Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал авсныг маань мартлаа хэмээн хэвлэлийнхэнд гомдоллов
2017 оны 1 сарын 11
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал авсныг маань мартлаа хэмээн хэвлэлийнхэнд гомдоллов


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаар, орчны бохирдлын талаар болон өчигдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн талаар сэтгүүлчдэд яг одоо Төрийн ордны Иргэний танхимд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдаанд төрийн өндөрлөгүүд, сайдууд, УИХ-ын гишүүд оролцсон. Мөн орчны бохирдлын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, нийслэлийн удирдлага оролцсон. Энэ хуралдааныг телевизээр шууд дамжуулаагүй. Учир шууд дамжуулаад эхлэхээр манайх асуудлаа биш өөрийгөө дөвийлгөх гээд байдаг. Иймээс асуудал руугаа анхаарлаа хандуулах үүднээс хаалттай хуралдсан. Монгол Улсын төрийн тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийдвэр гарсан, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэж байна. ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан.
Энэхүү зөвлөмжийг гаргахдаа Үндсэн хуулийн заалтаа үндэслэн гаргасан.

Тухайлбал, шилжилт хөдөлгөөнийг хорьсон нь Үндсэн хуулийг хорьсон гэж надаас асууж байна. Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой" гэж заасан байдаг. Энэ зөвлөмж нь Үндсэн хуульд нийцсэн, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн" хэмээсэн юм.
Мөн тэрбээр Агаарын бохирдлоос төлбөр авах тухай хуулийг 2010 онд УИХ-ыг шахаж байгаад гаргаж байсан. Давосын чуулганаар жил болгон би агаарын бохирдлыг ярьдаг байсан. Агаарын бохирдлын асуудалд хамгийн их анхаарал хандуулсан Ерөнхийлөгч гэж намайг Дэлхийн Байгаль орчны газраас шагнаж байсан.

Хэвлэл мэдээлэл хүртэл энэ асуудлыг тоож бичдэггүй байсан. Засгийн газар, УИХ хүртэл хууль санаачлаагүй. Нийслэл хотын агаарын бохирдлын хууль батлах санаачлагыг анх би гаргаж байсан. Үндэсний хорооны даргыг ахлах хүн ч байгаагүй" хэмээн хэвлэлийнхэнд гомдоллоод амжив.
Харин түүний мэдээллийн дараа "TM" телевизийн сэтгүүлч "Таны шагнал авсныг сэтгүүлчид бид мартсан байх. Гэхдээ та 2009 оноос хойш агаарын бохирдлын чиглэлээр ярьж байсан. Тэгвэл найман жилийн ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг дөнгөж одоо хүлээн зөвшөөрч байна вэ" хэмээн асуусан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний хариуд "Шүүмжлэлийг би хүлээн авна. Өөрийгөө магтсанд намайг уучлаарай. Утааны асуудалд улстөржүүлэлгүйгээр зорилт гаргаад ажилламаар байна. ҮАБЗ өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, зөвлөмж гаргасан. Энэ асуудал ярьж шийдвэрлэх асуудал биш. ҮАБЗ агаар, орчны бохирдлын асуудлыг гурван сар тутамд нэг удаа хэлэлцэж байхаар болсон. Утааны асуудлыг Үндэсний хороо сард нэг удаа, байнгын хороо улиралд нэг удаа хэлэлцэхээр болсон. Би энэ УИХ-ын бүрэлдэхүүнд маш их итгэж байна. Энэ УИХ-д олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс бий. Тэд нарт шийдэх итгэл, зориг байгаа. Энэ асуудплаар тодорохой шийдвэр гарахгүй бол УИХ-ын гишүүд, эрх бүхий хүмүүс цаг нөгцөөж байна гэж үзнэ" гэлээ.

Түүнчлэн "GoGo.mn" сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг "Таны ярианаас сонсоход их олон ажил хийж бүтээсэн байна. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал үеийн үед АН, МАН-ын улс төрийн маргааны улмаас иргэд хохирч байна. Яагаад өнөөдрийг хүртэл 21 аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогыг хийгээгүй вэ. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл яагаад биелээгүй вэ?" хэмээн асуухад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй" гэлээ.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ