Хажуудаа хүн тогтоодоггүй, байнга ”хадарч” явдаг Н.Энхбаяр эвсэл ч үгүй, юу ч үгүй үлдэх нь
2016 оны 5 сарын 5
 Хажуудаа хүн тогтоодоггүй, байнга ”хадарч” явдаг Н.Энхбаяр эвсэл ч үгүй, юу ч үгүй үлдэх нь
Улс төрийн нөхцөл байдал улам л ээдрээтэй бас халуухан өрнөж эхэллээ. Өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуульд оролцох намуудад батламж гардуулж өгөв. Гэвч үүнээс ХҮН, ИЗНН гэх хоёр намыг ирэх сонгуульд оролцох эрхийг нь хаслаа. Учир нь тэдний дотоод дахь эв нэгдэлгүй байдал улам гүнзгийрсэн болон зарим бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар СЕХ-ноос тэднийг ирэх сонгуульд орох эрхийг нь хасжээ. Тэгвэл үүнийх хажуугаар нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь эвслийн бүлгийн гишүүд буюу МАХН-ын гишүүд намаасаа, бүлгээсээ гарах шийдвэрүүдийг хүргүүлсэн нь олныг гайхшрууллаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэд намаасаа гарч өөр намд орох болсон талаар мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ дээрх хоёр гишүүний сонголт нь МАН юм байна. Баттай эх  сурвалжийн мэдээлж буйгаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ирэх долоо хоногт МАН-д албан ёсоор элсэж, гишүүнчлэлээ сэргээхээр тохирсон гэнэ. Мөн өнөөдөр СЕХ-ноос намуудад сонгуульд оролцох батламжийг гардуулах үед Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд дунд байхгүй байсан бас нэг хүн бол УИХ-ын дэд дарга Л.Цог юм. Тэрбээр мөн л намаасаа гарч өөр намд элссэн байна. Түүний шинэ сонголт нь УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянгын нам байв. За, ингээд дөрвөн жилийн өмнө ах минь, найз минь, дарга минь хэмээн цуглаж байсан эрхмүүд дөрвөн жилийн дараа ийнхүү зам мөр нь тал тал тийш салан одож байх шиг байна. Өнөөдөр Н.Энхбаяр дарга тэдний хүсэлтийг хүлээж авч гарын үсэг зурснаар эвслийн бүлэг албан ёсоор задарна. Тэдний нөхөрлөл ийм хэврэг байсан уу аль эсвэл нөгөө л Н.Энхбаяр нь тэднийгээ гомдоочихсон уу. Ер нь л Н.Энхбаяртай ойртон нөхөрлөсөн хүн бүр хэсэг хугацааны дараа түүнээс зайгаа авдаг нь гэм биш зан болж. Анх тэрбээр МАХН-ын хамгийн том нь байлаа. Тэр үед бүгд түүнд ойртож, дотно нөхөрлөж явсан. Гэвч хэсэг хугацааны дараа бараг бүгдээрээ л түүнээс нүүр буруулсан. Эргэж харалгүйгээр хаяж одсон. Арга ядсан тэрбээр сиймхийг ашиглаж МАХН-ыг байгуулан өрх тусгаарласан юм. Харин түүнийг хамгийн хэцүү цаг үед нь нөхөр шиг хамт байсан гурав бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нар. УИХ-ын дэд дарга Л.Цог аль эртнээс л ганцаардаж эхэлсэн. Намын даргатайгаа санал нийлэхгүй байгаа гэдгээ ч олон удаа ил зарлаж байв. Тэгвэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан гишүүд Н.Энхбаяр даргыг өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирсэн цагаас хойш намын биш зөвхөн нэг хүний хувийн эрх ашгийн төлөө дуугарахыг шаардах болсон цагаас хойш сэтгэл буруулж эхэлсэн гэдэг. Ингээд адаг сүүлд нь намын жагсаалтыг байхгүй болгохоос болж Д.Тэрбишдагва, МАН-тай эвсэх нэгдэх асуудлаас болж Ч.Улаан нар ийнхүү намаасаа гарч байна хэмээн эх сурвалжууд таамаглаж байна. Мөн Г.Шийлэгдамбын ярьснаар Н.Энхбаяраас энэ хүмүүст үзүүлэх дарамт дэндүү их байсан учир арга буюу ийм сонголт хийх болсон байх. Н.Энхбаярын хажууд л байгаа бол яагаад түүнийг хамгаалж, хэлсэн ярьсан бүгдийг нь үг үсэггүй тоть шиг дагах ёстой юм бэ. Ардчилсан гэж нэрлэх дуртай энэ нийгэмд хувь хүний үзэл бодол гэж байх ёсгүй юу. Н.Энхбаярыг дордож, доройтож явахад тэднээс өөр хэн хажууд нь байсан бэ. Санах л хэрэгтэй. Сүүлд нь нам байгуулж гараад шорон орон болж явахад нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр л хамгийн түрүүнд түүн дээр гүйж очсон биз дээ. Гэтэл Н.Энхбаяраар өөдөө татуулж улс төрд орсон бараг бүх хүн л түүнээс зайгаа авсан шүү дээ. Цагтаа тэд нар түүнийг долоохоос наагуур л гүйж явсан. Тэр ч байтугай МАХН-ыг байгуулсан цагаас хойш түүнийг дагаж байсан эрхмүүд хүртэл зайгаа авч эхэлсэн байдаг. Харин ч тэд энэ хүний хажууд харьцангуй удаан тэслээ. Гэтэл жоохон боломж бололцоотой болоод ирэхээрээ хаяагаа хадарч байгаа нь Н.Энхбаяр гэх улстөрчийн хувь араншин юм уу даа. Н.Энхбаярыг дагасан хүмүүс хэсэг хугацааны дараа түүнээс зайгаа барьдаг, эсвэл буруу замаар л орох юм даа. Ч.Ган Эх сурвалж: Zaluu.com Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ