”Би Хорь буриадын басган”
2017 оны 3 сарын 18
”Би Хорь буриадын басган”

Хөхөө өвлийн хүйтэнд энгэр задгай ханхалзаж
Хөр цасан дунд ангийн мөр хөөсөн
Хүүшилсэн өвлийн шөнөөр хөлдүү мөсийг цооноглож
Хүчтэй гэрлээр гэрдэн тул барьж хөөрцөглөсөн
Хөвчийн хүрэн баавгайн ичээ самнаж агнасан
Хөх чонын бэлтрэгийг үүрнээс нь суйлж аархсан
ХҮДЭР БУРИАД анчин МИНИЙ ӨВӨГ билээ
БИ ХОРЬ БУРИАДЫН БАСГАН
Дүнсгэр хөвчийн моддыг сорлон унагаж
Дүйтэй уран гартаа хөрөө сүхийг чадарлуулж
Дүнзэн хүрэн байшинг дүнхийтэл босгож чаддаг
Дүнэгэр буриад өвгөд миний дээдэс билээ
Шовгор оройтой малгайндаа улаан залаа цацагласан
Шонтгор хоншоортой гутлаа бугын шөрмөсөөр оёсон
Олон хуниастай дээлээрээ одоо хэр нь гангарсан
ОМГОЛОН БУРИАД түмэн МИНИЙ УГШИЛ билээ.
БИ ХОРЬ БУРИАДЫН БАСГАН
Намрын налгар өдрүүдэд өвсний сорыг харж
Навтгар ходоог тэргэндээ хадуур тармуураа агсаж
Нутгийн уул толгодоор өвсөн бухал эгнүүлсэн
Найр ажил хоёроо алдал үгүй зохицуулсан 
НАРГИАНЧ БУРИАД зон түмэн МИНИЙ УРАГ ТӨРӨЛ билээ
Оройн саалийн цагаар утаа май тавьж
Охид басгад цөм зэлэн дээр дуулалдаж
Хувин дүүрэн сүүгээ мэлтэлзүүлэн сааж юүлсэн
Хорийн тогоотой сүүний машин данхалзуулан
Хорхой хөдөлгөм зөөхэй /цөцгий/ сав саваар машиндсан
Хунхан тогоотой бүрхээрээ аарц цагаагаар дүүргэн
Халуухан нэрмэл архиа үрэн сэнгэнүүлэн гэргэж
Хатуу ааруул, цөцгий маслыг сав саваар нөөцөлсөн
ХӨДӨЛМӨРЧ БУРИАД хөгшид МИНИЙ УГШИЛ билээ
БИ ХОРЬ БУРИАДЫН БАСГАН
Эрэлхэг эрэмгий буриад эрсийг хоморголон баривчилж
Эрүүдэн шүүж цаазлан хороосон хэлмэгдүүлэлтийн шуурганаар
Ижий буриад хөгшид нулимсан далай татуулсан ч
Эрчүүдийнхээ хийдэг ажлыг эн тэнцүүхэн хийж
Эргэж ирэхийг нь хүлээн энгэр хумьж хатамжилсан
Энэ л хүнд өдрүүдэд гэрт орж эм гадаа гарч эр болон
Ээлжлэх он цагуудыг эрчүүд үгүйгээр туулсан
Энхрий хонгор үрсээ хэнээс ч дутуугүй өсгөсөн
ЭРЭМГИЙ БУРИАД бүсгүйчүүд /hамгад/ МИНИЙ ГАРВАЛ билээ
БИ ХОРЬ БУРИАДЫН БАСГАН
Хорьдугаар зууны босгон дээр хүнд бэрхийг туулж
Хойч үе бидэндээ угшил соёлоо өвлүүлсэн
Хэлмэгдүүлэлтийн хатуу үед ч угийн бичгээ хөтлөн
Хэнээс ч айлгүй Эзэн Чингэсийнхээ хөшөөг босгож мөнхөлсөн
Гурван нуурын амралтандаа бүхнийг урьж дайлсан
Гуниг зовлонгоо мартаж хийж бүтээж чадсан
Дуутай хууртай Ёохортой, дутуу юмгүй дүүрэн жаргалтай 
БИ ХОРЬ БУРИАДЫН БАСГАН
Улаанбаатар хот. Чой.Уранчимэг. 2014.08.08
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ