Б.Батцэцэг: Би монгол хонины ноосыг дэлхийд таниулах хүсэлтэй
2017 оны 2 сарын 10
Б.Батцэцэг: Би монгол хонины ноосыг дэлхийд таниулах хүсэлтэй

Анх “Фэйсбүүк” хуудаснаас монгол хонины ноосоор хувцас үйлдвэрлэдэг тухай мэдээллийг авч байлаа. Улмаар цахим сүлжээн дэх “Эвт гурван од” компанийн хуудсаар зочлоход загварууд нь ихэд таалагдсан учраас тэр гоё загварыг урладаг бүсгүйтэй уулзахыг хүссэн юм. Ингээд “Эвт гурван од” компанийн захирал Б.Батцэцэгтэй холбогдоход бидний саналыг уриалгахан хүлээж авсан билээ. Хоббигоо хөгжүүлж, хувийн бизнес болгож чадсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Фэйсбүүк” сүлжээнд “Цэнхэр үст” Цэрэн өөрийн тань урласан даашинзыг өмсөж зураг авалт хийлгэснээ өөрийнөө хуудсанд нийтэлснээр таныг хүмүүс эчнээ таньдаг болсон. Харин энэ загварыг ямар хүн урладаг нь манай уншигчдад сонин байна байх. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Батцэцэг гэдэг. Уул уурхайн мэргэжилтэй. Одоо бол гэртээ хонины ноосоор хувцас хийж байна. Миний хувьд ноосон хувцсанд дуртай. Ноосон хувцас харчихаад энийг биед суусан хэлбэртэй, гоё загвараар хийх юмсан гээд боддог байлаа. Өглөө гараад орой ирдэг ажилтай. Орой ажлаасаа ирээд үр хүүхэд, гэр орны ажил гээд хоббигоо бодох завгүй байлаа. Харин 2009 онд бага охиноо төрүүлэх гээд жирэмсний амралтаа аваад гэртээ суусан. Энэ үедээ завтай болчихсон учраас бодож байсан нөгөө гоё загваруудаа гаргая гэж шийдсэн. Тэгээд охиноо төрүүлчихээд нэг тооцооллын курст сурсан. Тэр тооцооллын курст нь мэргэжлийн хүмүүс суралцдаг учраас над шиг сүлжиж үзээгүй, нэр томъёо мэдэхгүй анхны шатны мэдлэггүй хүмүүс ойлгохгүй юм билээ.

Тэгээд яг нэхэж сурч байж тооцооллыг ойлгох ёстой юм байна гээд 4,5 хоног хувийн сүлжмэлийн газарт дагалдан хийж сүлжмэлээ сурсан. Үүнийхээ дараа тооцооллоо хийж сурсан даа. Би Эрдэнэт хотын хүүхэд. Тэндээ 10 жил төгссөн. Дизайны хуваарь ирэхэд нь өрсөлдөөд авч чадаагүй л дээ. Тэгээд уул уурхайн мэргэжил сонгосон. Манайхан ГОК-д ажилладаг уул уурхайн талын хүмүүс байсан болохоор тэднийгээ дагасан.

-Тэгээд л шууд загваруудаа хийгээд эхэлчихсэн үү?

-Тийм ээ. Анхныхаа загваруудыг “Говь”-ийн ноолуураар нэхсэн. Ноосон утас гэж мэдэхгүй, ноолууран утас л байдаг юм байна гэсэн ойлголттой байсан. Ноолуураар 20 гаруй загвар гаргачихаад түүнийгээ оюуны өмчөөр патентжуулаад “Гоёл-2012”-т оролцож байлаа. 2011 онд компаниа байгуулсан. Хэдэн хүн ажиллуулах байх, компани байсан нь дээр юм байна гэж бодсон. Ингээд анх эхэлж байгаа хүнд ноолуураар нэхэхэд жоохон асуудал байсан. Учир нь ноолуур нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт дуртай өнгөө очоод авах боломжгүй,гуравдугаарт хэтэрхий зөөлөн болохоор бие барьсан загваруудад хэлбэрээ алдах тал байсан. Харин хэсэг хугацааны дараа хятад хонины ноос гэж утас байдгийг мэдэж авсан. Хятад утас зарим нь гайгүй ч , зарим нь чанаргүй цаанаа биш харагдаад байсан. Үндсэндээ нэг л сэтгэл дундуур байсан учраас дундуур нь хэсэг завсарласан. Хоёр жил үүнийгээ хийгээгүй.


Гэтэл хоёр жилийн өмнө “Монгол ноос” компани монгол ноосон утас гаргаж байна гэж сонсоод бөөн баяр болсон. Цаанаасаа л энэ л яг миний утас байна, би үүгээр л хувцсаа хийнэ гээд тэдний утсаар загваруудаа хийгээд эхэлсэн. Тухайн үед 100 хувийн цагаан хонины ноосоор 19 загвар хийж оюуны өмчөөр батлуулсан. Загваруудаа өгөхөөр бараг жилийн дараа хариу нь гардаг юм билээ. Ингээд 19 загвараа 2016 онд патентжуулсан. Ойр зуурын хэдэн үйлчүүлэгчтэй болчихоод байсан. Ингээд санаанд тохирсон загваруудаа хийдэг болчихлоо. Одоо олон хүнд хүргэчих юмсан, олон хүүхнийг баярлуулчих юмсан гээд бодож байсан. Тэгсэн чинь цаанаасаа л сонссон юм байлгүй Цэрэн эгч давхиж ирээд л бужигнуулчихсан шүү дээ. /Инээв/

-Өмнө нь гараараа юм нэхдэг байв уу. Ер нь хүмүүс гараараа ороолт бээлий нэхэж эхэлсэн байдаг?

-Би багаасаа зураг зурах дуртай. Өөртөө болон дүү нар, найз нөхөддөө хувцсыг нь хийж өгдөг хоббитой байсан. Гараараа хоёр зүүгээр оймс, юм нэхэж л байсан.

-Танай бүтээгдэхүүний үнэ боломжийн санагддаг. Та зах зээлийн үнээ яаж тооцож байгаа вэ?

-Би ямар ч байсан монгол хонины ноосыг сурталчилна, монгол хонины ноосоор дагнана гэж боддог. Монголчууд дээр үеэсээ бүх талын мэдлэгтэй агуу ард түмэн. Тийм ч учраас хонины ноосны онцлогийг мэддэг байсан болохоор бүх зүйлээ гэрийн эсгий, гудас, хөнжил, хувцас хунараа хийнэ. Хонины нэхийд хүүхдээ өлгийддөг. Тэгэхээр хүүхдэд муу юм ойртдоггүй. Хонины нэхийгээр дээл хийж өмсөнө. Дотроо сэрүүний улиралд хурган дээл,хүйтний улиралд сэгсүүргэн дээл, бүр хүйтэнд нэхий дээл олон төрөл загвараар хийдэг байсан. Бүр хүүхдэдээ ишигний арьсаар дээл хийж өгсөн ч энгэрт нь хонины арьс оруулдаг байсан байхгүй юу.

Хонины ноос нэгдүгээрт хямд, хоёрдугаарт зөөлөн, гуравдугаарт дулаан, дөрөвдүгээрт хүний биед шингэсэн хорт бодисыг гадагшлуулдаг,хөлс чийгийг их сайн гадагшлуулдаг,амьсгалдаг, амьд шинж чанартай. Сүүлийн үед утаа, компютер, гар утасны хорыг өөртөө шингээдэг гэж сонсож байна. Бүр аагим халуунд үстэй дээлээ буруу харуулаад өмсчихөөр сэрүүхэн байдаг гэдэг. Дулаанд сэрүүхэн, сэрүүнд дулаахан шинж чанартай.

Ер нь судлаад байх юм бол монгол хонины ноос дэлхийд танигдаагүй шинэ зүйл.Монголд хонины ноосноос их бөгөөд хямд юм байхгүй шүү дээ. Монголчууд хонины ноосоороо өөрсдөө утсаа хийж байгаад би их баяртай байгаа. Би “Могол ноос” компаниас утсаа авдаг. Тэдний захирал бүр үүнийгээ ноолуур гэж нэрлэдэг юм билээ. Шинэ технологиор хялгасыг нь сайн түүж авдаг. Тэгэхээр өмсөхөд хатгахгүй, богино ширхгүүдийг нь сайн ялгадаг учраас бөөгнөрөх нь бага. Монгол ноолуур гэж нэрлэдэг юм билээ. Тэгэхээр монгол хонины ноолуураар монгол брэнд, үндэсний үйлдвэрлэл хийдэг хүмүүсээ дэмжих хэрэгтэй юм байна гэж хардаг. Тиймдээ ч үнээ боломжийн тогтоодог л доо.



-Танай хуудсанд хүмүүс “Өмд хийж байгаа юу” гэж нэлээд асуусан байсан. Бариу ретуз гэдэг дээ, тийм өмд хийж байгаа юу?


-Бариу өмд хийвэл ч хийчихнэ л дээ. Гэхдээ яг ийм өмднүүд гадуур янз бүрээрээ байна. Миний хувьд аль болох гадуур хийгээд байдаггүй зүйлийг л хийе гэж боддог. Харин таазаараа өргөн сул өмд сүүлийн үед хэдийг хийсэн. “Могол ноос”  компани хоёр янзын утас гаргадаг. Нэгдүгээрт, 60/40 харьцаатай монгол, австрали хонины ноос холилдсон 20 гаруй өнгийн утас. Хоёрдугаарт, 100 хувь  монгол хонины ноос болохоор яг ноолуур шиг шинжтэй агшдаг, ноолуур шиг арчилгаатай, угаах тусам зөөлөрдөг. Өнгөний хувьд яг байгалийн будаггүй хонины ноосныхоо өнгөөр цагаан, цайвар, цайвар саарал, цайвар хөх, цайвар бор, цайвар хар гээд өнгүүд бий.

-Цаашид дан энэ загваруудаараа дагнах уу. Ер нь гадуур хувцас хийх бодол байгаа юм. Тухайлбал, нимгэн пальто ч юм уу?


-Би гэрийнхээ нэг өрөөг ажлын өрөө болгосон болохоор нэхмэлийн нэг л машинтай. Тэр нь ерөөсөө л ийм загварууд хийж байна. Зузаан гээд хоёр давхраар гаргаж болно л доо. Мэдээж үйл ажиллагаа маань өргөжөөд явбал пальтоны эсгүүр гаргаад хийж болох л байх. Хүмүүс пальто хийдэг үү гэж нэлээд асуудаг л юм.

Айл бүр жижиг бизнес эрхлээд өөрсдөө чанартай юм хэрэглээд сурчихаасай

-Таны хувьд гэртээ ажиллахаар давуу талтай юм. Хувцсаа хийхийн хажуугаар гэрийн ажлаа ч амжуулчихна. Гэхдээ цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодол бий юу?

-Юу юугүй захиалга ихэсчихвэл гэртээ багтахгүй. Хэдэн машин нэмж аваад, ажилтнуудтай болоод яалт ч үгүй гарч таарна. Одоохондоо болоод байгаа болохоор нэг их тэгж бодохгүй байна. Чиний хэлдгээр их давуу талтай л даа. Гэрийнхээ ажлыг амжуулаад, үр хүүхдэдээ хяналт тавихын зэрэгцээ ажлаа амжуулна. Орж гарч цаг үрэхгүй амар байна. Одоо хүмүүс өглөө гараад орой ирдэг учраас үр хүүхэд, гэр орныхоо ажлыг гадны хүнд даатгачихаж байна л даа. Цэцэрлэг, сургууль гээд эсвэл зөнд нь хаячихна.

Уг нь монголчууд халуун дулаан уур амьсгалтай байсан. Гэртээ бүх зүйлээ хийдэг, хоол унд, өмсөж зүүхээ гэртээ л хийнэ. Байнга хөдөлмөрлөж, түүнийг нь үр хүүхэд нь харж суралцаад, оролцоод явдаг байсан. Гэтэл одоо үед өглөө гараад орой ирцгээгээд бүгдээрээ нэг нэг өрөөнд ороод хаалгаа хаагаад сууцгаачихна. Тэндээ ганцаараа жаргаж байна уу, зовж байна уу бие биеэ хамаарахгүй, амиа бодсон хүмүүс болчихсон.

Ер нь үйлдвэрлэл том байх тусмаа зардал ихтэй, хог хаягдал, агаарын бохирдол,олон хүний хүч хөдөлмөр цаг завийг авна, гэр орон дуртай юмандаа цаг зав гаргаж чадахгүй их стресстэй амьдарч байна. Гэтэл өмнө нь монголчууд авсаархан айл бүр бүх юмаа өөрсдөө хийчнэ хэнээс ч хамааралгүй, хамгийн хямд, хамгийн чанартай, хамгийн байгальд ээлтэй, хамгийн хүний эрүүл мэндэд тустай, хамгийн хаягдалгүй цэвэр орчинд амьдарч байсан. Миний бодлоор, болж өгвөл айл бүр жижиг бизнес эрхлээд өөрсдөө чанартай юмнуудаа хэрэглээд сурчихвал энэ томчуудын гаднаас оруулж ирсэн амттан нэртэй хор, брэнд нэртэй үнэтэй зүйлүүдийг шахаж гаргах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ эдийн засгийн хямралаас гарах бас нэг зам гэж хардаг.

-Тийм шүү. Өрх бүр өөрсдөө үйлдвэрлэгч болчихвол тухайн өрхийнхөө эдийн засагт ч хэмнэлттэй?

-Ер нь хэтэрхий тансаг хэрэглээ утгаа алддаг. Юм энгийн байх тусмаа эрүүл мэндэд тустай, хүний сэтгэл ханамжид ч гоё таардаг. Сүүлийн 25 жил гадныхныг дуурайгаад хувь хүний эрх чөлөө гэж дураараа дургиж, монгол ёс заншлаа гээснээс болоод хүний мүс чанар их алдагдсан л даа. Одоо гэхдээ муу цагийн төгсгөл дуусаад, сайн цагийн эхлэл ирж байгаа болохоор бүх хүний монголоо гэсэн сэтгэл сэргэж байна. Би чинь харахад европ стилтэй хэрнээ их үндэсний үзэлтэй,монгол хоолоо идэж, монгол хувцсаа өмсөнө ч гэдэг юм уу ер нь монгол юмандаа их дуртай.

-Гэр бүлийнхнээ та өөрөө л хувцаслачихаж байна уу?

-Ерөнхийдөө тийм. Бүгдийнх нь цамц, даашинзыг хийгээд өгчихвөл тэгээд хувцас худалдаж аваад байхгүй. Сүүлийн үед бартер хийгээд бараг бүх юмаа авчиж болхоор санагдаж байгаа шүү. Ноосон хувцаснууд их амар. Бие бариад байхгүй, чөлөөтэй, тэр бүр үрчийхгүй, овор багатай, өмсөж тайлахад ч амар гээд давуу тал зөндөө л дөө. Сүүлийн үед монгол хонины ноосоор цагаан сарын дээлээ их захиалах хандлагатай байна. Дараа нь өдөр тутамдаа ч өмсөөд байсан болохоор давуу талтай, тэрийгээ бас бодолцох болжээ, манайхан.

 


- Гэр бүлээ танилцуулаач. Өрхийн үйлдвэрлэлдээ гэр бүлийнхэн тань хэр тусалж байна?

-Манайх хоёр охинтой. Гэр бүлийн хүн маань нисэхэд ажилладаг. Миний хань намайг сайн дэмжинэ ээ. Тэдэн грамм тийм өнгийн утас аваад ир гээд явуулчихна. Цахим хуудастаа оруулах зураг, бичлэгийн асуудлыг чи чадна аа ингэж тэгж янзалчих гээд л, би чинь бэлэн туслахтай. Манай хүн мэргэжлийн хүн биш ч сонирхолтой болохоор зураг бичлэгийг яаж ийж байгаад миний санаснаар хийчихнэ. Би ч тоогоо бодоод л, хувцсаа л нэхнэ. Ер нь чаддаг, сонирхдог юмаа хийсэн дээр гэж боддог юм. Тэгвэл цаг зав зарах нь бага.

-Охидынх нь загварын мэдрэмж хэр байна. Ээжийнхээ авьяасыг өвлөсөн үү?

-Манай том охин бол авьяастай. Би ажил ихтэй болохоор хоёр хүүхдээ сайн анхаарч чадахгүй байх үе бий. Манай том охин юм юманд сонирхолтой. Тухайлбал, англи хэлийг хүүхэлдэйн кино, компютерээс маш сайн сураад дүүдээ бас заагаад өгсөн. Ямар сайндаа манай дүү гадаадаас манай охинтой яриад танай хүүхэд ямар цэвэр ярьдаг юм, ямар мундаг юм гэхгүй юу, тэгэхээр нь охиндоо миний охин чинь өөрөө англи хэлийг их сайн сурчээ гэсэн чинь, ээж минь дээ энэ чинь амархан бүх хүүхэд л над шиг сонирхвол ингээд л сурчихна гэдэг хүн дээ.

Интернэтээс цаасаар хийж болох бүх л юмыг хийж байна, тэр нь хөөрхөн янз бүр болж хувирч хөдлөх юм, бас илбэ сурах юм, ер нь юм юмыг хийж үзээд учрыг нь олчихоод дараагийн юмнууд руу л ороод байгаа бололтой. Хийсэн юмнуудаа ангидаа аваачихаар ангийнх нь мөнгөтэй хүүдүүд худалдаад авчихдаг гэсэн. Одоо өөрийг хийнэ, тэд одоо уйдсан ч гэх шиг надтай зэрэгцээд захиалга аваад байх шиг байгаа юм. Одоо дунд ангид ороод хими, физикийн хичээлд их сонирхолтой. Робот, машин хийнэ гээд үзэж тараад байх шиг байгаа юм. Ер нь сүүлийн үеийн хүүхдүүд сэтгэлгээ нь их өөр юм.

Ихэвчлэн англиар ярина. Эхэндээ би англиар яриад байхаар нь “Англи хэл сурчихаж овоо доо, миний хүүхдүүд яриад бай” гэдэг байлаа. Сүүлдээ байнга яриад байхаар “Одоо болсон шүү” гэдэг болсон. Мэдээллээ авах гээд өөрсдөө сурчихдаг юм байна. Ээж зарим хүмүүс гоё юм мөрөөдөхгүй байна, бодохгүй байна, холограмаар бүхнийг бодитоор хараад гоё юмаа хийж болно шүү дээ гэх шиг, дэлхийн татах хүчнээс жоохон их хүч гаргаад нисээд яваад байвал энэ машин хэрэглэж утаа тарихгүй ч гэх шиг миний толгой хүрэхээ байсан. /Инээв/

Том охин маань дандаа механик юмнууд сонирхоод байх юм миний загвар, даашинз сонирхохгүй юм даа гээд жаахан санаа зовж байлаа. Гэтэл үздэг хүүхэлдэйн киноноосоо сэдэвлээд загварууд зураад тавьчихсан байна. Тэгэхээр нь энэ чинь бас эмэгтэйлэг, даашинз, загвар сонирхдог юм байна, ашгүй миний юмыг үргэлжлүүлэх нь гээд баярлаад байгаа юм. Бага нь алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр дуурайгаад юм хийгээд л, миний эгч хамгийн ухаантай бүгдийг чадна гээд л байдаг юм.
 
- АЖ А.Долгор танай хадам ээж юм билээ. Таны үнэнч үйлчлүүлэгч биз?


-Тийм ээ, манай хүний ээж. Би чинь их азтай. Гоё, гоё, үзэсгэлэнтэй, ажилсаг ээж нартай. Миний загваруудыг өмсдөг шүү.



-Танай бүтээгдэхүүнийг гадаадаас захиалсан тохиолдолд загвараа гаргах, тухайн хүндээ тааруулах гээд асуудал гардаг байх. Үүнийг яаж шийдэж байна?

-Би юмыг их амар хялбар шийдье гэж боддог. Цээж, бүсэлхий, өгзөгний тойргоо, өндрийн хэмжээтэйгээ явуул гэж хэлдэг. Олон хэмжээгээр хийж байгаа болохоорбагцаатай болчино. Загвараа чаатлаад сонгочихно. Гадаадад байгаа монголчууд нэлээд захиалсан. Солонгосоос нэг жирэмсэн охин холбогдоод, би одоо ч өмсөж болохоор төрсний дараа ч өмсөж болхоор гэхдээ дэрвэгэр биш даашинз захиалмаар байна болох уу гэсэн, бас нөхөртөө захиалсан. Тэгээд нөхөрт нь, өөрт нь хоёуланд нь хийж өгөөд явуулсан. Удалгүй бид хоёрт их таалагдсан гээд баахан зургаа явуулсан. Тэр хоёрын зургийг би хуудсандаа тавьсан байгаа шүү.

-Оюуны өмчөөр баталгаажуулсан загваруудаа л хийх үү. Эсвэл дахиж шинээр загвар гаргадаг уу?

-Тэр нь яг шив шинэлэг загварууд бас биш л дээ. Хүний толгойд байнга байж байдаг энгийн, гоёлын, ажил хэрэгч загваруудыг сүлжмэлийн тооцоололд шилжүүлснээрээ онцлогтой байх гэж бодоод баталгаажуулсан. Түүнээс биш тэр хэдэн загвартаа заавал баригдахгүй. Миний загваруудад ерөнхий энгэр хормойны загварууд бараг багтсан байх гэж бодож байна. Сүүлийн үед өөрийгөө өөлөөд байгаа хүмүүст зориулаад бариудуу хэрнээ галбир харуулсан загварууд хийж байна.

-Хүмүүс ноолууран хувцсаа буруу арчлаад жижигрүүлчихдэг тал бий. Танай хувцасны арчилгаа ямар байдаг бол?

-Буруу арчлаад эсгийрчихсэн бол засвар авахгүй. Тэгэхээр анхнаасаа зөв арчлах ёстой. 60/40 хольцтой 20-оод өнгийн утсаар гарч байгаа нь агших нь бага. Харин 100 хувьтай хонины ноосон бүтээгдэхүүнийг яг ноолуур шиг арчилна. Угаалгын машинд эргүүлчих юм бол хүйтэн усанд байсан ч жижигрэнэ. Тэгэхээр хүйтэвтэр усанд гараар угаагаад ганц минут сэгсрээд хэлбэрээр дэлгэж хатаагаад л индүүдчихэд асуудалгүй. Эдэлгээ удаантай.

Би чадна, итгэлтэй байна гэж бодож байгаа бол бүх зүйлээ хаяад гарах л хэрэгтэй


-Та хоббигоо хөгжүүлж байгаа хүний хувьд залууст юу гэж зөвлөх вэ. Мэдээж залуу хүмүүс хоббигоо хөгжүүлмээр байдаг. Гэтэл нөгөө өглөө гараад орой ирдэг ажилдаа түүртээд яваад байдаг тал бий?

-Хүн бол ер нь хиймээр санагдсан, би хийж чадна гэсэн зүйл рүүгээ зоригтой орж, тэрэндээ л цаг заваа зориулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгвэл заавал амжилтад хүрнэ. Хүн сонирхолтой зүйлдээ ямар ч цаг хугацаа, бэрхшээл саадыг анзаарахгүй зүтгэдэг байхгүй юу. Би анх биед суусан хэмжээ тооцоолол гаргах гэж их удаан бодож тооцоолсон. Харахад амархан юм шиг боловч надаас их цаг хугацаа, хичээл зүтгэл орсон шүү. Жишээлбэл, байшин барилга барихад сууриа зөв тавьчихвал ямар ч загвараар дээшээгээ зөв өрөгдчихнө. Яг түүн шиг тухайн хүнийхээ биеийн галбирыг зөв гаргасан тэр суурь тооцооллыг гаргачихсан тохиолдолд зах, хормой ханцуйны загварыг яаж л бол яаж өөрчилж болно.

-Тооцоолол чухал гэж ойлгож болох нь ээ. Үйлчлүүлэгчид чинь таны загварыг өөрчилж захиалах тохиолдол гардаг байх. Ер нь нэг загварыг хэр хугацаанд бэлэн болгодог вэ?

-Тийм ээ. Гол нь тэр үндсэн суурь биеийнхээ хэлбэрийг гаргаж ирсэн тооцоолол чухал. Ер нь нэлээд олон загвар гаргачихсан. Үйлчлүүлэгч нар маань тэндээс сонгоод захиалчихдаг. Ихэнх загварынхаа товчны хэсэг, халаас, оноо, хуниасуудыг бүгдийг нь тооцоололдоо оруулчихдаг учраас машинаар нэхэж байгаа ч гэсэн гар ажиллагаа их ордог. Хамгийн хурдандаа нэг өдөр болно.

Монгол ноос нэг л өдөр дэлхийд танигдана, тодорхой


-Өнгөний сонголт бас их гоё санагдлаа л даа. Ойролцоогоор хэчнээн өнгө гарч байгаа бол?


-Монгол хонины ноос хийгээд удаагүй байгаа учраас утасны өнгө цөөхөн л санагддаг. Мэдээж судлаад хамгийн гоё гэсэн өнгүүдийг гаргаж байна. 14,15 өнгө байсан чинь гуравдугаар сард өнгүүд нэмэгдээд 20 гаруй өнгө болох юм билээ. Мэдээж яваандаа нэмэгдэх байх. Миний хувьд 100 хувийн утсанд дурлаад байгаа юм. Гарч ирэхээрээ л цаанаа нэг чанартай. Энэ нэг л өдөр дэлхийд танигдана, тодорхой.

-Өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчидтэй болоод амжчихсан байх. Нууц биш бол хэр ашигтай ажиллаж байна?

-Цэрэн эгч рекламдсанаас хойш захиалга тасрахаа байсан. Би өөрийгөө нэг их шахдаггүй, боломжоороо л хийдэг. Ганцаараа хийгээд байж болно, мэдээж ашигтай. Захиалга ихэссэн үедээ нэг туслагчтай. Улам олон үйлчлүүлэгчтэй болбол өргөжиж, ашиг тус нь ч ихсэх л байх.

-Та “Гоёл”-д оролцож байсан гэж ярьсан. Ер нь ингэж захиалгаар хувцас хийж байгаа хүн загварын шоунд зориулж тайзны хувцас хийхэд давуу тал бий юу?
 
-Ер нь тухайн хүнд зориулаад хийгээд болоод л байгаа болохоор одоохондоо шоунд илүү зардал гаргаад дэмий санагдсан. Нэлээд ашиг олдог, гадагшаа дотогшоо гаргадаг том компаниуд бол хүмүүсийн уран сэтгэлгээг баясгадаг юм уу яадаг юм амьдралаас хол ч юм шиг тийм шоу хийж байх шиг санагддаг. Яах вэ, нэлээд боломжийн болоод ч юм уу эсвэл гэнэт спонсор гараад ирвэл монгол загвараа дэлхийд таниулах шоу хийвэл зүгээр байх. Шоудвал нэг мөсөн шоудсан нь дээр л гэж боддог.

-Өөрийн нэрийн коллекцио гаргаад, олон улсад таниулах байдлаар гэсэн үг үү?

-Тийм ээ. Нэг мөсөн дэлхийд таниулахаар олон хүн үзэхээр хийвэл зүгээр. Түүнээс зүгээр “Гоёл” энэ тэрд ороод бол брэндүүд нь байраа эзлээд бидэн шиг хүмүүс тэгээд зардал гаргаад л өнгөрөх юм билээ.

-Та өөрөө загвараа өмссөн байдаг. Ер нь та өөрөө бүгдийг хийхийг хүсдэг үү?

- Үйлдвэрт бол бүх зүйлийг тусдаа хүмүүс хийнэ. Тэр бүх зүйлийг бүгдийг нь мэдэж байж хооронд уяж цогц зүйл рүү л тэмүүлнэ л дээ. Би чинь их төгс юманд дуртай, аль болх төгс зүйл хийхийг хичээдэг Би чинь М размер юм байна, миний размераар гарчихвал гээд бодож үзсэн л дээ. Үйлдвэрийн аргаар хувцас хийх, захиалгын аргаар хийх хоёр өөр л дөө. Үйлдвэр бол нэг л стандарт байна. Тухайлбал, размер болгон цээж,бүсэлхий, өгзөгний стандарт хэмжээтэй . Гэтэл тухайн хүн цээж М, бүсэлхий L, өгзөг нь бас өөр хэмжээтэй байдаг. Тэгэхээр захиалгаар хийхийн давуу тал бол стандарт хэмжээнд баригдахгүй, тэр хүний хэмжээгээр л гарна гэсэн үг.

Тэгээд би бодож байгаад ерөнхийдөө би стандартны хэмжээтэй юм байна, өөртөө тааруулаад хийчихвэл зөв стандарт гараад ирэх юм байна гээд өөрийнхөө биед зориулж анхны суурь загвараа гаргаж ирж байсан. Тэгээд өөртөө зориулаад хийчихсэн болоод ч тэр үү загварууд маань надад илүү зохиод байгаа юм шиг санагддаг. Тэгээд шууд өөрөө өмсчихсөн шүү дээ. Ямар намайг хүмүүс таних юм биш. /Инээв/

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Г.СУВД










Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ