Ажлын хэсэг Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн асуудлыг шийдвэрлэх үү
2017 оны 1 сарын 9
Ажлын хэсэг Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн асуудлыг шийдвэрлэх үү

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон. Тэгвэл ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэн багтаж байгаа юм байна..
Ажлын хэсгийн шалгах баримтжуулах гол зүйл нь Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл буй эсэхийг тогтоох АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх юм байна. Ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг манай улс төлөх ёстой. Гэсэн хэдий ч улсын данс улайсан учир энэ мөнгийг төлөх боломжгүй талаар эрх баригчид мэдээлж буй.
Өмнө нь Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр “Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа. Чингис бондын талтай дүйх хэмжээний дүнтэй асуудал хуулийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдана. Шалгалтын богино хугацаанд тус банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрт чанарын, гүйцэтгэлийн нарийвчилсан шалгалт хийх боломж байгаагүй. Тийм учраас мэргэжлийн төсөвчин, салбар салбарын хяналт шалгалтаар мэргэшсэн баг үргэлжлүүлэн шалгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэр шалгалтын дүнгээр тодорхой төсөл, ажлын гүйцэтгэлийн талаар илүү нарийвчилсан мэдээлэл ил болох байх” гэсэн байдаг.
Мөн тэрбээр “Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүд нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байна. Олгосон зээлүүдийг салбараар нь авч үзбэл Зам тээврийн салбарт 1.9 их наяд, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум, Эрчим хүчний салбарт 427 тэрбум, барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд, бусад салбарт 1.4 их наяд гээд нийтдээ 5.5 их наяд төгрөг зарцуулсан дүнтэй байна. Эх үүсвэрийн эргэн төлөлт 2017 онд 1 их наяд 644.0 тэрбум төгрөг, 2018 онд 1 их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгийн  өндөр төлөлттэй байхаар харагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2 их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Бондын мөнгийг эргүүлж төлөх зээл биш их хаанаас өгсөн хишиг хэмээн эндүүрэн хөөрцөглөөд байх хэрэггүй гэсэн үг л дээ.
Шалгалт хийх явцад  ноцтой зөрчлүүд цөөнгүй илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам  юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ.
Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай. Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн. Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа.
Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан. 2012-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасан. Энд жишээ болгож, заримаас нь дурдая. Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Энэ нь мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.” гэж заасны дагуу УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй байгаа юм.
Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт анхаарал ихээр татсан. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. Тэгснээ зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээний. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая  төгрөгөөр  зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3  дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь тодорхой байна” хэмээж байсан юм.
Тэгвэл ЦЕГ-аас байгуулсан ажлын хэсэг энэ мэт асуудлыг нэг тийш нь шийдэж,  Хөгжлийн банкийг улстөрчдийн халаасны банк болгож хувиргасан экс удирдлага Н.Мөнхбат нар болоод сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг хуулийнхан нэлээд нухацтай шалгахаар болсон байна.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ