэрээсээ татгалзъя!” гэхэд нь Вячеслав “Хонгор минь, юу гэсэн үг вэ, заавал явна. Тэнд чиний хүүхэд нас чинь үлдчихсэн. Иймд заавал явах хэрэгтэй. Очих ёстой газраа очих л ёстой. Сэтгэл чинь онгойно шүү дээ” гэж эр хүний хувьд элэг дэвтээсэн үг хэлж ятгажээ.
Ингээд Монгол руу нислээ. Ирээд тэд Мэргэний дүү Оюунчимэг болон бусад ойр дотнынх нь хүмүүстэй уулзсан байна. Нэгэнт биднийг орхин одсон тэр хүнийхээ алтан шарилыг эргэж 108 зул өргөсөн байна. Тэр үеэр бороо цаг хэртэй шиврэн орсныг Елена нүдэндээ оч гялалзуулан баясан дурсав.
Эхнэрийнхээ яриаг дэмжин ярих дуртай Вячеслав,
-Улаанбаатарт бороо ороогүй  байхад шүү дээ гэж нэмж хэллээ.
Энэ хүний хань, алтны хэлтэрхий хүртэл Монгол хүний “Хувьтай хүн хур борооноор” гэдэг цэвэр Монгол ойлголтыг мэдсэн байна шүү.

7.

Елена Улаанбаатарт ирээд дурсамжаа дүүргэлээ. Елена, Вячеслав хоёр Еленагийн  сурч байсан сургууль дээр ч очсон байна.
-Орос хоёрдугаар сургууль чинь багзаалын хажууд байгаа биз дээ? гэж намайг хайш муйшхан асуухад Вячеслав,
-Тийм тийм. Төмөр замын вокзалын ойролцоо гээд “Зөвлөлтийн хоёр”-ын байшингийн зургийг үзүүлэв. Хажуугаас Елена ярианд орж,
-Тийм хэрэг дээ. Би тэр вокзалыг чинь орж үзээгүй учраас мэдэхгүй юм даа гээд инээв.
Орос хоёр гэж сургууль байсан юм. Одоо тэр сургууль хаагдсан даа.
-Лена сургуулиа хараад уйлсан шүү дээ, манай хүн гэж Вячеславыг наргиантайхан хэлэхэд Елена,
-Энэ явдал чиний хууч яриа болж үлдэх нь дээ гээд жаргалтайхан инээлээ.
Би энүүхэн хооронд Орос хоёр гэж сургууль байсан даа гэж бодов. 
Анд Жасрайн Жанцангийн минь сургууль гэж тархинд зурсхийн буув. Тэнгэрт хальсан андаа бодоход надад ч гэсэн дурсамж гэдэг нэг талаар сэтгэлийн хүнд ачаа юм даа гэж бодов. Нэгээс нөгөөд шилжих нь хачин. Гэвч дурсамжгүйгээр хүн юу билээ.

8.

Тухайн цагтаа талийгаач Мэргэний аав том алба хашиж байсан гэдгийг би мэдсэн юм. Тэгээд “Елена, талийгаачийг сайдын хүү байсныг мэддэг байсан уу?” гэж намайг асуухад,
-Би ерөөсөө мэдээгүй. Энэ тухай хэзээ ч ярьж байгаагүй гэж Елена товчхон хэлэв.
-Тэр ийм юмаар гайхуулахгүй хэрсүү хүүхэд байсан юм билээ гэж Вячслав Мэргэнийг хэзээ дээрийн мэддэг юм шиг нэмж хэлэв.
Мэргэн Еленаг 1973 онд Москва үдэхдээ навчин дээр Бурхан багшийн дүрсийг дүрсэлсэн зураг өгчээ. 
Үүнийг тэдний гэр бүл хүндэтгэн жаазалж хадгалдгийг Вячеслав зургийн аппаратаа нээн үзүүлэв.
Зургийг үзсэний дараа Елена,
-Биднийг Оюунчимэг гэртээ урьж сайхан дурсамж үлдээсэн. Зургийн цомог хүртэл бэлдсэн байв. Мэргэний хүү Соёл байлаа. Ач нь гэж эгдүүтэй хөөрхөн охин байлаа. Мэргэнийг хуулаад төрчихсөн охин. Бид ч өөрсдийнхөө тухай яриа дэлгэсэн. Энэ сэтгэлд минь үлдсэн сайхан мөч гэлээ.

9.

Эхнэр нөхөр Орос танилууд маань Монголд ирээд долоо хоног говиор явж. Хөдөөний айлд зочилж. Хамгийн хачин нь Елена өмнө нь Монголд байхдаа ерөөсөө хөдөө гадаа явж үзээгүй гэнэ. “Тэрэлжийг л хөдөө гэж боддог байв” гээд инээв. Энэ удаа нилээн хол хөл тавьж.
Явахынхаа өмнө ангийнхантайгаа Елена уулзаж хүргэн Вячеславыг танилцуулсан байна. Бүр ангийнхнаас нь гадна зэргэлдээ ангийн завсарлагааны найз нөхөд ч иржээ. Бүх л хүмүүсийн хувь заяа, зам мөр нь сайн яваад Елена, Вячеслав нар ихэд баяртай байлаа.
Елена гэнэт нэг юм санав бололтой нөхөртөө хандаж,
- Чи сүүлийн үед нэг юм бүгдэд ярьж байгаа гэвэл Вячеслав “Юу билээ?” гэснээ дорхноо,
-Аан тийм. Монголд газардангуут Елена уйлсан юм.Чи минь юундаа уйлаад байгаа юм бэ? Чамайг энд байхад чинь энэ онгоцны буудал байгаагүй шүү дээ гэж асуухад нь Елена уйлсаар байж. Тэгснээ: “Монголын цэнхэр тэнгэр цэнхрээс цэнхэр, үүл нь цагаанаас цагаан. Үүл нь салхитай байсан ч нүүхгүй байгаа юм шиг энэ зураг” сэтгэлээс гардаггүй юм гэжээ.
Хүүхэд нас аливаа юмыг ямар хатуу чанд хадгалдаг юм бэ? гэж бодлоо. Би чинь хүүхэд насны ямар дурсамжаа хадгалдаг билээ гэтэл бас юм байна аа, сайхан.
Еленаагийн хувьд энэ зураг 42 жил зүүдэндээ үзсэн зураг биз ээ. Елена сургууль, орц, гудамж, байр талбайгаа үзээд өдөржин уйлсныг нөхөр нь надад хэлсэн.
Би Уншигч Танд хэллээ.
Буцах болоод Елена яг энэ буудал дээр дахин нулимс дуслуулна гэдгийг би баттай мэдэж байна.
Вячеслав Калашников бол жинхэнэ чанартай хүний, эхнэртээ хайртай эрийн сэтгэлийн гоо сайхныг хадгалсан орос эр юм даа гэж бодогдсон шүү.

10.

Энэ явдлаас хойш хэд хонолоо.
Ийм захиа электрон шуудангаар надад нисч ирэв. Онц тод юмгүй ч гэсэн нэг л сэтгэл үнэртээд байх шиг байлаа. Тиймээс орчуулъя ч гэж бодсонгүй. Дээрх өгүүлэмжийг уншсан хүн орос хэл мэддэггүй хүн байсан ч Елена, Вячеслав хоёр юу бичснийг гадарлана даа гэж бодож байна. Иймээс би энэ чигээр нь үлдээе.
Здравствуйте, Бурнээ. Высылаю вам фото для оформления статьи: 1. Я (Лена Куракина) вместе с мамой в Улан-Баторе 1973г. 2. Класс 8 "Б" Советская школа № 2. 1973г. 3. Лист Будда – прощальный подарок мне от Мэргэна. 1973г. Следующие фото вышлю в следующих письмах. Хочу добавить к тексту статьи, что благодарна Оюунчимэг. Она тоже помнила обо мне всю жизнь и откликнулась на поиск. Она отвезла нас к мемориалу, где Мэргэн похоронен. Рассказала о брате. Вместе с членами семьи устроила нам замечательную встречу! Мы благодарны им всем. Они очень хорошие, отзывчивые люди с добрым сердцем. С уважением, Калашниковы Елена и Вячеслав.
- Гоё уу? гэж асууж байна.
Хэн нэгэн,
- Гоё гэх шиг боллоо.
Иймээс л завсаргүй ойрын нөхөр маань надад ярьж өгсөн юм шиг санагдсан хэвээр...
Тэр хүн хаана байна?

11.

Шүлгийн эх хэсгээс Танд амалсан ёсоор толилуулж байна.
Жди меня, и я вернусь.
Только очень жди,
Жди, когда наводят грусть
Желтые дожди,
Жди, когда снега метут,
Жди, когда жара,
Жди, когда других не ждут,
Позабыв вчера.
Жди, когда из дальних мест
Писем не придет,
Жди, когда уж надоест
Всем, кто вместе ждет.
Энэ шүлэг хүний хүлээлтийн орон зайг илэрхийлэх шиг санагддаг юм.
Ирье гэж баттай хүссэн хүн хаанаас ч, эрт орой заавал ирдэг л юм байна. Зөвхөн “Хүлээ намайг”. 

Жич: Дашийн Мэргэнбилэг Ардчилсан Социалист хөдөлгөөний үндэслэн байгуулагчдын нэг билээ. 

 2015.11.11

 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив