Б.Жавхлан: Гадны банк оруулж ирэхээр бол тэнцвэргүй өрсөлдөөн бий болохоос сэргийлэх хэрэгтэй
2017 оны 4 сарын 11
Б.Жавхлан: Гадны банк оруулж ирэхээр бол тэнцвэргүй өрсөлдөөн бий болохоос сэргийлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд багтсан байна. Уг хуулийг баталснаар гадаадын банк Монгол Улсад салбараа нээх эрх зүйн орчин бүрдэнэ гэж ойлгож байна л даа. Ер нь уг хуулийн гол заалтууд нь юу вэ?
 
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өргөн барьсантай холбогдуулан энэ талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх нь зөв байх. Уг хуулийг оны өмнөхөн өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх бөгөөд өнөөдрийн / өчигдөр/ бүлгийн хурлаар танилцуулгыг нь хийлээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд тодорхой нэг ялгаа бий. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулиар манай улсад гадаадын банкны салбар, нэгж байгуулах, гадаадын хөрөнгө оруулалттай банк үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байдаг. Банкны тухай хуулиар хориглосон зохицуулалт байхгүй. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банкны найм нь их, бага хэмжээгээр гаднын иргэн, гадаадад бүртгэлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай. Тухайлбал, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндсэн гурван том банк буюу ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банк нь гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай байх жишээтэй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалттай банкинд шинээр зохицуулалт хийх, эсвэл гадаадын банкны салбарыг шинээр оруулж ирэх нь хаалттай байсныг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар нээлттэй болгосон зүйл огт биш. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд “Минотех” гээд Оросын банкны салбар манайд ажиллаж л байсан. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар манайд цоо шинэ эдийн засгийн харилцааг зохицуулах гээд байгаа зүйл огт биш. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалттай томоохон банк орж ирсэн тохиолдолд дотоодын бан­ куудтай хүч тэнцвэргүй өрсөл­ дөөн бий болж болзошгүй учраас энэ эрсдэлээс хамгийн түрүүнд хамгаалах зохицуулалтыг хийж өгөх ёстой юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Банкны тухай хуулиасаа тусдаа баталснаар гадаадын хөрөнгө оруулалттай банк салбар, нэгжүүд манайд оруулахдаа ямар салбар, хэсэг дээр ажиллах вэ гэдгийг тодорхой зааглаж өгснөөр эрсдэлээс хамгаалах боломжтой болно. Хүмүүсийн ярьдгаар өөр бусад янз бүрийн эрсдэл байж болзошгүй. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт, банкны салбаруудыг дагаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, гео­ политикийн довтолгоон, эдийн засгийн тагнуулын зэрэг эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнтэй тэмцэхийн тулд олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, дотоодын хууль хүчний байгууллагуудыг илүү бэхжүүлэх, чанаржуулах арга хэмжээг авах хэрэгтэй.
 
-Гаднын банк, санхүүгийн байгууллага орж ирснээр манай улсад ямар эерэг нөлөөлөл бий болно гэж үзэж байгаа юм бэ?
 
-Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр өнөөдөр манайд хамгийн дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Эдийн засаг дөрөв, таван жилийн өмнөх хамгийн өндөр өсөлттэй байсан үеийнх шиг манай зах зээл олон улсын сонирхол татахаар биш байгаа. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталснаар гадаадын банкууд, гаднын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллага хаалга тогшоод ороод ирэх нөхцөл байхгүй. Тэглээ гээд энэ асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ нь дунд хугацаанд буюу найм, арван жилийн хугацаатай шилжилтийн бүтцийн өөрчлөлтийн процесс учир хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал. Тиймээс энэ хуулийг хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэж нэг тийш болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.
 
-Хуулийн төсөлд гаднын банк орж ирэхээр болбол ямар үйл ажиллагаа явуулахаар тусгасан бэ?
 
-Манай банкны систем өрөөсгөл шинжтэй явж ирсэн. Технологи талаасаа бол сайжирч байна. Гэхдээ сүүлийн 25 жил хоёр шатлалтай болж ирснээрээ арилжааны банкууд зөвхөн хадгаламж дээр өрсөлддөг. Тэр хэрээрээ хадгаламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүүгийн зуучлалын өртөг буурах ямар ч боломжгүй. Тэгэхээр үүнийг задалж, банкны системд төвлөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банк энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна. Гол зааглаж байгаа зүйл гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь олон улсын санхүүгийн зах зээлээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээлд нийлүүлэх ёстой. Түүнээс дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй. Энэ бүгдийг хориглож зааглана. Магадгүй 100 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардсан урт хугацааны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг сан­ хүүжүүлж болно. Мөн дотоодын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байхад хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулбал дүрмийн сан нь 500 тэрбумаас доошгүй байна гэх зэргээр зах зээлийг нь зааглаж өгсөн зохицуулалт хийж байна. Ер нь хамгийн эхний зорилго дотоодын банкны зах зээлийг хамгаалах. Дээрээс нь том бизнес эрхлэхэд шаардлагатай мөртлөө дотоодын банкууд өгч чадахгүй байгаа мөнгийг оруулж ирэхийг зорьсон.
 
-Төсвийн тодотголын талаар ямар байр суурьтай байна вэ?
 
-Дан ганц төсөв гэдэгт биш ОУВС-тай хамтарч ажиллана гэдэг утгаараа тодотголоор орж ирж байгаа асуудлуудыг дэмжиж байгаа. Уг нь хаврын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарласан бол бид хугацаа хожих байлаа. Хэрэв ээлжит бус чуулган зарлаад явсан бол ОУВС-гийн эхний ээлжийн санхүүжилт болон манайхтай хамтарч ажиллахаа илэрхийлсэн олон улсын бай­ гууллагуудын мөнгө ороод ирэх байсан.
 
-Бизнес эрхлэгчид татвар нэмэхийг эсэргүүцэж эхэллээ. Татвар нэмснээр гарах сөрөг үр дагавар юу вэ?
 
-Төсвийн тодотголоор оруулж ирж байгаа татварын нэмэгдлээр бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлж байгаа заалт байхгүй. Харин нийгмийн даатгалын асуудлыг эрт, орой хэзээ нэгэн цагт хөндөж таарах байсан. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо 2000 оноос хойш буруу явж ирсэн. Өнөөдрийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэврийг тавьж байгаа. Уг нь нийгмийн даатгалын шимтгэлээр Нийгмийн даатгалын сан арвижиж байх ёстой. Гэтэл ямар ч мөнгөгүй болсон. 2020-2030 онд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх хүлээлт бий. Тэр үед Нийгмийн даатгалын сан мөнгөгүй болно. Тэгэхээр бидний татвараар төлдөг мөнгөөр тэтгэвэр тавих тогтолцоо руу шилжих нөхцөл үүсэх учраас Нийгмийн даатгалын санд мөнгө хуримтлуулж байх ёстой. Харин ч бүр оройтож хийж байна. Миний эргэлзэж байгаа зүйл гэвэл хадгаламжийн хүү­ гээс татвар авах. Хуулийн зохицуулалтаар 2018 оноос хэрэгжүүлж, энэ хуулиараа явбал зүгээр байсан юм. Харамсалтай нь, наашлуулчихлаа. Уг нь хад­ галамжийн хүүгийн татварыг эдийн засгийн өсөлттэй үед авдаг. Гэтэл эдийн засгийн хүндрэлтэй үед авч байгаа нь хугацааны хувьд буруу болчихоод байна. Хадгаламжийн татварын хүү олон улсад хэрэглэдэг зарчмаараа бол төсвийн орлогыг бүрдүүлдэг гэхээсээ илүүтэй төсвийн бодлогын зохицуулалтын арга хэмжээ буюу банкны системд хэт төвлөрсөн хөрөнгийн урсгалыг үнэт цаас зэрэг өөр зах зээл рүү оруулахад түлхэц болдог.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ