Б.Мөнхцэцэг: Эрээнцавынхан маань итгэл өвөрлүүлэн гаргаж өгч байлаа
2012 оны 6 сарын 20
Б.Мөнхцэцэг: Эрээнцавынхан маань итгэл өвөрлүүлэн гаргаж өгч байлаа
Улстөрч эмэгтэйчүүдээс ялгарах өнгө нь энгийн гэх тодотголтой Б.Мөнхцэцэг ёстой л “Болно доо, болно хоёулаа” гэдэг дууны үг шиг бүхнийг уужимхнаар сэтгэдэг нэгэн. Зорьсон л бол зүтгэдэг, чиглэсэн л бол арыг нь хардаг түүний дорнодчуудаа гэх сэтгэл хэзээ ч бөхөхгүй. Учир нь өвдөг шороодсон бөх халширдаг байхад Б.Мөнхцэцэг хэзээ ч сэтгэл буруулахгүй хэмээн зүтгэж УИХ-ын сонгуульд Дорнод нутагтаа дахин нэр дэвшсэн.    

-Буриад бүсгүйтэй анх удаа уулзаж байна. Бага нас, төрсөн нутаг, аав ээжийнхээ тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?
-Би монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Монголын сайхан тал нутагт Монгол Улсын иргэн болж төрснөөрөө бахархдаг эгэл жирийн буриад  эмэгтэй. Би Дорнод аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Миний аав, ээж хоёр цэвэр буриад учраас би цэвэр цусны буриад бусгүй.
Эрээнцавд арван жилээ төгссөн. Тухайн үедээ Эрээнцав түм түжигнэж, бум бужигнасан боомт сум байлаа шүү дээ. Газрын зураг дээр харах юм бол бүүр зүүн хойд хязгаарт байдаг. Хойд талаараа ОХУ-тай зүүн талаараа Хятад улстай хил залгаа. Тухайн үедээ газар тариалан, мал аж ахуй, нарийн ноосны аж ахуй их хөгжсөн байлаа. Манай аав Эрээнцавын аж ахуйд насаараа мал аж ахуй эрхэлсэн хүн байдаг. Адуучин Батболд гэхээр хүн бүр мэднэ дээ. Ээж маань жирийн малчин эмэгтэй байлаа. Би багадаа их идэвхитэй, адтай хүүхэд байсан гэдэг.
Их хөгжилтэй түүх ярьж өгье. Эрээнцав чинь сүүлд байгуулагдсан сангийн аж ахуй учраас буриад, халх, казах, янз бүрийн ястнууд байдаг юм. Сүүлд илгээлтийн эзэд баруун аймгаас их ирж байсан. Ховд, Завхан, Баян-Өлгий, Увсаас их ирж суурьшсан байсан. Тэгээд тэнд дан буриадууд байдаггүй учраас миний хэлийг ойлгохгүй хэцүүхэн байдалд орж байлаа. Би чинь цэцэрлэгт явж үзээгүй хүн шүү дээ. Тэгээд шууд нэгдүгээр ангид орсон. Тэгээд үг хэлчихээр ангийнхан шоолоод байдаг байсан. Үг л дуугарвал шоолоод, тэд буриад үг мэдэхгүй. Үүнээс болоод ичээд бүр нэгдүгээр ангиа төгстөлөө юм яриагүй. Юу ч дуугараагүй. Тэгсэн мөртлөө хичээлдээ онц сурна. Хэл ойлголцохгүй болохоор завсарлагаар ч гардаггүй байсан. Ичээд хэнтэй ч найзалдаггүй. Хэнтэй ч юм ярьж чадалгүй нэгдүгээр ангиа онц дүнтэй төгсөж байв шүү дээ. Бүх хичээлдээ мундаг хэрнээ ангийхантайгаа үг дуугардаггүй тийм л хүүхэд байлаа.
-Таныг тийм бүрэг ичимхий байсан гэхэд итгэмгүй юм.
-Харин тийм ээ. Тэгж байтал манай нэгдүгээр ангийн багш энэ хүүхдийг яаж нээх вэ, уг нь мундаг болох гээд байдаг гэж бодсон юм шиг байгаа юм. Намайг хоёрдугаар ангид байхад ариун цэврийн дарга болголоо. Их ухаантай хүн байж дээ, бүрэг ичимхий хүүхдийг маш зөв албан тушааалд тавьсан гэж би одоо боддог юм.
Нэгдүгээр ангид байхдаа багшдаа шугамаар мөн ч их зодуулсан даа. Багш амандаа битгий давтаж хэлээд бай, шууд бич гэнэ. Би буриадаар хэлж үзэж байгаад бичих гээд үглээд байдаг байж. Төмөр шугамаар гар руугаа цохиулна шүү дээ. Тэгээд л нэгдүгээр ангидаа цагаан толгойн тухай юу ч мэдэхгүй байсан хүүхэд есдүгээр сарын нэгнээс эхлээд 35 үсгээ үзээд эхэлсэн. Бас болоогүй ээ, ариун цэврийн дарга болоод цаадах чинь томорч эхэлж байгаа юм. Хүүхдүүдийн хумс хурууг үзээд л. Хөдөө л юм болохоор багахан ч гэсэн хиртэй. Түүнийг нь илрүүлээд цаад Мөнхцэцэг чинь томорч эхэлнэ биз. /Инээв/
-Ариун цэврийн дарга чинь дүн тавьж, хүүхдүүдийн хувь заяаг тэрүүхэндээ л шийднэ биз?
-Тэгэлгүй яахав. Муу, сайн, дунд гэсэн дүн тавиад л атаман болж эхэлж байгаа юм. Ингэж л бүрэг ичимхий би дуугарч эхэлсэн. Нээлттэй болоод, буриадаар ч ярихаа больсон. Тэгээд л хоёрдугаар ангиасаа хойш арван жил дарга явлаа. Гуравдугаар ангиас салаан дарга, дөрөвдүгээр ангиас бүлгийн дарга гээд л эхэлсэн дээ. Аравдугаар ангид байхдаа пионерын туслах удирдагч болсон. Долдугаар ангид байхад ээж маань өөд болж би долоон дүүтэйгээ хоцорсон. Айлын том юм болохоор ганц нэг дүүг маань хүн өргөж авахаар уйлж очоод буцаагаад авчихдаг байсан. Тэгээд л бүгдийг нь сайхан өсгөсөн дөө. Ёстой л түмнийхээ буянаар, тус дэмээр дүү нар минь сайхан өссөн. Тэр үеийн сургуулийн захирал орос хэлний Алтан гэж чадвартай хүн байсан л даа. Миний амьдралыг мэддэг болохоор пионерийн туслах удирдагч гэдэг албанд өөрөө мэдэж тавьсан. Тэгээд надад цалин өгнө өө бас. Сургуулиасаа салдаггүй хүүхэд байсан. Өдөр нь дотуур байрандаа хоолоо идчихээд л байж байдаг байлаа. Багш нар маш их дэмжиж тусалдаг болсон. Бүр намайг 10-р ангиа төгсөөд хот руу сургуульд явахад сумаараа гаргаж өгсөн гээд бод доо. Надад зориулж Эрээнцавынхан маань сумын клубтээ үдэшлэг зохион байгуулж байсан. Тэр өдөр надад “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэсэн бичигтэй өргөмжлөл нийтээрээ гарган гардуулж байв. Одоо эргээд санахад үнэхээр сайхан байдаг юм. Хааяа бодохоор хоолой зангираад л ирдэг.
-Сонин тохиолдол байна. Үнэхээр л Эрээнцавынхны ганц охин байж дээ?
-Багш маань миний охин хурдан сургууль соёлоо төгсөөд ирээрэй. Ирж Эрээнцав нутгаа хөгжүүлээрэй гэж захиж байсан. Би их боддог юм л даа. Их бэлэг дэмбэрэлтэй байжээ гэж. Сургуулиа төгсөөд тэнд очиж багшлаагүй ч гэсэн бас улс эх орныхоо төлөө ихийг хийх чин хүсэл өвөрлөж өнөөдрийг хүртэл зүтэж явна. Үүгээрээ ч бас нутаг орондоо эргээд очиж байгаа. Тэр нутгийн төлөөлөл болж зүтгэх ёстой гэж бодож байгаа. Дорнодын ард түмэн дандаа Мөнхцэцэгийн төлөө гэсэн чин сэтгэлтэй байсан. Бүр бага байхад л байсаар ирсэн. Иймээс би чаддаг, мэддэг бүхнээ дорнодчууддаа зориулах ёстой.
-Олон дүүтэйгээ үлдсэн гэхээр ерөнхийдөө тэдэндээ атаман байсан биз?
-Тэгэлгүй яахав хүмүүс бас их гайхдаг. Дүү нар маань бүгд биеэ даачихсан, өөрсдийнхөө тус тусын ажилдаа ороод явчихсан. Бүгдээрээ өнөөдөр том болчихсон л доо. Гэхдээ би ер нь бас их өөдрөг үзэлтэй хүн. Учиргүй уйлж дуулаад л, гуниж гутраад байдаггүй. Болгоно, бүтээнэ гээд л явж байдаг. Бага даа ч бас уйлж унжиж байгаагүй. Бүх дүүгээ зөнгөөр нь өсгөсөн. Гэхдээ олон хүүхдэд эгчийн хатуу гар гарцаагүй хэрэгтэй байсан л даа. Дүү нар минь ч өнөөдөр бүгд сайн сайхан явж байна. Би хэдий залуухан ч баяр ёслолоор их олон хүн над дээр ирнэ шүү дээ. Хамгийн том эгч нь юм  чинь. Дүү нар маань хүргэн бэр, үр хүүхдүүд нь гээд бас чамгүй олуулаа. Том дүү нар маань хоёр насны зөрөөтэй, жижигүүд нь нэг насны зөрөөтэй. Тэгээд цэцэрлэгт бүгдийг нь явуулна. Томоосоо жижиг рүүгээ цуваа болоод хөтлөлцөөд явна. Яг нэг эгнээд. Хэн нэгнийхээ дээр зогсож болохгүй. Яг жагсаалаараа яваад ирнэ. Цэцэрлэг хоёр хоёр чихэр тарахад нь өгнө. Ирэхдээ эгчдээ нэг чихэртэйгээ ирэх ёстой. Ирэхгүй бол загнуулна. Гэхдээ өөрсдөө нэг нэг чихрээ атгаад хүрээд ирнэ л дээ. Тэгээд л цэцэрлэгээс ирээд бүх хувцсыг нь солиулаад авдар дээр нь ёстой шугам шиг эвхүүлээд тавиулна. Манайх гэрээ цэвэрлэсний дараа хялгас ч үлдээлгүй түүлгэдэг байсан гээд бод. Ингэж нарийн гэр цэвэрлэсний дараа гадаа 30 минут тоглоод орно. Хэн ч хувцсаа муухай болгож болохгүй гэсэн хатуу дүрэмтэй. Томоосоо жижиг рүүгээ цуварч суугаад хичээлээ хийнэ. Бүгд хуваарьтай. Орой хэн мах хөшиглөх, хэн гурил зуурах, аяга угаах вэ гээд л бүх ажлаа хуваарилаад авчихдаг байсан. Бүгд ажлын нарийн хуваарьтай байсан. Ингэж л олон дүү нараа эрхийн тэнэг болгочихолгүй, хичээл сургагадаа гайгүй суурь хүмүүжилтэй хүн болгохоор хичээж байлаа.  
-Энэ чинь хүүхэд хүмүүжүүлэх бас нэг ухаан байна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Би дараа нь хүүхэдтэй болохоороо ойлгосон л доо. Их уян зөөлөн болоод хүмүүсийг хайрладаг энэрдэг болчихдог юм байна лээ. Саяхан би нэг удаа том эмэгтэй дүүгээ чи яагаад дүү нараа загнаад байгаа юм бэ гэтэл өөдөөс “Та биднийг яадаг байлаа”  гэдэг байгаа. Тэгээд бодсон чинь нээрээ л дүү нараа их загнадаг байсан юм билээ. Гэхдээ дүү нараас маань одоог хүртэл гомдол гараагүй л байна. Харин ч хүнийг хайрлах чин сэтгэлтэй болсон шүү гэцгээдэг.
Би “Эрдэнэс МГЛ” гэдэг компанид ажилд орчихоод өглөө эрт босоод хоол цайгүй гүйгээд явчихна. Тэгээд 11 цагийн үед манай дүү нараас хоол авчирч өгнө. Ээлж ээлжээрээ. Дүү нар маань одоо 20-30 гарчихсан насныхан. Манай хамгийн том дүү л ихэвчлэн хоол зөөдөг байсан. Тэгтэл ажлынхан маань гайхаад байж л дээ. Нэг залуу “Чи юун залуучуудаар хоол зөөлгөөд байгаа юм бэ” гэж асуудаг байгаа.  Би санаа зовоод манай дүү нар байгаа юм аа, намайг өлсчихнө гээд аль зав зайтай нь хоол авчирдаг юм гэсэн чинь манай нөгөө залуу “Хүүе ээ, тэгвэл танай энэ дүү чинь танд их өртэй дүү байх аа” гэж байсан. Өртэй нь юу байхав завтай нь л тэр байхгүй юу. Тэгээд бас буриадууд эгч бол эгч, ах бол ах гэсэн хатуу зарчимтай байдаг л даа. Нэг ах гэсэн хүнээ ахаа л гэдэг. Ах дүүгийн хатуу дэг журамтай.
-Мэнэнгийн тал ч бас алдартай шүү. Өөр газрын хүн явахаараа хараа чилээд байдаг гэх юм билээ?
-Тийм шүү. Өргөн уудам нутагтай учраас дорнодчууд их хараа сайтай байдаг. Мөн уужим сэтгэлтэй. Дээрээс нь өндрөөс их айна. Одоо би таваас дээш давхарт амьдарч чаддаггүй гээд бод.  Толгой эргээд учиргүй юм болно. Мэнэнгийн талаа санахаар хэзээ хамаагүй давхиад очмоор болдог юм. Дорнод нутгийн хүн бүр ингэж гэгэлздэг байх аа.
-Та улс төрд ороод, энэ амьдралаар амьдраад тодорхой хугацааг өнгөрөөчихлөө. Ингэхэд соц нийгмийн бүтээгдэхүүн яагаад Ардчилсан намыг сонгочихсон юм?
-Буриадууд ер нь бол цөс ихтэй ард түмэн шүү дээ. Сайхан сэтгэлтэй, тусч, хүнд хар буруу санаад байдаггүй гээд олон сайхан чанарууд байна. Улс төрд ороход ч энэ нөлөөлсөн байх. Би чинь сургуулиа төгсөөд дандаа хүмүүсийн сайн сайхны төлөө зүтгэх чиглэлийн ажил хийж явсан. Тухайн үед сургууль хуваарилдаг байлаа шүү дээ. Багаасаа пионерын удирдагч бүхий л зүйлийг зохион байгуулж ажилладаг, манлайлдаг, ер нь бүхий л ажлыг хийдэг байлаа. Нэг багш маань намайг альгебрийн багш болгоно гээд үзчихдэг байсан. Арай хийж түүхийн сонгонд явдаг байлаа. 1991 онд сонгуулийн хороонд хуваарилагдсан. Тухайн үед ардчилал гарч эхэлж байсан.
Би их сургуулиа төгсөөд хүүхэд төрүүлчихээд ажилд ороё гэж бодоод хэвтэж байсан чинь радиогоор зарлал яваад түүхийн багш авна Дархан-Уул аймагт очиж шалгуул гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод 40 дүгээр сургуулиас анхныхаа гарааг эхэлж байсан. Тухайн үедээ жоохон хүүхэдтэй гэж хэлээгүй байсан. Хожмоо он гарчихад хүүхдээ тэврээд очсон чинь бүр гайхаж билээ. Хүүе ээ ямар гүргэр юм бэ. Ийм жоохон хүүхэдтэй байж хэлэхгүй гээд л байсан. Яасан бэ гэхээр залуу хүүхэд гээд бүх ангиа өгсөн байсан. Түүх, нийгэм, эрхзүй, газарзүй гээд л орохгүй хичээл гэж үгүй. Тэгээд тавдугаар ангидаа анги даасан өглөөний ээлжинд хичээл орно. Үдээс хойш бүтэн хичээлтэй. Тэгээд л манай гэр долоон буудалд байсан, одоогийнх шиг автобус унаа байгаагүй болохоор сургууль руугаа хоёр троллейбус дамжиж явдаг байсан. Өглөө найман цагт хичээлдээ бэлэн байх ёстой. Тэгэхэд хүүхэд маань хөхүүл байсан. Тэгээд зургаан сар ажиллаж байтал нэг найз маань”Чи ямар аймаар ажилладаг юм бэ. Ингэж болохгүй ээ. Чи ерөөсөө тэр Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд залуучуудын байгууллага байгуулагдах гэж байгаа. Тэднийх орон тоо байгаа чи очиж сонгон шалгаруулалтад орооч” гэж хэлсэн. Тухайн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөх  л гэдэг байлаа шүү дээ. Монголын оюутны үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх оюутан залуучуудын байгууллага анх байгуулагдахад би анхны ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн. Тэгээд удаагүй гүйцэтгэх захирал болж байв. Ингээд л ер нь ажлын гараагаа эхэлсэндээ. Бид залуучуудын эрх ашгийн төлөө ажилладаг байлаа. Нийгэм тэр чигээрээ хэцүү болсон болохоороо тэр оюутан залуучуудад яаж туслах вэ гээд толгойгоо гашилгаж байгаа байхгүй юу. Бид чинь бас олон юм санаачилж хийж байсан даа тэр үедээ. Хүүхэдтэй оюутанд өлгий, сүүний мөнгө өгье гэх жишээний. Мөн анх оюутанд цагийн ажил гэж байгаагүй тэр үед үүнийг гаргаж ирж байсан. Гэтэл ажилд орох гэж буй залуучууд ихэнх нь гоё ажил хийнэ гэж боддог юм байна. Нэгдүгээрт дандаа ажлын байр тийм ч их байдаггүй. Хоёрдугаарт дандаа газар шорооны ажил байсан. Үерийн далан цэвэрлүүлэх жишээний ажлууд байсан. Тэгээд бодоод үзэх нь ээ Япон Монголын компанид ганцхан хүүхдийг зуулчилж өгсөн байдаг юм.  За тэгээд үлдсэн нь бүгд газар шорооны ажилд зуучилсан. 1993 онд Баянхонгорт аймшигтай зуд болж байсан. Тэр үед Сүхбаатарын талбай дээр сайхан хандивын аян явуулсан. Тэгээд хоёр, гурван өдөр маш их хандив цугласан. Түүнээсээ Улаанзагалмай нийгэмлэгт бас хандивлаж байсан. Энэ мэтчилэн олон сайхан ажлыг зохион байгуулж байсан. Тэгээд ер нь эх орныхоо төлөө илүү сайхан зүйлийг хийх ёстой юм байна гээд аль нэг намд элсэж оръё гээд мөрийн хөтөлбөр юу байгаа бүх юмыг нь нягталж үзээд анх намд элсэж байсан. Тэгэхэд их сайхан хүлээж авсан хэн ч тэгж зориглож очдоггүй гэнэ л дээ. Цоо шинэ нам байгуулагдахад залуучууд очихгүй байсан гэсэн. Соцоал-Демократ нам тухайн үед сайхан хүлээж авсан. Тухайн үед байранд ороход их сайхан ажил амьдрал өрнөсөн тийм сайхан эхэлж байсан.Үүнээс хойш улс төрд ороод 20 жил болж байна.
-Ер нь улс төр эмэгтэй хүнд  хүнд хэцүү гэх үе олон таардаг байх?
-Эрчүүдийн салбарт эмэгтэй хүн чардайдаг гэдэг шиг үнэхээр тийм. Ер нь бол хэцүү шүү. Маш их тэвчээр ухаан шаардсан, мөн цаг наргүй ажил. Энэ чинь ердөө нийгмийн сайн сайхны төлөө хийж буй үйл шүү дээ. Ар гэр, ахуй амьдрал гээд л бүхий л зүйл хаягдах ажил. Бас өссөн орчин нөхцөл хамт олны зүтгэл гээд их зүйлийг анхаарах хэрэгтэй. Би бас ар гэртээ олон дүүтэй учир  ар гэр ахуй амьдрлаа дүү нартаа даатгаж ингэж явсан. Дараа нь санаа зөв бол заяа зөв гэдэг шиг айхтар хүнд хэцүү зүйлийг туулаагүй ээ. Ардчиллыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхийн тулд өнцөг булан бүрт очиж үзсэн. Үзээгүйгээс хоёрхон аймаг л байна. Ховд, Баян-Өлгий гээд. Олон газар очиж залуучуудыг уриалж байсан. Чуулга уулзалт зохион байгуулж байсан.
-Улс төрийн угшил гэж ярьдаг. Ялангуяа Ардчилсан нам дотор Алтангадас фракцийн ноёрхол давамгайлаад байх шиг. Танд энэ фракц баталгаа болдог уу?
-Фракц баталгаа болдоггүй ээ . Энэ үнэн шүү. Би ердөө л үерхэлдээ үнэнч явсан хүн. Он жилүүдэд ялж байлаа, ялагдаж байлаа, салсан нийлсэн, баярласан гээд олон зүйл тохиосон. Тэгээд үерхэлдээ үнэн ч явсан.
-Хүмүүс энэ сонгуулиар маш их тойргоо сольж байна. Таныг ч тэдний нэг болох байх гэж хүлээж байлаа?
-Би биеийн амрыг харан жагсаалтад оръё гэж ерөөсөө бодож байгаагүй. Би түрүүн ярьсан даа. Дорнод нутагт төрсөн эгэл жирийн адуучин Батболдын хүүхэд. Тийм учраас би өнөөдөр орон нутгийн төлөө зүтгэхгүй юм бол хэн зүтгэхсэн билээ гэж боддог. Тийм ч учраас би 2008 онд нэр дэвшиж байсан. Ер нь бол Дорнодод маш сайн ажилласан. Ер нь бүх сум намайг дэмждэг. Өсч төрж, сурч байсны хувьд намайг сайн таньдаг юм. Нутгийн зөвлөлийн дарга шүү дээ би. 2008 онд ч гэсэн Дорнодын ард түмэнд их баярласан. Би тэр ард түмэнд гомдох ч юм уу туних ямар ч шалтгаан байхгүй. Яагаад гэхээр 2008 оны сонгууль ямар болсныг мэдэж байгаа байх аа. Дорнод аймгийн Ардчилсан намынхан намайг маш их дэмждэг. Дорнод аймгийн намын хорооны хурлаас нэгээр гарч ирсэн. Энэ сайхан хүмүүсийн дэмжлэг, ард түмний сайхан итгэл сэтгэл байхад би өнөөдөр нутагтаа л очих ёстой гэсэн тийм үзэл бодолтой байсан.
-Дорнодчууд их сонин сонин сонголт хийдэг юм байна лээ. Урьдын дүнг нь харахад сонголтуудыг нь хараад гайхсан?
-Яах вэ. Гэхдээ би өнгөрсөн бүхнийг яриад хэрэггүй байх. Манай гурван гишүүн энд ирж тангаргаа өргөөд явсан. Тийм болохоор одоо энэ тийм ийм гэж ярьмааргүй байна. Гэхдээ бол манай ард түмэн их зөв сонголт хийх ёстой. Ер нь бас сүүлийн үед өөр болсон байна лээ. Манай Мөнхцэцэг ирэх байлгүй дээ гэх жишээний. Би түүгээрээ маш их бахархаж байгаа. Тэр нутгийн ард түмнээс гарсан эгэл жирийн малчин ардын хүүхэд ёстой бор зүрхээрээ дорнодын ард түмэндээ дахиад очих гэж байна гэж хэлэх гээд л байна.
-Улстөрч эмэгтэйчүүдийг нийгэм их сонирхдог. Таны хообий юу вэ?
-Улс төрийн амьдрал гэдэг их цаг наргүй ажил. Би ерөөсөө амарч үзээгүй,  чөлөөт цаг гаргаж байсангүй. Дорнодчууд одоо Орос руу цаашаагаа гардаг болсон байна лээ. Саунд орлоо гээд л. Тэгэхэд би саунд  ч орж үзээгүй шүү дээ. Очихоороо бужигнасан ажилд дарагдаж байж байгаад л хүрээд ирдэг. Ингээд бодоход би өөртөө цаг гаргаж үзээгүй ээ. Гэхдээ нөгөө талаасаа чөлөөт цаг гаргалгүй яахав. Хүн юм чинь найзуудтайгаа уулзана. Ном унших дуртай. Улстөрч хүмүүсийн намтар унших дуртай. Яаж амжилтад хүрсэн эсэх нь их сонирхолтой байдаг.
-Сүүлийн үед манайхан их брэнд ярьдаг болсон. Таны хувьд брэнд гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Тэнд тийм машины дайны үнэтэй цүнх барьсан байна гэж сонсож л байдаг. Учиргүй нэг их брэнд хөөцөлдөж байсангүй ээ. Ер нь өөртөө таарсан зохицохоор зүйлийг л авдаг даа.
-Гэхдээ улстөрч эмэгтэй  гадна төрхдөө анхаарна биз.
-Байна л даа. Байлгүй яахав. Гэхдээ ер нь өөрийнхөөрөө явдаг л даа. Үерхэлдээ үнэнч үсчин бол байна.

Ч.СУВДАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ