Хөгжлийн банк 28 тэрбумаар байр авчээ
2016 оны 12 сарын 15
Хөгжлийн банк 28 тэрбумаар байр авчээ

УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг сонссон юм. Хөгжлийн банкны санхүүд хийсэн шалгалт нь 2011-2016 он хүртэлх хугацааг хамарч байгааг ажлын хэсэг тодотгосон юм.

Тэгвэл Хөгжлийн банк нь энэ хугацаанд 5.5 их наяд төгрөгийн зээлийг гурван бүлэг болгон аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлсэн байна. Тодруулбал, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 3.2 их наядыг, Хөгжлийн банкнаас 1.5 их наядыг, арилжааны банкаар дамжуулан 1.2 их наяд төгрөгийг тус бүр гаргажээ.

Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн 1 их наяд төгрөгийн зээлийн хугацааг сунгасан байна. Нийт 370 нэгжид энэ төрлөөр зээл олгосноос 93-ынх нь зээлийн хугацааг сунгажээ. Гэрээгээр эдгээр зээлдэгчид 2016 оноос эхлэн зээлийн хүүгийн төлбөрийг хийх ёстой байсан ч төлөөгүй учраас хугацааг нь сунгасан байсан аж.

Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эрсдэл бага байна гэж гарчээ. Энэ нь гэрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эрсдлийг арилжааны банк хариуцна гэж заасантай холбоотой гэнэ.

Тэгвэл энэ үеэр хөгжлийн банк 28 тэрбумаар байр авсан гэх мэдээлэл гарлаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хөгжлийн банкны 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан асуудлыг тухайн үеийн Сангийн сайд шийджээ гэж Ж.Батзандан гишүүн мэдээлжээ. Тухайн үед Хөгжлийн банк ямар чиг үүргийн сайдад холбогддог байсан бэ?" хэмээн асуухад Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр "Хөгжлийн банкны хувьд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 оноос шилжсэн. Хөгжлийн банкны авсан 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх байр нь Сангийн сайдтай хамааралгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар гаргасан байдаг. Тухайн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан" гэх хариултыг өгсөн юм.

Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Шинэбаатар, Ч.Отгочулуун, Банзрагч, Сүх-Очир, Хуягцогт, Бат-Эрдэнэ гэсэн хүмүүс оролцоод худалдааны шийдвэрээр 52 тоот тогтоолоор 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан аж.



Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн  2015 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 52 тоот тогтоолоор "МУХБ"-ны ажлын байранд тавигдах стандарт шаардлагад нийцсэн, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа хөгжлийн банкны төв байрны 3294 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус банкны ажлын байрны зориулалтаар үндсэн хөрөнгөдөө 28.500.000.000.00 /хорин найман тэрбум таван сая/ төгрөг хүртэлх төсөвт өртөгт багтаан худалдан авч гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага /Н.Мөнхбат/-д зөвшөөрсүгэй" хэмээсэн байгаа юм.




Энэхүү тогтоолд ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар гарын үсэг зуржээ. Ийнхүү хөгжлийн банк 28 тэрбумаар байр худалдаж авсан асуудал өдгөө олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк ажлын байрны зориулалтаар нэг м.кв нь найман саяын байр худалдаж авч тансагласан байх нь.

Б.Шинэбаатар гэж хэн бэ

Тэгвэл энэхүү тогтоолд гарын үсэг зурсан Б.Шинэбаатар нь 2012 оны 10 дугаар сард Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдсон байдаг. Б.Шинэбаатар нь өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түүний тухайд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Б.Шинэбаатар гэдэг хүн долоодугаар сард өөрөө өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар томилсон байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Б.Шинэбаатарыг хаана л өндөр албан тушаал байна тэнд явж байдаг хэмээн шүүмжлээд байгаа юм.



Тэгвэл Б.Шинэбаатар нь олон улсын хуульч мэргэжилтэй.
1982-1987 онд Комплекс импорт нэгдэлд мэргэжилтэн,
1987-1988 онд Гадаадтай Эдийн Засгийн талаар харилцах Улсын хорооны гэрээ эрхийн хэлтэст мэргэжилтэн,
1988-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны гэрээ эрхийн хэлтэст  мэргэжилтэн,
1990-1991 онд Худалдаа, үйлдвэрийн яамны гэрээ эрхийн хэлтэст ахлах мэргэжилтэн,
1991-1992 онд Худалдаа, үйлдвэрийн яамны гэрээ эрхийн хэлтсийн дарга,
1992-1996 онд Монгол Улсаас Украйн Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн атташе,
1996-2000 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга,
2001- 2012 онд “Магнай Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн аж.


Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ