Орхигдож үлдсэн шинжлэх ухаан,технологийн салбарыг анхаарна
2012 оны 6 сарын 26
Маргах аргагүй юм гэж байдаг. Үүний нэг нь МАН-ын Засгийн газрын үед олон жил яригдсан боловсролын салбарын шинэчлэл жинхэнэ утгаараа эхэлсэн явдал байлаа. Үнэлэхээс аргагүй юм гэж бас бий. Монголчууд дэлхийн иргэнийг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоондоо өөрчлөлт хийн, Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн нь энэхүү үнэлэхээс аргагүй дэвшил байлаа. Кембрижийн түвшинд хүрэхийн тулд боловсролын салбарт олон шинэчлэл хэрэгтэй.

Тиймээс ч МАН 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө боловсролын салбарт эхлүүлсэн бодлогоо бүрэн төгөлдөржүүлэхээр тусгажээ. Хот хөдөөгийн бүх сургуулийг интернэтэд холбон “Цахим сургууль-цахим сургалт” хөтөлбөр хэрэгжүүлэх нь Кембрижийн стандартад хүүхэд бүрийг ялгалгүй хөтлөх эхний боломж юм. Хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш хөгжих шаардлагатай. Тиймээс ч “Багшийн ордон”-г аймаг бүрт байгуулан, багш сурагчдад зориулсан зуны сургалтын бүсчилсэн төвүүдийг өргөжүүлэх явдлыг боловсролын салбар дахь нэг зорилт болгон МАН дэвшүүлж байна.

Иргэний насан туршийн тасралтгүй боловсролыг дэмжих нь нийгэмд гэрэл гэгээ авчирна гэдгийг ч МАН чухалчлан үзжээ.
Орчин үеийн жишигт нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулиудын голлох хичээлүүдийн лаборатори, биеийн тамирын танхим, тоног төхөөрөмж, техник технологийн чиглэлийн хичээлийн хангамжийг сайжруулж шинэчлэхийг тус нам ирээдүйн дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зүй ёсны гарц хэмээн онцолж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтад түлхүү анхаарч, уул уурхай, барилга, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбар хөгжиж буйтай холбогдуулан 15 мянгаас доошгүй мэргэжилтэй ажилтан бэлтгэхийг зорилго болгосон бөгөөд үүнд хийж бүтээх эрмэлзэлтэй монгол залуусыг МАН уриалж буй юм.
Их, дээд сургуулиудыг хотоос зайтай байршуулан, оюутны хотхон, боловсролын хот байгуулах санаачилгыг Ерөнхий сайд С.Батболд гаргаж байв. Хотын бөглөрлийг сааруулах, оюутан сурагчдыг баар цэнгээний газруудаас холдуулах, сурч боловсрох нөхцөл бүрдүүлэх зорилготой түүний энэ санаачилга ирэх дөрвөн жилд ажил хэрэг болох нь.

Тэгэхдээ нийслэлийн Багануур дүүргийг сонгон авч, “Их, дээд сургуулийн хотхон” байгуулахаар төлөвлөн, намынхаа мөрийн хөтөлбөрт тусгажээ.
Их сургуулиудын бие даасан байдлыг хангахаас гадна номын сан-мэдээллийн төвүүдийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, техникийн шинэчлэл хийхийг МАН эрхэмлэж байна. Энэ намд барууны хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн залуус олон бий. Тиймээс ч өөрсдийн сурч төгссөн дэлхийд нэртэй сургуулиудын жишигт Монголын их, дээд сургуулиудыг аваачихыг ийнхүү эрмэлзэх нь зүй ёсны хэрэг юм.
Үүгээр ч зогсохгүй дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын салбарыг Монголд нүүлгэн авчрахаар тэд зориглож байгаа. Оюутнуудад хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг албан ёсоор олгохыг чухалчлахаа МАН мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан мэдэгдлээ.
Боловсролын салбараас улбаатай, шинэчлэл хүлээж буй бас нэг зүйл бий. Тэр нь сүүлийн хэдэн жил орхигдож, шахагдах болсон шинжлэх ухаан, технологийн салбар юм. Энэ салбарт улс орны эдийн засаг, нийгмийн хэтийн төлвийг угтуулан өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа.

Үүнийг олж харсны хувьд МАН багц бодлогыг хөтөлбөртөө суулгасан нь урамтай. Шинжлэх ухаан, технологийн паркийг хөгжүүлж, төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын уялдаа холбоог сайжруулан, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал гэдгийг МАН-ын залуус анх удаа асуудал болгон тавилаа.
Шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах эдийн засгийн хөшүүрэг бий болгохоос тэдний ажил эхлэх юм. Улмаар аж ахуйн нэгж байгууллагууд хэрэв шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрүүлэх ажилд хөрөнгө оруулбал татвараас чөлөөлөхийг гол болгожээ.

Эдүгээ үгүйлэгдэж байгаа Гарааны компаниуд буюу Start up-ыг байгуулах замаар тус салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга замыг МАН санал болгож буй. Энэ нь эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд байдаг, эрдэмтэн судлаачдын нээлт, шинэ бүтээгдэхүүнийг бизнесийн эргэлтэд оруулах зорилготой компаниуд бөгөөд эл алхмыг хийснээр технологи өндөр хөгжсөн орнуудын жишгээр алхаж буй хэрэг юм.

Байгаль, нийгмийн ухааны эрдэмтдийн судалгаа энэ цагаас эхлэн төрийн ажилд нэвтрэх нь. Тэдний судалгааны үр дүнг төрийн бодлого боловсруулахад өргөн  ашиглахаар тус намынхан зорьж буй. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулахаар энэ намын залуус эрдэмтэн мэргэдтэй оюун санаагаа нэгтгэн зүтгэхээр төлөвлөсөн нь яах аргагүй эх оронч санаачилга. Их, дээд сургуулиудад өнөөг хүртэл дутагдаж ирсэн өндөр технологи дамжуулах төвүүд МАН-ын анхаарлын төвд байгаа нь олзуурхууштай. Уг бодлогыг хэрэгжүүлснээр боловсролын түвшнөөрөө гайхагддаг ч ажлын талбарт  шинэ технологи нэвтрүүлэх тал дээр гацаанд ордог монгол мэргэжилтнүүдэд дутагдлаа засах боломж бүрдэх нь.

Шинэ зуунд монголчууд үндэсний хиймэл дагуултай болохыг зорьж байна. Үндэсний хиймэл дагуултай болох хэмжээнд манай сансар судлал хөгжих боломжтой гэдгийг эрдэмтэд нотолсноор ийнхүү МАН-ын мөрийн хөтөлбөрт байраа эзэлжээ.
Соёл урлагийн салбарынхантай хамтран хийж байгаа олон ажил МАН-д бий. Энэ харилцаандаа түшиглэн түүхэн уран сайхны бүрэн хэмжээний киног төрөөс санхүүжүүлэн хийх зэргээр хойч үеийнхэндээ эх түүхээ таниулахыг эрхэм үүрэг хэмээн энэ намын залуу үеийнхэн үзэж буй аж.
Энэ мэтээр боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг  онцгой анхааран, энэ салбарт хүчин зүтгэсээр ирсэн  багш эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүдийн итгэл тээсэн бодлогыг МАН дэвшүүллээ. Ингэснээр хоёр нийгмийн дунд гээгдэж, зах зээлийн шуурганд нэрвэгдсэн эл салбарыг төрөөс дэмжих цаг ирсэн гэдгийг МАН ийнхүү санууллаа.

Дэлхийн иргэн дээлтэй Монголоос төрж, дэлхийн технологийг нүүдэлчин Монголд нутагшуулахад хүн бүрийн итгэл хэрэгтэй. Юутай ч сэтгэлд тань итгэл байвал өрдөх гал нь МАН-ын залуусын зүрхэнд бадамлаж буй ажээ.

Р.ЭМҮЖИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...