Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолт боллоо
2017 оны 4 сарын 21
Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолт боллоо

SBL Хасын Хүлэгүүд- Сүхбаатар-Залуучуудын шигшээ 88:79
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолт өчигдөр боллоо.
Лигийн шилдэг багуудын нэг SBL Хасын Хүлэгүүд, Сүхбаатар-Залуучуудын шигшээтэй учраа таарав. Тоглолтын эхнээс Хүлэгүүд илүү гэдгээ харуулан онооны тэргүүллийг авсан юм. Залуучуудын багаас Б.Наранбаатар бэртлийн улмаас тоглолтыг өнжив. Хүлэгүүд самбарын тулаанд илт илүүрхсэн юм. Гэхдээ гуравдугаар үед Хүлэгүүдийн сэлгээний тоглогчдын эсрэг Сүхбаатар-Залуучуудын шигшээ тун гайхалтай тоглолт үзүүлж, онооны зөрүүг багасгав. Залуучуудын багаас Жанжийжаваалий, Батмагнай нар сайн тоглолоо. Гэхдээ шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг Хүлэгүүд үндсэн бүрэлдэхүүнээрээ эхлүүлсэн. Залуучуудын шигшээ бүтэн талбайн хамгаалалт авч, “томчууд”-ыг багагүй сандаргасан ч эцсийн мөчид Хүлэгүүд 88:79-өөр өрсөлдөгчөө буулган авлаа. Тус тоглолтод Хүлэгүүдээс Т.Санчир 14 оноо, Б.Мөнхбилэг 12, Батлер 11 оноо, 7 самбар авсан байна. Сүхбаатар-Залуучуудын шигшээ багаас Жанжийжаваалий 14, Батмагнай, Батзолбоо тус бүр 13 оноо, Золбаяр 11 оноо авчээ. Хүлэгүүд багаараа 42 хувьтай довтолсон бол Сүхбаатар 38 хувьтай тоглолтыг өндөрлүүлсэн юм. Мөн Хүлэгүүд нийт 47 удаа самбараас бөмбөг авчээ.

Баянхонгор Ирвэсүүд - Ховд Мон-Алтиус 102:87
Баянхонгор Ирвэсүүд, Ховд Мон-Алтиус багтай хүч үзэв. Тоглолтын эхнээс Ховд Мон-Алтиус багийн БНАСАУ-ын легионер тоглогч Сим Кум Бёл тун гайхалтай байлаа. Харин Ирвэсүүдээс С.Эрдэнэдалай шилдэг тоглолтоо гаргаж байв. Эхний хагаст Ховд Мон-Алтиус давамгайлсан юм. Хоёрдугаар үеийн дараагаар туршлагатай, дайчин тоглодог Сим Кум Бёл 20 оноо авсан бол Төгсцогт 100 хувьтай довтолж, 15 оноо авав. Ирвэсүүдээс С.Эрдэнэдалай 20 оноо авчээ. Гуравдугаар үеийн эхлэлийг Ховд Мон-Алтиус тун сайн хийж, онооны тэргүүллээ баталгаажуулсан юм. Харин энэ үеийн төгсгөлийг Ирвэсүүд сайн тавьсан. Оноо ойролцоо үед Ховд Мон-Алтиус багаас Б.Дархантөгс сайн тоглосон бөгөөд Моррис багийнхаа тоглолтын төгс найруулж байлаа. Ийнхүү Ховд Мон-Алтиус өрсөлдөгчөө 102:87-гоор хожин улирлын гурав дахь ялалтаа авав. Сүүлийн хагаст онцгой тоглосон Батболдын Дархантөгс 22 оноо, 8 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч, тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдэв. Багийн андуудаас нь Сим Кум Бёл 23, Төгсцогт 20, Брэндон Моррис 19 оноо, 17 оновчтой дамжуулалт, 6 самбар, 6 бөмбөг таслалт хийж, жигд тоглолт үзүүллээ. Харин Ирвэсүүдээс С.Эрдэнэдалай 28 оноо, 9 самбар, Энхтайван 18, Үлэмж 17 оноо, 11 самбар авсан байна. Довтолгоо зонхилсон тоглолтод Ховд Мон-Алтиус илүүрхсэн бөгөөд 58 хувьтай довтолсон юм. Мөн тэд багаараа тун сайн ойлголцож, нийт 33 оновчтой дамжуулалт өгчээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ