Т.Батмөнх: Энэ жилийн наадмаар товх харвасан залуучууд л өнгөлөх вий
2012 оны 7 сарын 4
Т.Батмөнх: Энэ жилийн наадмаар товх харвасан залуучууд л өнгөлөх вий
Бөхчүүд ид хаваа гайхуулж, хүлэг морьд нь шандас сорьж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сориход ердөө зургаахан хоног үлдлээ. Хоног хугацаа өнгөрөх тусам ард иргэдийн дунд наадмын таавар яригдаж хэний бөх өнгөтэй, хэний морь шандаслаг, хэний сум мэргэн байх бол гэсэн яриа өрнөдөг билээ. Олон арван наадамчдыг сурын талбайд цуглуулахад зохих хэмжээний үүрэг гүйцэтгэдэг нэгэн эрхий мэргэн харваачийг энэ удаагийнхаа “Наадам айсуй” буландаа урилаа.

Түүнийг Т.Батмөнх гэх бөгөөд сурын спортод хөл тавиад 30-аад жилийг үдэж буй нэгэн. Буриадын биеийн тамирын соёлын гавьяат, спортын мастер тэрбээр зөвхөн сум тавиад зогсохгүй нум сум хийдэг Монголын цөөхөн урчуудын нэг. Бүр тодруулбал гарын арван хуруунд багтах нум урлаачдын нэг. Ингээд түүний яриаг хүргэе.

-Батмөнх гуай энэ жилийн наадамд сум тавина биз дээ. Бэлтгэл хэр хангагдав?
-Сум тавилгүй яах вэ. Дээр үед манай сурынхан бөхчүүдийн адил гал болж гардаг байсан юм. Гэвч нэг хэсэг больчихоод байсан. Харин гурав дөрвөн жилийн өмнөөс дахин гал болж гаран бэлтгэл сургуулилтаа базаадаг болсон. Миний хувьд жил бүр Сонгинын амралтанд хэсэг нөхдийнхөө хамт гал болж гардаг. Энэ уламжлалынхаа дагуу бэлтгэлээ базааж байгаад хоёр хоногийн өмнө ирсэн. Бэлтгэл гайгүй сайн хангагдсан. Тэгээд ч сур харваа эхэллээ дээ. Зургаанд ахмадын харваатай, долоонд урианхай харваа, найманд буриад сурын харваа, есөнд хүүхдийн харваатай. Гэхдээ би хүүгийнхээ хамт нум хийдэг хүн шүү дээ. Наадмын өмнө хүмүүс нэлээд нум авдаг учраас ирчихээд байгаа юм. Тэгэхээс манай галынхан бэлтгэлээ хийж л байгаа.  
-Таны хувьд энэ жилийн сурын харваанд хэн өнгөлөг байна даа? Мориор бол өнгөрсөн жилийн сурын харваанд хоёр битүү морь түрүүлсэн шүү дээ?
-Нээлт, улсын аварга хоёроос наадмаар эхний тавд орох харваачид харагдчихдаг л даа. Чиний хэлсэнчлэн өнгөрсөн жилийн наадмаар хоёр залуу харваач түрүүлсэн. Нэг нь Завхан аймгийн гаралтай Эрдэнэтээс ирж оролцсон харваач байсан бол нөгөөх нь эзэн Чингисийн нутгийн Оюунчимэг гэж эмэгтэй харваач байсан. Сурын спортыг хөгжүүлэх гэж нөхөртэйгээ хамт их зүтгэж байгаа хүн шүү. Улс тунхагласны ойгоор сурын харваа зайлшгүй байх ёстой гээд өөрийн хөрөнгө мөнгөөрөө сурын харваа зохион байгуулж байсан улс.  Бөхчүүдийн бай шагналыг улсаас гаргасан байхад тэд харваачдын бай шагналыг хувиасаа гаргасан. Сурын спортод тийм л элэгтэй хүн байгаа юм. Энэ жилийн наадамд Оюунчимэг нэгт үү, хоёрт уу гэж л яригдах байх. Ер нь их зууралдана даа. Ямар ч байсан айргийн тавд бол таван жил зогсоно шүү. Нөгөө залуу ч гэсэн зогсох болов уу. Мөн дархан мэргэн, хошой мэргэчүүд ч мөчөөгөө өгөхгүй байх. Сонирхуулж эхэлхэд энэ жилийн улсын аварга дээр их олон товх гарсан. Өөрөөр хэлбэл ижил оноотой харваачид олон байсан гэсэн үг л дээ. Арван хэд байсан байх шүү. Товхонд харвасан тэр залуучууд ч гэсэн айргийн тавд хүч түрээд л орж ирэх байх. Аягүй бол түрүү ч авч магадгүй.
-Улсын аваргад товх их байна гэдэг чинь сурын харваа хөгжиж байгаагийн илрэл. Мөн харваачдын чадвар өндөр байгаагийн илрэл байх тийм үү?
-Намайг анх сурд орж байхад 40 онооноос 28-29 онож түрүүлж байсан юм. Харин одоо бол бараг сум алдахгүй болж. Нэг үгээр хэлбэл алдаж харвахгүй болжээ. Энэ бол харваачдын чадвар сайжирсных. Түүнээс гадна тэр үед 70 хүн харвахад тэдний 20 нь залуу бусад нь ахмадууд байсан юм. Харин одоо эсрэгээрээ болж.  Үүнээс үзэхэд харваачид их залуужиж байна.
-Намайг анх сур харваж байхад гэснээс та хэдэн насандаа анх сур эвшээлгэж байсан юм бэ?
-1965 онд Бүх ард түмний спартикад явагдахад би ангийнхаа нэг хүүтэй хамт бөх сур хоёрт оролцохоор Архангай аймгаас ирж байлаа. Гэхдээ би сурын харваанд биш барилдах гэж шалгаран ирж байсан хүүхэд нь байв. Харин найзын маань аав нум сум харвадаг байсан юм. Тэгээд би барилдаж ирчихээд найзынхаа тавьсан сумыг нааш цааш зөөнө. Ингэж яваад л сур харваанд татагдсан хэрэг. Мэдээж сумыг нь зөөж байгаа хүн чинь нумыг нь эвшээлгэж үзэлгүй юу хийж байхав. Тэгэхээр миний анхны багш маань миний ангийн найз байгаа юм. Харин 1966 онд Архангайн Багшийн сургуульд очоод Говь-Алтайд тэмцээнээр очиход Биеийн тамир спортын ордонд нь хятадын нум гэдэг юм даа 10-аад ногоон нум байсан. Түүнийг хэрэглэдэг хүн тэнд алга. Харвадаг ч юм уу, үгүй ч юм уу гэдгийг үнэндээ мэдэх хүн байгаагүй. Тэгэхээр нь түүнийг багштайгаа хамтран янзалсан. Үүний үр дүнд Говь-Алтайд сурын спорт хөгжиж эхэлсэн. Ер нь энэ үеэс сур засч янзалж эхэлсэн.
-Хэрэглэгдэхгүй байсан нумыг засч сэлбэчихдэг гарын дүйтэй оюутан тэгээд хэдийнээс эхлэн өөрөө бие дааж нум хийж эхлэв?
-1971-1972 оноос эхлэн багш нарыгаа дагаад л нум хийдэг болсон. Тэр үед нум хийдэг хүн их ховор байсан л даа. Харин “Мандухай цэцэн хатан” киног хийхэд олон нум хэрэгтэй болоод би бие дааж нум хийж эхэлсэн. Энэ кинон дээр 30-аад жинхэнэ нум хэрэглэсэн. Ер нь нийт 10 мянган цэргийг нумтай болгох шаардлагатай байсан. Зохиолч Дашдондогийн аав “гоймон” Жамбаа гэж их уран хүн байсан юм. Тэднийх долоон буудалд их том хашаатай. Тэдний хашаанд очоод л нум сумаа хийж байсан юмдаг.
-Сурын харваанд тооны бэлгэдэл нэлээд чухал үүрэгтэй юм шиг санагддаг. Жишээлэхэд харваачдын харвах бай тодорхой тооноос бүрдсэн гурван үетэй. Энэ талаар сонирхуулаач?
-Монголчууд найм есийн тоог нэлээд бэлгэшээдэг шүү дээ. Дээр үед өргөн нь зургаа, өндөр нь нэг метр байг харвадаг байсан юм. Ард нь хүн суучихаад байхад ирж байгаа сум харагддаггүй байсан. Дараа нь дөрвөн метр болоод түүний дараа дөрвөн метр 48 см хэцтэй болсон юм. Түүний дараа 60 болон 30 сур руу орж ирсэн юм. Харин товх харвахаараа 16 сур харвана. Түүнээс гадна уухайны гар өргөлт их бэлгэдэлтэй. Хүн хадаг барихдаа дандаа хоёр гараа өөд нь өргөдөг. Гэхдээ хоёр гараа битүүлж өргөдөггүй дандаа хагас сар маягтайгаар өргөдөг юм. Энэ нь шинийн наймны сарыг гараараа бэлгэдэн харуулж байгаа юм болов уу гэж би боддог.
-Харваачдын бас нэг өвөрмөц зан заншил нь уухай. Нэг үгээр хэлбэл харваачид уухайгаараа хоорондоо ойлголцдог байх аа?
-Тиймээ. Чиний сум давчихлаа эсвэл чиний тавьсан сум дутаж байна гэж хашгирахгүй. Түүнийг дохиогоор харуулдаг. Манай монголчууд их нарийн хэмжээстэй. Ямх, сөөм, алд, дэлэм гээд л. Энд хэлэхэд өвөр зурхайгаа сур хүртлээ 2,5 метр байдаг юм. Тэр хооронд 60, 30 сумаа унагаж чадаж байвал оноонд тооцно. Оноонд тооцохдоо урилгын уухай гэж намуухан уухай хийнэ л дээ. Урилгын уухайн араас харваачид сумаа тавина. Харваачдын харвасан сум онох аваас онолоо гэж хашгирахын оронд онооны уухай гэж урилгын уухайнаас арай хурц аялгуу гарган хоёр гараа дээш өргөн мэдээлнэ. Харин тэрийг хойно бичиж байгаа хүн самбарын уухай хийж хүлээж авлаа гэдгээ мэдэгддэг. Өөрөөр хэлбэл самбарын уухайг уухайлахад сум тавьсан хүн ч тэр үзэгчид ч тэр энэ хүний сум онож тэр оноо авч байгаа юм байна гэдгийг мэднэ. Харин сум дутсан бол түрүүчийн хэлсэнчлэн монгол хэмжээсээр мэдээ өгнө. Өөрөөр хэлбэл тохой гэсэн хэмжээсийг гаргаж байвал чиний сум дутаж байнаа сумаа жаахан чангахан тавь гэсэн үг. Дэлэм гэсэн хэмжээсийг гаргаж байвал нумаа жаахан өргө гэсний дохио. Алд байх юм бол бүр их өргөж харва гэсэн үг л дээ.  
-Нэг талаар энэ дохиогоороо харваачид зөвлөгөө өгч байгаа байх нь ээ?
-Тийм тийм. Мэдрэмжтэй болоод чадвартай хүн бол энэ зөвлөгөөг сайтар биелүүлэхэд дараагийн сум яг л байндаа ононо. Гэхдээ монгол нум их хувирдаг. Үдийн 12 цагт нум бүр их бууж зөөлөрч ирдэг. Малын түүхий эдээр хийсэн эд юм болохоор маш их мэдрэмжтэй. Тэгэхээр тэр тэрийг бодолцож харвах хэрэгтэй. Түүнээс гадна монгол нум матийх чадвар ихтэй.
-Сурын спортын хөгжил ямар байна гэж та бодож байна?
-Манжийн хааны үед Монголд шагай оруулж ирээд сурыг зөвхөн хаад ноёдыг харвадаг зэвсэг болгосон юм. Түүнээс гадна өөрсдөө нум сумаа үйлдвэрлэхийг хорьсон. Харин Ардын хувьсгалын дараа сур гайгүй сайн хөгжиж байтал 1938-1939 оны үед дахин хөгжил нь буурсан. Яагаад гэхээр нум сум гэрт нь өлгөөтэй байвал хэнийг алах гэж үүнийг хадгалсан юм гээд л бөөн асуудал болдог байсан. Аргаа барсан монголчууд өнөөх нумаа тайрч хурдан морины хусуур хийх болсон. Харин 1959 онд сурын холбоо байгуулагдсан юм. Гэтэл өнөөх сур нь байхгүй болчихсон байсан. Ингээд Ю.Цэдэнбал дарга Хятадын коммунист намын төлөөлөгчийг ирэхэд нум хийж өгөөч гэж хүссэн байгаа юм. Тэгээд ӨвөрМонгол руу Адилбиш гэж хүнийг өөр нэг хүнтэй хамт хоёр нумтай явуулсан. Тэгсэн өнөөдүүл нь тэдний нумыг яг дундуур нь зүсээд бүх хэмжээг нь авч түүнийгээ дуурайлгаад нум хийж өгсөн гэдэг. Гэхдээ Адилбиш гуайг гурван сар тэнд байлгахдаа нэг ч удаа үйлдвэртээ оруулаагүй гэсэн. Түүнээс хойш манайхан хятадын тэр нум бас байлдааны нум зэргийг засч сэлбэн барьж байгаад хожим нь Төрөө гэж хүн нумны үйлдвэр байгуулсан. Бас спортын ордонд нэг цех ажилладаг байсан. Харин тэдний дараа буюу 1970-аад онд би нум хийж эхэлсэн.  Ер нь Монголд таван хүн л байдаг юм, нум хийдэг. Гэхдээ сурчдад мэдэгдсэн нь шүү дээ. Цаана нь мэдэгдээгүй 10-аад хүн байдаг. Харин спорт талаасаа бол бөх, сур хоёртой харьцуулахад хөгжил нь тааруухан байна. Ер нь 1980-аад оноос л гайгүй хөгжиж эхэлсэн юм шүү дээ. Миний бодлоор сурын спортыг хөгжүүлэхийн тулд төрийн дэмжлэг хэрэгтэй.
-Спортынхон голдуу үе залгамжилсан тамирчид байдаг. Хүүхдүүдээс тань нум харвадаг хүн бий юу?
-Би дөрвөн хүүхэдтэй л дээ. Гурван хүү маань гурвуулаа харвадаг байсан юм. Гэхдээ одоо харвахгүй байгаа. Харин ач гуч нараас маань харвах хүн бий шүү. Нэг ач маань их сайн харвах янзтай юм билээ. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ