Д.Болортуяа: Монгол чацарганыг дэлхийн зах зээлд таниулна
2016 оны 2 сарын 2
Д.Болортуяа: Монгол чацарганыг дэлхийн зах зээлд таниулна
“Seaberry Farm Project” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяатай ярилцлаа.

-Чацарганаар хийсэн бүтээгдэхүүний талаар талаар мэдээлэл хараад өөртөө тань уулзахаар зорьсон юм. Ер нь яагаад заавал чацаргана сонгож бүтээгдэхүүн үйлдвэрлэх болов гэдгээс яриагаа эхэлье?

 -Манай аав 2008 оноос чацарганын  аж ахуй эрхэлсэн хүн бий. Миний хувьд Америкийн “CAILYN” косметикийн компанид брэнд менежерээр есөн жил ажилласан. Тухайн үед аав маань надад “Чи чацарганаар гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийгээч” гэдэг байлаа. Тиймээс аавынхаа ажилд тусалъя, эх орондоо юм хийе гэдэг үүднээс чацарганыг сонгосон. Манайх эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин чацаргана эрүүл мэндэд маш сайн. Нийт 160 гаруй антиоксидант агуулдаг. Омега 3, 6, 7 гээд зөвхөн загас болон амьтны гаралтай тосонд байдаг антиоксидантууд. Эдгээр нь дэлхий дээр ганцхан чацарганад байдаг.  Тэгэхээр хүний эрүүл мэндэд маш сайн. Тиймээс бид эрүүл мэнд тал руугаа 100 хувь чацарганын  тос үйлдвэрлэж байгаа. Энэ нь ходоодны шарх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн арьсанд хүртэл сайн. Тэр тосоо бид гоо сайхны бүтээгдэхүүнд оруулж байгаа юм. Нүүр арчилгааны саван, биеийн арчилгааны тоснууд мөн эрүүл мэндийн цай хийсэн. Чацаргана жимсээ хатаагаад Хөвсгөлийн зэрлэг нэрстэй хамт хатааж герман технолиогоор Сингапур улсад түүхий эдээ аваачиж үйлдвэрлэсэн.



-Компанийн нэрийн тухайд хэр бодож байж өгсөн бэ. Ер нь нэр чухал гэдэг?


-“Seaberry” гэдэг нэр бол чацаргана гэсэн үг. Англиар чацарганын г seaberry, seabuckthorn гэж нэрлэдэг. Эндээс Seaberry нь илүү хөнгөхөн, эвтэйхэн санагдсан. Мөн брэндинг хийхэд үсэгнүүд нь богинохон. Дээр нь хүн хэлэхэд, цээжлэхэд амархан. Ер нь бол бид чацарганаар өдөр тутам болон хүнсний бүтээгдэхүүн хийнэ гэдэг үүднээсээ сонгосон.

-Аав тань чацарганын  аж ахуй эрхэлдэг гэхээр танайх түүхий эдээ аавынхаа аж ахуйд түшиглэж бэлдэж байна уу. Эсвэл өөрсдөө чацаргана тарьж ургуулдаг уу?

-Манайх Төв аймгийн Алтанбулаг суманд     15 га газар чацаргана тариалдаг. Тэндээ чацарганын  тос болон түүхий эд хийдэг үйлдвэртэй. Бид үйлдвэртээ чацарганын  тосноос гадна чацарганаа хатааж боловсруулаад морины нэмэлт тэжээл гаргадаг. Үүнийгээ Финлянд, Араб зэрэг орнуудад экспортолж байна. Түүнчлэн манайх Сэлэнгэ, Увс, Төв аймаг зэрэг чацарганын  аж ахуй тариалдаг нийт 28 аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг. Ерөнхийдөө бол Монголын чацарганыг дэлхийн зах зээлд таниулъя гэдэг нь төслийн гол зорилго юм. Тиймээс зөвхөн Монголоос чацарганаа авна. Түүнийгээ дэлхийн зах зээлд ямар байдлаар таниулах боломжийг ашиглана гэсэн үг. Ингэхээр нэг нь брэндинг хийх нөгөө нь түүхий эдээр гаргах гэсэн хоёр боломж байна. Үүнээс бид брэндинг хийхийг сонгосон. Бид Нью-Йоркт байдаг бизнесийн сургуультай хамтарч ямар бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргах талаар судалгаа хийсэн. Ингээд бид бид Сингапурт Seaberry-гийнхаа салбар компани байгуулаад эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Судалгааны явцад Азийн зах зээл илүү юм байна гэдэг нь харагдсан л даа. Өөрөөр хэлбэл, Хятад, Хонгконг, Сингапур, Солонгос, Японд бүтээгдэхүүнээ хүргэвэл илүү юм байна гэж гарсан. Ингээд өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш бид бүх үйлдвэрлэлээ Солонгост төвлөрүүлсэн. Одоогоор Солонгост нийт 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ маань хоёрдугаар сарын сүүлчээр Монголд ирнэ.



-Америкт брэнд менежерээр ажиллах, Монголд бизнес эрхлэх хоёрт хэр ялгаа байна?


-Ер нь Монголд бизнес хийх Америкт бизнес хийхээс жаахан төвөгтэй. Бичиг цаасны ажил  ихтэй. Манай Монгол орон хөгжих байгаа орон учраас зарим систем нь комьпютерт шилжээгүй. Тийм учраас нэг адилхан бичгийг олон газарт өгөх, авах гээд цаг их ордог. Америк болохоор бизнесийн орчин хөгжсөн улс. Монголыг Америктай харьцуулахад бизнесийн орчин арай хөгжөөгүй санагддаг. Америк бизнесийн орчин хөгжсөн учраас бүх зүйлийг онлайнаар хийчихдэг учраас цаг хэмнэдэг. Түүгээрээ ялгаатай. Түүнчлэн гадаад  маркетинг талаасаа манай орон Европ, Америк руу экспорт хийхэд төвөгтэй. Учир нь манай орон хоёр том орны дунд байдаг болохоор манайхаас гарах, орох тээвэрлэлт нь үнэтэй. Гэсэн ч бид чацарганын  тос, гель капсулыг Хятадын зах зээлд ихээр гаргах бодолтой байгаа. Үүнийгээ яваандаа эх орондоо үйлдвэрлэнэ гэж бодож байна.

-Америкт хэр удаан амьдарсан билээ. Тэнд сургуулиа төгссөн үү?
 
-Тийм. Би 1998 онд 15 настайдаа Америк руу явсан. Тэнд ахлах сургууль төгсөөд АНУ-ын “DUKE” их сургуульд барилгын инженерээр бакалавраа, “California International University”-д олон улсын худалдааны чиглэлээр магистраа хамгаалсан. Сургуулиа төгсөөд  АНУ-ын “CAILYN” брэндийн гоо сайхны үйлдвэрлэл явуулдаг, дэлхийн 160 оронд салбартай томоохон косметикийн компанид брэнд менежерээр  есөн жил ажилласан. Энэ компанид ажиллаад маш их зүйл сурсан. Яаж бизнес хийх вэ гэдэг ойлголттой болсон. Маш олон газар очиж энэ компанийнхаа диспербютерийн холбоог тогтоож, сургалт семинар хийж байсан. Энэ туршлагадаа тулгуурлаад аавынхаа аж ахуйд тусалъя гээд эх орондоо ирсэн. Ер нь Монгол орныг уул уурхайгаас гадна өөр бүтээгдэхүүнээр дэлхийд таниулах ёстой. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх ёстой юм байна гэж харагдсан. Үүнд өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэж бодсон.

-Танай компани одоогоор хэчнээн ажилтантай вэ. Хүний нөөцийн хувьд гадаад мэргэжилтнүүд нэлээд ажилладаг юм шиг санагдлаа?




-Манай компанийн хувьд Монголд зургаан ажилтантай. Дээр нь бид Солонгос, Сингапурт салбартай учраас тэнд хүмүүс ажиллаж байна. Дизайнер болон судалгааны багт гадны мэргэжилтнүүдийг аутсорсингоор ажиллуулдаг. Гадаад хүмүүсийн мэдлэгийг ашиглаж Монголынхоо чацарганыг дэлхийн зах зээлд таниулах юм. Учир нь гадаад хүмүүс өөрсдийнх нь улс ямар бүтээгдэхүүн хүлээж авах вэ гэдгийг мэддэг. Тэр утгаараа тухайн улсын иргэдэд хүлээж авахад ойрхон. Бүтээгдэхүүнээс гадна савлагаа маш чухал. Тэгэхээр үүнд ч мөн анхаарч, тухайн улсад зориулсан шошго тайлбарыг хэвлэж байгаа юм. Бид гадны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлснээр тэр хүмүүсийн амьдралын хэв маягт орох гэж байна. Тухайн хүний сонголт амьдралын хэв маяг өөрийг нь тодорхойлдог учраас үүнд анхаардаг гэсэн үг.

-Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай. Тиймдээ ч хүмүүсийн арьсны онцлог өөр байдаг учраас монголчуудын арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд мэдээж том судалгааны баг ажилладаг байх?


-Манайх Монголын чацарганын  холбоо, чацаргана судлаачидтай хамтарч ажиллаж байна. Бид гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, маллын нэмэлт тэжээл гээд олон бүтээгдэхүүн хийж байгаа учраас Монголынхоо судлаачидтай байнга хамтран ажиллаж, зөвлөгөө авах хэрэгтэй болдог. Монголд чацарганыг олон жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн учраас олон жилийн туршлага байдаг. Сонирхуулахад, Чацарганын  олон улсын холбоо гэж байдаг. Тэр холбооны долоо дахь хурал гээд Энэтхэгт  том форум болсон. Энэ үеэр чацараганаар гоо сайхан, эрүүл мэнд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хийх талаар яригдсан. Тэр форумд манайхаас 10 гаруй хүн оролцож, монгол судлаачдаас илтгэл тавьсан. Маш өгөөжтэй хурал болсон. Улмаар тус холбооны найм дахь хурал 2016 онд Монгол оронд зохиогдохоор боллоо. Форумыг Чацарганын  холбоо зохион байгуулж, чацаргана тариалагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дэмжлэг үзүүлэх юм. Ер нь бол харахад зүгээр л нэг бүтээгдэхүүн хийгээд байгаа юм шиг хэрнээ цаана нь маш олон ажил явагдаж байдаг.

-Хэрэглэгчид танай бүтээгдэхүүний үнийг өндөр байна гэсэн байна лээ. Ер нь танайх зах зээлийн үнээ яаж тогтоосон бэ?

-Зах зээлийн үнээ хоёр зүйлд тулгуурлаж тогтоосон. Нэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг. Нөгөөх нь бид аль насны хүмүүст зориулж бүтээгдэхүүнээ гаргаж байгаа вэ гэдгээс хамаарч үнээ тогтоосон л доо. Энэ бүгдээс мэдээж хамгийн гол нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг. Манай үйлдвэрлэлийн өртөг нэлээд өндөр гардаг. Яагаад гэвэл, гадаадын олон зөвлөгч, судлаач ажиллаж байна. Дээр нь бид чацарганын  түүхий эдээ гадагшаа гаргаж үйлдвэрлээд буцааж оруулж ирж байгаа учраас татвар, тээвэрлэлтийн зардал өндөр гардаг. Тийм учраас үнэ жаахан өндөр байгаа тал бий.

-Татвар гэснээс татварын орчин хэр байна. Манай үндэсний үйлдвэрлэгчид Монголд бизнес хийхэд татварын орчин хэцүү гэлцдэг?


-Яах вэ, бид татвараа төлөх ёстой. Тэгж байж улсдаа тусалж байгаа хэрэг. Бидний төлсөн татвараар тэтгэвэр, цалин тогтоогдож байна. Миний бодлоор хувийн хэвшлүүд Монголын эдийн засгийг авч явж байна. Ер нь бизнес хийж байгаа бүх хүн Монголын эдийн засгийг авч явж байна гэсэн үг л дээ. Гэхдээ бүх улсад хувийн хэвшил нь эдийн засгийг авч явдаг. Солонгост л гэхэд “Самсунг” улсынхаа эдийн засгийг чирч явна. Маш олон ажлын байр бий болгох, татвар, гадаад экспорт гээд маш их ачаа үүрдэг. Түүнтэй л адил бид татвараа төлдөг. Төлөх ч ёстой. Гэхдээ Татварын хуулиа жаахан эмх цэгцтэй болгох хэрэгтэй зүйл ажиглагддаг.

-Монголд юм хийхэд танил тал хэрэгтэй гэдэг. Өөрийн тань хувьд гадаадад 15 жил амьдарч байгаад ирсэн. Энэ талд бэрхшээл байв уу?


-Манайд хүрээ нь жижиг учраас хүмүүстэй танилцахад амар. Дээр нь Монгол миний эх орон, монгол хэлээр ярьж байгаа тохиолдолд хүмүүстэй танилцахад амархан. Ер нь зөндөө найзуудтай болсон. Гэхдээ манайх гадаадад салбаруудтай болохоор тийшээгээ яваад Монголдоо амраад байх зав байдаггүй. Монголынхоо бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргах гэж байгаа болохоор миний байх ёстой газар нь гадаад. Гэхдээ Монголын зах зээл бидэнд маш эрхэм хүндтэй зах зээл. Яагаад гэвэл, манайх Монголын компани. Манайх Төв аймагт бүртгэлтэй компани. Тэгэхээр Монголын хэрэглэгчид маань эх орныхоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглээсэй гэж хүсдэг. Гадаадын үнэтэй бүтээгдэхүүн авч байхаар монгол хөрсөнд ургасан бүтээгдэхүүнүүдээ авч хэрэглэвэл өөрсдийнх нь эрүүл мэндэд ч хэрэгтэй. Дээр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Тийм учраас бид Монголд дэлгүүрээ нээж байгаа юм.

- Анхны дэлгүүр үү?

-Тийм ээ, манай анхны дэлгүүр. Одоогоор манай бүтээгдэхүүн “Номин”, “Наран”, “Goodprice” дэлгүүр, “Хүрмэн”, “Мон Ази”, Эмимпексийн салбарын эмийн сангуудаар худалдаалагдаж байна. Энэ сарын сүүлээр шинэ бүтээгдэхүүнүүд маань ирэх учраас бид нэрийн барааны дэлгүүрээ нээх гэж байгаа юм.

-Ижил төрлийн бүтээгдэхүүнээс танайх юугаараа давуу талтай вэ?


-Манай бүтээгдэхүүн маш сайн. Учир нь манай багт Монголын болон гадны судлаачид, мэргэжилтнүүд ажилладаг.  Чацарганын тос маань гэхэд л 100 хувь цэвэр өтгөн. Би өөрийн тосыг гадуур зарагдаж байгаа тостой харьцуулж зурагтаар харуулсан. Манай тос 100 хольцгүй улаан байхад бусад нь  ургамлын тос хольсон шингэн байдаг. Ингэхээр үнийн ялгаа нь энэ юм. Дээр нь бид нэрийн дэлгүүрээ нээснээр монголчууд манай бүтээгдэхүүнийг нэрийн барааны дэлгүүрээс авч хэрэглэх боломж бүрдэнэ. Манай дэлгүүр ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх юм. Тиймээс дэлгүүрээр маань ирж үйлчлүүлээрэй. Мөн асуух зүйл байвал 70070078 гээд манай дэлгүүрийн утсаар холбогдоорой гэж хэрэглэгчдэдээ  гэж хэлмээр байна. Бид хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд, нүүр цэвэрлэгч, тонер, чийгшүүлэгч, гуужуулагч, гарын тос, эрүүл мэндийн капсул, энергийн ундаа гээд шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгүүрийнхээ нээлтийн үеэр хэрэглэгчдэдээ танилцуулна.


-Ярилцсанд баярлалаа.

П.ЭРДЭНЭ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ