Л.Банзрагч: Сошиалд “Банзрагч тоглолт хийнэ” гэхээс илүү “Банзрагч бааранд зодоон хийжээ” гэвэл илүү сонирхохоор болжээ
2017 оны 1 сарын 11
Л.Банзрагч: Сошиалд “Банзрагч тоглолт хийнэ” гэхээс илүү “Банзрагч бааранд зодоон хийжээ” гэвэл илүү сонирхохоор болжээ


МУСТА Л.Банзрагч 2017 оны салхийг хагалж "Жаргалтай жилийн аялгуу" уран бүтээлийн бие даасан тоглолтоо өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө тоглох гэж байна. “Ирж байгаа 2017 ондоо хүн бүр, айл өрх бүр, улс орон даяараа эрүүл жаргалтай, элбэг хангалуун байж эрхэлсэн ажил бүртээ амжилт гаргасан, эх орноо хямралаас гаргаж хөгжлийн замдаа нэг алхам урагшилсан сайхан жил байх болтугай гэж хүсч байна. Тийм ч учраас өөрийн тоглолтоо "Жаргалтай жилийн аялгуу" хэмээн нэрлэсэн юм  хэмээн Л.Банзрагч тодотгосон юм. Түүнтэй тоглолтынх нь өмнө уулзаж ярилцлаа.  


-Танд шинэ оны мэнд хүргэе. Өнгөрсөн 2016 он таны хувьд уран бүтээл, хувийн амьдрал, ололт амжилтын хувьд ямархуу жил болж өнгөрөв?

-Баярлалаа. Сайхан жил боллоо. Жилээс жил ирэх тусам сайхан байдаг. Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Эдийн засгийн хямрал боллоо гээд улс төрөөс бүх юм шалтгаалаад ч байгаа юм шиг. Миний хувьд улс төр байсан ч эс байсан ч ер хамаагүй. Уран бүтээлчдийн хувьд дуугаа дуулаад л явж байхад болно. Гадуур сошиалаар яваад байгаа, хүмүүсийн тархийг угаагаад байгаа энэ асуудал бол хэн нэгний эсрэг явуулж байгаа улстөрчийн ч юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн хар пи-ар л гэж ойлгож байна. Түүнээс бүгд ажил, амьдралаа зохицуулаад явж байна. Өнөөдөр харин долларын ханш өсөөд хямралтай байгаа юу байгаа. Бүгд л дор бүрнээ амьдралаа аваад л явцгааж байна шүү дээ.

-Сошиал гэснээс та сошиал сүлжээг хэр ашиглаж байна. Зарим хүний хувьд өглөө босоод “Фэйсбүүк”-ээ шалгахаас амьдрал нь эхлээд байх шиг?

-Яалт ч үгүй сошиал ертөнцөөс аялхаас өөр аргагүй болж байна. Бүх мэдээллээ эндээс авч байна. Хүмүүстэй харилцаж байна. Утсаар ярих шаардлага нэг их гарахгүй бие биеэ хаана явааг “Фэйсбүүк”-ээс мэдчихэж байна. Тэндээсээ мэдээлэл авч байна, хүмүүст мэдээллээ тарааж байна. Тэгэхээр сошиал ашиглахаас өөр аргагүй болж байна. Ялангуяа тоглолт болох гэж байгаа сүүлийн өдрүүдэд сошиалд байна.

-Сошиалын хэрэглээ танд хэр санагддаг вэ. Манайд хар бараан мэдээлэл илүү хурдацтай тардаг?

-Хар бараан мэдээлэл хурдацтай тарж байгаатай санал нийлнэ. Би тухайлбал, сайн үйлсийн аянд нэгдээд “Осолгүй манлай жолооч” 10 хэдэн жолоочид өөрийн гарын бэлэг, тоглолтын урилгаа өгсөн. 20,30 хэдэн жил ямар ч зөрчил гаргаагүй жолоо барьсан, машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцдог осол гаргадаггүй жолооч нараа урамшуулж, дүрэм зөрчдөг нөхөд үлгэр жишээ аваасай. Согтуугаар машин барьдгаа болиосой гээд уриа дэвшүүлээд энийгээ мэдээ болгоод сошиал хуудсаар түгээхэд хандалт нь бараан мэдээнээс бага байна. Миний тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Увс хүнс” компанийн чацарганы шүүс ажиллаж байгаа. Утааны голомтод байгаа хүүхдүүдийн нэг өдрийнх нь чацарганы хэрэгцээг хангая гээд ажилласан. Эх нялхаст хэвтэж буй хүүхдүүдийн нэг өдрийн чацаргана 450-500 литр  байдаг юм билээ. Ингээд бид эх нялхаст чацарганын шүүс хүргэж өгсөн. Тэр үед жижигхэн сурвалжилга хийгээд “Фэйсбүүк”-тээ оруулаад харж байхад хандалт бага байх жишээтэй. Хүмүүс нэгнийхээ муу муухай зүйл рүү илүү анхаараад нийгмийн сайн сайхны төлөө нэг нь юм хийгээд явж байхад түүнд нь бага анхаардаг болчихсон юм байна даа гэж гайхсан шүү. Сайн талаа ерөөсөө хардаггүй, дандаа бараан талаа олж хардаг болчихож. Хил дээр адуу үхэж байна гэхэд баахан шуугиснаа цас зудтай аймгуудад тусламж хүргээд явж байгааг нь тоохгүй байх жишээтэй. Ер нь бараан талын юмыг хүмүүс илүү сонирхдог болж. Банзрагч тоглолт хийх гэж байна гэхээсээ илүү Банзрагч бааранд зодоон хийжээ гэвэл илүү сонирхохоор болжээ.

-Тэгвэл та ямар мэдээллийг түгээдэг вэ. Энэ тал дээр та өөрөө хэр цензуртэй вэ?

 
-Би түгээх юмаа түгээнэ. Түгээхгүй юмаа түгээхгүй. Хар бараан мэдээг ер нь түгээдэггүй. Харин олон түмний тусын тулд явж байгаа мэдээллийг түгээдэг. Хорлоо эмээ гээд мэдээлэл байна. Түүнд нэг залуу гадаадаас хэдэн доллар шилжүүлээд тэрийг нь аваачиж солиулаад гэрт нь аваачиж шинэ жилийнх нь юмыг бэлдлээ гээд мэдээллийг харахад гоё санагдаж байсан. Сайн үйлс хийдэг манай хэсэг дүү нар байдаг. Тэд шинэ жилээр яриад охин нь дөрвөн хүүхэдтэй, өөрөө бие муутай, охиныхоо дөрвөн хүүхдийг хардаг түрээсийн гэрт амьдардаг айлын хашаанд түлээ нүүрсгүй нэг айл байна тусалъя гээд ярьсан. Бид “Цайз 16”-гаас нэг портер нүүрс аваад очиж гэрийнх нь гадаа буулгаж аваад тэр сайн санаатай дүү нар нийлж хүүхдүүдэд нь хувцас авч өгөөд нэг хүнд буян болоод ирсэн. Тэр хүмүүс “Баярлалаа” гээд үлдсэн. Иймэрхүү нийгмийн сайн сайхны явж байгаа хүмүүсийн мэдээллийг ер нь түгээдэг. Идсэн уусан тэгсэн гэнэ, гэмт хэрэг энэ тэр гэсэн мэдээллийг өнждөг. Нэгэнт стресстэй байгаа нийгэмд дахиад стресс нэмж тийм зүйл түгээж яах юм. Харин өчүүхэн ч гэсэн сэтгэлийг нь зөөллөх тийм мэдээллийг түгээхийг хичээдэг.

-Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө тоглолтоо хийснийг санаж байна. Үүнээс хойш хэр уран бүтээл гаргав аа?




-Бараг нэг цомгийн дуу болсон. Өвөрмонголд уригдсан. Тэндхийн цагаан сарын бичлэгт оролцоно. Тоглолтынхоо маргааш явна.

-Энэ удаагийн тоглолт ямар онцлогтой болох вэ. Тоглолтын бэлтгэл хангагдчихсан уу?

-Тоглолтын бэлтгэл хангагдсан. Одоо билетний борлуулалтаа ажиглаад л байж байна.

-“Жаргалтай цагийн аялгуу” тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Тоглолтод маань А.Мөнхбат, Д.Бурмаа нар маань хүрэлцэн ирнэ. Мөн ойрад бий биелгээг уламжилж авч яваа бүжигчин байдаг. Тэр хүний шавь нар оролцоно. Амьд хөгжмийн хамтлаг ч тоглоно.


-Та гурав нийлээд орон нутгаар тоглолт хийдэг хэвээрээ юу?

-Хоёр удаа явж тоглосон. Сүүлийн хоёр жил өнжөөд байна.

-Ер нь Монгол орныхоо бүх сум суурингаар аялан тоглоод үзчихсэн үү?

-А.Мөнхбат бүх сумаар очсон гэдэг. Миний хувьд очоогүй сумууд бий.

-Нийтийн дуучид жилдээ нэг, заримдаа хоёр ч удаа тоглодог. Таны хувьд хоёр жилийн дараа тоглож байна. Хэр шат ахисан гэж бодож байна?

-Жил ирэх тусам л хүн чамбайрч өмнөхөөсөө суралцдаг. Мөн жил ирэх тусам техник технолги хөгждөг. Тэгэхээр хоёр жилийн өмнөхөөс өөр 2019 оны тоглолт гэхэд энэ удаагийнхаас дахиад техник технологийн хувьд шинэчлэгдчихсэн, тайз засалт хөгжмийн дуугаралт нь шал өөр болчихсон байна. Ер нь хүн жил ирэх тусам суралцаж, хөгжиж байх ёстой. Хүн ер нь суралцаж дуусдаггүй байх. Миний хувьд ч бас суралцаад явж байна. Урьд урьдынхаа тоглолтоос сайныг нь аваад алдсаныг нь эргүүлж хараад сайн тоглолт хийх юмсан гэж хичээж байна. Миний дуунуудыг хүмүүс мэдэх учраас ямархуу тайз засалт, хөгжмийн дуугаралт, оролцож байгаа уран бүтээлчид, ерөнхий хувцаслалт гээд бүгдийг нь харж байж тоглолтын өнгө төрхийг тодорхойлдог учраас тийм л гоё юмыг үзэж харах гэж үзэгчид ирдэг. Тэгэхээр тийм л гоё орчныг бүрдүүлэх гэж манай баг ажиллаж байна.

-Тоглолтынхоо дараа Өвөрмонгол руу явна гэлээ. Ер нь Өвөрмонголтой уран бүтээлийн хувьд хэр холбоотой байна?

-Манайхны дуунуудыг хамгийн их дэлгэрүүлж дуулдаг улсууд маань өвөрмонголчууд. Тэнд очиход дандаа бидний дуу явдаг. Өвөрмонголын хүний машинд аа сонсдог. Монгол уран бүтээлчдийг их хүндэлдэг. Яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой хамтарч ажилладаг. СУИС-д олон өвөрмонгол оюутан суралцаж байна. Тэд эндээс сурч мэдсэнээ тэндээ очоод Монголын соёлын урлагийн үрийг тарьцгааж байна. Өвөрмонголын урлаг нэг үеэ бодоход мундаг хөгжсөн.

-Уртын дууны анги төгссөн хүний хувьд уртын дуу дуулах бодол бий юу?


-Уртын ер нь дуулаагүй. Гэхдээ уртын дуугаар цомог гаргах бодолтой байгаа. Уртын дуу амьсгаа, форм их шаарддаг учраас зүгээр дуулчихаж болохгүй. Нэлээд бэлтгэл хийх шаардлагатай. Олон жил дуулаагүй учраас амьсгаа байхгүй болчихдог. Уртын дуу ч амьсгааны урлаг. Дахиж дасгал хийж, амьсгаагаа задалж байж дуулахгүй бол болохгүй.

-Таныг дуулж эхэлж байх үед нийтийн дуу хүмүүст хүрч эхэлсэн үе байдаг. 2003, 2004 он байдаг. Та сурч байхдаа төгсөнгүүтээ уртын дуу дуулна гэж бодсон уу. Ер нь нийтийн дуу зах зээл элбэг гэж харав уу?


-Би 1996 онд Увсын театрт орсон. 1996 онд дуучнаар. Ингээд 1999 онд СУИС-д орсон. Увсын театрт байхдаа богинын дуу дуулдаг байлаа. Тэгээд л уртын дуугаар сурч байсан хажуугаар нь дуугаа дуулаад явсан.
 
-Танай нутгаас олон сайн бөх төрөн гарсан. Та багадаа барилдаж байв уу?


-Багадаа хонины бэлчээр үеийнхэнтэйгээ барилддаг л байсан. Манай үеийнхнээс улсын харцага Батбаатар гэж байна. Аймгийн арслангууд бий. Ялангуяа манай сум бөх олонтой. Тэс сумаас олон бөх төрсөн. Хамгийн сайн барилдаж байгаа нь манай харцага Баасанхүү байна. Аймгийн арслангууд, аймгийн цолтой бөхчүүд олон бий.


-Ойрд нутагтаа очив уу. Өвөлжөө хэр байна?
 
-Би жил бүр очдог. Саяхан 10 дугаар сард нутагтаа очоод ирсэн. Сайхан өвөл болж байна лээ.

-Баруун аймгийнхан тэр дундаа танай нутгийнхан бий биелгээг уламжилж авч яваа. Таны хувьд бий биелгээнд хэр вэ?


-Би тэр тал дээр эвсэлгүй. Манай баруун талынхан бий биелээчид байдаг. Миний “Хөх толботой Монгол” гээд шинэ дуу гарсан. Тэр дууны хөгжмийн найруулга нь бий биелгээний хэмнэлтэй. Тэр дуундаа ганц нэг хөдөлгөөн оруулж өгсөн шүү. Клипэнд маань “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчийн нэг “Алтай” хамтлаг оролцсон.

-Гадаад улсад амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хэр хүргэж байна вэ?

-Би Америкийн нэгдсэн улсад хоёр удаа очсон. Тэнд амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэсэн. Солонгост гурван удаа очиж тэнд байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэсэн. Ерөнхийдөө гадаадад амьдарч байгаа монголчуудтайгаа уран бүтээлээрээ уулздаг. Европын орнуудад тоглох урилга ирсэн. Швед, Бельги, Швейцари, Итали, Германд байгаа монголчууддаа очиж уран бүтээлээ хүргэнэ.

-Танай үеийн дуучдаас нэг нь улстөрч, гишүүн болоод явчихлаа. Танд улс төрд оръё гэсэн бодол байдаг уу?

-Улс төрд анхнаасаа ороогүй юм чинь орохгүй. Мэдээж улс төрийн хүрээнд таньдаг хүн олон бий. Бүгдийнх нь тойрогт нь ажиллаж байлаа. Ер нь бол улс төрд ороход өөрийн тодорхой мэдлэг, чадвар хэрэгтэй. Ямар салбарт очвол яаж авч явах ёстой, юунд орвол юу ярих вэ гэсэн боловсрол байх ёстой гэж боддог. Улс төр тоглоом биш шүү дээ.

-Хүмүүс үе үеэрээ амбицтай байдаг. Таны хувьд хэр амбицтай вэ. Дуугаа дуулаад тийм өндөрлөгт хүрнэ дээ ч гэдэг юм уу тиймэрхүү амбиц бий юу?

-Ер нь бол Монголын урлагийн зах зээл жижигхэн. Нэг хэсэг нь залуус, хүүхдүүд байна. Өөр төрлийн дуунууд хип хоп, гадаад дуу сонирхож байна. Дундаас дээш насныхан гэхэд дотроо бас хуваагдчихна. Рок поп, гадаад гэнэ. Тэндээсээ амьдралын түвшингээрээ хуваагдана. Ядуу буурай, хүмүүс байна. Өөрсдийн хоногийн хоолоо яая гэж байж юун тоглолт үзэх хүмүүс ч бий. Бас огт урлаг сонирхдоггүй, хошин шог л хааяа үздэг хүмүүс байна. Ингээд үзэхээр нийтийн дуу сонирхдог, урлаг сонирхдог хүмүүсийн тоо хязгаарлагдмал. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд сонсогч түмэндээ чанартай уран бүтээл хүргэхийг л хүсдэг. Түүнээс би улстөрч болно, би тэгнэ гээд явах амбиц надад байхгүй.

-2017 ондоо ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?

-Цомгоо гаргана даа. Гурван сарын Мартын 8-ны тоглолтуудад оролцоно. Уртын дууныхаа цомог руу орно. Хувийн амьдралдаа амжуулах ажлууд олон бий. Төлөвлөсөн ажлууд нэлээд бий. Шуурхай ажиллана гэж бодож төлөвлөж байна даа.  

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Сонсогч олондоо хандаж, нэгдүгээр сарын 11-нд “Жаргалтай жилийн аялгуу” тоглолтын маань хойморт хүрэлцэн ирэхийг урьж байна.
-Ярилцсанд баярлалаа, тоглолтод тань амжилт хүсье.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ