Сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав
2017 оны 7 сарын 7
Сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав


Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалттай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа.
 
УРИАЛГА
 
Монгол Улсын иргэд, сонгогчид оо !

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. Энэ удаагийн  сонгуулиар сонгогчдын ирц өссөн нь төрийн тэргүүнээ сонгох эрхээ хэрэгжүүлэх манай иргэд сонгогчдын ухамсарт оролцоо харьцангуй өндөр байгааг харуулах баримт болж байна.
Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн нийт сонгогч иргэддээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гүн талархлаа илэрхийлж байна. Гэвч  6 дугаар сарын 26-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар сонгуульд оролцож өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёр дахь санал хураалтыг  2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зарлаж, зохион байгуулалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Монгол Улсын иргэн Та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн саналаа өгнө гэдэгт итгэж байна.
Сүүлийн үед олон нийтийн дунд сонгогчдийн сонголтоо хийх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой “цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя” гэсэн хууль бус үйл ажиллагаа явагдаж байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон бөгөөд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулбал Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг аливаа этгээдэд анхааруулж байна.
Эрхэм сонгогч Та бүхнийг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.


 
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ