Ж.Хайрулла: Хүнийг нас, хөндийг цас дардаг гэж үнэн юм байна
2016 оны 11 сарын 5
Ж.Хайрулла: Хүнийг нас, хөндийг цас дардаг гэж үнэн юм байна

 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хайрулла эмчтэй ярилцах олон жилийн хүсэл минь биелэх боломж тохиов. Түүнийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасан нь ийм завшаан олгосон хэрэг. I хорооллын гурван өрөө байранд даруухан хэрнээ ихэмсэг амьдрах энэ эрхэмтэй багагүй хугацаанд хөөрөлдсөнөө уншигч олондоо хураангуйлан хүргэж байна. Таалан болгооно уу.
 
-Сайхан өвөлжиж байна уу, Хайрулла гуай. Бие тэнхээ сайн уу. Та ч гялалзаж байна шүү?
 
-Сайн, хүү минь. Баярлалаа.
 
-Таныг ШУА тэргүүн дээд медалиараа шагнасан байна. Ер нь та Монгол төрийн бүх дээд шагналыг хүртчихсэн юм биш үү?
 
-Тийм байх. Манай академийнхан шагналаа гардуулахдаа “Та Афганистан явж, баатар болох чинь л дутуу байна” гэж тоглоом хийж байлаа шүү дээ. Манай казахын нэгэн алдарт хүн “Барьж байгаа барилгын дутуу үлдсэн тал тоосгыг нөхөж чи өрөгдөж байвал хүн болсны чинь гавьяа” гэж хэлсэн байдаг. Түүн лүгээ адил нийгмийг төвшитгөх, улсаа хөгжүүлэхийн төлөө “тал тоосго”-ныхоо үүргийг гүйцэтгэж зүтгэсээр яваад л өдий хүрлээ. Үүнийг төр засаг, ард түмэн маань үнэлж өгсөн шагнал урамшуулал нь энэ юм. Түүнийх нь хариуд би эрүүл мэндийн салбарт бүх нас, амьдралаа зориулсан, цаашид ч үхэхгүй удахсан л гэж бодож сууна. Ф.Энгельсийн хэлсэн үг байдаг юм. “Хүний амьдрал бол үхэхгүй байхын төлөө тэмцэл юм” гэж...
 
-Бас л сонин гаргалгаатай үг байна шүү?
 
-Тийм. Ер нь хэн ч бай, байгалийн жамыг дагаж, үхэж үрэгдэхгүй гээд хаачих юм бэ. Гэхдээ амьд яваа насандаа унаж яваа морио хэн ч бусдынхаас илүү гэж боддогтой адил би өөрийн эзэмшсэн мэргэжлээ хэн хүнийхээс чухал, эрхэм гэж үздэг. Үүнээс гадна дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн “Эмч бол эрүүл хүний найз нөхөр, өвчтөндөө аав, ээж нь байх ёстой” гэдэг зарчмыг л баримталж өдий хүртэл ажиллаж байна. Дагестаны алдарт яруу найрагч Расул Гамзатов “Эх хүний сүү нарны гэрлээс бий болж Эх хүний сэтгэл сарны туяанаас үүсчээ” гэж бичсэн байдаг. Түүнийг тэтгэж улбаалах хүн нь эмч гэж би ойлгодог.
 
-Тэгэлгүй яахав ээ, Хайрулла эмч ээ. Та бүхэн хэдэн хүнд амьдралыг дахин бэлэглэсэн байдаг юм бол. Энэ тухай тоо баримт байдаг л байх даа?
 
-Саяхан Монголын мэс засалчдын ойн баярыг тэмдэглэлээ. Баярын илтгэлд дурдсанаар 40­ өөд мянган хүнд хагалгаа хийсэн байна. Түүний дотор 25 мянга нь тархи, нугас, мэдрэлийн мэс засал байж. Энэ нь үхэл, амьдралын зааг дээр байсан төдий тооны хүнийг бид нарт ертөнц рүү нь буцааж авчирсан гэсэн үг юм. Дээр өгүүлсэн баярын арга хэмжээнд генерал Д.Гарамжил, ардын уран зохиолч П.Бадарч гээд олон хүн оролцож, бидэнд баярлаж талархсанаа илэрхийлж байгааг харахад сайхан л байлаа. Манай эмч нар өнөөдөр элэг, бөөр тэр байтугай зүрхийг ч шилжүүлэн суулгаад хүмүүст амьдрал бэлэглэж байна. Харин тархины өчүүхэн хэсгийг ч шилжүүлэн суулгаж, сэргээн амьдруулж чадаагүй. Энэ оны наймдугаар сард Өмнөд Африкийн Бернардын клиник эмнэлэгт хүний тархийг шилжүүлэн суулгахад нарийн мэргэжлийн 11 эмч 18 цаг ажилласан байна. Гэвч тухайн өвчтөн ердөө гурван цаг амьд байгаад л хорвоог орхисон юм билээ. Ингээд бодохоор миний эзэмшсэн энэ мэргэжил ховор бөгөөд хосгүй юм гэдэгт би итгэсэн. / Хайрулла эмчийн нүдэнд нулимс хурж, хоолой нь сааралтахад ярилцагч миний сэтгэл ч огшиж байлаа. Сур/ Үүнээс харахад тархи гэдэг манай улсын бүү хэл дэлхийн анагаах ухаанаас давсан нууц, нарийн чимхлүүр ажлыг шаардсан, хадгалсан эрхтэн юм байна. Энэ гайхамшгийг нээж олох, хэрэв өвчилсөн бол эдгээж анагаах арга замыг би төдийгүй миний үр хүүхдүүд эрж хайж явна.
 
-Тийм юм билээ. Таны хүү болон зээ ч бас мэдрэлийн мэс заслын эмч гэдэг энэ эмзэг, нарийн ажиллагаа шаардсан мэргэшлийг сонгон ажиллаж байна. Танд харин ч таатай байдаг юм биш үү? ­
 
-Мэдэхгүй дээ. Би хүү Костягаа зүгээр л мэс заслын эмч болгох гэсэн чинь нэг жил ажиллаад л тархиных болгохгүй юм бол эмчээр ажиллахаа болилоо гэж айлгаад суучихсан. Дараа нь зээ бас ороод ирлээ. Одоо яахав, бурхны өгсөн хувь тавилан ийм л байсан юм байгаа биз.
 
-Таны үр хүүхдүүд өөрсдөө сонгосон замаараа явах, мэргэжлээ эзэмших эрхтэй шүү дээ. Тэднийхээ сонголтыг хүндэтгэх хэрэгтэй болсон байх л даа?
 
-Үнэхээр тийм юм. Эцсийн бүлэгт ажил мэргэжил хүнийг голохоос биш мань мэт голдог байх ёсгүй. Тийм болохоор би хүүхдүүддээ бууж өгсөн. / инээв/
 
-Таныг тун санамсаргүй байдлаар тархины мэс заслыг анх хийчихсэн гэж сонссон. Энэ тухай дурсвал сонин байна?
 
-Нэгдүгээр эмнэлгийн гэмтлийн тасаг гэж байхад нэг орой жижүүр эмч хийж байлаа. Тэгсэн чинь нэг эмэгтэй цусанд будагдсан жаахан юм алган дээрээ барьчихсан, араас нь нэг багахан хүүхэд тэвэрсэн хижээл эр хоёр орж ирдэг юм байна. Сонссон чинь хүүхдийг нь мотоцикльтэй хүн дайрчихаад зугтсан юм байх.
 
-Хүүхдийн тархи нь гоожчихсон хэрэг үү?
 
-Одоо тийм л болж таарч. Нөгөө хүүхдийн тархи толгой, эхийнх нь барьж авчирсан тархины хэсгийг угааж цэвэрлээд буцааж суулгаж оёсны дараа нэг сарын дараа босоод ирсэн. 1958 оны явдал шүү дээ. Түүнээс хойш 20­оод жил унаж татаж амьдарсаар байсан. Тархины ганцхан эд эсийг залгаж суулгахад бүтэн жилийн дараа хэвийн үйл ажиллагаанд ордог гээд бодвол мөн ч нарийн ажил юм шүү.
 
-Эцэг, эхээс нь өөр хүн гар хүрэх ч эрх байдаггүй тархи толгойд хүрэх нь байтугай “уудлаад хаячихдаг” зоригтон нь та байсан юм биш үү, Монголд?
 
-Би ч арай эхнийх нь биш юм шиг билээ. Нямын Цэгмид гэж мундаг жүжигчин байв даа. Намайг II төв эмнэлэгт ажиллаж байхад Н.Цэгмид гуай хэвтэн эмчлүүлж байсан юм. Нэг удаа шатаар явж байтал “Хөөе Хайрулла, толгой дээр чинь шүлсээ хаялаа шүү” гэж нэг хүн хэлэх нь яалт ч үгүй Н.Цэгмид гуайн дуу. Би дээш хараад “Та бүү сахилгагүйтээд бай” гэсэн чинь өрөөндөө урьж байна. Яваад ортол “Чи хө, монгол хүний тархинд анх хүрсэн эмч гэж яригдаад байх юм. Нарийндаа бол би 1924 онд тархиндоо мэс хүргүүлсэн хүн шүү” гэж байхгүй юу. Тэгсэн хуйхан дээр нь хатиг буглаа үүсээд түүнийг орос эмч нар хагалж, идээ бээрийг нь шахаж гаргасан мэс ажилбар байж л дээ. Түүнийг л өөрийнхөөрөө тархины мэс засал хийлгэсэн гэж ойлгосон хэрэг байж. / инээлдэв/
 
-Яг нарийндаа та яагаад мэс засалч, бүр тодруулбал хэрхэн тархины “уурхайчин” болчихов?
 
-Миний багш Шагдарсүрэн гэж профессор хүүхдийн цээжний мэс засалч болгохоор намайг Чехословак /хуучин нэрээр/ улсад хоёр жилийн томилолт өгч сургалтад хамруулдаг юм. Жил орчим сурч байсан чинь манай яамны сайд Туваан гуай ирээд “Хайрулла аа, тархины мэс засал гэж чухал салбар байна. Түүнд суралцуулахаар 4­5 хүн явуулсан чинь “Чадахгүй нь ээ” гээд буцаад явчихаж. Чи л үүнд суралц” гэж тулгадаг юм. “Би барахгүй байхаа даа” гэж бултах аядсан чинь харин ч “Эх орны даалгавар шүү” гэсэн шалаанд ороод буцах замгүй болсон. Ингээд л найман сар суралцаад эх орондоо ирсэн дээ. Тухайн үед мэдрэлийн чиглэлээр “толгой цохиж” явсан Лодон эмч /Да.Ганболдын хадам аав/ бөөн баяр болж угтаад хамтран хагалгаа хийж явлаа. Тэр хүн одоогийнхоор чухам л “амьд компьютер” байсан юм шүү.
 
-Чех багш нараас номын дуу сонсч боловсорсон ч хүний тархи толгойг нээнэ гэдэг анхны удаа аймаар байсан уу?
 
-Монголдоо ирээд анх 10­аад насны охины тархинд хагалгаа хийхдээ Шагдарсүрэн багшийнхаа удирдлага дор ажилласан. Хагалгаа амжилттай болсон нь надад маш их урам зориг, итгэл өгсөн дөө. Өнчин тархины хорт хавдартай гэж оношлогдсон охиныг хэдхэн сарын дараа босоод гүйж байхыг харахад үнэхээр сайхан байсан. /тэрбээр нулимс унагаж л суулаа. Сур/
 
-Өнөөдөр анагаах ухаан, эмнэл зүйн шинжлэх ухаан дэлхий дахинаа хурдацтай хөгжиж, Монголд ч тэр хэмжээгээр оношлохуйн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нэвтэрч байна. Таны үед чагнуур, тогшдог алхнаас өөр юмгүй үед мэдрэлийн угшилтай өвчнийг яаж илрүүлж, мэс засал хийдэг байсан юм бэ?
 
-Таны хэлснээр алхаараа тогшоод л гадарлана шүү дээ. Хүн эрүүл саруул байх аваас хөл, гар нь адилхан л савлаж, салгалж байх учиртай. Аль нэг нь сул, нөгөө нь илүү байвал тэнцвэр алдагдаж, мэдрэл тархины ямар нэг оёгтой байна гэсэн үг. Зүүн талын гар сул байвал тархины баруун дээд талд ямарваа асуудал байна гэж ойлгож болно. Толгой нь эргээд нааш цааш гуйваад байвал бага тархинд учир ургажээ гэсэн үг гэхчлэн хамгийн анхан шатны мэдээллийг өгч байгаа хэрэг. Одоо бол компьютер, IMR зэргээр бүр нарийвчлан мэддэг болсон байна. Дээхнэ үед намайг Чехословакт сурч байхад Оросын Ленинградын хирургийн институтын захирал В.М.Уврымов гэдэг хүн мэргэжил дээшлүүлэх гэж очлоо. Надтай уулзаад “За Хайрулла, чи өөрийгөө мөн ч хэцүү албанд барьж өгч байгаа хүн байна даа. Ленинградад “Уврымовын булш” гэж газар бий. Чадвал дайраад гараарай” гэдэг юм байна. Тухайн үед Монгол, Оросын анагаах ухаан, түүний дотор тархины мэс заслын салбар ямар байсныг харуулах жишээ юм даа.
 
-Тийм байж. Одоо манай эрүүл мэндийн салбар ямар төвшинд байна гэж та харж байна вэ. Нэг хүнд ногдох салбарын ажилтны тоо багагүй боловч эрүүл мэндийн ажилтан, эмч нарын хувьд олон нийтийн санаа сэтгэл тийм ч сайнгүй л байх шиг харагддаг. Таныг нэг их эмзэглэхгүй байх гэж найдаж байна, Хайрулла эмч ээ?
 
-Ардын хувьсгалаас хойш Монголын хүн амыг өсгөн үржүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийг эрүүл болгох үйлсэд бид ихээхэн хувь нэмэр оруулсан, гол үүргийг гүйцэтгэсэн гэхэд маргах хүн байхгүй. Хэдхэн хоногийн өмнө манай мэс заслын эмч нарын томоохон чуулган боллоо. Өвчтэй хүмүүст тархинаас бусад эрхтнийг шилжүүлэн суулгадаг болсон, диализийн аппаратад үнэ төлбөргүй хамрагддаг болж байна гэхчлэн сайн сайхан зүйл байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч бусад хөгжилтэй оронтой харьцуулбал бид суралцаж, хөгжиж ядаж л яваа. 1956 онд Оросоос баахан эмч нар авчирч, монгол эмч нараа дайчлаад хөдөө орон нутагт илгээж кампанит ажил зохион байгуулснаар сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчний үлдэгдлийг гурван жилийн хугацаанд нам дарж авч байсан юм. Гэтэл өнөөдөр 3­4 хүний нэг нь сүрьеэ, 10­ 15 хүн тутмын нэг нь ямар нэг халдварт өвчинтэй болсон байна. Ялангуяа арьс өнгөний. Тухайн үед нийслэлийн хүн амын тоо нэг сая хүрэхгүй, харилцаа холбоо хязгаарлагдмал байсан гээд сайн гэх үү, ийм нөхцөл байдалтай байсан байх. Одоо болохоор дэвэн дэлхийгээр монголчууд хэрэн хэсч ДОХ болон халдварт өвчний бүх вирусийг тээж авчирч байна. Үүнээс урьдчилан сэргийлж чадахгүй, бусад эмчилгээ, үйлчилгээг нь иргэдэд хүргэж чадахгүй байгаагаас эмнэлгийн ажилтан эмч, сувилагч нарын нэр хүнд унаж байна. Саяхан сонин хэвлэлд гарсан даа, дуудлагаар очсон түргэний эмч жирэмсэн эмэгтэйг чимхэж хөхрүүлсэн байна гэж. Арай ч дээ, сэтгэцийн өвчтэй л биш бол өвдөж ядаж байгаа амьтныг чимхэж зовоож байдаг эмч гэж байх уу.
 
-Хажууд нь байгаад харж үзээгүй болохоор би ч гайхаж л байлаа. Ер нь эмч нарт итгэх итгэл огт байхгүй гэвэл хэтрүүлсэн болох байх, гэхдээ л оройн дээд гэдгээсээ улам л гулсаад байх шиг санагддаг. Таны үнэлэмж ямар байдаг вэ?
 
-Аливаа юм дэндүү олон болохоороо нэр хүнд нь буурдаг тал бий. Манай улс 10 мянган хүнд ногдох эмч нарын тоогоор дэлхийд хоёрт жагсдаг орон. Гэтэл үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар тийм ч таатай бус, харин ч муулах янзтай. Намайг “Хайрулла эмч зөнөж дээ” гэх ч юмуу сайн, муу хэлэх л байх. Гэвч яг үнэнийг хэлэхэд нийслэлд байгаа анагаахын чиглэлийн хувийн таван ч их, дээд сургууль байна. Түүнд улсын их, дээд сургуулиас тэтгэвэртээ гарсан ахмадууд багшилж байна. Тэднийг буруутгах аргагүй ч багшлах боловсон хүчнээ “цус сэлбэж”, залуучуудаар хангаач гэж хүсэх байна. Нөгөө талаар хичээлийн программ нь янз бүр байхаар өөр хоорондоо зөрчилтэй, нэгийгээ цохьсон маягтай болчихож. Тухайлбал, дотрын эмчээр мэргэшиж байгаа бол мэс засал, бусад нь ямар хэрэгтэй юм гэх байдалтай. Нөгөө талаар хувийн их, дээд сургууль байгуулах нь бизнес болчихсон юм байна. Мөнгө харсан мэргэжилтэн ямар сэтгэлтэй байх вэ гэхчлэн олон асуудал байна. Үүнд л санаа зовж сууна даа. Бас нэг юм байна. Сайд болохоосоо өмнө цагаан нөмрөг /халат/ өмсч үзээгүй хүн эрүүл мэндийн салбар, эмнэлгийн хангамж, орчинг ойлгож мэдэх үү. С.Ламбааг сайд байхад нь би олон удаа гоочилсон. Бид их сургуулийн ойролцоо ангийн оюутан байлаа л даа. “Засгаас бодлогын яам гээд тавьчихаар чинь би яах юм бэ” гэж л байсан. Яг үнэндээ Эрүүлийг хамгаалах яам хориод жил эзэнгүй айл шиг явсан юм шүү. Харин энэ засгийн нүүрэнд яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь эмч хүмүүс болж байна. Одоо байдал арай дээрдэх байх аа гэж харж л сууна, өвгөн ах нь.
 
-Олон арван жил энэ салбарт зүтгэсэн таны эмзэглэлийг ойлгож байна. Одоо хоёулаа таны удам судар, гарал үүсэл рүү буцаад алхая, тэгэх үү?
 
-Бололгүй яахав. Миний эцэг Казань хотын ойролцоо Ока, Кама голуудын салаан дахь тосгонд төрж өсөөд лалын шашны сургууль төгсчээ. Дараа нь Хятад, Монголд лалын шашны суртал нэвтрүүлэх, сүм хийд барих ажлыг зохион байгуулалцаж яваад Ховд аймгийн Булган суманд ирсэн гэдэг. Тэнд байхдаа узбек гаралтай нэг бүсгүйтэй танилцсан нь миний ижий байж л дээ. Би таван ах, хоёр эгчтэй бас л өнөр өтгөн айлын хамгийн бага нь байлаа. Тухайн үед баян айлын хүүхдүүд өнгө мөнгөөр сургуулиас чөлөөлөгдчихдөг, ядуугийнх нь албадлагаар сургуульд очдог байв шүү дээ.
 
-Та хэдэн настайдаа сургуульд орж байв даа, тэгээд?
 
-10 настай. 1940 онд шүү дээ.
 
-Харин ч “залуу”- даа орж байсан юм биш үү. Тэр үед чинь 17-18 настай, айлын эзэн, эзэгтэй болчихсон хүн ч албадлагаар сурдаг байсан гэдэг биз дээ. /инээлдэв/?
 
-Тийм юм байсаан байсан. Намайг тавдугаар ангид ордог жил ижийн минь бие муудаад нэг жил сургуулиас завсардаад дараа жил нь хотод ирж, офицерын бага сургуульд сурсан. Гэхдээ Д.Сүхбаатар жанжны гэрт Янжмаа гуайтай хамт амьдарч байлаа. Тэдний ганц хүү Галсан гэж дэд хурандаа цолтой, цэргийн хувцас дээр нагаан буу зүүсэн сүрлэг, сайхан залуу байсан даа. Би тэднийд сар гаруй амьдарч байгаад сургуульдаа орж, дотуур байранд суух болсон юм. Тэнд зургаан жил суралцаж төгсөөд МУИС­ийн хүн эмнэлгийн салбарт таван жил суралцаж төгссөн дөө.
 
-Тэр үеийн “бүтээгдэхүүн”- үүд цөөн боловч чанартай, бас дээр нь юм юманд гаажтай хүмүүс байсан санагддаг. Та ч тийм л байсан байх даа?
 
-Тийм шүү. Наад зах нь долоо хоногийн хагас сайн өдөр бүр манай их сургуулийн урлагийн зааланд олон нийт / бүжиг/ болдог. Түүнд МУИС­ийн захирал Б.Ширэндэв гуайгаас эхлээд МАХН­ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Сүрэнжав, Д.Дамба гээд томчууд ирдэг байлаа. Эхлээд ч жийрхдэг байснаа сүүлдээ танилцаж, амьдрал ахуй, сурлага хүмүүжлийн талаар асууж сурагладаг, ярилцдаг болсон.
 
-Та ярианы эхэнд “Хүнийг нас, хөндийг цас дардаг” гэж хэлсэн. Би өмнө нь ер сонсоогүй хэлц шиг санагдсан. Үүнийг тайлбарлаж болох уу?
 
-Би нөхдийн хамт Алтай Таван богдын оргилд хэд хэдэн удаа гарсан хүн. Нэг удаа гавьяат тамирчин Р.Зориг бид хэд оргилд гараад зогсч байтал уулын цасны нуранги болж, дор байгаа тал хөндийг тэр чигт нь дарж орхидог юм. Түүнийг харж азтай хийморьтойгоо гайхаж байтал Р.Зориг маань хажууд ирж, “Хайрулла аа, юуг нь гайхаав. Дараагийн нуранги болохоос өмнө хэдүүлээ буучихна, санаа зоволтгүй ээ” гэж байна. “Санаа зовсон зүйл алга аа, хүнийг нас дардагтай адил хөндийг ч цас дардаг л юм байна” гэсэн чинь зөвшөөрч байгаагаа илэрхийлж толгой дохиж билээ.
 
-Та тэгвэл ардын аман зохиолч юм биш үү /инээлдэв/? ­
 
-Тэр нь ч юу юм бэ. Ямартай ч түүнээс хойш би ингэж ярьдаг болчихсон юм.
 
-Хагас зуунаас ч илүү олон жил анагаах ухааны салбарт хүчин зүтгэж, Монголдоо тархи, мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн школтой болгожээ, та. Энэ өндөрлөгөөс харахад таны бахархал юу байдаг вэ?
 
-Үхэл амьдралын заагт байсан хүний тархи толгойг “онгичсон”­ы дараа босоод ирэх, надад талархаж, инээмсэглэхийг харахад өөрөөрөө бахархдаг. Таван богд, Отгонтэнгэр хайрхны орой дээр гараад тээр дор үүл хөвж явахыг харахад сайхан байдаг. 1960­аад оны эхэн үед ээждээ хагалгаа хийж, элгийг нь тайрч авсан. Хавдартай болчихсон байсан юм билээ л дээ. Манай эрдэмтэн багш нар, мэс засалчид байсан ч ижий минь надаар эмчлүүлэхийг хүссэн юм. Ах, дүү нар дургүй байсан ч би ээжийнхээ хүсэлтийг биелүүлж, арав гаруй жилийн нас хайрласандаа баярладаг, бас бахархдаг. Хожим нь ижий минь өөр өвчнөөр нас барсан даа, хөөрхий. Гэвч хамаатан садан дотроо над шиг сайн хүнгүй л болсон доо /инээв/ Одоо ч гэсэн би тахир дутуу болчихгүй, бие барчихгүй бол олон түмнийхээ эрүүл энхийн төлөө зүтгэнэ л гэж боддог.
 
СЭТГҮҮЛЧ Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ