Б.ТӨМӨРЧУЛУУН:Сая төгрөгнөөс санаа төрөхгүй. Санаанаас сая саяар төгрөг төрнө
2012 оны 6 сарын 22
Б.ТӨМӨРЧУЛУУН:Сая төгрөгнөөс санаа төрөхгүй. Санаанаас сая саяар төгрөг төрнө
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 12-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Батмөнхийн Төмөрчулуунтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Анх таны үзсэн нийслэл ямар байв. Өнөөдөр та тэрхүү нийслэлийн хөгжлийн шанг таталцаад сууж байна шүү дээ?

Би гурван настайдаа нийслэлийг анх үзсэн гэдэг юм. Дараа нь 10 дугаар анги төгсөөд хөл тавьж билээ. Тэр үед нийслэл хот маань хөдөөнөөс ирсэн хүүгийн сэтгэлд маш том, гоёмсог, Азийн цагаан дагина гэдэг шигээ сайхан сэтгэгдэл төрүүлж байсан.

Нэгэн үе нийслэл чиргүүлтэй ЗИЛ-130 машин шиг аахилсан ачаалал ихтэй, алсхан зайнаас харахад нүүрсний ил уурхай шиг тоос боссон байдалтай байсан. Харин өнөөдөр харьцангуй эрэмбэлэгдэж, нэлээд орчин үеийн болох чиглэл рүүгээ орж л байна. Бидний бодлого ч энэ тал руугаа чиглэдэг. Нийслэл хүссэн хүсээгүй томорно. Дагуул хотууд ч бий болно. Тэрхүү хотууд руугаа хурдны замаар гардаг.

Хагас бүтэн сайнд нийслэлийг мартаад ногоон бүс рүү гараад алжаалаа тайлчихдаг байдлаар өөдрөгөөр харж байна. Саятан хотод шаардагдах орц нормыг хийхгүйгээр хотыг удирдах тухай санахын ч хэрэггүй.

Саятан хотын орц норм гэж та юуг хэлэв?

Энэ нь илтэд хүчитгэсэн инженерчлэл сайтай өндөр даацын гүүр 11, газар доорхи орчин үеийн барилга байгууламж 23, хороо бүрд 2.8-3 га эдэлбэр цол газар бүхий Даамай сайхан Баян бүрд цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэх мэт зайлшгүй зүйлсийн өгөгдлийг орц гэнэ.

УУЛ УУРХАЙН МӨНГӨ БОЛ УРВАДАГ МӨНГӨ ХАРИН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МӨНГӨ БОЛ ЕРӨӨЛТЭЙ МӨНГӨ.

Хувийн хэвшилд ажиллаж байсан хүнийг төрд алба хаахаар буруутгах өнгө аяс цухалзах нь бий. Энэ хандлагыг хэрхэн хүлээж авч байна?

Бид хувийн хэвшилд тулгуурласан нийгмийг байгуулаад 20 жил боллоо. Хувийн хэвшлийн жаргал зовлонг ойлгосон хүн л төрд ажиллаж байж улс орон хөгжинө. Түүнээс биш хувийн хэвшилд ажиллаж байгаа тусгай хүн гэж огт байхгүй. Хувийн хэвшлийг шүтэж байж л хөгжил бий болно.

Энэ салбарт байх ёстой философи гэж бий. Ямар нэгэн ажлыг алгуурлалгүй, цаг алдалгүй хугацаанд нь чанартай хийх. Төрийн ажлыг ч ийм шалгуураар хийх хэрэгтэй. Тийм хүмүүс хаанаас төрөх магадлалтай вэ гэхээр хувийн хэвшилээс.

Сэргэн Мандалт Групп таны хувьд?

Өнөөдрийн эхлэл. Анх хамт олондоо үнэлэгдэж 1984 онд тэр үеийн үзэл сурталаар хөрөнгөтөн оронд тооцогддог Герман, Швейцарь улсуудад явж мэргэжил дээшлүүлж байсан нь миний амьдралд тохиолдсон том дэвшил байсан юм.

Энэ бүхэн нь аав, ээжийн минь хүмүүжил, уйгагүй хөдөлмөрлөл ... 1987 онд Дарханы Нэхий Эдлэлийн Үйлдвэрийн ажлыг сайжруулахаар Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас томилолт авч Дарханы Нэхий Эдлэлийн үйлдвэрийн ерөнхий технологичиор очиж байлаа. 1990-ээд оны аясыг дагаж Дарханы нэхий үйлдвэртэй өрсөлдөх орчин үеийн үйлдвэр байгууллаа.

Аливаа зүйлийг сэтгэлийн сайжрал, сайн өнцгөөс нь хараад байвал сайхан л байдаг юм. Энэ ч үүднээс Сэргэн Мандалт гэж сайхан нэрийг өгч, компани байгуулна гэдэг нь нэр өгөхөөс эхэлдэг гэдгийг мэдэрсэн юм. Одоо бол эрийн цээнд хүрч үйлдвэрлэл дагнасан Сэргэн Мандалт Групп болтлоо хаяа тэллээ.

Таныг яруу найрагт дуртай гэж сонссон. Бүр номоо хүртэл гаргаад амжсан гэсэн?

“Тусгаар Тогтнол Сэргэн Мандалт” гэж ном бий. Миний хувьд улс орныхоо тусгаар тогтнолд санаа зовж суух юм. Яах ийхийн зуургүй лиценз хэмээх нэрээр тусгаар, бүрэн бүтэн улсын минь цоожийг хэний ч зөвшөөрөлгүй онгойлгож ороод дураараа тонгочиж гарлаа даа.

Таны тунамал ухаанд ч лиценз бол тусгаар тогтнолыг минь тоншсон санамсаргүй юм шиг бодол төрүүлсэн их үймээний эхлэл. Үймж болохгүй бяслаг шиг нягтрах ёстой. Уул уурхайг шүтэж улс хөгжинө гээд ирэхээр л асуудал их бий. Уул уурхайн мөнгө бол урвадаг мөнгө, харин үндэсний үйлдвэрлэлийн мөнгө бол ерөөлтэй мөнгө.

Залуус тамиржиж байна. Тэднийг зөвхөн уул уурхайд жолооч, бие хамгаалагч, инженер болгоод байх уу. Импорт орлох эх оронч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт залуучууд тамир суугаасай гэж бичлээ.

“ТУСГААР ТОГТНОЛ” БОЛ ЮУГААР Ч СОЛЬШГҮЙ ЗҮЙРЛЭШГҮЙ, ХАРЬЦУУЛАШГҮЙ НАНДИН ЭРДЭНЭ, АМЬ АМЬСГАЛ.

Төмөрчулуун гэж хэн бэ?

Энд бяцхан түүх яримаар санагдлаа. Увс аймагт 10-р ангиа төгсөөд МУИС-ийн Цэвэр химийн ангид орохоор конкурс өглөө. Аав минь сумаас аймгийн төвд ирчихсэн, намайг шалгалтаа яаж өгөхийг хүлээж байдаг. Эхний шалгалт орос хэл байтал дөнгөж 6 оноо авлаа.

Аав ууртай “юу сурч байсан юм, одоо хөдөө очиж харгана хадуулна” гээд л ... Би ч дараагийн хоёр шалгалтаа сайн өгнө гэж амалчихаад физикийн шалгалтанд 13 оноо авлаа. Хамгийн найдвар тавьж байсан химийн шалгалтанд л 15 оноо заавал авахгүй бол харгана хадах нь гарцаагүй болох боллоо.

Хүлээсэн өдөр ирж шалгалтаа өгч гараад хүүхдүүдтэй хариугаа тааруулах гэтэл ганцхан миний хариу өөр байдаг. Нилээн сандарч аавдаа юу гэж хэлнэ дээ л гэж их айж байлаа. Гэтэл би ганцаараа 15 оноо авч бөөн баяр болж, миний амьдралын одоогийн энэ зөв замын эхлэл тавигдсан юм. Ингээд МУИС-ийн Химийн ангийг 1981 онд биохимич мэргэжлээр төгсч, ажлын гараагаа Арьс Ширний Эрдэм Шинжилгээний Төвөөс эхэлсэн дээ. 

Та Монголынхоо яг юугаар нь бахархдаг вэ?

Хүн төрөлхтний буурал түүхийн өлгий нутаг, сэмэрсэн хадаг шиг түүхэн орон. Манай буурал үе бидэнд сайхан эх орныг гардуулан өгсөн. Энэ бол маргашгүй үнэн.

Мориор бол эмээлтэй хазаартай, цулбууртай, мөнгөн баавартай гологдохооргүй сайхан бүрэн бүтэн тусгаар улсыг харамын сэтгэлгүй хүлээлгэж өгсөн. Бараа нь л харагдахад хань болдог уул шиг түшигтэй буурал үе миний бахархал. Энэ бодолдоо хөглөгдөн ахмадын Ач санах хууль санаачилсан.   

Б.МӨНХНАСАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ