Хөтөч бэлтгэх сургалтад суусан 300 суралцагч батламжаа гардан авлаа
2017 оны 6 сарын 5
Хөтөч бэлтгэх сургалтад суусан 300 суралцагч батламжаа гардан авлаа
Гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газрын хамтран зохион байгуулсан “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалт таван өдөр амжилттай үргэлжилж дууслаа.

100 хувийн ирцтэй суралцагчдад Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир,  нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар батламж гардуулав.  

Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга залуучуудын асуудалд онцгой анхаарч Залуучуудын хөгжлийг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагыг байгуулсан. Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч залуучуудын хөгжилд зориулсан олон ажил хийж байгаагийн нэг нь энэ юм. Та бүхэн хичээлийн ирцээ бүрэн хангаж идэвхтэй оролцон батламж авч байгаад баяр хүргэе. Сайн хөтөч болж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай”  гэв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аялал жуулчлалын хөтөч бэлтгэх сургалтыг тавдугаар сарын 26-наас эхлэн зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Энэ төрлийн сургалтыг анх удаа үнэ төлбөргүй, туршилтаар зохион байгуулсан юм. Тав хоногийн туршид залуус маань маш идэвхтэй суралцлаа. Агуулгын хувьд эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, зэрэг олон талын мэдлэг мэдээлэл өгсөн  ач холбогдолтой сургалт боллоо” хэмээлээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн лицей сургуулийн сурагч Б.Анударь “Хөтөч хүн ямар байх ёстой талаар туршлагатай багш нарыг урьж, арга зүйн талаас нь зааж өглөө. Тухайн улсаа төлөөлж байгаа учраас дээд зэргийн соёлтой  байх ёстой юм байна. Сургалтыг зохион байгуулсан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамт олонд баярлалаа”, суралцагч Б.Алтанцэцэг “Энэ сургалтад сууснаар олон талын мэдлэгтэй боллоо. Сургалтын чанар маш сайн байна.  Нэг улиралд ордог хичээлийг цөөн цагт олж авч байгаадаа баяртай байна. Сайн хөтөч гэдэг бол тухайн жуулчныг дахин ирэх хүсэл төрүүлэх, эх орныхоо онцлог давуу талыг зөв таниулах, сурталчлах  чухал үүрэг гүйцэтгэдэг. Дахин ирэх шийдвэр гаргахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь аяллыг илүү аюулгүй, тав тухтай, хөгжилтэй удирдан зохион байгуулах үүрэг бүхий хүн хөтөч тайлбарлагч юм байна гэдгийг ойлголоо. Цаашид хөтөч хийнэ гэж бодож байгаа. Өнөөдөр батламжаа гардаж авлаа сэтгэгдэл маш өндөр байна” гэлээ.

“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтад нийт 300 хүн бүртгэж авах төлөвлөгөөтэй байсан хэдий ч 600 гаруй залуучууд сургалтад бүртгүүлж, заалны багтаамжаас хамааран 300 иргэн сууж, үлдсэн хүмүүс дараагийн сургалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн нь хөтөч бэлтгэх сургалтын эрэлт хэрэгцээ их байгааг нотолж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ