Р.Раш: Би сайдын суудлаас татгалзахгүй
2012 оны 7 сарын 2
Р.Раш: Би сайдын суудлаас татгалзахгүй
УИХ-ын гишүүн Р.Рашийг “VIP” ярилцлагынхаа зочноор урьж, ярилцсан юм.  

-Та сайхан зуншиж байна уу?
-Сайхан зуншиж байна. Цагаа ногоо элбэгтэй, тэнгэр тэтгэж дэлхий дэлгэрсэн дэлгэр зун болж байх шиг байна.

-Хур бороотой өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгууль болж өнгөрлөө. Албан бус дүнгээр МАН ялагдлаа?
-Сонгуулийн эцсийн дүн гараагүй байх шиг байна. Сонгуульд ялна, ялагдана гэдэг тийм ч сүйдтэй хэрэг биш шүү дээ. Ард түмэн сонголтоо хийлээ. Манай намын хувьд 1996-2000 онд ялагдаж үзсэн. Тэр үед засаг, төр туйлын тогтворгүй болж байлаа. Ер нь энэ сонгуульд АН олон боллоо. Олонхи болоогүй шүү дээ. Гурвын зэрэг суудлаар МАН-аас давах байх л даа. Өөрөөр хэлбэл МАНАН гэж ярьдаг байсан бол АНМАН гэж ярих юм болов уу даа, яах юм бол. Нэг тиймэрхүү маягтай дүр зураг бууж байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” сүрхий урагшаа цойлж гарч ирлээ. Ард түмэн гэдэг чинь юмны өнгө төрхийг өөрчилчихлөө шүү дээ.

-Таны бодлоор АН яагаад ялсан юм бол?
-АН сонгуулийн менежментийн хувьд биднээс илүү ажилласан юм болов уу. Түүнээс биш хамтарсан Засгийн газар байгуулаад дөрвөн жил болсон. Хийсэн бол адилхан хийсэн. Алдсан бол адилхан алдсан шүү дээ. Сүүлийн хэдэн сарыг дөрвөн жилтэй харьцуулахад юу ч биш л дээ. АН нэр дэвших хүмүүсээ зөв хуваарилах, жагсаалтад орох нэрсээ зөв байршуулах  тал дээрээ манай намаас илүү байсан байх.

-Нам, эвслүүд “Сонгууль булхайтай боллоо. Санал тоолох машинд учир байгаа. Тиймээс дахин гараар тоолох хэрэгтэй” гэсэн шаардлагыг СЕХ-нд тавьчихаад байгаа шүү дээ?
-Ийм яриа энэ тэнд байх шиг байна. Хөдөө орон нутагт МАН ялсан. Хотод харин өөр дүр зураг гарсан. Тиймээс энэ автомат системийг нам, эвслүүд  хардаж байх шиг байна. Нэгэнт хөдөө орон нутагт манай нам ялсан болохоор би нэг их эргэлзэхгүй л байна. Гэхдээ нэг эргэлзмээр зүйл байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд нийслэлийн ИТХ-д манай  төмөр замын тойргоос Халтар гэж залуу нэр дэвшсэн юм. Төмөр зам гэдэг айл бол тусгаар тогтносон вант улс. Тэр залууг төмөр замынхан яагаад унагачихав гэж бодохоор тэр системийг хардмаар ч юм шиг. Үүн дээр сонгогчдын толгой яахаараа ингэж эргэдэг байна гэж гайхаж байгаа. Түүнээс бусад нь ерөнхий зарчмаа барьж явах ёстой гэж бодож байна. Хамгийн чухал нь төр улсын тогтвортой байдал чухал шүү дээ. Шинэ засаг, төрийн процесст шилжинэ. Үүнийг эв зүйгээ олж хүн хэлээрээ, мал хөлөөрөө байх зарчмаар хийх учиртай байх. Мэдээж олон болсон тал нь Ерөнхий сайдаа гаргана. Бусад улс төрийн хүчинтэй хэл амаа ололцож таарна.

-АН гарлаа гэхэд ямар намтай хамтарсан засгийн газар байгуулах бол?
-Тэр тухай тааж хэлэхэд хэцүү байна. Манай намын хувьд 30-аад суудал авах юм билээ. МАН-тай ярихгүйгээр энэ улсын ажлыг урагш нь явуулна гэдэг ямар ч боломжгүй. Үүнийг бодож үзэх юм байгаа биз дээ. Гэтэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” бүлэг байгуулах төвшинд гарч ирж байх шиг байна. Тэд чинь бас л нэг юм ярина шүү дээ. Амаа жимийгээд суухгүй л байх.

-Зарим тойрогт дахин санал хурааж таарах юм шиг байна. Энэ ер нь хэр зөв зүйтэй асуудал юм бол. Сонгуулийн хууль нь өөрөө учир дутагдалтай байна уу?
-Би чинь хууль батлахад оролцсон хүн шүү дээ. Өөрийнхөө батлалцсан хуулийг шал дэмий болсон гэж хэлэхэд тийм л байна. Гэхдээ амьдрал өөрөө хуулиас хамаагүй баян. Хуулийг амьдралаас хамж шимээд хуульчилдаг. Баян амьдралаас үлдээсэн зүйл байхыг үгүйсгэхгүй юм.

-Намуудын шаардлагад СЕХ таг дуугуй л байгаад байна?
-СЕХ хамгийн өндөр үүрэг хариуцлага энэ цаг үед үүрнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл засаг төрийн эрх СЕХ-д шилжчихээд байна. Одоо болж байгаа үйл явцыг жингийн туухай дээр тавьж жинхэнэ ёсоор үзэх ёстой. Тэгээд эцсийн үгээ хэлэхэд асар өндөр хариуцлага тулгарч байгаа учраас үг болгон өндөр хариуцлагатай байх учиртай. Ийм болохоор бодлогошрох, бясалгах шаардлага зайлшгүй байх ёстой. Гэхдээ гацааж таарахгүй. Улсын баяр наадам болох гэж байна. Зун намрын өдий төдий ажил байна. Тиймээс төр засгаа хурдан эмхлэн байгуулах, ажлаа яаравчлах шаардлагатай.

-Ирэх Засгийн газарт таныг сайд болж магадгүй гэсэн яриа байгаа?
-Би чинь хавар шинэ Засгийн газар байгуулахад сайдын суудлаас татгалзсанаас эхлээд намын Бага хурал дээр гурван ч юмнаас татгалзав уу даа. Эхлээд намайг жагсаалтын тавд бичигдэх ёстой гэсэн санал гарсан. Намын бодлого байхад нэгнийгээ шоглох гээд яахав гээд зарчмаа барьсан. Дараа нь заалнаас Дундговь аймаг руу явуулна гэсэн санал гарсан. Түүний дараа Баянгол дүүрэгт нэр дэвшүүлье гэсэн санал тавьсан. Би үндсэндээ Баянгол дүүрэгт намын удирдлагатай тохиролцчихсон байсан шүү дээ. Тэгээд намын Бага хурлын өглөө тэнгэрийн салхи өөр зүгээс эргэсэн. Тэрэнд би эгдүү ч хөдөлсөн байх, дургүй ч хүрсэн. Хэлсэн амандаа байдаг миний тийм төрөлхийн хүмүүжил байдаг. Тэгээд иймэрхүү байдлаас болоод би намынхаа бодлого, зарчмаа баръя, нэгэнт намын бодлого ингэж гарсан байхад салхи сөрөөд яахав дээ гэж бодсон. Одоо бол би тэгэхгүй гэж бодож байгаа. Хэрвээ манай нам Засгийн газарт орж ажилбал даанч дээ, намайг бас ингэж гудамжинд хаяхгүй байлгүй дээ. Эцсийн эцэст энэ намын төлөө үнэнчээр явах нь хожих уу, аль эсвэл өчигдөр юм горьдож орж ирчихээд цулбуурдаж явах ёстой юм уу. Юманд учир, суманд занги гэж байна шүү дээ. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэж ярьдаг шүү дээ. Төр түмэн харж л байгаа байх.

-Тэгвэл сайдын суудал өгвөл та татгалзахгүй гэсэн үг үү?
-Татгалзахгүй. Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам надад тохирохгүй. Гэхдээ би хамтарсан том байгууллагын ажлыг хэнтэй ч ам хэлээ ололцоод урагш нь явуулж чадна. Ялангуяа аж ахуйн чиглэлийн яамыг хэнээс илүү авч явна. Цоохор даага жирийхээрээ жирийнэ Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ гэж Л.Цэгмид гуайн шүлэг байдаг шүү дээ. Тийм байх байлгүй.

-УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан хүмүүсийг хараад байхад тэмцэгчид их гарсан байна билээ. Та ирэх УИХ-ыг хэрхэн харж байна вэ?
-Нэгэнт ард түмний хийсэн сонголтыг би юу гэхэв. Гэхдээ УИХ-ын суудалд сууна гэдэг галзуу солиотой нь мэдэгдэхгүй, чалчидаг хүн байх албагүй. Халтар царайт киноны Корелла авгай шиг чимээгүй суугаад байдаг хүнийг сайн хүн гэж хэлэхгүй. Төрийн ноён нурууг авч явах тийм жанжин шугам тэнд ноёлох учиртай юм. Энэ талаас нь аваад үзэхэд бэрхшээлүүд гарах байх. Ирэх дөрвөн жил маш хариуцлагатай үе. Өнгөрсөн дөрвөн жилд ирэх дөрвөн жилийн суурийг тавьчихлаа шүү дээ. Одоо ирэх дөрвөн жилд Оюутолгой ашиглалтад орно. Том бүтээн байгуулалт жинхэнэ ёсоор хөгжинө. Тэр их тооны өндөр өсөлтүүд жинхэнэ чанар болж хувирна. Хэрэв гадны том хямрал нөмрөөд балалчихдаггүй юм бол Монгол Улсын эдийн засгийн боломж ирэх дөрвөн жилд маш өндөр байх ёстой. Үүнийг их зөвөөр удирдан жолоодох ёстой юм. Ард түмэн, улс эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө аливаа зүйлд хандах учиртай юм.

-Танай намаас гарах ёстой хүмүүс нь гарч чадсан болов уу?
-Гараасай гэж болсон хүн зөндөөн бий. Монголын төрд байх ёстой хүн гэж байдаг. Сонгуулийн сүүлчийн нэг, хоёр өдөрт тэнгэрийн байдал хэлбэлзэж байсан. Урьдчилж байсан төсөөлөл шал өөр тийшээ эргэж байх жишээтэй. Ийм л цаг үед амьдарч байна шүү дээ бид. Зарим газар мөнгөөр бороо орсон гэж хүмүүсийн яриад байгаа ортой л байх. Яаж Монголын ард түмнийг сэтгэл хангалуун өөдрөг үзэлтэй, мөр бүтэн байлгах вэ гэдэг бодлого байх ёстой. Ард түмэн үргэлж төрөөс юм нэхээд суугаад байж таарахгүй. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль байна. Тун сайн бодох ёстой. Ард түмнийгээ би юм бодоосой гэж хүсэж байна. Сая сонгуульд нийт саналаа өгөх ёстой хүмүүсийн 65 хувь нь оролцох шив дээ. Цаана нь 35 хувь нь өгөхгүй байна гэсэн үг байна шүү дээ. Энэ хүмүүс тоох ч үгүй байна. Энэ бол буруу юм. Төрийн сүлдэндээ монгол хүн залбирч явах учиртай юм шүү дээ.

-Намуудын төлөвшлийн талаар та юу хэлмээр байна вэ?
-Манай улс төрийн намууд бас л сайн төлөвшиж чадаагүй байна. Манай нам 90 гаруй настай улс төрийн хүчин шүү дээ. Гэтэл эргэж шаравсан юм зөндөөн л байна. Намуудын явуулж байгаа бодлого улсын язгуур эрх ашигтай хэрхэн нийцэж байна вэ гэдэг л чухал юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

У.САРАНГЭРЭЛ



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ