”Универсад-2017”-д оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо
2017 оны 8 сарын 11
”Универсад-2017”-д оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо
Дэлхийн оюутны зуны Универсиад их наадам Тайваны Тайпей хотноо 2017 оны 08 сарын 19-31-нд болно. Энэхүү наадамд 162 орны 12,500 төлөөлөгчид оролцож, спортын 19 төрлөөр өрсөлдөнө. Наадамд оролцох Монголын оюутны баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа 2017 оны 8 сарын 11-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны (БСШУСЯ) 4 давхарын хурлын танхимд боллоо. Үдэх ёслол эхлэхээс өмнө Монголын оюутны спортын холбооны (МОСХ)-ноос 9-н спортын төрлийн баг тамирчдыг хооронд нь танилцуулах уулзалтыг хийж, Тайваны Универсиад 2017 наадмын ерөнхий мэдээлэл болон Монголын баг тамирчидад зориулсан яриа хийсэн байна. Энэхүү арга хэмжээнд МОСХ-ны урилгаар Тайваны худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дах төлөөлөгчийн газрын дарга Хуан Куо Рун оролцож оюутан тамирчидад амжилт хүсч үг хэлсэн юм.
Универсиад 2017 наадамд оролцох Монголын есөн спортын 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, дасгалжуулагчийг үдэх албаны ёслол 11:00 цагаас эхлэж, БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар, БСШУСЯамны төрийн бичгийн даргын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ИДСКонсорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга, Азийн оюутны спортын холбооны дэд Ерөнхийлөгч, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан болон БСШУСЯам, Биеийн тамир спортын газар, Их, дээд сургууль, Монголын оюутны холбоо, Монголын оюутны спортын холбоо, спортын холбоодын удирдах ажилтанууд хүрэлцэн ирж оролцлоо. 
БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар оюутны баг тамирчидад хандан үг хэлэхдээ дэлхийн Универсиад 2017 наадмын өмнө өөрийнхөө шийдвэрийг гарган их, дээд сургууль, коллежид биеийн тамирын хичээлийг 3-н багц цаг үзэхээр болгон хичээлийн цагийг нэмэгдүүлсэн баяртай мэдээг дуулгасан юм. Тэрээр энэ удаагийн наадамд Засгийн газрын тогтоолын дагуу 2017 онд явагдсан Монголын оюутны Универсиад IV наадмын тэмцээнүүдээс эрхээ авсан тамирчид оролцож байгааг тэмдэглэн хэллээ. Тэрээр Монголын үе үеийн оюутан тамирчид Дэлхийн оюутан залуучуудын найрамдал, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон Универсиад наадамд 1965 онд Унгар улсын Будапешт хотноо анх оролцож эхэлсэн түүхтэй гэсэн юм. Монголын тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын 7-н спортын төрлөөс алтан медаль 11, мөнгө 14, хүрэл 25 нийтдээ 50 медалийг хүртээд байна гэв. Энэ удаагийн Универсиад 2017 наадам нь Монгол улсын эдийн засаг, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй үеэд зохиогдож байгаа ч гэсэн БСШУСЯам, ЗГХА - Биеийн тамир, спортын газар боломжийнхоо хэрээр баг тамирчидаа дэмжин, туслаж 59 сая төгрөгний зардлыг гарган өгсөн юм. Мөн Дэлхийн оюутны “Универсиад” их наадамд амжилттай оролцож алтан медаль хүртвэл 30 сая төгрөг, мөнгө 15 сая, хүрэл 10 сая төгрөг авах Засгийн газрын мөнгөн шагналын журам байгааг тэрээр онцлон хэллээ. Ингээд Тайваньд болох Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр оролцох нийт тамирчид, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт гарган, эх орныхоо нэр хүндийг дэлхийн спортын тавцанд цуурайтуулан, Монгол улсынхаа төрийн далбааг олон удаа өргөн мандуулж, амжилттай сайн оролцохыг Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯамны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөсөн билээ. 
МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ИДСКонсорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ МОСХолбоо нь байгууллагдсан цагаас хойш Монгол улсын нэрийн өмнөөс хоёр жил тутамд явагддаг өвөл, зуны Дэлхийн оюутны спортын Универсиад их наадамд Монгол улсын баг тамирчидаа тасралтгүй, байнга бэлтгэн оруулж, олон зуун шилдэг залуу тамирчдыг Универсиадаар дамжуулан төрүүлэн гаргаж, шилдэг тамирчдын эгнээнд оруулан Монголын спортын олон улсын амжилтыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг цохон тэмдэглэсэн. Тус холбоо нь өөрийн эх орондоо Ази тивийн аварга шалгаруулах 3 төрлийн тэмцээн, дэлхийн оюутны аваргын 4 нийтдээ 7 тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ба ОУ-ын болон тивийн оюутны спортын холбоонд Монголын иргэд өндөр албан тушаалд сонгогдон идэвхтэй ажиллаж байна гэв. Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны 20 удаагийн, өвлийн 12 удаагийн Универсиад наадмуудад баг тамирчидаа бэлтгэн оролцуулсан байна. Өнгөрсөн хугацаанд МОСХ-ноос оролцох баг тамирчдыг сонгон бүрэлдүүлэх, материалыг цуглуулан бэлтгэх, тамирчдын зардлыг шийдэхэд туслах, хоол байрны зардалд хөнгөлөлт үзүүлэх, мэдүүлэг гарган мандат авах, Тайваны урилга виз, онгоцны тийз захиалан бичүүлэх, нээлтийн хувцасаа бэлтгэх, наадмын мэдээлэл сурталчилгаа, олон улсын байгууллага, ЗБХороотой харилцах зэрэг ерөнхий зохион байгуулалтын олон төрлийн бэлтгэл ажлыг 100% хийн бүрэн хангаж дууслаа. Монголын тамирчдын түрүүчийн хэсэг Тайвань руу 8 сарын 14-нд УБ-Хонгконг-Тайваны чиглэлийн олон улсын нислэгээр явна. Энэ удаагийн Универсиад 2017 наадамд спортын 9 төрлөөр нийслэл болон гадаадын 18 их, дээд сургуулийн эрэгтэй 29, эмэгтэй 22 нийт 51 тамирчин 25 багийн албаны хүн, штабын ажилтан, дасгалжуулагч, хэвлэлийн ажилтанаа оролцуулахаар боллоо. Бидэнтэй хамтран ажиллаж, оюутан залуусаа дэмжиж байгаа БСШУСЯам, ЗГХА-БТСГазар, ИДС-ийн захирлууд, Монголын жүдо, хөнгөн атлетик, таэквондо, хүндийн өргөлт, ширээний теннис, усан сэлэлт, туялзуур сэлэм, гольф, бильярд зэрэг 9-н спортын төрлийн холбоо, Тайваны Худалдаа ЭЗ-ийн ТГазар, МИАТ ХКомпани, МҮОНРТ, News.mn сайтын хамт олонд Универсиад наадамд оролцож буй нийт оюутан залуусаа төлөөлөн чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ. Монголын оюутан тамирчид ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэн Тайваны Тайпей хотноо болох Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр Универсиад их наадамд спортын өндөр амжилт үзүүлэн, олон медальтай ирэх болно гэсэн юм. 
Үүний дараа Монголын тамирчдын тамирчдын тангараг өргөх ёслол болж тамирчдыг төлөөлж Үндэсний шигшээ багийн таеквондогийн тамирчин, 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 5 байрын эзэн, ҮБТДС-ийн сургуулийн тамирчин, ОУХМастер М.Түмэнбаяр, Хүндийн өргөлтийн тамирчин, 2017 оны Азийн залуучуудын АШТэмцээний мөнгө, хүрэл медальт, МУИС-ийн оюутан, ОУХМастер Г.Ануужин нар тангараг өргөж, нийт тамирчид даган уншиж тангараг өргөсөн юм.
Монгол улсын төрийн далбааг гардуулах ёслол болж жүдо бөхийн тамирчин, 2013 зуны Казаны Универсиад наадмын алт, хүрэл медальт, Кураш бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн Гран-при тэмцээний мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМастер Болдпүрэвийн Сугаржаргал болон Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч амжилт хүслээ. 
Наадамд орох баг тамирчидаа төлөөлөн хөнгөн атлетикийн тамирчин “Рио 2016” олимпийн наадмын марафон гүйлтийн тэмцээний оролцогч, Гванжугийн Универсиадын шагналт 4 байр эзэлсэн, Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, “Аварга” БТДС-ийн оюутан, ОУХМастер Д.Гантулга үг хэллээ. Тэрээр ард түмнийхээ итгэлийг биелүүлэн Универсиад 2017 наадмын хагас марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн багийн төрөлд медаль хүртэх болно гээд туслаж дэмжсэн байгууллагууддаа талархал илэрхийлэв. 
Универсиад наадамд оролцох гэж байгаа тамирчиддаа зориулан Хөгжмийн Консерваторийн оюутнууд ая дуугаа өргөн, урлагийн авьяасаа сонирхуулсан юм. Мөн Универсиад наадамд оролцох баг тамирчид БСШУСЯамны өмнө уламжлал ёсоор дурсгалын зураг авахуулснаар үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа өндөрлөв. 
Эх сурвалж http://www.info.mn
”Универсад-2017”-д оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ