Засгийн газраас Тавантолгойг ирэх оны нэгдүгээр сарын 5-нд ”MCS”-т өгнө
2016 оны 12 сарын 29
Засгийн газраас Тавантолгойг ирэх оны нэгдүгээр сарын 5-нд ”MCS”-т өгнө

Тавантолгой төслийг Засгийн газраас ирэх оны нэгдүгээр сарын 5-нд хэлэлцэхээр болжээ. Уг нь Засгийн газраас хэвлэлийнхэнд зориулан түгээсэн мэдээнд Тавантолгойтой холбоотой 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсныг дурдсан. Дээрх ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахлан, дэд даргаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллаж байгаа юм. 

Мөн бүрэлдэхүүнд нь “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ХК, Ашигт малтмал газрын тосны газрын удирдлагууд, холбогдох яамдын төлөөлөл багтсан. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, явцыг 14 хоног тутамд танилцуулах ба үр дүнг, холбогдох гэрээний төслийн хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх даалгавар өгсөн байдаг.

Хэрэв ажлын хэсэг шийдэмгий ажиллаж, талуудын ашиг сонирхлыг хамгийн ойртуулж болох тэнцвэрийг олж чадваас Ж.Эрдэнэбатын кабинет он солигдохоос өмнө Тавантолгойг ашиглах 5 дахь хувилбарыг танилцуулах боломжтой байсан. 

Өөрөөр хэлбэл, Тавантолгойн асуудлыг 2016 онд багтааж хэлэлцэхээр байсан юм. Гэсэн хэдий ч зарим нөхдийн улстөржилт зэргээс болоод энэ асуудал хойшилсон юм. Ямартай ч Засгийн газраас өмнө хийж ирсэн тооцоо судалгаа, уулзалт тохироо бүрийг нухацтай судалсны үндсэн дээр хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумтай шинэ шатанд хэлэлцээр эхлүүлж, гэрээний нөхцөлийг сайжруулах арга ухаан сийлсэн нь өнөөгийн нөхцөлд цаг алдахгүй хамгийн зөв шийдэл байв.

Засгийн газрын хүлээж буй үр дүнг тодорхойлсон удирдамжид “Тавантолгой төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог зохистой түвшинд хангах”-ыг чиглүүлжээ. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай ямар чиглэлээр, юу ярилцахыг удирдамжаар тодорхойлж өгсөн. 

Консерциумд нэгдсэн гурван компанийн хувьд “Энержи  Ресурс” 51, “Шенхуа” 49 хувийн эзэмшилтэй. Харин “Сумитомо” гурав дахь зах зээлд Тавантолгойн нүүрсийг гаргахын сацуу хөрөнгө босгох баталгаа болж, Консорциумын бүрэлдэхүүнд орж ирсэн. Тэгвэл Засгийн газрын тавьж буй нөхцөлөөр төслийн компани дээр 51 хувиа хадгалах Монголын сонирхол “Энержи Ресурс” болон ”Эрдэнэс Тавантолгой” гэсэн хувилбар юм. 

Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн "Тавантолгойг MCS-т өгөх нь" гэсэн хэл ам дэгдэж, үндсэндээ хэлэлцээрийг энэ ондоо багтааж амжаагүй. Түүгээр ч зогсохгүй АН-ын дарга З.Энхболд "Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинэ жилийн өмнө хамгийн муу хувилбараар Тавантолгойн гэрээг хийх гэж байна гэж үзэж байна. 40 хүнээс бүрдсэн УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан асуудлыг тусгаж байж гэрээ ашигтай болно. 
Ер нь бол “MSC” ээлжит дайралтаа хийж эхэллээ" хэмээн мэдэгдээд амжив. 

Уг нь өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байсан АН-д Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломж байсан.Гэсэн хэдий ч фракци хоорондын зөрчлөөс болж энэ төслийг гацаасан нь нууц биш. Тэгвэл гацаанд ороод байсан энэ төсөл ирэх 2017 онд хөдлөхөөр болсныг эрх баригчид дууулгасан. Олон нийтэд энэ төслийн талаарх хүлээлт маш их бий. Тиймдээ ч Монголын талын хөрөнгө оруулагч болох “MCS” группийн “Энержи ресурс корпораци”-д Засгийн газар итгэл хүлээлгэх бололтой. 

С.САРНАЙ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ