Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын уулзалт болов
2017 оны 8 сарын 10
Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын уулзалт болов
Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээний 3 дахь уулзалт өнөөдөр /2017.08.10/ Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Кун Шюаньёу нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.

Талууд Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд цаашид найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Чингэхдээ улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж санал нэгтэй үзэв.

Хоёр талын худалдаа, эдийн хамтын ажиллагааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцов. Тухайлбал, Таван толгой, Шивээ-Овоо, төмөр зам, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, хөдөө аж ахуй болон уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж Хятадад экспортлох зэрэг тодорхой асуудлуудыг урагшлуулахад холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй ГХЯ-дын зүгээс хамтарч ажиллахаар болов.

БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц өгч ирсэнд монголын тал талархаж, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг түргэтгэх сонирхлоо илэрхийлэв.

Энэ оны 5 дугаар сард байгуулсан Хүмүүнлэгийн зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж, соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг тодорхой төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллахаар болов. Энэ зорилгоор энэ оны 4 дүгээр улиралд уг зөвлөлийн анхдугаар хуралдааныг хийхээр тохиролцов.

Талууд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов.

Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээ нь хоёр талын улс төрийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, харилцааг хөгжлийн стратегийн өнцгөөс харж тодорхойлдог чухал ач холбогдолтой механизм юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ