Б.Болорцэрэн: Хайрын шан
2018 оны 2 сарын 23
Б.Болорцэрэн: Хайрын шан
Тантай өнгөрүүлсэн цагийг би бугуйндаа зүүчихсэн
Таавар мэт хайрын бэлэг болгоод...
Тантай хүртсэн жаргалаа би зовлонд дасгачихсан
Танил дотно сэтгэлийн өвдөлт болгоод...
Тантай эдэлсэн эрх чөлөөг би тэнгэрт хорьчихсон
Тас харанхуй шөнийн сар болгоод... 
Тантай хоносон амраглалаа би ялгаад нуучихсан
Тааваараа ирэх зүүдний зам болгоод...
Тантай зохиосон дурсамжаа би дуу болгочихсон
Тавилан хатуу амьдралын хажууд аялах л гээд...
Тантай хуваалцсан сэтгэлээ би ном болгочихсон
Таамаг төдий ирээдүйн дэргэд унших л гээд...
Үлдэх эрхгүй танаас гар хоосон хоцрохгүйн тулд
Үрэлгэн залуу насаа гангараа гоёл шиг санахгүйн тулд
Өнөөдөрт хайртай маргаашийг хүлээхээр шийдсэн юм
Өөрийг тань харин өчигдөртэй буцаахаар тохирсон юм
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ