Жюль Верний амьдрал
2017 оны 1 сарын 10
Жюль Верний амьдрал

Ид ном уншиж эхэлж байхад маань томоо хувь нэмэрээ оруулж, сэтгэн бодох, мөрөөдөх, цаа номонд дуртай болоход тусалсан зохиолч бол яахын аргагүй Жюлсь Верн. Түүний зохиолуудыг мэдэхгүй хүүхэд гэж байхгүй болов уу. Би 15 настай ахмадаас нь бусдыг нь бол хэд хэд уншсан шүү. Тэр нь лааг хэцүү хэллэгтэй байгаад байсан юм. Энэхүү зохиолын амьдрал уран бүтээлийг нь эргэн сөхъе.

Францын алдарт зохиолч Жюль Верний “20-р зууны Парис” хэмээх роман нь нас барснаас нь хойш бараг зуун жилийн дараа хүн төрөлхтний төсөөллийн галыг дахин нэг ноцоож өгчээ. 1863 онд бичигдсэн уг ном удаан хугацааны турш хайрцагт хадгалагдаж байсан бөгөөд 1989 онд ач нар нь олжээ. Ирээдүйн тухай зохиолчийн зөгнөлд гардаг шил толь болж тэнгэр баганадсан барилгууд, асар хурдтай галт тэрэг, хийгээр ажилладаг машин, тооцоолох машин, факс, дэлхийг холбосон холбоо нь 19-р зуунд түүний зохиолд бий болсон юм. Тухайн үеийн олон уншигчид усанд шумбагчаас эхлээд нисдэг тэрэг, сансрын хөлөг онгоц зэрэг технологийн гайхалтай үзэгдэл, нээлтийг таниулсан зохиолчийн таамаглалаар энэхүү зүйлийг хардаг байсан. Гэвч Верний шинэ зохиол нь “шинжлэх ухааны хөгжлийг таниулагч” алдрыг нь унагахад хүргэжээ. “20-р зууны Парис” бүтээл нь үнэндээ жинхэнэ эмгэнэл байлаа. 1960-аад онд хэт материаллаг байдлаасаа утопи үзэл рүү эргэж, Парист аз жаргалаа олохоор ирсэн нэгэн идеалист үзэлтэй залуу уг романд гардаг. 1984 оны Жорж Орвелл шиг Верн ч романдаа хүн төрөлхтний техникийн хөгжлийн төлөө төлсөн эмгэнэлт байдлыг дүрсэлсэн байжээ. Жюль Верн ийм зүйл бичсэн нь олон хүнийг гайхшруулсан байна. Олон хүн ялангуяа Америкт Вернийг маш өөдрөг үзэлтэй эрдэмтэн тул зөвхөн технологийн гайхамшгийн тухай бичдэг гэж үздэг байлаа. Зарим хүмүүс Вернийг голчлон хүүхдэд зориулан зохиолоо бичдэг бөгөөд роман нь амжилттай, сэтгэл татам байдаг ч сэхээтэн хүнийхээ хувьд дулимаг гэж үздэг. Эдгээр буруу ойлголтууд нь Верний бодит амьдрал, зохиолуудынх нь үнэн бодит байдал хэр их далдлагдсаныг харуулдаг. Үнэндээ Верн эрдэмтэн байтугай инженер хүн ч биш байсан юм. Тэр зөвхөн зохиолч, тэр дундаа бүтээлч хүн байлаа. (Амьдралынхаа туршид 60 гаруй роман зохиожээ) Зохиолууд нь нарийн бэлтгэсэн сэдэвтэй байдаг учир Вилльям Деебе, Амирал Ричард Бярд (Антарктидыг анх судалсан хүн), Юрий Гагарин(анхны сансрын нисгэгч), Нейл Армстронг (саран дээр анх алхсан хүн) зэрэг маш олон эрдэмтэн судлаачдын шинэ санааны эх үүсвэрийг тавьжээ.

Түүний бүтээлүүд шиг хүний яс маханд шингэтэл нөлөөлдөг зохиол байдаггүй. Түүнээс өмнө шинжлэх ухааны зөгнөлт зохиол байсан ч Верн “шинжлэх ухааныг үнэнд ойртуулах” аргыг урлаг болгон хөгжүүлжээ. Түүнээс хойш шинжлэх ухаан, техникийн тусгай дүрслэлд тулгуурласан энэхүү шинжлэх ухааны зөгнөлт зохиол нь тусгай төрөл болон хөгжих болсон юм. Гэвч техникийн талаар нарийвчлан өгүүлдэг Вернийн энэхүү чадвар нь төрөлхийн өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл биш ажээ. Харин ч үүний эсрэгээр түүний анхны жүжиг, туршилт, богино өгүүллэг зэрэг бүтээлүүдэд шинжлэх ухаан, технологийг шүүмжилсэн байдаг байжээ. Вернийг алдартай болж, өөдрөг үзэлтэй, шинжлэх ухааны хичээлийг илүү сонирхолтой болгож, хурдан хөгжиж буй адал явдалтай талбарт хүргэж нөлөөлсёөн хүн бол Пьер Жюль Хетзел байв. Хэдийгээр түүнээс огт өөр бодолтой байсан ч үгийг нь сонсдог байжээ.

Верн “Мэдэх болон үл таних ертөнцөөр аялсан ер бусын аялалууд хэмээх анхны номоо 1863 онд хэвлүүлснийхээ дараа амьдрахын эрхэнд цагаар ажилладаг байсан Парисын үнэт цаасны бирж дэх нөхөддөө: “Найз нараа, та нартай салах ёс гүйцэтгэе… Цоо шинэ төрлийн ном зохиосон… Амжилттай болвол алтны уурхайтай боллоо гэсэн үг” хэмээн хэлж байжээ. Верн Хетзелийн зөвлөсний дагуу сэдвийн хувьд ижил боловч ашигтай романуудыг ар араас нь бичиж байв. Гэвч 1886 онд Ветзел нас барсны дараа бичсэн зохиолуудын ихэнхэд өөрийнх нь үзэл бодол болох нийгмийн асуудал, байгаль орчныг хамгаалах ажлыг дэмжсэн, хөрөнгөтний нийгмийн эсрэг, шинжлэх ухаан, технологийн буруу ажиллагаанаас дэлхий дээр болох хор хөнөөлийн талаар бичжээ. “Шинжлэх ухааны хувиршгүй хамгаалагч” гэж нэрлэгддэг Верн сүүлчийн бүтээлүүддээ өөрийн үндсэн байр сууринаасаа яагаад холдсоныг ойлгохын тулд түүний амьдарч байсан үеийн тухай судлах хэрэгтэй юм.

Жюль Габриэль Верн 1828 оны 2-р сарын 8-нд Францын баян боомт хот Амьенд мэндэлжээ. 20 нас хүрэхэд нь аав шигээ өмгөөлөгч болог гээд түүнийг Парисын коллежид оруулав. Харин залуу Жюлийн төлөвлөгөө өөр байлаа. Хэдий өмгөөлөгч болсон ч Верн уран зохиолын ертөнцөд хөл тавьжээ. Түүний анд Александр Дюма нь (Шадар гурван цэрэг, Монте Кристо гүн зэрэг романы зохиогч) чиглүүлж өгсний дагуу нэг л өдөр алдартай зохиолч болохоор шийджээ. Эцэст нь нэр хүндтэй мэргэжлээсээ татгалзан шүлэг, зохиол бичиж эхлэв. Лирик театрын жүжгийн зохиолчоор ажиллаж байсан залуу Верн Францын нэг сэтгүүлд шинжлэх ухаан, түүхийн сэдэвт нийтлэл бичиж илүү мөнгө олдог байв. Зохиолын сэдвээ удаан судалж, холбогдох сэдвээр номын санд сууж судалгаа хийн, ном, шинжлэх ухааны сэтгүүл, сонины нийтлэлийг анхааралтай уншин сонгож авдаг байлаа. Вернд ийм төрлийн техникийн баримтуудыг өөрийн “шинжлэх ухааны роман” гэддэг зохиол бүтээлдээ ашиглаж болох юм гэсэн санаа төржээ. Энэхүү цоо шинэ төрлийн уран зохиол нь Жеймс Фениморе Купер, Вальтер Скотт, Эдгар Аллан По нарын агуу бүтээлтэй, тухайн үеийнхээ хамгийн шинэ нээлт, судалгаа, туршилтын хамт хөл нийлсэн бүтээл болно гэж үзжээ. Удалгүй Франц даяар шинжлэх ухаан, техник технологид хүмүүс нэлээд анхаарлаа хандуулах болсон нь энэ чиглэлийн зохиолчдод боломж олгожээ. Аж үйлдвэр, технологи хурдацтай хөгжиж буй тухайн үед шинжлэх шинжлэх ухааны эрдэмтэд, инженерүүд алдартай баатрууд болж эхэлжээ. Үүнээс болж Францын сургуулиудад байгаль шинжлэлийн хичээлийг оруулах болсноор (Ромын католик сүмээс гаргасан хориг эцэс болжээ) шинжлэх ухааны тухай зохиол бүтээлийн эрэлт ихсэх болов.

Вернийн “Агаарын бөмбөлгөөр таван долоо хоног аялсан нь” анхны ном нь өмнөх зохиол бүтээлийнх нь тусгал Верн зохиолын төлөвлөгөөгөө найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хэлэлцдэг байв. Ялангуяа үеэл дүү математикч Генри Гарсе, физикч, одон оронч Франсуа Арагийн дүү судлаач Жак Араг болон Парист “Надар” хочоороо танил болсон Феликс Тоурнакон нартай ярилцдаг байв. “Агаарын төхөөрөмжөөр аялагчдыг зоригжуулах холбооны” аварга, фото зургийг анх нээгчдийн нэг гэж үздэг, агаарын бөмбөлгөөр хөөрөгч Надар, Верний анхаарлыг нисэх аялалаар татдаг байв. Өөрийн хүрээний найз нөхөдтэйгээ танилцуулжээ. Эдний дунд агаарын чийгийг хэмжих анхны багажийг бүтээсэн Жак Бабине, нисдэг тэрэгний загварынх нь нэг нь хожим Верний бүтээлд гарах Габриэль Ла Ланделл зэрэг алдартай инженер, эрдэмтэд байлаа. Верн, Надар болон түүний нөхөдтэй мэтгэлцсээр анхны романаа зохиох техникийн мэдлэгийг олж авав. Бодит ч бай, зөгнөлт ч бай агаарын бөмбөлгөөр хийсэн аялалын тухай богино өгүүллэгүүд 1850-1860 оны эхэн гэхэд Франц даяар алдартай болжээ. Африк дахь гайхалтай сонин хачин нээлтүүдийн тухай сонины мэдээ нь энэхүү өргөн уудам, нууцлаг тивээр аялж буй аймшиггүй зоригт аялагчдын түүхийг дэргэдээс нь харж буй мэт дүрсэлсэн зохиол олон уншигчтай болжээ. Верн ч энэхүү алдартай аялалын тухай нийтлэлүүд өөрийнх нь шинжлэх ухааны зөгнөлт романд тохирсон зохиол болно гэж үзжээ. 1862 онд зохиолынхоо нооргийг бичиж дууссаны дараа Парисын нэрт хэвлэгч Пьер-Жюль Хетзелтэй танилцав. Бусад хэвлэлийн газрууд хүлээж авахгүй байсан “Агаарын аялал” өгүүллэгийг нь сонирхож байгаа эсэхийг нь асуужээ. Хетзелөгүүллэгийг нь хүлээн авч тэдний хооронд хагас зуун жил үргэлжилсэн хамтын ажиллагаа бий болжээ. Верний романуудын эхлэл, Хетзелийн шинэ төрлийн хэвлэл болох “Magazine of education and Resreation” – ийг гаргав. Хетзелийн энэ хэвлэлийн маш их ашигтай байгааг харсан англичууд ижил чиглэлээр ашиг олохын тулд “The boy`s own paper”-д Верний бүтээлийг анх Англи хэлээр хэвлэжээ. Яаран түргэн хийсэн энэ орчуулгууд ихэвчлэн дутуу дулимаг болж эх сэдэв дэх шинжлэх ухааны хэсгүүд алга болж, хамгийн сонирхолтой зүйлийг тодорхой гаргасангүй. Вернийг ийнхүү хагас дутуу танилцуулсан байна.

Гэвч Англи, Америк даяар нэр алдар нь түгж эхлэв. Тэрээр Хетзелтэй танилцсанаасаа хойш 2 жилийн дараа буюу 1864 онд алдарт бүтээл болох “Дэлхийн төврүү аялсан нь” номоо бичжээ. Энэ ном нь геологи, палеонтологи, байгалийн хуулийн тухай хүний эрс тэс үзэл бодолд тулгуурласан байна. Зохиолын баатар залуу Эксель өөрийн түүхээ өгүүлдэг. Уг номд дэлхийн гүн рүү бууж, эртний түүхт ертөнцийг нээж буй Акселийн яруу найргийн мөрөөдөл, түүний авга ах профессор Лиденброкийн шинжлэх ухааны нарийн ажиглалт хоёрыг уялдаатай тэнцвэржүүлэхийг оролджээ. Хүсэл мөрөөдөл, бодит байдлыг ийн холбож өгдөг нь Верний зохиолын нэгэн онцлог байгаа юм. Хойтон нь “Их буугаар сарны зүг” ном нь хэвлэгджээ. Ийм аялалын тухай бичих нь зөвхөн төсөөлөл таамаглалын хэлбэр хэмээн үзэж байсан уран зохиолын заншлыг Верн эвдэж, зохиол бүтээлээ шинжлэх ухааны хуульд тулгуурлан бичих болсон юм. Энэ зохиолын зарим хэсэг нь үнэхээр гайхалтай. Жишээ нь хөлөг хөөрөх газрыг одоогийн Флоридагийн Капе Канавералаас холгүйгээр дүрсэлсэн байсан бөгөөд Верн уншигчиддаа дэлхийн татах хүчээс салахад шаардлагатай анхны хурдыг тайлбарласан байна.

Дараа нь хэвлэгдсэн “Сарны эргэн тойронд” номдоо жингүйдлийн байдлыг маш зөв тайлбарлан харуулсан бөгөөд түр агаар мандалд орсон сансрын хөлөг галт бөмбөлөг болон хувирч хурдтайгаар Номхон далайд буусныг тодорхой өгүүлсэн байдаг. Гайхалтай нь энэ өгүүлсэн газар нь 1969 онд Аполло 11-ийн буусан газраас 5-хан км-ийн зайд байсан юм. Энэ хоёр романы зарим таамаглал хэрэгжих боломжтой бөгөөд учир нь Герман Оберт, Константин Циалковский зэрэг сансар судлалын анхны эрдэмтэд болон инженерүүд зохиолыг нь уншсан юм. Орчин үеийн сансар судлалд Верний дурдаагүй өнгөрсөн зүйлийг дутуу мэт хүлээж авах нь ухаангүй хэрэг бишээ. Шинжлэх ухааны хуулийг сонирхож байсныхаа хувьд Верн ирэх зууны сансар судлалыг хөгжүүлэх инженерүүдтэй тулгарч байсан техникийн бэрхшээлтэй мөн л адил тулгарч байсан. Тиймээс Верний таамаглалын бэлэн хариу нь орчин үеийнхтэй таарч байвал гайхах зүйлгүй юм. Гэвч Верний зохиолуудад шинжлэх ухааны алдаа байгаагүй гэж болохгүй. “Их буугаар сарны зүг” зохиол дахь хамгийн том эндүүрэл бол сансрын хөлөг нь шатахуунаар ажиллаагүй, харин бөмбөг дээр ойж хөөрдөг.

Гэвч тэрээр энэ хэсгийг албаар оруулсан байж болох юм. Романд маш олон удаа эргэлзэж байгаа байдал харагддаг нь Верн өөрөө ч аварга том бөмбөгт огт хэрэггүй болохыг сайн мэдэж байсныг харуулдаг. Жинхэнэ сансрын хөлгийг пуужингаар хөөргөдөг. Харин пуужин гэхийн оронд тэр үеийн үзэгчдэд ч уншигчид нь сарны аварга том их буу байсан гэвэл илүү амархан оүлээж авна гэдгийг тэр мэдэж байв. Мөн тухайн үед Америкийн дотоодын дайны дараа зэвсэг үйлдвэрлэгчид улайран өрсөлдөж байсан нь дээрх хоёр зохиолд уран хошиноор дүрслэгдсэн нь энэ байлаа. Далай тэнгисийн тухай анхны номоо 1868 онд Сомм мөрний эргээр аялахаар худалдаж авсан дарвуулт онгоцондоо эхэлжээ.

Дараа жил нь далайн тухай анхны роман болох “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” –ийнхаа сүүлийн засвараа хийв. Хэд хэдэн сонирхолтой намтрын дараа Наутилус (1800 онд Парис хотноо Роберт Фултон анх бүтээсэн усанд шумбагчийн нэрийг өгчээ) хөлгийн тухай гардаг энэхүү усан доорх түүхийн үйл явдал нь Верний зохиолуудаас хамгийн их уншдаг, олны дуртай зохиол болсон юм. Энэ зохиол анх гарахдаа нэлээд сонирхолтой маргааны сэдэв болж байжээ. Верн Хетзел хоёр Наутилусын ахмад Немогийн талаар маргалдаж байжээ. Хетзел Немог боолын наймааг эсэргүүцэгч болгон харуулах хүсэлтэй байв. Ингэвэл аялалын хугацаанд бусад хөлөг онгоц руу зэрлэгээр довтолж байгаа нь шударга зүйл мэт харагдах байжээ. Верн Немог Оросын эзэн хааныг үзэн ядагч польш хүн болгон харуулахыг хүсэж байв. (Энэ нь Польшид болсон бослогыг Оросууд харгислан дарахаас 5 жилийн өмнө болсон яриа юм). Гэвч Хетзел дипломат асуудал болон Орост Верний зохиолууд ихээр борлогдож байсныг зогсоохоос эмээн энэ санааг нь болиулжээ. Эцэст нь зохиолч хэвлэгч хоёр санаа нэгдэн Немог сонирхол татсан, нууцлаг, тодорхойгүй байлгахаар шийджээ. Немогийн тухай тодорохойгүй дүрслэн, эрх чөлөөний төлөө тэмцэгч, дарлагсдаас өшөө авагч болгон харуулжээ. Харин 1954 онд хийсэн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” кинонд Немог илүү тодорхой харуулсан бөгөөд уур хилэнгийн шалтгааныг нь зэвсэг үйлдвэрлэгч маягаар дүрсэлжээ. “Дэлхийг тойрсон 80 хоног” хэмээх өөр нэг кино нь Верний хамгийн их орлогтой романы нэг байсан. 1872 онд бичсэн энэ зохиол нь баатруудыг алс холын газар аваачдаг төхөөрөмж гардаг бусад зохиолоос ялгаатай нь тухайн үед байсан зам харилцаа, тээврийн хэрэгслийг ашигласан юм. Романыхаа баримтыг Суэцийн суваг нээгдсэний дараа хийсэн аялалын тухай нийтлэл, Томас Коокийн аялалын тухай товхимол, Погийн “Долоо хоногт гурван бүтэн сайн” (дэлхийг нар буруу тойрсон нэгэн хүн хугацаагаа буруу тооцож нэг өдөр хожсон тухай) зохиол зэргээс авчээ. Верний энэ зохиолд чанд зан чанартай англи эр, түүний туршлагатай зарц хоёрын дэлхийг тойрсон аялал, тэдэнд тохиолдсон олон адал явдлын тухай гардаг. Парисын сонинд хэсэгчлэн гарч байсан роман хэдхэн долоо хоногийн дараа ном болон хэвлэгдэж, Франц байтугай бусад улсад шинэ амжилт тогтоожээ. Нелли Бли, Жеан Коктау, С.Ж.Перелман зэрэг алдартнуудын тусламжтайгаар Верний нэр алдар 80 хоногоос бага хугацаанд нэмэгдсэн юм. Иймэрхүү сэдэвтэй 8 ном бичсэнийхээ дараа 1879 онд Верн сонирхолтой нэгэн роман бичсэн нь “Бегумын аз” байлаа.

Хетзел нас барсны дараа Верн дээр дурдсанчлан “шинжлэх ухаан болон техникийн сөрөг талыг тодорхой харуулсан” үзлээ илтгэсэн зохиол бичсэн юм. Уг зохиолд өөрсөддөө үлдсэн өв хөрөнгөө ашиглан Америкийн баруун хойд хэсэгт нэгэн хотыг байгуулж буй Франц Док.Саррасин, Герман Герр Шулц нарын тухай өгүүлжээ. Саррасин эв найрамдал бүхий нэгэн хотыг байгуулсан бол Шулц өндөр хөгжсөн, буу зэвсгийн үйлдвэр барьжээ. Франц-Пруссын дайны дараах Германчуудын эсрэг францчуудын үзлийг тусгажээ. Герр Шулц бол Верний бүтээлдээ гаргасан хамгийн анхны сөрөг талын эрдэмтний дүр билээ. Шулцын дүр нь ирэх зууны Германы харгис дэглэмийг таамагласан мэт байлаа. Ницше нь байгалийн шалгарлын тухай онолыг дэмждэг хүн бөгөөд хүн төрөлхтний дорой хэсгийг устган шинэ тэргүүний анги болох технологийн “дээд хүн”-ийг бий болгоход хамаг анхаарлаа хандуулсан нэгэн юм. Зохиол дахь Шулцийн бараан дүрслэл нь Верний өмнөх романуудаас огт өөр зүйлийг хөндсөн билээ. Верн энэ зохиолдоо хамгийн анх технологийн өндөр хөгжил нь муу үр дагаварт хүргэж болохыг, муу хүмүүсийн гарт шинжлэх ухааны мэдлэг орвол араатан болж хувирахыг харуулсан юм. Таамаглаж байсанчлан нийт францчууд энэ романыг нэг их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсангүй.

Верний бүтээлүүд эх орондоо богинохон хугацаанд 35000-50000 хувь(“Дэлхийг тойрсон 80 хоног” ном нь л гэхэд 108000 хувь) борлогдож байхад “Бегумын аз”-ын борлуулали тал хувьд байв. Шинжлэх ухааны талаарх гутранги үзлийг нь уншигчид нь хүлээж авсангүй. Верний роман дахь өөрчлөлт нь санхүүгийн эрсдэлтэй байсан ч хожмын бүтээлүүдэд нь ч ажиглагдах болжээ. Ёс суртахуун, нийгмийн асуудлын тухай голчлон бичих болсон бөгөөд зохиолын баатрууд нь шинжлэх ухаанаас хол байх болов. Хаяахан дүрсэлсэн эрдэмтэд нь дундаж төрлийн хүмүүс байлаа. Верни тухайн үеийн бэрхшээл, нийгмийн сөрөг талыг илүү их гаргахаар оролдох болов. Жишээ нь, “Нууцат арал” зохиолдоо Полинез арлын соёлыг устгаж буй улстөрчид, шашны төлөөлөгч нарт учирсан гай зовлонгийн тухай гардаг. “Мөснөөс Сфинкс хүртэл” номдоо аварга загаснууд ирээдүйд устах тухай бичсэн. “Нэгэн эксентрикийн гэрээслэл”-дээ нефтиэс болж байгаль бохирдож байгааг харуулсан бол 1901 онд бичсэн “Мододын орой дахь хот” номдоо зааныг соёоноос нь болж хядаж байгаа тухай өгүүлжээ. Верний уран зохиолын чиглэл өөрчлөгдсөнийг өмнөх бүтээлүүддээ хийсэн ажлаас нь харж болно. Жишээ нь, “Их буугаар сарны зүг” номоор эхэлсэн гурван ботийн сүүлийн боть болох “Өмнөд туйлыг худалдсан нь” номд хүнийг сансар луу илгээгээд зогссонгүй, дээрээс нь бөмбөг дэлбэлж дэлхийн тэнхлэгийн байрыг өөрчлөхөөр оролддог. Төслийн төгсгөлд бий болох байгалийн гамшиг нь хүн төрөлхтөнд эмгэнэлт хувь заяа авчрах тухай огт бодоогүй уг баатруудын нол зорилго нь туйлын мөсийг хайлуулан хөрсөн дэх баялаг эрдсийг нь авах байлаа. Верний уг зохиолын баатрууд нь өмнөх романы дүрүүдийн хариуцлагагүй, бардам занг нь илтгэсэн дүр болсон юм. Хэдий гэр бүл нь асуудалтай, хамгийн хайртай дүү нь нас барсан, эрүүл мэнд нь аажмаар муудаж байсан ч Верн нас бартлаа жилд 2-3 роман бичиж байв. Гэвч сүүлийн зохиолууд нь амжилттай байж чадаагүй юм.

“Нууцат арал”, “Мөснөөс Сфинкс хүртэл” зэрэг нь 10-аад мянган хувь борлогджээ. Сүүлд бичсэн “Гайхалтай Ориноко”, “Кипийн ах дүүс”, “Аялалын тэтгэлэг”, “Далайг эзэлсэн нь” зэрэг номууд нь 4-5 мянган хувь ч зараагдаагүй юм. Тэр ч байтугай энэ 4 зохиолын англи орчуулга өнөөг хүртэл байдаггүй билээ. 78 насны ойгоосоо хэдхэн долоо хоногийн дараа Верн дуусах дөхсөн хэлээд хэдэн бүтээлтэй байж байгаад гэнэт өвдсөн байна. Эцсийн мөч хүртлээ эрүүл ухаантай байсаар эхнэр Хонориндээ гэр бүлийнхнийгээ цуглуулахыг хүсээд 1905 оны 3-р сарын 24-нд нас баржээ. Амьен дэх гэрийнх нь ойролцоо оршуулж, 2 жилийн дараа булшин дээр нь хөшөө босгосон бөгөөд түүнд Верний гараа ододын зүг сунгасан боловч авс нь тээг болж байгаагаар дүрсэлжээ. 20 жилийн хойно Америкийн “Гайхамшигтай өгүүллэгүүд” нэртэй, зөвхөн шинжлэх ухаан, адал явдлын өгүүллэг нийтэлдэг сэтгүүл анхны дугаартаа Верний хөшөөг өөрийн таних тэмдэг болгон хэвлэжээ. Хюго Гернбак түүний зохиолын онцлогийг дурдахдаа анх “шинжлэх ухааны зөгнөлт зохиол” (science fiction) гэсэн нэр томъёог хэрэглэжээ.

Эх сурвалж: https://duraaraa.wordpress.com/

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ