Сүлжээ доголдож, хэрэглэгчдээ хохироосон үйлдэлдээ ”Мобиком” ямар хариуцлага хүлээх вэ
2016 оны 12 сарын 28
Сүлжээ доголдож, хэрэглэгчдээ хохироосон үйлдэлдээ ”Мобиком” ямар хариуцлага хүлээх вэ

"Мобиком"-ын сүлжээнд алдаа заасны улмаас хэрэглэгчид дуудлага авах, дуудлага хийх боломжгүй болж, интернэт орчинд бухимдал үүсээд байна. Хэдийгээр тус компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн гэсэн ч хэрэглэгчдийн хувьд дуудлага хийх, авах үйлчилгээ хаалттай хэвээр байна. Улмаар "Мобиком"-оос хэрэглэгчдийг  хэвийн дуудлага хийхийн тулд гар утасныхаа 3G болон 4G сүлжээг 2G болгон шилжүүлэх шаардлагатайг мэдээлсэн ч утас нь энэ төрлийн тохиргоо идэвхжих боломжгүй хэрэглэгчид хохирсоор байна.

12 дугаар сарын 28-ны байдлаар нийслэл хот болон  орон нутгийн хэрэглэгчдийн утас дуудлага хийж болохгүй хэвээр байгаа бөгөөд уг сүлжээний доголдол хэзээ хэвийн болох талаар Мобиком корпорациас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Нэг сая хэрэглэгчтэй хэмээн "онгирдог" тус компанийн хувьд жилийн жилд 12 дугаар сарын 31-нд ачааллаас болж интернэт доголдох, нэгж шилжүүлэх зэрэг үйлчилгээгээ түр хаасаар ирсэн.

Гэтэл энэ жил шинэ он гарахаас гурав хоногийн өмнө ийнхүү  сүлжээ тасалдаж, хэрэглэгчдээ бухимдуулж байна. Тиймээс  12 дугаар сарын 31-нд хэвийн байх эсэх нь эргэлзээтэй. 2016 оны ажлын сүүлчийн өдөр учраас өнөөдөр бүх л албан газрууд ажиллаж, тэр хэрээр хэрэглэгчид утсаар ярих хэрэг гарч байгаа нь мэдээж. Ийм үед бүтэн өдрөөр сүлжээ тасарч байгаа нь том асуудал.
 
Тэгвэл сүлжээ доголдож, нэг сая хэрэглэгчээ хохироосон энэ үйлдэлдээ "Мобиком" компани ямар хариуцлага хүлээх бол. Өмнөх шигээ л "Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ" гэсэн үзлээр хандаад өнгөрөх болов уу. Ямартай ч "Мобиком"-ын хэрэглэгчид хол ойрынхондоо баярын мэнд хүргэдэг 12 дугаар сарын 31-нд  сүлжээтэй байя л гэж найдах үлдээд байна.

Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ